A

A

A

Бүлэг: 1979

Монголбанкны Ерөнхийлөгчийн

2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн

А-56 дугаар тушаалын хавсралт

 

БАНКНЫ БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАХ,

ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Банкны тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан үндэслэлээр Монголбанкнаас банкны системд нөлөө бүхий банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахаар шийдвэрлэх, тусгай төлөөлөгчийг томилох, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх,  дуусгавар болгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2.Монголбанк банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ санхүүгийн тогтвортой байдлыг хангах, шуурхай, үр нөлөөтэй байх, төрөөс гарах зардлыг багасгах, хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах зарчмыг баримтална.

1.3.Монголбанк банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээтэй холбоотой шийдвэр гаргахдаа Төв банк (Монголбанкны)-ны тухай хууль, Банкны тухай хууль, Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан захиргааны үйл ажиллагааны зарчмыг баримтална.

1.4.Монголбанк нь бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорацтай хамтран ажиллаж болно.

1.5.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг банк, түүний нэгдлийн хүрээнд хэрэгжүүлнэ.

1.6.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг Тусгай төлөөлөгч Монголбанкнаас баталсан бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

Хоёр. Банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах үндэслэл

2.1.Банкны тухай хуулийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлийн аль нэг нь бүрдсэн тухай Монголбанкны хяналт шалгалтын дүгнэлт гарсан тохиолдолд банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахаар шийдвэрлэнэ:

2.1.1.Банк төлбөрийн чадваргүй болсон, эсхүл төлбөрийн чадваргүй болох гарцаагүй нөхцөл байдал үүссэн;

2.1.2.Банкны хэвийн үйл ажиллагааг цаашид хангах боломжгүй болсон.

2.2.Дараах нөхцөл байдлын аль нэг нь бүрдсэн тохиолдолд энэ журмын 2.1.1-т заасан үндэслэл үүссэнд тооцно:

2.2.1.Банкны пассив нь активаасаа хэтэрсэн, эсхүл ердийн боломжит хугацаанд хэтрэх нь хяналт шалгалтаар тогтоогдсон;

2.2.2.Банк зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүйгээс цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

2.2.3.Банк нь харилцагч, хадгаламж эзэмшигч, бусад үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн мөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй болсон эсхүл гаргаж өгөх боломжгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон;

2.3.Дараах нөхцөл байдлын аль нэг нь бүрдсэн тохиолдолд энэ журмын 2.1.2-т заасан үндэслэл үүссэнд тооцно:

2.3.1.Банкны зохистой засаглал алдагдсанаас шалтгаалан банкны Төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл гүйцэтгэх удирдлага нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдсон;

2.3.2.Монголбанкнаас авсан болон цаашид авах Банкны тухай хуулийн 48.1.17-д зааснаас бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь банкны хэвийн үйл ажиллагааг хангах  боломжгүй  нь тогтоогдсон.

2.4.Энэ журмын 2.1-т заасан нөхцөл байдлыг тогтоохдоо Монголбанкны хяналт шалгалтын тайлан, Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд банканд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, шаардлагатай тохиолдолд тухайн банк, гуравдагч этгээдийн өргөдөл, гомдол болон бусад нотлох баримтыг харгалзана.

2.5.Банкны хяналт шалгалт хариуцсан нэгж нь банканд энэ журмын 2.1-д заасан нөхцөл байдал үүсмэгц холбогдох мэдээлэл, дүгнэлтийг банкны бүтцийн өөрчлөлт хариуцсан нэгжид хүргүүлнэ.

2.6.Энэ журмын 2.5-д заасан дүгнэлт нь тухайн банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авах үндэслэл, түүнтэй холбоотой бусад шаардлагатай мэдээллийг агуулсан байна.

2.7.Банкны хяналт шалгалт хариуцсан нэгж нь энэ журмын 2.5-д заасан дүгнэлтийг, банкны бүтцийн өөрчлөлт хариуцсан нэгж нь бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг Банкны хяналт шалгалтын хороогоор хэлэлцүүлнэ.

2.8.Банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахтай холбоотойгоор тухайн банк, түүний төлөөллийг байлцуулан сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулж болно.

Гурав. Банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах тухай шийдвэр,

хамрах хүрээ

3.1.Монголбанкны Ерөнхийлөгч нь Банкны хяналт шалгалтын хорооны зөвлөмжийг харгалзан, Банкны тухай хууль болон энэ журмын 2.5-д заасан дүгнэлтийг үндэслэн банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах эсэх талаар шийдвэрийг гаргана.

