- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
БАТЛАВ.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР
ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Нэг.Хуулийн төсөл боловсруулах хууль зүйн үндэслэл, практик шаардлага
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд өршөөл үзүүлэх шийдвэр гаргах онцгой бүрэн эрхийг зөвхөн Улсын Их Хурал хэрэгжүүлэхээр заасан бөгөөд хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгыг Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан байдаг.
Дээрх бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурал 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд буюу нийт 6 удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан ба 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар зарим этгээдийг захиргааны буюу зөрчлийн шийтгэлээс чөлөөлж байсан болно. Үүнд:
1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн "Өршөөл үзүүлэх тухай" хуулиар ял эдэлж байсан нийт 4936 ялтнаас 1321 буюу 27 хувь нь суллагдаж, 499 ялтан буюу 10 хувь нь эдлээгүй үлдсэн ялаас зохих журмын дагуу хэсэгчлэн хасуулсан ба нийт ялтны 63 хувь буюу 3116 ялтан өршөөлд хамрагдаагүй.
1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн "Өршөөл үзүүлэх тухай" хуулиар ял эдэлж байсан нийт 6093 ялтнаас 200 ялтан буюу 3,3 хувийг суллаж, 22 ялтан буюу 0,4 хувийг нь эдлээгүй үлдсэн ялаас хэсэгчлэн хасаж, 5871 ялтан буюу 96,3 хувь нь өршөөлд хамрагдаагүй, энэхүү хуулиар зөвхөн насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, 60 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүд хамрагджээ.
2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн "Өршөөл үзүүлэх тухай" хуулиар нийт ял эдэлж байсан 6734 ялтны 14,6 хувь буюу 985 ялтныг суллаж, 13 хувь буюу 877 ялтны эдлээгүй үлдсэн ялаас тодорхой хувиар өршөөн хасаж, 72,4 хувь буюу 4872 ялтан өршөөлд хамрагдаагүй байна.
2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн "Өршөөл үзүүлэх тухай" хуулиар нийт 7504 ялтны материал хэлэлцүүлсэнээс 30,8 хувь буюу 2318 ялтан суллагдаж, 19,5 хувь буюу 1469 ялтны эдлээгүй үлдсэн ялаас зохих хэмжээгээр хасаж, 3717 ялтан буюу 49,5 хувь нь хамрагдаагүй байна.
2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн "Өршөөл үзүүлэх тухай" хуулиар 7640 ялтнаас 31,9 хувь буюу 2440 ялтныг суллаж, 10,8 буюу 831 ялтны эдлээгүй үлдсэн ялаас хасаж, 3271 ялтан буюу 42,8 хувь нь өршөөлд хамрагдаагүй байна.
2015 оны хуулиар ял эдэлж байсан нийт 6680 ялтнаас 3671 нь буюу 54,9 хувь нь өршөөлийн хуульд хамаарагдаж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр НҮБ-ын Мансууруулах Бодис, Гэмт Хэрэгтэй Тэмцэх Алба, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, НҮБ-ын Дархлалын Олдмол Хомсдол /ДОХ/-ын Нэгдсэн Хөтөлбөр, НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газраас гаргасан "хорих анги болон бусад хаалттай орчин дахь Ковид-19" хамтарсан мэдэгдэлд төр засгийн зүгээс эрх чөлөө хасах, цагдан хорих явдлыг аль болох хязгаарлах, нэн ялангуяа хэт их ачаалалтай хорих байгууллагуудад хоригдож буй хоригдлуудын тоог бууруулах, хорих ялаас өөр төрлийн хариуцлагын арга хэмжээ авах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалсан. Тэр дундаа өндөр настай, суурь өвчтэй хүмүүс, түүнчлэн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлэхгүй хүмүүс болон эмэгтэйчүүд, хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулахыг тэмдэглэсэн.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Хенриетта Фор 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ Засгийн газрууд болон бусад саатуулах байрны эрх баригчдыг аюулгүй орчинд суллагдах боломжтой бүх хүүхдийг яаралтай суллахыг уриалсан байна.
Хорих анги, байгууллагуудын хувьд олон хүн нэг байранд төвлөрч, хоол бэлтгэх, түгээх, угаалга, ариутгалын ажил нэгдсэн байдлаар зохион байгуулагддаг, хоригдол, хоригдсон этгээдийг биечилсэн хяналт тавьж ажиллаж буй алба хаагчид нийгмийн харилцаанд оролцож, халдвар авах, тээх эрсдэлтэй тул шинэ коронавирусын халдвар илэрсэн тохиолдолд богино хугацаанд олон хүнийг хамран тархах, улмаар жирэмсэн болон нярай хүүхэдтэй эмэгтэйчүүд, биеийн дархлаа сул, архаг хууч өвчтэй, өндөр настай хоригдол, хоригдсон этгээд хүндээр өвчилж, хүний амь нас эрсдэх нөхцөл байдал үүсэж байна.
Түүнчлэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2021 оны байдлаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар 31 байгууллагын 10.775 орчим субьект зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байна.
1 Зөрчлийн тухай хууль хэрэгжих хугацаанд тухайн жилд бүртгэгдсэн нийт зөрчлийн 95 дээш хувийг Цагдаагийн байгууллага харьяалан шалган шийдвэрлэсэн бөгөөд бүртгэгдсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсгээр нь үзвэл 6.696.529 буюу 93.0 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих /14.7/, 257.071 буюу 3.5 хувь нь Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах /5.1/, 18.238 буюу 0.2 хувь нь Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих /10.4/, 30.406 буюу 0.4 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих /5.4/, 14.715 буюу 4.4 хувь нь Танхайрах /5.2/, 2.681 буюу 0.03 хувь нь Тамхины хяналтын тухай хууль зөрчих /6.3/, 280.907 буюу 3.8 хувь нь бусад төрлийн зөрчил эзэлж байна.
2 Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны эхний 05 сарын байдлаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд нь бэлэн бус хэлбэрээр нийт 6.154.933 удаагийн 168 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 3.035.324 удаагийн 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн болон бусад шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, шүүхээс оногдуулсан ялын төрлийг солих нь зүйтэй гэж үзэж байна.
Хоёр.Хуулийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
1 Улсын Ерөнхий Прокурорын газрын бүртгэлийн мэдээллээс 2021 он
2 Цагдаагийн ерөнхий газрын зөрчлийн хэргийн талаарх мэдээлэл 2021 он
Хорих анги, байгууллагад 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар хоригдож буй 4175, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1045, баривчлах шийтгэл эдэлж буй 177, хорихоос өөр төрлийн ялаар 3669, албадлагын арга хэмжээ авагдсан 3984, нийт 13050 ялтан /хоригдол/, хоригдсон этгээдэд байгаа бөгөөд зөвхөн хоол хүнсэнд өдөрт нэг хүнд 6000-8000 төгрөг зарцуулж байна.
3 Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор өршөөлд хамруулахгүй болон ялаас хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож оногдуулсан болон биечлэн эдэлсэн хорих болон хорихоос өөр төрлийн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэхээр тусгана.
Ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон гэмт хэргийн хохирлын тодорхой хувийг нөхөн төлж, бусад хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, өршөөлд хамруулахгүй болон ялаас хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу тэнссэн, мөн хуулийн 7.6 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 8.6 дугаар зүйлд заасан өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгоно.
Түүнчлэн Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны оногдуулсан ялаас, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасахаар тусгах бөгөөд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын 1 өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны ялаас дүйцүүлэн хасна.
Өршөөлд хамруулахгүй гэмт хэргийг тодорхой тусгаж, хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйл заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй.
Мөн ФАТФ-аас Монгол Улсыг "Саарал" жагсаалтад оруулсантай холбогдуулан Европын Холбооны хар жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулж байсан. Монгол Улс дээрх 2 жагсаалтад дахин орохгүйн тулд ФАТФ-ын зөвлөмжийн 3, 5, 35 болон шууд хэрэгжилтийн 7-д нийцүүлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг зэрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамааруулахгүй байхаар тусгана.
Өршөөлд хамааруулахгүй зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдэж оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг нэг удаа өршөөн чөлөөлөхөөр, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгана.
Хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дүгээр зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй бөгөөд хууль хэрэглэх журмыг тусгана.
3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээлэл 2021 он
2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачийн үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр тусгана.
Гурав.Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
Хуулийн төсөл батлагдсанаар нэг дор олноороо байгаа хүмүүст коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хорих болон цагдан хорих, баривчлах байрны ачаалал буурна.
Мөн хуулийн төсөл батлагдсанаар хоригдол, баривчлах шийтгэл эдэлж буй этгээдийн зөвхөн хоол хүнсний зардлаас 1.7 тэрбум төгрөг хэмнэж, үлдсэн хоригдлыг хорих анги, байгууллагын хоригдлын байрны багтаамжид нийцүүлэн тараан байршуулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Түүнчлэн хуулийн төсөл батлагдснаар хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг хангах төдийгүй Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөл буруулах томоохон алхам болох буюу иргэд, хуулийн этгээдэд санхүүгийн бодит дэмжлэг болно гэж үзэж байна.
Дөрөв.Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн уялдах талаар
Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн боловсруулна.
Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулж хууль хүчингүй болгох, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсөвт тодотгол хийх шаардлагагүй болно.
---оОо---
Текст томруулах
A
A
A