A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 107

Улаанбаатар хот

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛ ЭРХЭЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57.14-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 1 дүгээр хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 2 дугаар хавсралт, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 3 дугаар хавсралт, Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 4 дүгээр хавсралт, Шинжлэх ухааны байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 5 дугаар хавсралт, Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 6 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбараас бусад төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 7 дугаар хавсралт ёсоор тус тус тогтоож, 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдүүлсүгэй.

(Энэ заалтын 7 дугаар хавсралтад Засгийн газрын 2022 оны 192 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2022-5-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Засгийн газрын 2022 оны 488 дугаар тогтоолоор 2 дугаар хавсралт, 7 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2023-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

2. Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлсийг салбарын онцлог болон албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг харгалзан нэмэгдүүлж олгох асуудлыг зохицуулахад чиглэсэн арга хэмжээг батлагдсан төсвийн багцынхаа хүрээнд хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэхийг төсвийн холбогдох ерөнхийлөн захирагч нарт зөвшөөрсүгэй.

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 192 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2022-5-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Шинжлэх ухааны байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 4 дүгээр хавсралт, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 5 дугаар хавсралт, Мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 6 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 7 дугаар хавсралт, Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээг 8 дугаар хавсралт, Эрүүл мэндийн салбараас бусад төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн сүлжээг 9 дүгээр хавсралт, Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн сүлжээг 10 дугаар хавсралт," гэснийг хассугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолын 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА