A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2006 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр                                                                               
 Улаанбаатар хот

                                                            ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛЫН ТУХАЙ

Хэвлэх

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийн агуулгын талаархи зохицуулалтыг нэг мөр, зөв ойлгох, "Шүүхийн шийдвэрийн тухай" Улсын Дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, шүүхээс гарч буй эрхийн актуудын боловсруулалтыг сайжруулах зорилгоор Германы Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Хуульчдын сургалт ба давтан сургалт" төслийн шугамаар зохиогдсон "Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал" сэдэвт сургалтын хөтөлбөрт тулгуурлан Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3., 15.4.-т заасныг удирдлага болгон ЗӨВЛӨМЖЛӨХ НЬ:

1. Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан бүтэцтэй байна. Энэхүү бүтэц нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж, шийтгэвэр, шүүхийн тогтоол зэрэгт хамааралтайгаас гадна давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан магадлал, тогтоолд мөн хамааралтай болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан магадлал, тогтоол нь шүүхээр хянан хэлэлцэгдсэн асуудлын хүрээнээс шалтгаалж агуулгын хувьд өөр байх боловч бүтэц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасантай адил байна.

Шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.

2. Шийдвэрийн удиртгал хэсэг

Шийдвэрийн удиртгал хэсэг нь хэзээ, хаана, хэн, ямар асуудлыг хэлэлцсэн болохыг товч илэрхийлсэн байх учиртай ба эдгээр асуудлууд тодорхой, зөв тусгагдсан тохиолдолд шийдвэр ойлгомжтой болно.

"Удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заана" гэж хуулийн 118 дугаар зүйлийн 118.2.-т тодорхойлжээ.

2.1."Хэзээ" гэдэг нь шийдвэр гаргасан өдрийг хэлнэ. Шүүх хуралдаан 2006 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, хоёр хоног үргэлжлэн 4 дүгээр сарын 3-ны өдөр шийдвэр гарч байгаа бол шийдвэрийн удиртгал хэсэгт "2006 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр" гэж бичнэ. Учир нь, хуульд шүүх хуралдааныг хэзээ явуулсныг биш харин "шийдвэрийг хэзээ…гаргаж байгаа"-г тусгахаар заажээ. Шүүх хуралдаан хэзээ эхэлж, хэзээ дууссан болохыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгадаг болно (хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5.)

2.2. "Хаана" гэдэг нь шийдвэрийг гаргасан шүүх шүүх хуралдааныг хийсэн газрыг хэлнэ. Энэ нь "шүүх хуралдааны танхимд" гэсэн нэр томъёогоор илэрхийлэгдэнэ. Зарим тохиолдолд шүүх хуралдааныг тодорхой шалтгаанаар (шүүхийн байр засвартай, хэргийн онцлогоос шалтгаалж өөр багтаамж ихтэй танхимд хийх шаардлагатай г.м.) өөр байранд хийсэн бол ""Тэнгис" кинотеатрын их танхимд", "сумын соёлын төвийн танхимд" г.м. зааж болох юм. Гэхдээ иргэний хэргийн шүүх хуралдааныг дээрх шалтгаанаар шүүхийн танхимаас өөр газар хийх тохиолдол маш ховор байдаг. Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхдээ зориулалтын хуралдааны танхимд явуулах нь хуулийн шаардлагад нийцнэ.

Орон нутгийн шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нүүдэллэж явуулдаг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1994, 2002 оны хуулиудаар зохицуулагдаагүй асуудал гэдгийг анхаарах нь чухал юм. 1967 онд батлагдсан Иргэний байцаан шийтгэх хуульд ч ийм зохицуулалт байсангүй. Харин энэ хуульд "аймгийн нүүдлийн шүүх" гэсэн нэр томъёо байгаа хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны "нүүдэллэх" хэлбэрийн зохицуулалт байхгүйгээс гадна Шүүхийн байгууламжийн тухай 1978 оны хууль, Шүүхийн тухай 1993 оны болон 2002 оны хуульд "нүүдлийн шүүх" гэсэн нэр томъёо байхгүй болно.

Харин БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1958 оны "БНМАУ-ын Шүүхийн зохион байгуулалтын тухай" 130 дугаар зарлигт "аймгийн нүүдлийн шүүх" гэсэн ойлголт байжээ. Хагас зуун жилийн өмнө даган мөрдөгдөж байсан, одоо хүчингүй болсон зарлигт байгаа ойлголтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэвшсэн чигээр үлдээх үндэслэл, шаардлага байхгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь процессийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг ба хуульд заагдаагүй шүүхийн аливаа ажиллагаа хууль бус гэж тооцогддог тул иргэний хэргийг орон нутагт нүүдэллэж шийдвэрлэхгүй байхыг зөвлөмжилж байна.

Орон нутгийн дэд бүтэц, шуудан, тээврийн үйлчилгээ хангалтгүй байдал нь шүүхээс хуульд заагдаагүй ажиллагаа явуулах үндэслэл болохгүй юм. Шүүхийн болон хэргийн менежментыг боловсронгүй болгох, шүүхийн ажлын зохион байгуулалтыг сайжруулах замаар хуульд заагдсан арга, журмын дагуу хэргийн оролцогчдыг шүүхэд хүрэлцэн ирүүлэх боломжийг бүрдүүлж ажиллахыг нийт шүүхүүд анхаарах нь зүйтэй.

Шүүх хуралдаан хуульд зааснаар хаалттай явагдахаас бусад тохиолдолд нээлттэй явагддаг учир хаалттай явуулсан шүүх хуралдааныг хаалттай явуулсан гэж удиртгал хэсэгт заах ба нээлттэй явуулсан гэх тодотголыг шийдвэр болгонд тусгах шаардлагагүй юм.

2.3. "Ямар шүүх" гэдэгт хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхийн нэрийг заана.

Шүүхийн тухай 1993 оны хууль, Улсын Их Хурлын "Шүүгчийн орон тоо батлах тухай" 1993 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолыг үзвэл анхан шатны шүүхүүдийг дүүргийн, сумын, сум дундын гэж ангилахдаа аймгийн сум дундын шүүх биш харин "…аймаг дахь сум дундын шүүх" гэж нэрлэсэн ба анхан шатны шүүхийн тамга дээрхи хуучин монгол үсгээр бичсэн бичилтийг үзвэл "…аймаг дахь сум дундын шүүх" гэсэн байна.

Ховд, Завхан, Сэлэнгэ, Дорноговь, Өвөрхангай аймаг дахь зарим сум дундын шүүх аймгийн төвд биш өөр сумын нутаг дэвсгэрт байрладаг хэдий ч "…сум дахь сум дундын 2 дугаар шүүх" гэж бичихгүй харин "…аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх" гэж бичнэ.

Нийслэл хот 8 дүүрэгтэй ба нутаг дэвсгэр, засаг захиргааны "дүүрэг" гэсэн нэгж зөвхөн Нийслэл хотод байдаг ба үүнээс өөр газар дүүрэг байдаггүй тул шүүхийн шийдвэрт "Нийслэлийн … дүүргийн шүүх" гэж бичих шаардлагагүй, харин "… дүүргийн шүүх" гэж бичих нь зөв юм.

2.4."Шүүх бүрэлдэхүүн болон шүүгч" гэдэгт тухайн хэргийг хянан шийдвэрлэж буй 3 шүүгчийн бүрэлдэхүүний эсхүл дангаар шийдвэрлэж буй шүүгчийн нэр байна. Шүүгчийн нэрийг эцгийн нэрийн эхний үсгийн хамт бичнэ.

Шүүх бүрэлдэхүүнд орж буй шүүгчид нь тухайн шүүхийн шүүгч байна.

Орон нутгийн зарим шүүхүүдийн шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд адил шатны өөр шүүхийн шүүгчийг бүрэлдэхүүндээ оруулж шийдвэрлэсэн тохиолдол гарч байсан ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2.-т заасныг зөрчиж байх тул хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа болох юм.

Шүүх бүрэлдэхүүнд орж буй нэг шүүгч шүүх хуралдааны даргалагч байна. Шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1.-д зааснаар шүүх хуралдааныг даргалах явдал нь бүх шатны шүүхийн шүүгчийн бүрэн эрх тул шүүх хуралдаанд тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч оролцож буй тохиолдолд тэрээр заавал шүүх хуралдааныг даргалах үүрэгтэй гэж ойлгох нь учир дутагдалтай болно. Харин тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөн хэрэг хуваарилах, шүүх бүрэлдэхүүнийг томилох асуудлаар журам гаргахдаа "Ерөнхий шүүгч шүүх хуралдаанд оролцож байвал шүүх хуралдааныг даргална" гэж шийдсэн бол энэ журмын дагуу Ерөнхий шүүгч шүүх хуралдааныг даргална.

Тухайн иргэний хэргийг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гардан явуулсан шүүгч эсхүл Ерөнхий шүүгч шүүх хуралдааныг даргална.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д "…Ерөнхий шүүгч шүүх бүрэлдэхүүнд орж байгаа тохиолдолд Ерөнхий шүүгч…шүүх хуралдааныг даргална" гэсэн зохицуулалт Шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1., 39 дүгээр зүйлийн зохицуулалтаас өөр байгаа тул энэ зохицуулалтыг "шүүгчдийн зөвлөлгөөнөөс ийнхүү журамласан бол" гэж ойлгож хэрэглэвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.2.-т "шүүх хуралдаан даргалагч өөрийн саналыг бусад шүүгчдийн дараа гаргана" гэсэн зохицуулалт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гардан явуулсан шүүгч хэргийн талаархи өөрийн субъектив санаа, бодлоор бусад шүүгчдийн гаргах саналыг хөтлөхгүй байх, тэдний саналыг чөлөөтэй гаргуулах зорилготойгоор хуульд тусгагдсан гэж ойлгогдож байна. Хуулийн уг санаа шүүх хуралдааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан шүүгч даргална гэсэн утга агуулгаас урган гарчээ.

2.5."Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга" нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны оролцогч ба хуулийн 87 дугаар зүйлд заасан үүрэгтэйгээр шүүх хуралдааны ажиллагаанд оролцдог.

Шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг "шүүх хуралдааны нарийн бичгийн дарга", "шүүх хуралдааны оролцогч" гэж хоёр удаа тусгахгүй нь ойлгомжтой. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүх хуралдаан явуулах байр, танхимыг бэлтгэх, шүүх хуралдааны ирцийг бүртгэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүнд танилцуулах, шүүх хуралдааны ажиллагааг тэмдэглэл үйлдэж баталгаажуулах үүрэгтэйгээр шүүх хуралдаанд оролцдог ба энэ утгаараа хэрэг маргаанд сонирхолгүй, шүүхийн ажиллагааны нэг хэсгийг зохион байгуулж, гүйцэтгэдэг субъект тул түүнийг шийдвэрийн удиртгал хэсэгт нэрлэн заахаар хуульд журамласан байна.

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар тухайн шүүхийн нарийн бичгийн дарга оролцдог. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах, бичиг хэрэг, архивын эрхлэгч, мэдээлэл лавлагааны ажилтан оролцдог нь зарим шүүхүүдийн одоогийн орон тоо, дотоод зохион байгуулалтын бүтцээс шалтгаалдаг. Шүүхийн нарийн бичгийн дарга нь шүүхийн захиргааны албан тушаалтан бол шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь шүүх хуралдааны оролцогч буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй процессийн эрх зүйн харилцааны оролцогч юм. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүхийн нарийн бичгийн дарга биш этгээд оролцоход түүний албан тушаалыг шийдвэрийн удиртгал хэсэгт бичих шаардлагагүй.

