A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 146 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН "БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ БУЛААХ" ГЭМТ ХЭРГИЙГ 147 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН "БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭХ" ГЭМТ ХЭРГЭЭС ЯЛГАЖ, ЗӨВ ЗҮЙЛЧЛЭХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛЫН ТАЛААР
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2008 оны 3 сарын 26 өдөр

Дугаар 13

Улаанбаатар хот

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 146 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН "БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ БУЛААХ" ГЭМТ ХЭРГИЙГ 147 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАН "БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭХ"  ГЭМТ ХЭРГЭЭС ЯЛГАЖ, ЗӨВ ЗҮЙЛЧЛЭХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДЛЫН ТАЛААР

   Эрүүгийн хуулийн 146, 147 дугаар зүйлийн зарим заалтыг нэг мөр ойлгох, "бусдын эд хөрөнгийг булаах" гэмт хэргийг "дээрэмдэх" гэмт хэргээс ялгаж, зөв зүйлчлэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.3, 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

   1. Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлд заасан "Бусдын эд хөрөнгийг булаах" /цаашид "булаах" гэнэ/ гэмт хэрэг нь мөн хуулийн 147 дугаар зүйлд заасан "Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх" /цаашид "дээрэмдэх" гэнэ/ гэмт хэрэгтэй бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, ил аргаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авч, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулсан шинжтэй байдгаараа өөр хоорондоо төсөөтэй болохыг анхаарвал зохино.

   2. "Булаах" гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.

   Тухайлбал, хохирогчийн өмсөж явсан малгайг нь шүүрэх, нийтийн үйлчилгээний газрын лангуу, ширээн дээрээс эд зүйлийг авч зугтах гэх мэт.

   3. "Дээрэмдэх" гэдэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд (өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт) рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.

   4. "Довтолсон" гэж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор илээр эсхүл гэнэдүүлэн (араас нь цохих, хоолой боох гэх мэт) өөр этгээд рүү хүч хэрэглэн халдсаныг хэлнэ.

   Энэхүү халдлагад бие махбодийн хүчирхийллээс гадна хохирогчийн сэтгэцийн үйл ажиллагааг алдагдуулах, хордуулах буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис зэргийг илээр болон нууцаар хэрэглэснийг хамааруулж үзнэ.

   5. "Амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж" гэдэгт хохирогчийн эсэргүүцлийг дарахад чиглэгдсэн бие махбодийн хүчирхийллийн аливаа үйлдэл хийснийг ойлгоно.

   Хүч хэрэглэсэн тухайн үйлдлийн улмаас бусдын бие махбодид хор уршиг бодитойгоор учраагүй боловч хүч хэрэглэсэн арга нь (хоолой боох, хохирогчийн толгойг усанд удаан дүрэх, өндөр дээрээс түлхэх гэх мэт) хохирогчийн амь биед нь аюултай нөхцөл байдал бий болгохоор байсан бол дээрхи ойлголтонд хамааруулж үзнэ.

   Түүнчлэн гэмт халдлагын улмаас хохирогчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан бол "амь биед нь аюултайгаар хүч хэрэглэсэн" гэдэгт хамаарна.

   "Хүч хэрэглэхээр заналхийлж" гэдгийг Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 1.4-т зааснаар ойлгож хэрэглэнэ.

   6. Бусдын эд хөрөнгийг "булаах" гэмт хэргийг үйлдэхэд хохирогчид ямар нэгэн хүч хэрэглэдэггүй бөгөөд үйлдэл төгсмөгц хохирогчоос зугтаах, холдох шинжтэй байдаг бол "дээрэмдэх" гэмт хэргийн хувьд хүчирхийлэл, довтолгоон нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь болж, халдлагад өртөж байгаа этгээд руу шууд чиглэсэн байдгаараа ялгагдана.

   7. "Булаах" гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч болон эзэмшигч, хариуцсан эсхүл хамгаалах үүрэг бүхий этгээдээс өөртөө шилжүүлэн авснаар төгсдөг бол "дээрэмдэх" гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авч чадсан эсэхээс үл хамаарч хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

   8. "Дээрэмдэх" гэмт хэргийг үйлдэхдээ бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан бол Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн аль тохирох хэсгээр, хүнд гэмтэл учруулсан бол мөн зүйлийн 147.3-т зааснаар тус тус зүйлчилнэ.

   Харин дээрмийн гэмт хэргийг үйлдэхдээ хүнийг санаатай алсан бол Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.7-д зааснаар зүйлчлэх бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 147 дугаар зүйлээр давхар зүйлчлэхгүй болохыг анхаарвал зохино.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.БАТДЭЛГЭР 
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ч.ГАНБАТ