- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЗИ ТИВИЙН СҮҮНИЙ ТҮНШЛЭЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫГ БЭХЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 82
Улаанбаатар хот
АЗИ ТИВИЙН СҮҮНИЙ ТҮНШЛЭЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫГ БЭХЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран байгуулсан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
2. Ази тивийн сүүний түншлэлд бүс нутгийн улс орнуудыг гишүүнээр элсүүлэх үйл ажиллагаанд зохих дэмжлэг үзүүлж, тус түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нарт тус тус даалгасугай.
3. Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцад жил бүр тусгаж батлахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