2.6."Хэргийн оролцогч" гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан этгээдүүдийг хэлнэ.

Гэхдээ шийдвэрийн удиртгал хэсэгт хэний нэхэмжлэлтэй хэнд холбогдох, ямар маргааныг шүүх шийдвэрлэж байгааг тодорхойлох учиртай тул хэргийн оролцогч болох бүх этгээдүүдийг заах шаардлагагүй юм.

Зохигч, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийг энэ хэсэгт хэргийн оролцогчийн хувьд заахгүй. Тухайлбал: "А.Доржийн нэхэмжлэлтэй Б.Долгорт холбогдох, гэм хорын хохирол 1 сая төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг" гэж тусгахаас биш "А.Дорж болон түүний өмгөөлөгч Ц.Сарангийн нэхэмжлэлтэй Б.Долгор болон түүний өмгөөлөгч А.Болорт холбогдох" гэж бичих нь буруу. Харин өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож байгаа бол шүүх хуралдааны оролцогчийн хувьд түүнийг нэрлэн заана.

Нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд өөрийн нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаагүй ба өмгөөлөгч эсхүл өөр хүнд итгэмжлэл олгож төлөөлүүлсэн ч байсан шаардлага гаргах эрхээ шилжүүлээгүй зөвхөн өөрийгөө төлөөлөх эрхийг бусдад олгосон тул хэргийн оролцогчоор нэхэмжлэл гаргах эрх бүхий бусдаар төлөөлүүлсэн этгээдийг нэрлэн заана.

Гуравдагч этгээд нь хэргийн оролцогч мөн боловч шийдвэрийн удиртгал хэсэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хэргийн оролцогчийн хувьд тусгах шаардлагагүй юм. Харин тэрээр шүүх хуралдаанд оролцож байгаа бол түүнийг шүүх хуралдааны оролцогчийн хувьд удиртгал хэсэгт заана. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг шийдвэрийн удиртгал хэсэгт хэргийн оролцогчийн хувьд заасан байвал зохино.

Хэргийн оролцогч хуулийн этгээд байвал хуулийн этгээдийн оноосон нэрийг заах ба тэдгээрийг төлөөлж буй этгээдийг шүүх хуралдаанд оролцож байгаа тохиолдолд шүүх хуралдааны оролцогчоор заана. Хэргийн зохигчид хуулийн этгээд байхад түүнийг төлөөлж буй иргэнийг зохигч гэж тусгах нь хэргийн оролцогчийг зөв тодорхойлоогүй шүүхийн алдаа болно.

Хэргийн оролцогч хуулийн этгээд нь Иргэний хуулийн 33 дугаар зүйлд зааснаар компани, холбоо, сан, нөхөрлөлийн аль нь болох, тэдгээрийн ямар хэлбэр болохыг тодорхой тусгана. Тухайлбал: "Говь" ХК, "Анар" ХХК, "Мөнгө" ХЗХ, "Цэцэг" ББН г.м.

Хэргийн оролцогч иргэний овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа хаяг, хүйс, насыг заах ба түүний талаархи өөр мэдээллийг тусгах шаардлагагүй.

Хуулийн 118 дугаар зүйлийн 118.2.-т шүүх ямар хэрэг хэлэлцэж байгааг шийдвэрийн удиртгал хэсэгт заахыг тодорхой тусгаагүй хэдий ч "хэргийн оролцогчдыг нэрлэн заана" гэсэн зохицуулалтыг "ямар асуудлын тухай үүссэн хэргийн оролцогч" гэж ойлговол шийдвэрийн удиртгал хэсэгт хэний нэхэмжлэлтэй хэнд холбогдох ямар маргааныг шүүх шийдвэрлэх гэж байгаа байдал тодорхой болно.

2.7."Шүүх хуралдааны оролцогч" гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1.-д зааснаар шүүх хуралдааны ажиллагаанд тодорхой эрх, үүрэгтэй оролцож буй хэргийн оролцогч, шинжээч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, иргэдийн төлөөлөгчийг хэлнэ.

Шүүх хуралдааны оролцогч, хэргийн оролцогч гэсэн хоёр ойлголт давхарддаг тул шүүхийн шийдвэрт тэдгээрийг зааглаж бичээгүйгээс шийдвэрийн удиртгал хэсэг ойлгомжгүй болдог.

Хэргийн оролцогчдын нэрс ямар хэрэг шийдвэрлэж байгаа хэсэгт байдаг хэдий ч эдгээр оролцогчдын хэн нь шүүх хуралдаанд оролцсон болохыг удиртгал хэсэгт заахаар хуульд журамласан байна. Нэхэмжлэгч, хариуцагч шүүх хуралдаанд оролцоогүй тохиолдолд эрх зүйн тодорхой үр дагавар үүсдэг тул шүүх хуралдаанд тэрээр оролцсон эсэх нь шийдвэрийн удиртгал хэсэгт тодорхой тусгагдсан байх учиртай юм.

Шүүх хуралдаанд гэрч, шинжээч оролцож буй тохиолдолд тэдгээрийг нэрлэн заана.

Монгол хэл мэдэхгүй эсхүл монгол хэлийг хэрэглэж чадахгүй этгээдийн оролцоотой шүүх хуралдаан орчуулагч, хэлмэрчтэй явагдсан эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ эдгээр хүмүүс бүрэн дүүрэн эдэлж чадсан эсэх нь орчуулагч, хэлмэрч шүүх хуралдааны оролцогчоор орсон байдлаас шалтгаална.

