A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 47 

Улаанбаатар хот


                                         НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ХУУЛИУДЫН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

      Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5.-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:

      Нэг. Нийгмийн даатгалын тухай хууль

      1.1. Нийгмийн даатгалын тухай /цаашид хууль гэх/ хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т заасан "тодорхой хөдөлмөр эрхлээгүй" гэдэгт ажил, хөдөлмөр огт эрхлээгүйгээс гадна энэ зүйлийн 2-т зааснаас бусад хэлбэрээр хөдөлмөр эрхэлж байгаа хүнийг хамааруулан ойлгоно.

      1.2. Хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан "ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй" гэж нийгмийн даатгалын шимтгэлийг тооцох, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх ажиллагааг ажил олгогч энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан хэмжээ, хугацаа, 16 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулаагүй, эсхүл зөрчиж явуулсныг хэлнэ.

      Энэ зүйл, хэсэгт заасан "даатгуулагчид учирсан хохирол" гэдгийг ажил олгогчийн дээрх буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийг авч чадахгүй болох, эсхүл хугацаа нь хойшлогдох, тогтоогдвол зохих тэтгэвэр бага хэмжээгээр тогтоогдох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд тодорхой зардал гаргах зэргээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь зөрчигдсөнөөс даатгуулагчид учирсан эдийн хохирлыг ойлгоно.

      Мөн зүйл, хэсэгт заасан "ажил олгогч бүрэн хариуцна" гэж ажил олгогчийн буруутай ажиллагаанаас шалтгаалан даатгуулагч болон түүний гэр бүлийн гишүүдэд нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын дагуу тэтгэвэр, тэтгэмж олгогдох үндэслэлгүй болсон бол олгогдвол зохих тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээгээр, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ багассан, олгогдох хугацаа хойшлогдсон бол зөрүүгээр, хохирсон этгээдээс гарсан нэмэгдэл зардлын хэмжээгээр ажил олгогч Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийн холбогдох зохицуулалтаар эд хөрөнгийн хариуцлага хүлээхийг хэлнэ.

      1.3. Ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгө нь хуулийн 3 дугаар зүйлийн 2-т заасан нийгмийн даатгалын төрөл тус бүрээр бие даасан санг бүрдүүлдэг тул мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан сангийн төрөл тус бүрийг хуулийн 7 дугаар зүйлд заасан "нэг төрлийн сан" гэж үзнэ.

      Хуулийн 7 дугаар зүйлд заасан "нэг төрлийн сангаас тэтгэвэр буюу тэтгэмжийг давхардуулан олгохгүй" гэдгийг даатгуулагчид мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан нэг төрлийн санд хамаарагдах хэд хэдэн тэтгэвэр, тэтгэмжийг авах эрх үүссэн хэдий ч түүнд тэтгэврийн даатгалын сангаас хоёр ба түүнээс дээш тэтгэврийг, тэтгэмжийн даатгалын сангаас цаг хугацааны хувьд нэг дор хоёр ба түүнээс дээш тэтгэмжийг, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийг нэг зэрэг, хоёр ба түүнээс дээш тэтгэврийг, эсхүл хоёр ба түүнээс дээш тэтгэмжийг цаг хугацааны хувьд нэг дор олгож болохгүй гэж ойлгоно.

      Харин эрүүл мэндийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгогддоггүй, ажилгүйдлийн даатгалын сангаас зөвхөн нэг төрлийн тэтгэмж олгогдог тул эдгээр сангуудаас олгогддог тусламж, үйлчилгээ, тэтгэмжид энэ зүйлийн зохицуулалт хамаарахгүй.

      Түүнчлэн, тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын сангуудаас олгогдох тахир дутуугийн хийгээд тэжээгчээ алдсаны тэтгэврүүд, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгогддог адил төрлийн тэтгэвэр, тэтгэмжээс шалтгаан ялгаатай нөхцөлтэй тул өөр төрлийн санд хамаарч байгаа хэдий ч тэдгээрийг давхардуулан олгохгүй.

      Тэтгэмжийн даатгалын сангаас олгогддог оршуулгын тэтгэмж нь эдгээр сангуудаас олгогддог бусад тэтгэмжтэй цаг хугацааны хувьд давхцах боломжгүй тул давхардуулан олгогдох үндэслэлгүй болно.

