A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛСАН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74-75 ДУГААР ЗҮЙЛ БОЛОН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2006 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

ХЯЛБАРШУУЛСАН ЖУРМААР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛСАН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74-75 ДУГААР ЗҮЙЛ БОЛОН
106 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ШҮҮХИЙН ПРАКТИКТ
ЗӨВ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг, зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг болон нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг батлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоход Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4-т заасныг баримтлан Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимаас ЗӨВЛӨМЖЛӨХ нь:

Нэг. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх бөгөөд энэ тохиолдолд шүүх хуралдаан хийхгүй.

Хоёр. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүх шаардлагаасаа бүрэн татгалзсан бол түүнийг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзнэ.

Хариуцагч нэхэмжлэлийн бүх шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, түүнийг нь хариуцагч хүлээн зөвшөөрснийг зохигчид эвлэрсэн гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэлийг шүүх хүлээн авсны дараа хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлснийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнд тооцно.

Гурав: Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигчид эвлэрсэн эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол зохигчид энэ тухай шүүхэд заавал бичгээр илэрхийлнэ.

Уг баримт /гэрээ/-нд зохигчид гарын үсгээ зурж, огноог тавьсан байх шаардлагатай бөгөөд зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон уг баримт /гэрээ/ нь салаа утгагүй, тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх ёстой.

Дөрөв: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний үр дагавар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 170, 124 дугаар зүйлийг хэрэглэх талаар

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан журмаар гаргасан захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар, түүнчлэн тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй юм.

Тодруулбал, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасан бол тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болох талаар мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.3 дах хэсэгт заагаагүй байдаг билээ.

Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын хийсэн судалгаанаас үзвэл шүүхүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсгийг нэг мөр ойлгон, зөв хэрэглэж байгаа бол мөн хуулийн 170 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

Иймд юуны өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйл нь давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан бүлэгт байдаг боловч уг ажиллагаатай ямар ч холбоогүй гэдгийг анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйл нь тухайн шатны шүүхэд гомдол гаргах, түүнийг хэрхэн хянан шийдвэрлэх журмыг тогтоосон зохицуулалт юм.

Тиймээс мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.3 дахь хэсгийн "… 74, 75, 106.5 .. дугаар зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй…" гэснийг "… тухайн шатны шүүхэд гомдол гаргахгүй…" гэж ойлгох нь зүйтэй.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж гаргасан захирамжийг тухайн шатны шүүхэд хянуулах боломжгүй ,мөн давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдод Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгөхдөө хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, үр дагавар ,тухайлбал, 74 дүгээр зүйлийн 74.4,170 дугаар зүйлийн 170.3 дах хэсэгт заасан үр дагаварыг ойлгуулах ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, гүйцэтгэж байх шаардлагатай .

Харин хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж гаргасан захирамж нь "илт үндэслэл муутай" бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгч өөрөө уг захирамжийг хүчингүй болгох буюу өөрчилж болох бөгөөд энэ тохиолдод мөн хуулийн 124 дүгээр зүйлийг 123 дугаар зүйлийн аль тохирох хэсэгтэй нь давхар баримтлах нь зүйтэй.

Шүүгч өөрийнхөө санаачлагаар илт үндэслэл муутай захирамжаа өөрчилж буюу хүчингүй болгоход хэргийн оролцогчоос заавал хүсэлт ,гомдол гаргасан байхыг шаардахгүй. Түүнчлэн хэргийн оролцогчоос хүсэлт, гомдол гаргасан нь 124 дүгээр зүйлд заасан журмын дагуу захирамж гаргахад мөн саад болохгүй.

"… Илт үндэслэл муутай… " гэдэгт "… маш тодорхой, хэн ч маргахгүй …" энгийн үгээр бол ".. мэдээжийн…", эсвэл "..тооцооны…" алдаа байхыг ойлгоно .

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж гаргасан захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасан үндэслэлээр өөрчилж ,хүчингүй болгож байгаа нь хэргийг тухайн шатны шүүх гомдлоор хянаж байгаа явдал биш юм.

Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасан журмаар захирамжаа өөрчилж,хүчингүй болгосныг эс зөвшөөрвөл харин мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно.

Энэ тохиолдолд тухайн шатны шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн захирамжийг бус харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасан журмын дагуу гаргасан захирамжийг мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.2, 170.4 дэх хэсэг, 171 дүгээр зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх бөгөөд энэ нь эцсийн шийдвэр байна.

Тав: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилна./ энэ талаар Улсын Дээд шүүхээс 2006 оны 5 сарын 3-нд зөвлөмж гаргасан /

Зургаа: Гуравдагч этгээдийн ашиг сонирхол

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн , гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ёстой гэж заажээ.

Уг хэсгийн " …Иргэний хуульд нийцсэн… " гэдгийг хууль зөрчөөгүй , нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй байх гэж ойлгох нь зүйтэй.

Жишээ: Нэхэмжлэгч шаардлагаа багасгаж 2 сая төгрөг болгосон, хариуцагч уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд төлбөрт тооцож хариуцагч 6 ширхэг галт зэвсэг нэхэмжлэгчид өгөхөөр тохирсон байна.