Хэргийг шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж буй тохиолдолд иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох ёстой ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д зааснаас бусад тохиолдолд иргэдийн төлөөлөгч оролцоогүй явдал шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болдог тул шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн овгийн эхний үсэг, нэрийг заана.

2.8.Шийдвэрийн удиртгал хэсгийн жишээ:

ШИЙДВЭР

2006 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

А.Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Ж.Сэлэнгэ даргалж, шүүгч П.Золзаяа, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар байрны 105 тоотод оршин суух, 45 настай, эрэгтэй, Боржигон овогт Доржийн Батын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 24 дүгээр байрны 67 тоотод оршин суух, 38 настай, эмэгтэй, Сартуул овогт Нэрсийн Самбууд холбогдох

зээлийн гэрээний үүрэг болох 560 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Бат, түүний өмгөөлөгч А.Съезд, хариуцагч Н.Самбуу, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, гэрч О.Хайдав, иргэдийн төлөөлөгч Р.Дулмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Энхбаяр нар оролцов.

Б.Ховд аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын 2 дугаар баг, Задгайн 5 тоотод оршин суух, 35 настай, эмэгтэй, Тогооч овогтой Борын Чимгээгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Ажилчдын 5 дугаар байрны 5 тоотод суух, 38 настай, эмэгтэй, Тэрэгт овогтой Батын Цэвэлмаад холбогдох

Гуравдагч этгээд: Ховд аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Сургуулийн 1 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух, 40 настай, эмэгтэй, Тольт овогтой Суурийн Цэцэгмаагийн бие даасан шаардлагатай

"Алатау" үүлдрийн хар тарлан үнээний өмчлөгчийг тогтоолгох тухай маргаантай иргэний хэргийг хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Чимгээ, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Цэцэгмаа, гэрч Б.Лувсан, шинжээч Х.Самдан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Р.Зул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Марина нар оролцов.

В.Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, шүүгч Х.Мөнхжаргал, Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: "Эрдэнэт аж ахуй" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: "Эрдэнэт барилга" ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн алданги нийт 56 000 000 төгрөг гаргуулах тухай, ажил гүйцэтгэх гэрээний дутуу төлсөн хөлс 45 000 000 төгрөг гаргуулах тухай "Эрдэнэт барилга" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч "Эрдэнэт аж ахуй" ХХК-ийн ерөнхий захирал Б.Доржбат, түүний өмгөөлөгч Б.Цэрмаа, хариуцагчийн төлөөлөгч "Эрдэнэт барилга" ХХК-ийн хуулийн зөвлөх Б.Жаргал, түүний өмгөөлөгч Ш.Баяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "Говь" ХК-ийн төлөөлөгч Ч.Сүрэн, түүний өмгөөлөгч Б.Бор, гэрч Х.Айсаг, Р.Хорлоо, иргэдийн төлөөлөгч Б.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лхамсүрэн нар оролцов.

3.Шийдвэрийн тодорхойлох хэсэг

Шийдвэрийн тодорхойлох хэсэг нь хэргийн оролцогчдоос тухайн хэргийн талаархи гаргаж буй бүх мэдээллийг агуулсан байх учиртай.

Гэхдээ хэргийн оролцогчид нь маргааны зүйл, үндэслэлийн талаар шаардлагатай мэдээлэл өгөхөөс гадна өөрийн субъектив хандлага, дүгнэлтийг ч шаардлага, татгалзал, тайлбартаа илэрхийлдэг тул нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал болон тэдгээрийн тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар зэргийн зөвхөн агуулгыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгах шаардлагатай юм.

Хэргийн оролцогчид өөрсдийн тайлбартаа зарим хүний нэрийг дутуу нэрлэх, хочлох тохиолдол байдаг бол шүүхийн шийдвэрт нэрийг нь бүтнээр нь бичих шаардлагатай. Шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн тайлбар, хэлсэн үгийг үгчлэн тухайн хуралдааны тэмдэглэлд тусгадаг тул "би Тунгаад энэ мөнгийг өгсөн" гэж бичихгүй харин "би Ц.Тунгалагт энэ мөнгийг өгсөн" гэж бичнэ.

Шийдвэрийн тодорхойлох хэсэгт өмгөөлөгч, прокурорын үг, гэрчийн мэдүүлэг, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг тусгах явдал гардаг ба энэ нь хуульд заагдаагүй ажиллагаа болохоос гадна шүүхийн шийдвэрийн агуулгыг ойлгомжгүй, нүсэр болгодог.

3.1."Нэхэмжлэлийн шаардлагын агуулга" гэдэгт нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан шаардлагын зүйл, үндэслэлийн агуулгыг хэлнэ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн бол өөрчлөгдсөн эцсийн шаардлагын агуулгыг мөн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгана.

Нэхэмжлэгч шаардлагаа ойлгомжгүй, эсхүл хуульд заасан хэллэгээр биш илэрхийлсэн бол шаардлагын утгыг нь зөв тодорхойлж бичнэ.

3.2."Нэхэмжлэгчийн тайлбарын агуулга" гэж нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулгыг хэлнэ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй ба шүүх хуралдаанд шаардлагаа дэмжиж байгаа тохиолдолд "нэхэмжлэгч Б.Дорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа" гэж шаардлага, тайлбарын агуулгыг нэгтгэн бичнэ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд шаардлагын хэмжээ, зүйл, үндэслэлийн аль нэгийг өөрчилсөн бол анхны шаардлагын агуулга, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгыг тус тусад нь бичнэ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцоогүй бол шийдвэрт түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг бичнэ.

3.3."Хариуцагчийн татгалзлын агуулга" гэдэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариуцагчийн шүүхэд бичгээр гаргаж өгсөн хариу тайлбарын үндэслэлийн агуулгыг хэлнэ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, заримыг нь зөвшөөрөхгүй байгаа бол тэдгээрийн аль алиныг нь тодорхойлох хэсэгт тусгана.

