- Нүүр
- Дүгнэлт
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтад нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 01
Улаанбаатар хот
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтад нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж /илтгэгч/, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Т.Ариунболд болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нар оролцов.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.", Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй. ..." гэж заасанд тус тус нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны оршин суугч, иргэн Т.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж:
"Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт "Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.", Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй." гэж заасантай тус тус нийцээгүй тул уг заалтыг хүчингүй болгуулахаар мэдээлэл гаргаж байна.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад ""Хуульч" гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг;", мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн үйл ажиллагаа нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрөлд хамаардаг. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх заалтад зааснаар шүүгчид тавих болзол шаардлагад "хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;" гэж зааснаас үзэхэд шүүгч нь бусад хуульчийн адил Хуульчдын холбооны гишүүн бөгөөд шүүгчээр томилогдохдоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байхаар органик хуульд зохицуулсан байна. Тэгвэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Прокурорын тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээд нь прокуророор томилогдож, өмгөөлөгчийн шалгалт өгч өмгөөлөгчөөр ажиллахаар зохицуулсан хуулиуд одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэгт "Өөрийн хүсэлтээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно." гэж заасан бөгөөд энэ нь тухайн шүүгчийг 2 жилийн хугацаанд өмгөөлөгч хийхгүй, хуульчаар ажиллахдаа урьд шүүгчээр ажиллаж байсан нөлөөллийг сарниулах, мөн өмгөөлөгчийн шалгалтад орж өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг авах хууль зүйн зохицуулалтыг оруулан хязгаарласан гэж үзэж байна. Харин шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасан нь хуульчийн үндсэн эрхийг зөрчиж байна. Шүүгчийн албан тушаалаас огцорсон, өндөр насны тэтгэвэрт гарснаар тухайн хуульчийн Хуульчдын холбооны гишүүний эрх нь хүчингүй болох зохицуулалт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулагдаагүй, мөн хуульч хүн Өмгөөллийн тухай хуульд зааснаар өмгөөлөгчийн шалгалтад орох зохицуулалт нь хязгаарлагдаагүй байна.
Тэгвэл 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Прокурорын тухай хуулийн иргэний эрхэд тавих хяналт болон ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалтад прокурор нь өндөр насны тэтгэвэрт гарсны дараа өмгөөлөгч хийж болохгүй гэсэн зохицуулалт байхгүй. 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Өмгөөллийн тухай хуульд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлэх, хүчингүй болгосон тохиолдолд тухайн хуульчийг бусад өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглосон, хязгаарласан зохицуулалт байхгүй. Мөн бусад хуульч нарын хувьд ч тухайн ажил албан тушаалаа эрхлэхээ больсны дараа өөр ажил, албан тушаал эрхлэхийг нь хориглосон, хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй байхад шүүгчийг онцгойлон өндөр насны тэтгэвэрт гарснаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоод байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Прокурор өндөр насны тэтгэвэрт гарсны дараа өмгөөлөгчөөр ажиллах боломж хуульд байгаа, мөн өмгөөлөгч сайн дурын даатгалд хамрагдаж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг нь хуулиар хориглоогүй, нарийвчлан зохицуулагдсан Өмгөөллийн тухай хуулиар нээлттэй байхад шүүгчийг онцгойлон өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон нь Үндсэн хуулийн дээрх зүйл, заалтуудтай нийцээгүй байна. Шүүгчээр ажилласан хуульчийг илтэд ялгаварлан гадуурхаж, хууль зүйн үндэслэлгүй. Шүүгчийн албан тушаал эрхлэхээ болсны дараа өмгөөлөгчөөр ажиллахад шүүхэд нөлөөлнө гэх мэт тодорхой асуудлаар таамаглал төдий зүйл дэвшүүлэн эрхийг нь зөрчсөн хуулийн заалтыг Улсын Их Хурлаас батлан гаргаж байгаа нь өөрөө Үндсэн хуульд нийцэхгүй, Үндсэн хуулийн зарчимд харшилсан байна.
Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалт /цаашид "өмгөөлөгчийн шалгалт" гэх/-д тэнцэж, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, эрх авсан хуульч өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлнэ.", 7.2 дахь хэсэгт "Өмгөөлөгчийн шалгалтад тэнцсэн хуульч шалгалтын нэгдсэн дүнг мэдээлсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авах тухай хүсэлтийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоо /цаашид "Өмгөөлөгчдийн Холбоо" гэх/-нд гаргана. ..." гэж хуульчилсан бөгөөд өмгөөлөгчийн шалгалтад шүүгчээр ажиллаж өндөр насны тэтгэвэрт гарсан хуульчийг оруулахгүй байх, түүнд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх өгөхгүй байхаар зохицуулаагүй, хуульчлаагүй. Өөрөөр хэлбэл, өмгөөллийн үйл ажиллагааг зохицуулж буй гол хууль болох Өмгөөллийн тухай хуульд бүх хуульч нарт өмгөөлөгчийн шалгалтад тэнцсэн тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохоор хуульчилсан байхад Монгол Улсын шүүхийн тухай хуульд Өмгөөллийн тухай хуультай илт харшилсан, Үндсэн хуультай нийцээгүй хуулийн зүйл, заалтыг баталсан нь хууль бус юм. Мөн салбар хуулийн үзэл санаанаас гажсан, ойлгомжгүй байгааг дурдъя.
Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү." гэжээ.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
"1.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Энэхүү шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүхийн нэр хүнд "шүүгч"-тэй холбоотой билээ. Шүүгчийн ёс зүйн олон улсын стандарт болох Шүүгчийн ёс зүйн талаарх Бангалорын зарчмуудын 1.6-д "Шүүгч шүүхийн стандартыг хэрэгжүүлэхдээ бусдад үлгэр дууриал болохуйц байж шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэн шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ." гэж, 3.2-т "Шүүгч өөрийн үйл ажиллагаа, зан байдлаар бусдын шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготой ажиллана." гэж шүүгч өөрийн үйл ажиллагаагаар шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, хангахад чухал үүрэг, оролцоотой байх талаар зохицуулжээ.
Шүүгчийн мэргэжлийн үүрэг буюу шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч, хүний амьдралын, бизнесийн, улс орны хамгийн чухал маргаантай асуудлыг төрийн нэрийн өмнөөс шийдвэрлэдгийн хувьд түүнд төрийн бусад албан хаагчдад тавигддаг мэргэжлийн, сахилгын болон ёс зүйн шаардлагаас илүү өндөр шалгуур, шаардлага, хязгаарлалтыг тавьдаг. Шударга ёсны баталгаа болдог шүүгч нар олон нийтийн итгэлийг хүлээхүйц өндөр ёс зүйтэй байж, хараат бусаар ажиллах шаардлагатай байдаг.
Дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээгээр шүүхийн хараат бус байдлын хүрээнд манай улс дэлхийн 140 гаруй улсаас 2011 онд 122-т, 2016 онд 100-д жагсаж байсан бол 2018 онд 113-т, 2019 онд 120-д жагсаж буурч эрэмбэлэгдсэн байна. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хүрээнд шүүгчийн хараат бус байдал, шүүх дэх нөлөөллийг судлах зорилгоор 2019-2020 онд Монгол Улсын нийт 501 шүүгчээс авсан анкет судалгаагаар "танил тал, найз нөхдийн харилцааны журмаар гуйх" нөлөөлөл хамгийн өндөр буюу 40 орчим хувийг эзэлсэн байдаг. Мөн сүүлийн 3 жилийн хугацаанд шүүхийн хараат бус байдлыг үл хүндэтгэсэн зохисгүй үйлдлийг хамгийн олон удаа гаргасан субъектүүдээс өмгөөлөгч хоёрдугаарт буюу хэргийн оролцогчийн дараа эрэмбэлэгдсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "... албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй." гэж, Шүүхийн хараат бус байдлын талаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь зарчмын 2-т "шүүх аливаа хэргийг тал харалгүй, хэний ч нөлөөнд авталгүйгээр нотлох баримтад үндэслэн хуульд нийцүүлэн ... шийдвэрлэнэ." гэж тус тус заасан. Эдгээр нь хэргийг шийдвэрлэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хэргийн оролцогчидтой харилцах харилцаанаас хамаарч шүүгчийг сэжиглэх, хардах, хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл бий болж болохыг илэрхийлж байна.