3.2.Энэ журмын 3.1-д заасан шийдвэрийг үндэслэн тухайн банканд хэрэгжүүлэх бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батална.

3.3.Энэ журмын 2.1-т заасан үндэслэл үүссэн банкны системд нөлөө бүхий банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах боломжгүй тухай Монголбанкны шийдвэр гарсан тохиолдолд тухайн банкийг албадан татан буулгах арга хэмжээг авна.

3.4.Банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах тухай Монголбанкны шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд  дараах зүйлсийг тусгана:

3.4.1.Банкны нэр, оршин байгаа газар, хаяг, бүртгэлийн дугаар;

3.4.2.Банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах болсон үндэслэл;

3.4.3.Банкны бүтцийн өөрчлөлт хэрэгжүүлж эхлэх, үргэлжлэх хугацаа;

3.4.4.Банкны үйл ажиллагаанд тавих хязгаарлалтын жагсаалт;

3.4.5.Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх тусгай төлөөлөгчид шилжсэн тухай;

3.4.6.Шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдол хандан гаргах этгээд, хугацаа.

3.5.Банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахаар шийдвэр гарсан даруйд Банкны тухай хуулийн дагуу тухайн банк, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдэд мэдэгдэж, хуульд заасан тохиолдолд олон нийтэд мэдээлэх арга хэмжээг авна.

3.6.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг банк, түүний нэгдлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд банкны нэгдлийн толгой компани, бусад оролцогчоос тайлан мэдээлэл авах, хуульд заасан шаардлага тавих зэргээр санхүүгийн хянан зохицуулах эрх бүхий бусад байгууллагатай хамтран ажиллана.

3.7.Энэ журмын 3.2-д заасан шийдвэрийг үндэслэн банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх Тусгай төлөөлөгчийг томилно.

3.8.Шаардлагатай тохиолдолд Монголбанк нь Тусгай төлөөлөгч эсхүл зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, чөлөөлөх, орлон ажиллах этгээдийг томилж болно.

3.9.Монголбанкны Ерөнхийлөгч банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор дараах шийдвэрийг хамтад нь гаргаж болно:

3.9.1.Тусгай төлөөлөгчийн зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажлын удирдамж, ажил үүргийн хуваарь;

3.9.2.Банкийг Тусгай төлөөлөгч хүлээн авахад туслах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, түүний ажлын удирдамж, заавар;

3.9.3.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авч байгаа банкны орон нутгийн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавихад Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбараас баримталж ажиллах удирдамж, заавар;

3.9.4.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээтэй холбоотой мэдээллийг цэгцтэй, нэгдсэн бодлого, зохион байгуулалттай хүргэх зорилгоор олон нийттэй харилцах төлөвлөгөөг батлах, хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах албан тушаалтныг томилох.

3.10.Тусгай төлөөлөгчийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг банкны үйл ажиллагааны хамрах хүрээ, эрсдэлийн түвшингээс хамаарч банк, санхүү, хууль, эрх зүй, эдийн засаг мэдээллийн технологи зэрэг чиглэлээр мэргэшсэн 3-аас доошгүй гишүүнтэйгээр томилно.

3.11.Тусгай төлөөлөгчийн зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарийг Тусгай төлөөлөгч тогтоох, өөрчлөх эрхтэй.

3.12.Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанк нь Тусгай төлөөлөгч болон зөвлөлийн гишүүдийн цалин хөлсийг тухайн банкны гүйцэтгэх удирдлагын цалин, хөлс, урамшуулал, бусад нөхцөлтэй уялдуулах бөгөөд эрүүл мэнд, аюулгүй байдал (гэр бүлийн гишүүд), ажлын байр, орон тоог хадгалах, нийгмийн хангамж зэрэг асуудлыг тусгасан хугацаатай гэрээний үндсэн дээр ажиллуулна.