Хариуцагч үндсэн нэхэмжлэлтэй хариу тооцогдох боломжтой сөрөг шаардлага гаргасан бөгөөд энэ шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн дагуу хэлбэржүүлсэн, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлсөн бол түүний энэ шаардлагыг сөрөг нэхэмжлэл гэж үзэх ба шийдвэрийн тодорхойлох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн агуулгыг мөн тусгана.

Сөрөг нэхэмжлэл гэдэг нь өөрөө бие даасан тусдаа шаардлага мөн хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, түүний эсрэг гаргах хариуцагчийн хамгаалалтын нэг хэлбэр юм. Энэ утгаараа хуулийн 118 дугаар зүйлийн 118.3.-т "хариуцагчийн татгалзал" гэсэн ойлголтонд нэхэмжлэлийн шаардлагын талаархи татгалзлыг ч, сөрөг шаардлагыг ч хамааруулж ойлгох нь зөв юм.

Сөрөг нэхэмжлэлийн дагуу шаардлага гаргаж буй этгээд нь хариуцагч, хариуцлага хүлээх этгээд нь нэхэмжлэгч болдог хэдий ч тухайн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэгчээрээ, хариуцагч хариуцагчаараа үлдэх тул "сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч", "сөрөг нэхэмжлэлийн хариуцагч" гэж хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг хуульд байхгүй нэр томъёогоор тодорхойлж, шийдвэрт тусгах нь алдаатай болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар нэхэмжлэлийн хувийг хариуцагч хүлээн авсан атлаа шүүхэд тайлбараа өгөөгүй ба шүүх хуралдааны мэдэгдлийг гардан авсан атлаа хүрэлцэн ирээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ талаар шийдвэрийн тодорхойлох хэсэгт заана.

3.4."Хариуцагчийн тайлбарын агуулга" гэж нэхэмжлэлийн шаардлагын эсрэг шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн тайлбарын агуулгыг хэлнэ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа болон түүний үндэслэлээ шүүх хуралдаан дээр өөрчлөөгүй дэмжсэн бол "хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа" гэж нэгтгэн бичиж болно.

Хариуцагч өөрийн татгалзлаа болон түүний үндэслэлээ өөрчилсөн бол анхны татгалзал, шүүх хуралдаанд гаргасан татгалзал, эсхүл зөвшөөрлийг шийдвэрт тус тусад нь тусгана.

Хариуцагч шүүх хуралдаанд оролцоогүй бол шүүхэд бичгээр гаргасан түүний хариу тайлбарын агуулгыг шийдвэрт бичнэ.

3.5.Хэргийн зохигч нь шүүх хуралдаанд өөрөө оролцохгүйгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсон байвал, эсхүл хуулийн этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож байгаа бол түүний тайлбарын агуулгыг шүүхийн шийдвэрт тусгах шаардлагатай тул "зохигчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга" тодорхойлох хэсэгт тусгагдахаар хуульд заажээ.

Хуулийн 118 дугаар зүйлийн 118.3.-т зохигчийн төлөөлөгч бүрийг хэлээгүй гэдгийг анхаарах нь чухал. Дээр дурьдсанаар шүүх хуралдаанд оролцож буй зохигч болох хуулийн этгээдийн төлөөлөгч, зохигч өөрөө шүүх хуралдаанд оролцоогүй тохиолдолд түүний томилсон төлөөлөгч хамаарна.

Өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар төлөөлөгч мөн боловч хэргийн оролцогч шүүх хуралдаанд өөрөө оролцож байгаа тохиолдолд өмгөөлөгчийн санал, тайлбар шүүхийн шийдвэрт тусгагдсан байх шаардлагагүй юм.

Харин зохигч өөрөө шүүх хуралдаанд оролцоогүй ба өмгөөлөгчөө төлөөлөгчөөр томилсон тохиолдолд өмгөөлөгчийн тайлбар шийдвэрт тусгагдана.

3.6."Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга" гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй бие даасан шаардлага гаргасан болон гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулгыг хэлнэ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг нэхэмжлэгчийн шаардлага, тайлбарыг шийдвэрт тусгах аргачлалаар бичнэ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд оролцсон бол шүүх хуралдаанд гаргасан тайлбарын, оролцоогүй бол шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбарын агуулгыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгана.

3.7.Шийдвэрийн тодорхойлох хэсгийн жишээ:

А.Нэхэмжлэгч Д.Бат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Би хариуцагч Н.Самбууд 2005 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 560 000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Бид энэ талаар бичгээр гэрээ байгуулаагүй хэдий ч зээлийн талаар тохиролцож, мөнгийг түүнд шилжүүлж байхад манай хөрш О.Хайдав хамт байсан юм. Н.Самбуу нь тохирсон хугацаанд мөнгийг буцааж өгөөгүй ба би түүнээс мөнгөө удаа дараа шаардаж байсан . Миний шаардлагыг үл ойшоож, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Н.Самбуугаас 560 000 төгрөгийг гаргуулж өгнө үү" гэжээ.

Хариуцагч Н.Самбуу шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би Д.Батаас мөнгө зээлдэж аваагүй. Харин тэрээр надаас нэг жилийн өмнө худалдаж авсан машины үнийг дутуу төлсөн тул би дутуу төлсөн 375 000 төгрөгийг алдангийн 185 000 төгрөгийн хамт авсан юм. Бид зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгчид надаас мөнгө шаардах эрх байхгүй" гэжээ.