Бусдын нөлөөнд автаагүй, хараат бус, шударга ёсыг эрхэмлэдэг шүүгчээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлж байгаа иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "... шударга шүүхээр шүүлгэх ..." гэсэн үндсэн эрхээ баталгаатай эдлэх бөгөөд хуулийг дээдэлсэн, гагцхүү хуульд захирагддаг шударга шүүхэд хандаж зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө хамгаалуулж байгаадаа итгэл дүүрэн байх болно.
Ийнхүү хууль тогтоогчийн хувьд Үндсэн хууль болон олон улсын баримт бичигт заасан дээрх суурь зарчмуудыг хэрэгжүүлэх үүднээс цөөн хүн амтай, ажил хэрэгт танил талын нөлөөлөл их байдаг өөрийн орны онцлогийг харгалзан шүүгчийн хараат бус байдлыг хангах нэг нөхцөл болсон түүний үйл ажиллагааг гаднын нөлөөнөөс хамгаалах механизмыг бүрдүүлэх зорилгоор уг зохицуулалтыг хийсэн бөгөөд энэ нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл байсан билээ.
2.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгч хараат бусаар ажиллаж, зөвхөн хуульд захирагдаж, хууль хэрэглэдэг субъект мөртлөө хуульд тусгайлан зааж хориглосон мэргэжлийн, ёс зүйн, сахилгын зөрчил гаргаж огцорсон нь тухайн шүүгчийн мэргэжлийн болон хувь хүний ёс зүй, хандлага, хариуцлагынх нь илэрхийлэл болох юм. Шүүгч албан ажил төдийгүй хувийн амьдралдаа ёс зүйтэй байж, нийгмийн хүндэтгэл, итгэлийг авч, шүүгчийн хариуцлагыг ухамсарлан хэрэгжүүлж чадаагүй нь түүнийг цаашид мэргэжлийн хувьд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй, ёс зүйн шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэлтэй. ...
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэж байгаа өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрхийг хангахуйц мэргэжлийн өндөр мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүйн хувьд шударга байх шаардлагыг хангаж чадахгүй бол шударга ёс, тэгш байдлыг хангасан байх Үндсэн хуулийн суурь зарчим алдагдахад хүрэх болно.
3.Шүүгч Үндсэн хуулиар хамгаалагдсан тусгай эрхтэй, түүнийг Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглосон. Өөрөөр хэлбэл, шүүгчийн өөрийн үйл ажиллагаанаас хамааралтай, Үндсэн хууль, бусад хуульд заасан эдгээр нөхцөл үүсээгүй тохиолдолд түүний шүүгчээрээ ажиллах баталгаа нь хангагдсан байдаг. Энэ нь тэтгэвэрт гартлаа буюу 20-40 жил шүүгчээр ажиллаж салбартаа танигдаж, нэр хүнд, танил тал, найз нөхдийн өргөн хүрээлэлтэй болох нөхцөлийг тухайн шүүгчээс үл хамааралтайгаар бүрдүүлэх учраас нөгөө талдаа ийм хүрээлэл бүхий этгээд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх нь шүүгчид нөлөөлөх боломжийг нээж байгаа хэрэг юм.