3.13.Тусгай төлөөлөгч нь үйл ажиллагаандаа тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Дөрөв.Тусгай төлөөлөгчийн нэн даруй хэрэгжүүлэх арга хэмжээ

4.1.Тусгай төлөөлөгч томилогдож, банк, түүний удирдлагын бүрэн эрх болон хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авсны дараа банкны санхүүгийн байдал, хөрөнгө, өр төлбөрийг бодитой үнэлэх, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг хангахтай холбоотой дараах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлнэ:

4.1.1.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах тухай Монголбанкны шийдвэр, банкны удирдлага, эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Тусгай төлөөлөгчид шилжсэн тухай мэдэгдлийг тухайн банкны эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх;

4.1.2.Банкны нийт актив хөрөнгийн жагсаалт, бүртгэлийг гаргах, активыг хяналтандаа авах;

4.1.3.Тухайн банкны удирдлага, шийдвэр гаргах эрх бүхий нийт албан тушаалтан, ажилтны эрх хэмжээг хязгаарлах, түдгэлзүүлэх, тогтоох шийдвэр гаргаж мэдэгдэх;

4.1.4.Банкны үндсэн хөрөнгийн тооллого хийж, биет байдлаар дутагдсан болон банкны өмчлөл, эзэмшлийн бус хөрөнгийг зохих этгээдээс нэхэмжлэх, дутагдлыг бүртгэж, холбогдох журмын дагуу эрсдэлийн сан байгуулах;

4.1.5.Банкны санхүүгийн тайлан, банктай холбоотой шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, бусад эрх бүхий байгууллагад хянагдаж байгаа болон өмнөх хугацаанд шийдвэрлэсэн хэрэг маргаан, бусад холбогдох тайлан мэдээг гаргуулан банкны гүйцэтгэх удирдлага, санхүү бүртгэл хариуцсан эрх бүхий албан тушаалтан, ажилтнаар гарын үсэг зуруулж, тэмдгээр баталгаажуулан хүлээн авах;

4.1.6.Бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагуудаас банкны нэр дээр бүртгэгдсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, эрхийн бүртгэлийн талаарх лавлагаа гаргуулан авах арга хэмжээг зохион байгуулах;

4.1.7.Шаардлагатай тохиолдолд Банкны тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан банкны үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх арга хэмжээ авах саналыг Монголбанканд гаргах;

4.1.8.Шаардлагатай бусад арга хэмжээ.

4.2.Тусгай төлөөлөгч нь шаардлагатай тохиолдолд энэ журмын 4.1-д заасан арга хэмжээ, тухайн банкны бодит нөхцөл байдалд үндэслэн бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах  санал, дүгнэлтээ Монголбанканд хүргүүлж болно.

4.3.Энэ журмын 4.2-т заасан саналыг харгалзан Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж болно.

4.4.Тусгай төлөөлөгч нь банкны тайлан тэнцлийн холбогдох дансдын үлдэгдэл нь бодит байдал болон үндсэн баримтаас зөрүүтэй тохиолдолд банкны гүйцэтгэх удирдлага, холбогдох бусад этгээдээс тодруулга авах, баримтжуулах, холбогдох тохируулгын гүйлгээг хийх, шаардлагатай тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

Тав. Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хэрэгсэл

5.1.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх хувилбарыг Банкны тухай хуулийн 55.1 дэх хэсэгт заасан арга хэрэгслийг дангаар болон хослуулан боловсруулж, тэдгээрийн давуу болон сул тал, зардал, шаардлагатай санхүүжилт, хэрэгжүүлэх хугацаа, банк, банкны системд үзүүлэх нөлөө, банкнаас үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжийг урьдчилан үнэлж, хооронд нь харьцуулан хэрэгжүүлнэ.

5.2.Банкны хувьцаа эзэмшигчдэд алдагдлыг хүлээлгэсний дараах байдлаар банкны санхүүгийн тооцооллыг гаргаж, бусад арга хэрэгслийг хэрэгжүүлэх хувилбарт тусгана.

5.3.Бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөнд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх арга хэрэгслийг тэргүүн ээлжинд харгалзана.

5.4.Бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх хувилбар, арга хэрэгсэл нь тухайн банкны онцлог, үүссэн хүндрэл бэрхшээл зэргээс хамаарч банк тус бүрт харилцан адилгүй байж болох бөгөөд дараах үндсэн зарчимтай байна:

5.4.1.Банкны системд ач холбогдол бүхий үйл ажиллагааг авч үлдэх, цаашид хэвийн үргэлжлүүлэх;

5.4.2.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх явцад банкны үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх.

5.5.Банкны тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан арга хэмжээ нь энэ журмын 5.4-т хамаарахгүй.