Хариуцагч Н.Самбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Нэхэмжлэгч Д.Баттай тооцоо нийлж үзэхэд автомашин худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх мөнгөө Д.Бат дуусгасан гэж үзэх боломжтой байна. Тийм учраас түүний шаардаж буй мөнгийг би төлөхийг зөвшөөрч байна. Тухайн үед би мөнгөний гачигдалтай байсан учир үнэхээр мөнгө зээлдүүлэхийг хүссэн юм. Зээлсэн мөнгөө өөрийн авлагад тооцно гэж бодож байсан боловч буруу тооцсон байсан тул одоо 560 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна" гэв.

Б.Нэхэмжлэгч Б.Чимгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Манайх 2000 онд сумын мал эмнэлгийн эмч Б.Лувсангаас "Алатау" үүлдрийн охин тугал худалдаж авсан юм. Жил болгон түүнийг бусад малын хамт тоолуулж ирсэн болно. 2005 оны хавар үнээгээ алдсан ба энэ талаар цагдаад бүртгүүлж, эрэл хийсэн боловч олдоогүй юм. Харин 2005 оны 7 дугаар сард манай үнээ Б.Цэвэлмаагийн хашаанд байна гэсэн сургаар очиж үзэхэд манай үнээ мөн байсан. Гэтэл Б.Цэвэлмаа түүнийг өөрийн үнээ гэж маргаж өгөөгүй юм. Б.Цэвэлмаагийн эзэмшилд байгаа 6 настай хар тарлан үнээг миний өмчлөлийн болохыг тогтоож, Б.Цэвэлмаагаас гаргуулж өгнө үү" гэжээ.

Нэхэмжлэгч Б.Чимгээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:"Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үнээгээ Б.Цэвэлмаагаас гаргуулж авахаар шаардсан. Харин Б.Цэвэлмаа үнээг маань С.Цэцэгмаад худалдаж, үнээ малын халдварт өвчний улмаас үхжээ. Одоо би Б.Цэвэлмаагаас өөрийн үхрийн үнэ 350 000 төгрөгийг гаргуулахыг хүсч байна. С.Цэцэгмаагийн шаардлагын хувьд түүнийг зөвшөөрөхгүй. Үнээ Б.Цэвэлмаагийн өмч биш байсан тул түүнийг худалдах эрхгүй байсан. С.Цэцэгмаатай би худалдах-худалдан авах гэрээний харилцаанд ороогүй тул С.Цэцэгмаа надаас 350000 төгрөг шаардах эрхгүй " гэв.

Хариуцагч Б.Цэвэлмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Манайх "Алатау" үүлдрийн хар тарлан бярууг 2001 онд худалдаж авсан юм. 2001 оноос хойш манайд байсан ба 2003 онд нэг тугалласан. Тугал нь 2004 оны өвөл үхсэн. 2005 оны 7 дугаар сард Б.Чимгээ ирж, үнээг манай үнээ гэж маргасан боловч бид түүний шаардлагыг зөвшөөрөөгүй. 2005 оны 9 дүгээр сард үнээг С.Цэцэгмаад 350 000 төгрөгөөр зарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Үнээ бол миний өмчлөлийнх байсан, одоо надад байхгүй.

Би өөрийнхөө үхрийг зарсан тул 350 000 төгрөгийг Б.Чимгээд өгөх үндэсгүй юм.

С.Цэцэгмаагийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Худалдаж авсан үнээг сайн арчилж чадаагүйгээс тэр үхсэн байсан. Манай үнээ "Алатау" үүлдрийх гэдгийг гэрчүүд, манай малын тоо бүртгэлээс үзэж болно. Нэгэнт зарсан үхрийн үнийг би буцаан төлөхгүй" гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Цэцэгмаа шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:"Би 2005 оны 9 дүгээр сард Б.Цэвэлмаагаас 350 000 төгрөгөөр хар тарлан үнээ авсан. Тэрээр түүнийг "Алатау" үүлдрийн гэж хэлж байсан боловч сүүлд мал эмнэлгийн эмч ирж, түүнийг ийм үүлдрийн биш харин эрлийз үнээ байна гэсэн. Би энэ талаар Б.Цэвэлмаад хэлж, үхрийн үнийг бууруулж, 100 000 төгрөгийг буцаан өгөхийг шардаж байсан боловч өгөөгүй. Удалгүй үхэр нь халдварт өвчтэй байсан нь илэрч үхсэн ба манай малаас бас хоёр үхэр өвчилж үхсэн. Надад өвчтэй эрлийз үнээ худалдахдаа эрүүл, "Алатау" үүлдрийх гэж худлаа хэлсэн тул би үнээний үнэ 350 000 төгрөгийг Б.Цэвэлмаагаас гаргуулж авах хүсэлтэй байна. Энэ үхэр Б.Цэвэлмаагийн эзэмшилд байсан тул түүний мал юм. Би түүнээс үхрийг худалдаж авахад өөрийн нэр дээр тоолуулж байсан гэдгийг нь мэдсэн. Б.Чимгээгийн нэхэмжлэл үндэсгүй юм. Энэ үхэр Б.Чимгээгийх ч, Б.Цэвэлмаагийх ч биш харин миний өмчлөлд байж байгаад үхсэн юм. Тийм учраас би Б.Цэвэлмаагаас 350 000 төгрөгийг авна. Манай малаас үхсэн 2 үхрийн үнийг би нэхэмжлээгүй" гэжээ.