      Мөн зүйлд заасан "даатгуулагч илүү таатай нөхцөлтэй тэтгэвэр буюу тэтгэмжийг … сонгон авах эрхтэй" гэдэгт даатгуулагч нэг төрлийн сангаас хэд хэдэн тэтгэвэр, эсхүл тэтгэмж авах үндэслэл үүсвэл хэмжээ, нөхцөл, эрх зүйн үр дагавар зэрэг нөхцлөөр өөрт ашигтай гэж үзсэн тэтгэвэр, тэтгэмжийн төрлийг сонгохыг хэлнэ.

      Уг сонголтыг "зөвхөн нэг удаа" хийнэ гэдэг нь тухайн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ, нөхцөл, эрх зүйн үр дагавар өөрчлөгдөөгүй байхад өөрийн хүсэлтээр урьд хийсэн сонголтоо даатгуулагч өөрчлөх эрхгүй байхыг хэлэх бөгөөд энэ нь тодорхой цаг хугацааны дараа даатгуулагчаас шалтгаалахгүй үндэслэлээр нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд сонголт хийх даатгуулагчийн эрхийг хязгаарлахгүй.

      Түүнчлэн, даатгалын өөр төрлийн сангаас адил төрлийн тэтгэвэр, тэтгэмж авах үндэслэл зэрэг бүрдсэн нөхцөлд даатгуулагч сонголт хийхэд энэ зохицуулалт мөн үйлчилнэ.

      1.4. Хуулийн 8 дугаар зүйлийн 2-т "өргөдөл шийдвэрлэх хугацааг хуулиар тогтооно" гэж зааснаар тухайн асуудлыг шийдвэрлэх хугацааг хуулиар тусгайлан тогтоогоогүй бол Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг баримтална.

      1.5. Хуулийн 11 дүгээр зүйлийг дараах байдлаар тайлбарласугай.

      1.5.1. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан "нийгмийн даатгалын байгууллага, үндэсний болон салбар зөвлөлийн үйл ажиллагааны зардал" гэдэгт зөвхөн нийгмийн даатгалын чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зардал хамаарах бөгөөд үүнийг эдгээр байгууллагын үйл ажиллагааны зардлаас бусад нийгмийн даатгалын сангийн хөрөнгөнөөс санхүүжүүлэхгүй гэж ойлгоно.

      1.5.2. Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан "хууль тогтоомжид заасан бусад төлбөр, зардал" гэдэгт зөвхөн энэ хууль болон нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан бусад хуулиудад заасан төлбөр, зардлыг хамааруулна.

      1.5.3. Энэ зүйлийн 2-т заасан "хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг сан хооронд шилжүүлэн зарцуулах, зориулалтын бус чиглэлээр ашиглах, байршуулахыг хориглоно" гэдгийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.-д зааснаар Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд гаргасан хуулийн зохицуулалтаар тухайн заалтыг өөрчлөхөөс өөр байдлаар нийгмийн даатгалын төрөл бүрд байрших мөнгөн хөрөнгийг сан хооронд шилжүүлэх, ашиглах, захиран зарцуулж болохгүй гэж ойлгоно.

      1.5.4. Мөн зүйлийн 3-т заасан "Хуримтлалын сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд болон Монголбанкнаас гаргасан үнэт цаас худалдан авах, арилжааны банкинд байршуулах"-аас өөр хэлбэрээр буюу хуульд заагаагүй бусад байдлаар ашиглаж, байршуулж болохгүй.

      1.6. Хуулийн 15 дугаар зүйлийн 5-д зааснаар ажил олгогч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг төлсөн явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-д заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөх, мөн түүний төлөх шимтгэлийн хэмжээ ялгавартай тогтоогдсон нь дээрх нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл тус тус болохгүйг анхаарвал зохино.

      1.7. Хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасан "…хөдөлмөрийн хөлс" гэдэгт төрийн албан хаагчийн хувьд төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.-т зааснаар төрөөс олгож буй цалин хөлсийг ойлгоно.

      Харин хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтанд ажил олгогчоос олгож буй "хөдөлмөрийн хөлс" гэдэгт үндсэн цалин, ажлын үр дүнгээр олгосон нэмэгдэл хөлс, ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг биелүүлсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан тохиолдолд үндсэн цалингаас нь тооцож олгосон нэмэгдэл хөлснөөс гадна мэргэжлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцлийн хийгээд бусад нэмэгдэл хамаарна.

