- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 12 сарын 30 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Эрүүгийн хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл нэмсүгэй:
"1/24.10 дугаар зүйл.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой
мэдлэгийг хууль бусаар ашиглах
1.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглаж үлэмж хэмжээний хохирол учруулсан бол арван таван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
3.Генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд дамжуулан худалдаж үлэмж хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг арван мянган нэгжээс гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ."
2 дугаар зүйл.Энэ хуулийг Генетик нөөцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