В.Нэхэмжлэгч "Эрдэнэт аж ахуй" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Манай компани "Эрдэнэт барилга" ХХК-тай 2005 оны 5 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, тэднийхээр хүнсний захын өргөтгөлийг бариулсан юм. Өргөтгөлийн ажлын боловсруулсан төсвийн дагуу бид санхүүжилтээ цаг тухайд нь хийсэн боловч, ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд буюу 2005 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажлаа дуусгаагүй, 12 дугаар сард дуусгасан юм. Бид 4 сар гаруй хүнсний захыг ажиллуулж чадахгүй хохирсон боловч олох байсан орлогыг нэхэмжлээгүй. Харин гэрээнд зааснаар үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс хоног дутамд тооцох 0.5 хувийн алдангийг тооцож, "Эрдэнэт барилга" ХХК-иас 56 000 000 төгрөгийг гаргуулахыг хүсч байна" гэжээ

Нэхэмжлэгч "Эрдэнэт аж ахуй" ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Б.Доржбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:"Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэхдээ шаардлага гаргахдаа бид алдангийн хэмжээг хугацаа хэтэрсэн хоног дутамд тооцсон ба алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн Иргэний хуулийн заалтыг харгалзаагүй байна. Барилгын өргөтгөлийн төсөв 80 000 000 төгрөг учир барилгыг хугацаанд нь барьж дуусгаагүйд алданги 40 000 000 сая төгрөг нэхэмжлэх эрхтэй гэж мэдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 40 000 000 сая төгрөг нэхэмжилж байна" гэв.

Хариуцагч "Эрдэнэт барилга" ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний төлөөлөгч Б.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Захиалагч "Эрдэнэт аж ахуй" ХХК нь барилгын ажлын төсвийн дагуу өгөх санхүүжилтийг дандаа оройтуулж өгч байсан тул бид хугацаандаа ажлаа гүйцэтгэж чадаагүй. Санхүүжилт хийх ёстой хуваарь, хийгдэж байсан төлбөрийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Тийм учраас ажлын гүйцэтгэлийг 4 сар хожимдуулж хүлээлгэж өгсөн явдалд манай буруу байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

Харин "Эрдэнэт барилга" ХХК нь барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу харилцан тохиролцсон ажлын хөлс болох 45 сая төгрөгийг одоо болтол төлөөгүй тул ажлын хөлс 45 сая төгрөгийг сөрөг нэхэмжилж байна" гэв.

4.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т зааснаар "үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана" гэжээ.

Шийдвэрийн үндэслэх хэсэг нь хэргийн бодит байдал хэрхэн тогтоогдсон, энэ тохиолдолд тухайн үүссэн маргааныг хуульд хэрхэн зохицуулсан байгаа талаархи шүүхийн дүгнэлт тусгагдсан байх учиртай юм.

4.1."Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт" шүүхийн

шийдвэрийн үндэслэл болдог учир тэдгээрийн талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгана.

Хэргийн ямар нөхцөл байдал хэрэгт байгаа ямар нотлох баримтаар тогтоогдож байгааг шүүх анхаарч шийдвэрт тусгана. Тухайлбал: "Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд 2006 оны 4 дүгээр сарын 5-нд байгуулагдсан гэрээгээр (хх-ийн 13 дугаар тал) тогтоогдож байна". Нотлох баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдахаас гадна үндэслэх хэсэгт "гэрч Ш.Дулмаагийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр тогтоогдож байна" гэсэн хэлбэрээр тусгагдана.

4.2."Хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримт" гэдэгт хэргийн оролцогчдоос өөрийн шаардлага, татгалзлыг нотлох зорилгоор шүүхэд гаргасан бүх нотлох баримтыг шүүх тал бүрээс, бүрэн, бодитойгоор харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай, хуулиар зөвшөөрөгдсөн нотлох баримтуудаас маргааныг шийдвэрлэх шийдлийн үндэслэл болгож буй баримтыг хэлнэ.

Хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, хуульд заасан шаардлагын дагуу хэлбэржээгүй, эсхүл хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгож болохгүй.

Үндэслэх хэсэгт шүүх шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтыг заахаас гадна үндэслэл болох боломжгүй байгаа баримтыг дурьдаж, тэдгээрийг хэрхэн үнэлсэн талаар тусгана.

4.3."Хэргийн байдлын талаархи хууль зүйн болон бодит үндэслэл" гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдож буй хэргийн бодит нөхцөл байдал хуулийн ямар зүйл заалтанд хэрхэн тодорхойлогдож, зохицуулагдаж байгааг хэлнэ.

"Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд 2006 оны 4 дүгээр сарын 5-нд байгуулагдсан зээлийн гэрээгээр (хх-ийн 13 дугаар тал) тогтоогдож байна".

4.4."Түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа" гэдгийг шийдвэрийн үндэслэл болж буй тухайн нотлох баримт нотлох баримтанд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байгаа эсэх, бусад нотлох баримтаар давхар нотлогдож эсхүл үгүйсгэгдэж байгаа эсэх, тухайн нотлох баримт бусад нотлох баримтаас илүү бодит байдалд нийцсэн эсхүл нийцэхгүй байгаа, хэргийн үйл баримтыг шууд нотолж байгаа эсэх зэрэг асуудлуудын талаар шүүхийн үндэслэл бүхий дүгнэлт гэж ойлговол зохино.

"Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд 2006 оны 4 дүгээр сарын 5-нд байгуулагдсан зээлийн гэрээгээр (хх-ийн 13 дугаар тал) тогтоогдож байна. Энэхүү гэрээг зохигчид бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн ба талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн дүүрэн тусгагдсан гэж үзэх үндэстэй ба энэ талаар гэрч Х.Бат, Р.Аминаа нар давхар гэрчилсэн байна (хх-ийн 17, 24 дүгээр тал)"

5. Шийдвэрийн тогтоох хэсэг

Шийдвэрийн тогтоох хэсэгт тухайн хэрэг, маргааны талаар шүүх ямар шийдэл гаргаж байгааг хууль зүйн үндэслэлийн хамт тусгадаг ба энэхүү шийдлийн дагуу хэн, хэнд ашигтайгаар, ямар үйлдэл хийх ёстойг тодорхой, салаа утгагүй, ойлгомжтой тусгасан байвал зохино.