      1.8. Мөн зүйл, хэсэгт заасан "… хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого" гэж цалин хөлснөөс гадна Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлд тодорхойлсноор ажил олгогчоос олгож байгаа байнгын шинжтэй орлогыг хэлнэ.

      1.9. Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогод ногдох шимтгэлийг төлөх үүргээ шимтгэл ногдох орлогоо нуух хэлбэрээр гүйцэтгээгүй, эсхүл бууруулах хэлбэрээр зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д "орлоготой тэнцэх хэмжээний алданги ногдуулна" гэснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5.-д заасан анзын агуулгаар нуусан буюу бууруулсан орлогод ногдох шимтгэлтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна гэж ойлгоно.

      1.10. Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийг дараах байдлаар тайлбарласугай.

      1.10.1. Хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан "тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсоох" ажиллагаа нийгмийн даатгалын байгууллагын бүрэн эрхэд хамааралтай тул уг байгууллагын дарга, эсхүл эрх олгогдсон этгээдээс ирүүлсэн дансны зарлагын гүйлгээг зогсоох тухай мэдэгдлийг банк болон банк бус санхүүгийн байгууллага заавал биелүүлнэ.

      1.10.2. Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан "зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах" гэж хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар үл маргах журмаар буюу шүүхийн бус журмаар төлбөр төлөгчийн харилцах данс, хөрөнгөөс төлбөрийг шууд гаргуулахыг хэлнэ.

      1.11. Хуулийн 261 дүгээр зүйлийн 1-д заасан "албан үүргээ гүйцэтгэх явцад" гэснийг ажлын байрандаа болон ажил үүргээ бусад газарт гүйцэтгэх явцад, түүнчлэн ажилдаа ирэх, буцах замд гэж ойлгоно.                                         

      1.12. Хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан "даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн 3 хүн" гэдгийг үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь нийт ажилтны дийлэнх олонхийн ашиг сонирхлыг хамгаалдаг байгууллага тул үйлдвэрчний эвлэлийг төлөөлөх 3 гишүүн нь даатгуулагчийн төлөөллөөр Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд орно гэж ойлговол зохино.

      Хоёр. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль

      2.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /цаашид хууль гэх/ хуулийн 3 дугаар зүйлийн 2-т заасан "тэтгэврийн болон тэтгэмжийн шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаа"-нд БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийг дагаж мөрдсөн 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хамааруулна.

      Мөн зүйл, хэсэгт заасан "шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацаа" гэдэгт энэ зүйлийн 3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацааг тус тус хамааруулан ойлгоно.

      2.2. Хуулийн 5 дугаар зүйлийн 3-т заасан "Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ" гэдгийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас тахир дутуугийн тэтгэвэр авагч иргэн тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан эсэхээс үл хамааран нэмэгдлийг авна гэж ойлгоно.

      Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.

      2.3. Хуулийн 6, 10, 15 дугаар зүйлд тус тус заасан "нас барсны дараагийн сар дуустал олгоно" гэдгийг нас барсан сарын тэтгэврээ тэтгэвэр авагч аваагүй байсан тохиолдолд тухайн сарын тэтгэврийг дараагийн сарын тэтгэврийн хамт, харин тэтгэврээ авсан бол дараа сарын тэтгэвэр л тус тус олгогдоно гэж ойлгоно.

      2.4. Хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т заасан "даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээгдэхгүй болсныг" Нийгмийн даатгалын тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын магадлагаагаар тогтооно.

      2.5. Хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан "сургуульд суралцаж байгаа бол" гэж Боловсролын тухай хуульд заасан бага, дунд, дээд боловсрол олгох, боловсролын нэг буюу хэд хэдэн түвшний боловсролын агуулгыг хэрэгжүүлдэг сургалтын байгууллагад өдрийн, оройн, эчнээ, экстернат хэлбэрээр албан болон албан бус сургалтад хамрагдаж байгааг хэлнэ.

      2.6. Хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасан "хүндэтгэх шалтгаан" гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 28-д заасантай адил ойлгож хэрэглэнэ.

      2.7. Хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан "ажил, хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэвэр авагч" гэдэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д зааснаар ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасны дагуу иргэнтэй байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа, Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 5-д зааснаас бусад төрлийн даатгалд даатгуулсан тэтгэвэр авагчийг хамааруулна.