5.6.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний дагуу аливаа этгээд нь банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох тохиолдолд Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

5.7.Өр төлбөрийг хувьцаанд хөрвүүлэх арга хэрэгслийг ашиглах тохиолдолд хувьцаагаар солих өр, гаргах хувьцааны хэмжээ, үнэ, зорилго, хэрэгжүүлэх нөхцөл, банкны дүрэмд оруулах өөрчлөлт зэргийг агуулсан төслийг бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээнд тусгана.

5.8.Банкны актив, пассивыг шилжүүлэхдээ банкны нийт активыг эсхүл зарим актив пассивыг хэсэгчлэн олон удаагийн давтамжтай, буцаах нөхцөлтэй эрх бүхий банканд шилжүүлж болно.

5.9.Банкны активыг пассиваас тусад нь худалдаж болно.

5.10.Банкны актив, пассивыг шилжүүлэх, банкны системд нөлөө бүхий үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор тусгай зориулалтын банк байгуулж болно.

5.11.Тусгай зориулалтын банк байгуулах тусгай зөвшөөрлийг олгох журмыг хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа банкнаас тусад нь зохицуулж болно.

5.12.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авч байгаа банкны сайн активыг Тусгай зориулалтын болон бусад банканд пассивын хамт шилжүүлэх бөгөөд үлдэх банкийг албадан татан буулгаж болно.

Зургаа. Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх хугацааг сунгах,

дуусгавар болгох

6.1.Тусгай төлөөлөгч нь бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх хугацааг сунгах шаардлагатай тохиолдолд энэ тухай саналаа Монголбанканд хүргүүлнэ.

6.2.Энэ журмын 6.1-т заасан саналыг харгалзан, эсхүл Монголбанк шаардлагатай гэж үзсэн тохиолдолд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх хугацааг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар сунгаж болно.

6.3.Тусгай төлөөлөгч нь дараах тохиолдолд банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг дуусгавар болгох саналыг Монголбанканд хүргүүлнэ:

6.3.1.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж дууссан;

6.3.2.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлсэн  нь үр дүнгүй эсхүл цаашид хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн;

6.3.3.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа дуусгавар болсон.

6.4.Энэ журмын 6.3-д заасан санал нь дараах агуулгатай байна:

6.4.1.Банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах болсон үндэслэл арилсан эсэх;

6.4.2.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хэрэгжилт, бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөний биелэлт, үр дүн;

6.4.3.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах үндэслэл арилаагүй тохиолдолд банкны тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах санал;

6.5.Монголбанк энэ журмын 6.3-д заасан саналыг хүлээн авсан даруйд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг дуусгавар болгох эсэхийг шийдвэрлэнэ.

6.6.Банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авах үндэслэл арилж, банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлж дууссан тохиолдолд Банкны тухай хуулийн 67.3-д заасны дагуу Монголбанкнаас хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж, банкны удирдлагыг эрх бүхий этгээдэд шилжүүлнэ.

6.7.Тусгай төлөөлөгч нь бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээтэй холбоотой шаардлагатай бичиг баримтыг архивын нэгжийн шаардлагад нийцүүлэн Монголбанкны архивт, тэмдэг, дардас, лац, үнэмлэх, албан бичгийн маягт зэрэг банкны "Тусгай төлөөлөгч" тэмдэглэгээтэй эд зүйлсийг Монголбанканд хүлээлгэн өгнө.

Долоо. Хяналт хариуцлага

7.1.Тусгай төлөөлөгч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, Банкны тухай хууль, Монголбанкнаас баталсан заавар, журам, шийдвэрийг  баримтална.

7.2.Тусгай төлөөлөгч нь Банкны тухай хуульд заасан бүрэн эрхийг энэ журмын 1.2-т заасан зарчмын дагуу банканд бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой аливаа шийдвэр гаргах, банкийг төлөөлж, удирдахтай холбоотойгоор хэрэгжүүлнэ.

7.3.Монголбанк Тусгай төлөөлөгчийг энэ журмын 7.2-т зааснаас бусад зорилгоор, өөрийн эрх үүрэгт хамаарахгүй үйл ажиллагааг эрхэлсэн тохиолдолд тусгай төлөөлөгч эсхүл түүний зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, чөлөөлөх, орлон ажиллах этгээдийг томилох арга хэмжээ авна.

7.4.Тусгай төлөөлөгч нь бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө болон эрх, үүргийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар Монголбанканд тайлагнана.

7.5.Монголбанк нь энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчсөн этгээдэд Банкны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

__oOo__    

1