5.1."Баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалт" гэдэгт тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсхүл хангахгүй байх үндэслэлийг зааж зохицуулсан хуулийг хэлнэ.

Маргааныг хэрхэн зохицуулахыг тусгасан хэм хэмжээ нь ихэнх тохиолдолд материаллаг эрх зүйн хуульд байдаг. Тухайлбал, Иргэний, Гэр бүлийн, Хөдөлмөрийн, Газрын тухай хуулиуд г.м.

Гэхдээ тухайн шийдвэрлэж буй асуудлыг процессийн хуульд тусгасан тохиолдол байдаг. Тухайлбал, улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилах асуудлыг зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан байдаг.

Шийдвэрийн тогтоох хэсэгт процессийн хуулийг удирдлага болгож, материаллаг хуулийг баримталдаг гэсэн ойлголт шүүгчдийн дунд түгээмэл байдаг ба энэ нь үндсэндээ буруу биш боловч процессийн хуулийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах тохиолдол байдгийг үгүйсгэж болохгүй юм.

Тогтоох хэсэгт баримталж буй хуулийн нэрийг буруу эсхүл дутуу бичих, тухайн хуулийн зүйлд нэг ба түүнээс дээш хэсэг, заалт байгаа бол ямар хэсэг, заалтыг баримталж байгааг оновчтой зөв заагаагүй тохиолдолд хууль буруу хэрэглэсэн алдаа болно.

5.2."Шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон" байдлыг шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаж буй явдал нь шүүхэд гаргасан шаардлагыг шүүх хэрхэн шийдвэрлэж байгааг тодорхойлж байгаа тул энэ хэсэг хэргийн оролцогчдод болон шийдвэрийг уншиж буй хэнд ч ойлгомжтой байх учиртай юм.

Шүүх юуны өмнө нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэж байгааг тусгана. Нэхэмжлэлд олон шаардлага байгаа бол шаардлага тус бүрийг шийдвэрлэхээс гадна тус бүрийг нь зохицуулсан хуулийн зүйл, заалтыг баримтална.

Зарим шаардлагыг шийдвэрлэхэд тогтоох хэсгийн нэг заалтанд бичих боломжтой байдаг. Тухайлбал, "1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар Б.Бороос үндсэн зээл 300 000 төгрөг, алданги 45 000 төгрөг, бүгд 345 000 төгрөг гаргуулж, Х.Дашмаад олгосугай" гэсэн заалтанд зээлийн болон алдангийн төлбөр тусгагдсан ба Иргэний хуулийн зээлийн гэрээний тухай зүйл, заалт зээлийн төлбөрт, анзын тухай зүйл, заалт алдангид хамааралтай болно.

Зарим шаардлагууд нь нэг төрлийнх биш ба тэдгээрийг шийдвэрлэхэд баримтлах хуулийн зүйл, заалт олон байгаа тохиолдолд бүх шаардлагыг шийдвэрийн тогтоох хэсгийн нэг заалтанд шийдвэрлэж бичих нь шийдвэрийг ойлгомжгүй болгодог. Тухайлбал, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, өмчлөгчийг тогтоох, өмчлөгчийн эрхийг сэргээх, өмчлөх эрхийг зөрчиж буй үйл ажиллагааг зогсоох, учирсан хохирлыг арилгах зэрэг шаардлагуудыг тогтоох хэсгийн нэг заалтанд бичих шаардлагагүй бөгөөд боломжгүй юм.

Нэхэмжлэлийн нэг төрлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож байгаа ба тэдгээрийн үндэслэл ижил бол шийдлийг тогтоох хэсгийн нэг заалтанд бичнэ. Тухайлбал, "1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар (эсхүл заасныг баримтлан) Г.Бороос 600 000 төгрөг гаргуулан С.Чимгээд олгож, нэхэмжлэлээс 253 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэж бичсэн бол шүүх 600 000 төгрөгийг нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй, харин 253 000 төгрөгийг шаардах эрхгүй гэж шийдвэрлэжээ гэж ойлгогдоно.

Харин нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан, зарим шаардлагыг хангаагүй ба шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэл өөр байгаа бол шийдлийг өөр заалтанд тусгана.

Шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг эхлээд шийдвэрлэж, дараа нь сөрөг шаардлагыг шийдвэрлэнэ. Сөрөг шаардлагыг шийдвэрлэж буй байдлыг тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэдэг аргаар тусгана.

5.3."Улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал, эд мөрийн баримт" зэргийг хэрхэх талаархи бусад асуудлыг шийдвэрийн тогтоох хэсэгт ойлгомжтой, тодорхой, хэн ямар үүргийг хэрхэн гүйцэтгэх журмыг хууль баримтлан шийдвэрлэнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа зарим шүүхүүд зөвхөн хураамжийн хэмжээг тодорхойлсон Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийг баримталж, тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан процессийн хуулийг баримтлаагүйгээр хууль буруу хэрэглэсэн алдаа гаргадаг.

Тогтоох хэсгийн заалт болгон захиран тушаах хэлбэртэй байхаар хуульд заасан ба энэ нь өгүүлбэр тус бүр "олгосугай, даалгасугай" гэсэн төгсгөлтэй байдгаар илэрхийлэгддэг.

6.Шүүхийн шийдвэрийг боловсруулахад шүүгч бүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, заалтанд тусгагдсан шаардлага бүрийг ягштал баримталж, хуулийн шаардлагын утга, санаа, агуулгыг зөв ойлгож, шүүхээс гарч буй эрхийн актыг алдаа мадаггүй, утга төгөлдөр найруулгатай, оновчтой зөв, мэргэжлийн хэллэгтэй, ойлгомжтой бөгөөд тодорхой агуулгатай боловсруулахыг эрхэмлэн ажиллахыг анхааруулан зөвлөж байна.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