      Мөн зүйлийн 4-т заасан "тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас бодож өөрчлөн тогтооно" гэснийг тэтгэвэр авагчийн тэтгэвэр тогтоолгосноос хойш хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д зааснаар ажиллаж авсан цалингийн болон төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас тооцож өөрчлөн тогтооно гэж ойлгоно.

      2.8. Хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т заасан "нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмж" гэж нийгмийн даатгалын байгууллагын ажилтан албан үүрэгтээ хайнга хандсанаас шалтгаалан тэтгэвэр, тэтгэмж үндэслэлгүйгээр илүү тогтоогдсон, эсхүл тогтоогдсон хэмжээнээс илүү олгогдсон байхыг хэлнэ.

      Тэтгэвэр, тэтгэмж үндэслэлгүйгээр илүү тогтоогдсон тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тэтгэмж буруу тогтоосон шийдвэрийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасны дагуу хүчингүй болгож, тэтгэвэр авагчид илүү олгогдсон төлбөрийг буруутай албан тушаалтнаар төлүүлнэ.

      Мөн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоогдсон хэмжээнээс илүү олгосонд нийгмийн даатгалын байгууллагын ажилтан гэм буруутай нь тогтоогдвол түүнээс нөхөн гаргуулна.

      Харин нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар тэтгэвэр, тэтгэмж дутуу тогтоогдсон, эсхүл дутуу олгогдсон тохиолдолд энэ зүйлийн зохицуулалт хамаарахгүй ба тэтгэвэр авагчид учирсан хохирлын асуудлыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэнэ.

      Гурав.Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль

      3.1. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн /цаашид хууль гэх/ 2 дугаар зүйлийг дараах байдлаар тайлбарласугай.

      3.1.1. Хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасан "Даатгуулагч…" гэж энэ зүйл, хэсэг болон Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д тодорхойлсон болзол, шаардлагыг хангасан, ажил хөдөлмөр эрхлээгүй хүнийг хэлнэ.

      Мөн зүйл, хэсэгт заасан "…ажилгүйдлийн тэтгэмж…" гэдэгт ажилгүй болохоосоо өмнө ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг энэ хуульд заасан болзол, журмын дагуу төлсөн ажилгүй хүнд нийгмийн даатгалын сангаас амьжиргааны эх үүсвэр болгож, эргэж төлөгдөх нөхцөлгүйгээр олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно.

      3.1.2. Ажилгүйдлийн тэтгэмжийг хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол, шаардлагыг хангасан, хөдөлмөрийн насны, ажил хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн хүнд олгоно.

      3.2. Хуулийн 5 дугаар зүйлд заасан "тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор" гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар ажилтан ажлаа хүлээлгэн өгч, ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмж авснаас хойш 14 хоногийн хугацаанд гэж ойлгоно.

      Ажилтнаас хамаарахгүй шалтгаанаар ажил олгогчтой тооцоо хийх хугацаа хойшилсон явдал энэ зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

      Мөн зүйлд "оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй" гэж заасан тул ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх ажлаас халагдсан даатгуулагч нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлснээр үүсэх бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдахыг шаардах эрхгүй.

      3.3. Хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаар "хорих ял эдлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон" нь даатгуулагчид олгож байгаа ажилгүйдлийн тэтгэмжийг зогсоох үндэслэл болох бөгөөд энэ нь тэтгэвэр, тэтгэмж үргэлжлүүлэн авах ялтны эрхийн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.8.-д заасан зохицуулалтад хамааралгүй болно.

      Дөрөв. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль

      4.1. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /цаашид хууль гэх/ 4 дүгээр зүйлийн 4.1.-д "Иргэний эрүүл мэндийн даатгал нь төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж, даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын уг сангаас төлөх нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн" гэж заасны дагуу эрүүл мэндийн даатгал төлсөн даатгуулагчаас амбулаторид үзүүлэх, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх зэрэг үйлчилгээнд Эрүүл мэндийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.-т зааснаас бусад тохиолдолд төлбөр авах эрх зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

      4.2. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5.-д заасан "тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй" болох нь татварын байгууллага болон оршин суугаа газрын баг, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон байвал зохино.

      5. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 21, 2007 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 22, 2007 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.БЯМБАА