4.Огцорсон, тэтгэвэрт гарсан шүүгчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хуулиар хязгаарласан нь тухайн этгээдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан бусад эрхийг хөндөхгүй, өмгөөллөөс бусад ажил, үйлчилгээ эрхлэх эрх нь нээлттэй байна. ... Өөрөөр хэлбэл, албан тушаалтан нь иргэнийхээ хувьд Үндсэн хуульд заасан эрхээ тэгш, ялгаварлан гадуурхагдалгүйгээр эдлэх боловч "шүүгч" гэдэг албан тушаалтны хувьд эдэлж байсан бүрэн эрх, ёс зүй, хариуцлагатай холбоотойгоор албан тушаалынх нь онцлогоос шалтгаалан зөвхөн өмгөөлөгчөөр ажиллахыг хориглосон хязгаарлалтыг хуулиар тавьж болно гэж үзэж байна. Хууль тогтоогч эрх зүйн байдлын хувьд илт давуу нөхцөл бүхий буюу эрх нөлөө, давуу байдлаа ашиглах боломжтой субъектэд ийнхүү ялгаатай хуулийн зохицуулалт хэрэглэж, холбогдох шаардлагыг хуулиар тавих нь эрх зүйт төрийн суурь зарчмуудын нэг бөгөөд энэ нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах, шүүхийн нэр хүнд, шүүгчийн хараат бус байдлыг хангах зарчмыг хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна.
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, ... -ыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй." гэсэн байна. Эндээс үзэхэд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд ч иргэдийн эрх, ашиг сонирхлыг шүүхэд төлөөлөх этгээдэд хуулиар хязгаарлалт, шаардлага тавих нь зүй ёсны хэрэг бөгөөд үүнийг ялгаварлал гэж үзэхгүй болохыг баталгаажуулж байна.
5.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх" зарчим нь аливаа этгээдэд адил шударга, хүндэтгэлтэй хандаж, хуулийг чанд, нэг мөр хэрэглэх агуулгыг илэрхийлдэг. Тодорхой тохиолдолд буюу субъектийн эрх зүйн байдал, нийгэмд үзүүлэх нөлөөг харгалзан ялгаатай зохицуулалтыг хийх нь "хуулийн өмнө эрх тэгш байх" зарчмыг хөндөхгүй бөгөөд харин ч шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүгчдийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулгаараа нийгэмд илүү эерэг үр нөлөө үзүүлэх зохицуулалт болж, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.
6.Мэдээлэл гаргагч Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хуулиудыг шинэчлэн найруулсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нийцүүлээгүй тухай мэдээлэлдээ дурдсан байсан. Гэтэл Улсын Их Хурлаас хууль хоорондын уялдааг хангах зорилгоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.5 дахь заалтад шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан огцруулах сахилгын шийтгэл хүлээсэн, эсхүл огцорсонд тооцогдсон бол түүнийг өмгөөлөгчийн шалгалтад оруулахгүй байх нэмэлтийг хийсэн байгаа.
Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн тухайд уг хууль нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой суурь харилцааг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, огцорсон, тэтгэвэртээ гарсан шүүгч зөвхөн шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ. Харин хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх, зөвлөмж, дүгнэлт гаргах, хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх зохиох, төрийн болон бусад байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх зэрэг хууль зүйн мэргэжлийн бусад үйл ажиллагааг эрхлэх боломжтой гэж үзсэн учраас уг хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Иргэд олон нийтийн дунд шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах салбарын нэр хүнд унасан өнөө үед Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүхэд итгэх итгэлийг сэргээх, шударга бус үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хүмүүсийн албан тушаалын болон ажил, мэргэжлийн онцлог, хэрэгжүүлэх чиг үүргийг харгалзан ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлагыг хангахад чиглэгдсэн тусгай шаардлага, шалгуурыг тэдэнд тавьж холбогдох хуулиудад бэхжүүлсэн нь Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд бодлогын чанартай шийдсэн асуудал юм.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтыг зөрчөөгүй." гэсэн байна.
Гурав. Монголын Хуульчдын Холбооноос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
"Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь шүүгчийн ашиг сонирхлын зөрчлийн зохицуулалттай холбоотой байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд албан тушаалаас чөлөөлөгдсөний дараах хязгаарлалтыг тусгасан бөгөөд тус зүйлийн 21.1 дэх хэсэгт "Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:" гээд 21.1.1 дэх заалтад "урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах;", 21.1.2 дахь заалтад "урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх;", 21.1.3 дахь заалтад "урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх." гэж заасан.
Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт "Хуульчийн мэргэжлийн дүрмээр хуульч, үйлчлүүлэгч, хуульчид хоорондын харилцаа, хуульчдын нийтийн өмнө хүлээх үүрэг, ашиг сонирхлын зөрчил, нууцлал, эрх хэмжээ, хараат бус байдал болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдсон бусад харилцааг зохицуулна." гэж заасан бөгөөд Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд хуульч үйлчлүүлэгчид хууль зүйн үйлчилгээ үзүүлэх нь тухайн хуульчид ашиг сонирхлын зөрчил бий болгохоор байвал үйлчилгээ үзүүлэхийг хориглоно." гэж заасан.
Дээрх хууль, дүрмийн зохицуулалтын дагуу ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг зохицуулах боломжтой байх бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэх шалтгаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.", Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... эрхтэй. ..." гэснийг зөрчиж болохгүй гэж үзэж байна." гэжээ.
Дөрөв. Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
"Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.5 дахь заалтад "шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан огцруулах сахилгын шийтгэл хүлээсэн, эсхүл огцорсонд тооцогдсон, ..." бол өмгөөлөгчийн шалгалтад оруулахаас татгалзахаар тодорхой хуульчилсан бөгөөд энэхүү хориглосон заалт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох" эрхийг зөрчөөгүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах, хөдөлмөрийн насны иргэнд хамаарах заалт бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуульд орсон энэхүү хориглосон заалт нь шүүн таслах ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, шүүхийн хараат бус байдлыг хамгаалах хуулийн зохицуулалт гэж үзэж байна." гэсэн байна.
ҮНДЭСЛЭЛ:
1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэгт "Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно." гэж заасан нь шүүгчийн бүрэн эрх, онцгой чиг үүрэг, ёс зүй, хариуцлагатай холбогдуулан эрхэлж байсан албан тушаалын онцлогоос нь шалтгаалан өмгөөлөгчөөр ажиллахыг хориглосон зохицуулалт байна.
2.Олон улсын хөдөлмөрийн товчооны Захиргааны зөвлөлөөс 1958 оны 6 дугаар сарын 25-ны өдөр баталж, 1960 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр болсон /Монгол Улс 1969 оны 5 дугаар сарын 10-ны өдөр соёрхон баталсан/ Алагчилахгүй байх (Ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 111 дүгээр конвенцын 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэсэн ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг "алагчилах" хэмээх ойлголтод хамааруулахгүй." гэж заасан. Шүүгчийн гүйцэтгэж байгаа мэргэжлийн үйл ажиллагааны онцлогтой холбогдуулан, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг баталгаажуулах хүрээнд хийсэн дээрх хязгаарлалт нь алагчилах хэмээх ойлголтод хамаарахгүй байна.
3.Шүүгчийн бүрэн эрх, чиг үүргийн онцлог, ёс зүй, хариуцлага, мөн гүйцэтгэж байгаа мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдуулан тухайн албан тушаалаас огцорсон бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор заасан нь тэгш эрхийн зарчмыг хөндөөгүй байх бөгөөд ийм хязгаарлалтыг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог бусад этгээдэд нийтлэг байдлаар тогтоосон байна. Тодруулбал, Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт энэ талаар тодорхой зохицуулалтыг тусгажээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсэг нь шүүгчээр ажиллаж байсан иргэний өмгөөллөөс бусад ажил, үйлчилгээ эрхлэх эрхийг хязгаарлаагүй бөгөөд шүүгч болон өмгөөлөгчийн үйл ажиллагааны мөн чанар, чиг үүрэг, хамрах хүрээтэй нь уялдуулж тогтоосон зохицуулалт байх тул Үндсэн хуулиар хамгаалагдсан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хөндөөгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсгийн "Шүүгчийн албан тушаалаас огцорсон, эсхүл өндөр насны тэтгэвэрт гарсан бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно." гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.", Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй. ..." гэж заасанд тус тус нийцсэн байна.
2.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН
ГИШҮҮД
Б.БУЯНДЭЛГЭР
Ц.НАНЗАДДОРЖ
Ж.ЭРДЭНЭБУЛГАН
Д.ГАНГАБААТАР
Текст томруулах
A
A
A