2 сая төгрөг төлөх талаархи зохигчдын эвлэрэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт харшлахгүй боловч төлбөрт галт зэвсэг өгөх тухай зохигчдын эвлэрэл нь Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1,5.3 дах хэсэгт нийцээгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дах хэсэгт заасныг үндэслэн батлахгүй.

Жишээ: Зохигчид эвлэрч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 2,5 сая төгрөг , алданги 2 сая төгрөг нийт 4,5 сая төгрөг болгосныг хариуцагч төлөхөөр хүлээн завшөөрч зохигчид эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Энэ тохиолдолд алдангийн хэмжээ 1.250.000 төгрөгөөс буюу гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээл 2,5 сая төгрөгийн 50 хувиас хэтэрч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцэхгүй байх тул шүүх уг эвлэрлийг батлахгүй.

Харин, алдангийн хэмжээ хуульд зааснаас их байгаа, эсвэл бичгээр гэрээ байгуулааагүй тул нэхэмжлэгч хүү авах эрхгүй болохыг хариуцагчид шүүх тайлбарлаж ойлгуулсаар байтал хариуцагч нэхэмжлэлийн бүх шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөөд байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд харшлахгүй. Энэ тохиолдолд шүүх хариуцагчид холбогдох хуулийн заалтуудыг тайлбарлаж ойлгуулсан тухай баримтыг хэрэгт хавсаргаж байвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дах хэсгийн "…Гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй…" гэдгийг бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх гэж ойлгох нь зүйтэй.

Долоо : Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигчдын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталсан захирамж гаргана.

Шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу удиртгал, тодорхойлох, үндэслэх, захирамжлах хэсгээс бүрдэнэ.

Судалгаанаас үзэхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж тодорхой бус, товчхон, ойлгомжгүй бичигдсэнээс болж уг маргааныг эцэслэн шийдвэрлэгдсэн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт заасны дагуу албадан гүйцэтгэхэд, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу тухайн үйл баримтыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсонд тооцоход, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсэх асуудлыг шийдвэрлэх зэрэгт хүндрэл учруулж байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид шүүхийн шийдвэрт тавигдах бүхий л шаардлага хамаарна гэдгийг анхаарч, түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-75.5 дахь хэсэгт заасны дагуу үйлдэнэ.

Түүнээс гадна хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүгчийн захирамжийг бичихдээ дараахи зүйлийг анхаарвал зохино. Үүнд:

- " удиртгал" хэсэгт хэргийн оролцогчдыг заахдаа тэдгээрийн овог нэр , хаяг , нас, хүйс зэрэг мэдээллийг тусгахаас гадна нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой дурдах;

- нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигчид эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай хэргийн оролцогчдын тайлбарыг дэлгэрэнгүй бичих нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой бөгөөд тухайн хэргийг ижил төстөй бусад хэргээс ялгахад чухал байдаг тул тэдгээрийн тайлбарыг тусгах;

- "үндэслэх " хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хүргэсэн баримт буюу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигчид эвлэрсэн, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тухай бичгийн баримтыг тодорхой дурдахдаа агуулгыг нь алдагдуулахгүй бичих зэрэг болно.

Найм: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсгийг хэрэглэх талаар

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.5 дах хэсэгт заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь " хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа " биш юм. Учир нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүх хуралдаан хүртэлх хугацаанд явагддаг болно.

Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан журмын дагуу хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдаан заавал хийнэ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх, зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлээд шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна.

Шүүхийн шийдвэрийг гаргах хүртэл нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрч болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигчид эвлэрсэн бол шүүх нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигчдийн эвлэрлийг батлаж шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүхийн шийдвэр гаргах хүртэл нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигчид эвлэрсэн бол нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийг заавал бичгийн хэлбэрээр гаргуулан авах тусгай зохицуулалт мөн хуулийн 106 дугаар зүйлд байхгүй .

Иймд шүүх хуралдааны тэмдэглэлийг мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дах хэсгийн шаардлагад нийцүүлэн үйлдэж байх нь чухал бөгөөд нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигчдын эвлэрлийн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой, ойлгомжтой тусгаж байх шаардлагатай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсгийн "… бусдын эрх,эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй …" гэдгийг энэ зөвлөмжийн 6 дугаар заалтанд дурдсантай нэгэн адил ойлгох нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад дээрх зүйлийн 106.3,106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигчид эвлэрсэн бол шүүх улсын тэмдэгтийн хураамжаас гадна шүүхийн зардлыг мөн шийдвэрлэж байвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.3 дах хэсэгт зааснаар тухайн шатны шүүхэд гомдол гаргахгүй .

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэж гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж болно.

Шүүх нь дээр дурдсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан шүүгчийн захирамж хамаарахгүйн гадна уг журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 88 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаан хийдэг бөгөөд шүүх хуралдаанаас гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шинжтэй байдаг.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэж гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг мөн хуулийн 124 дүгээр зүйлд заасан үндэслэлээр өөрчилж, хүчингүй болгож болгохгүй.

Ес: Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн тогтоол,шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно.

Энэ тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179-182 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 75,106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасан журмын дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь хуульд нийцсэн эсэхийг хянахгүй ба зөвхөн тухайн хүсэлт нь шинээр илэрсэн нөхцөл байдал мөн эсэхийг тогтооно гэдгийг анхаарвал зохино.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ

- 1 -