- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 56 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 101
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 56 дугаар тогтоолын хавсралтад дор дурдсан агуулга бүхий 2.5.1.5 дахь дэд заалт нэмсүгэй:
1/ 2.5.1.5.бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны үйл ажиллагааг удирдлагаар хангах, зохион байгуулах.
2. мөн тогтоолын хавсралтын 2.4.1 дэх заалтын "уялдуулан зохицуулах," гэсний дараа "томоохон төсөл, хөтөлбөрийг нэгдсэн удирдлагаар хангах," гэж, 2.4.6 дахь заалтын "хяналт тавих," гэсний дараа "хэрэгжилтийн явцын мэдээллээр Ерөнхий сайд, танхимыг хангах," гэж, 2.5.1.1 дэх дэд заалтын "эдийн засаг," гэсний дараа "хөгжил," гэж, 2.5.1.2 дахь дэд заалтын "хөнгөн үйлдвэр," гэсний дараа "цахим хөгжил, харилцаа холбоо," гэж, 2.5.6.1 дэх дэд заалтын "хяналт тавих," гэсний дараа ", хэрэгжилтийн явцын мэдээллээр Ерөнхий сайд, танхимыг хангах" гэж, 3.3.1 дэх заалтын "эдийн засаг," гэсний дараа "хөгжил," гэж, "хөнгөн үйлдвэр," гэсний дараа "цахим хөгжил, харилцаа холбоо," гэж, "удирдлагыг зөвлөгөө мэдээллээр хангах" гэсний дараа ", бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны үйл ажиллагааг удирдлагаар хангах, зохион байгуулах" гэж, 3.3.6 дахь заалтын "хяналт тавих," гэсний дараа "хэрэгжилтийн явцын мэдээллээр Ерөнхий сайд, танхимыг хангах," гэж тус тус нэмсүгэй.
3. Мөн тогтоолын хавсралтын дараахь хэсэг, заалт, дэд заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1/ 2.1 дэх хэсэг:
"2.1.Үйл ажиллагааны стратегийн мөн чанар:
Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь хууль тогтоомж, Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээний бодлогыг төлөвлөх, боловсруулах, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, яам, агентлагийн болон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг шуурхай зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ."
2/ 2.4.10, 2.4.11 дэх заалт:
"2.4.10.цахим засаглал хөгжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, дижитал шилжилт хийх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын цахим систем, вэбсайт, сүлжээ, компьютер, техник тоног төхөөрөмжийн байнгын ажиллагаа, Засгийн газрын хуралдааны танхим, цахим хурлын бэлэн байдлыг хангах;
2.4.11.Ерөнхий сайдад бодлогын зөвлөгөө өгөх, үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр тогтмол хангах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцах, Засгийн газарт иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлүүлэх, олон нийттэй харилцах, Ерөнхий сайдын хэлэх үгийн төслийг бэлтгэх, Засгийн газрын бодлого, шийдвэрийг олон нийтэд таниулах контент боловсруулах, цахим орчинд мэдээллийг тогтмол хүргэх;"
3/ 2.5.10 дахь заалт:
"2.5.10.Үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд:
2.5.10.1.Хэрэг эрхлэх газрын мэдээллийн систем, түүний тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын цахим хуудас хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.5.10.2.тушаал, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлт, албан хэрэг хөтлөлт, албан бичиг солилцоо, өргөдөл, гомдлын цахим системийг боловсруулах, нэвтрүүлэх;
2.5.10.3.Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын дотоод мэдээллийн систем, цахим хуудас болон компьютерын дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн шуурхай, найдвартай ажиллагааг хангах;
2.5.10.4.Засгийн газрын хуралдааны танхимын сүлжээ, техник тоног төхөөрөмж, программ хангамжийн бэлэн байдлыг хангах, хөгжүүлэх."
4/ 2.5.11 дэх заалт:
"2.5.11.Үйл ажиллагааны стратегийн 11 дүгээр зорилтын хүрээнд:
2.5.11.1.Ерөнхий сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ бүхий мэдээлэл, бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;
2.5.11.2.Ерөнхий сайдыг өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах;
2.5.11.3.Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх;
2.5.11.4.Засгийн газрын бодлого, Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах;
2.5.11.5.Засгийн газар, Ерөнхий сайдтай холбоотой хэвлэлийн мэдээ, материалд шинжилгээ хийх, Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргыг мэдээллээр хангах;
2.5.11.6.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болон бусад арга хэмжээнд Ерөнхий сайдын хэлэх үгийн төслийг бэлтгэх;
2.5.11.7.Засгийн газрын бодлого, шийдвэрийг олон нийтэд тоймлон хүргэх нэвтрүүлэг, контент боловсруулах;
2.5.11.8.Засгийн газрын бодлого, шийдвэрийг цахим орчинд тогтмол, шуурхай мэдээлэх, цахим хуудасны байнгын ажиллагааг хангах;
2.5.11.9."Иргэд, олон нийттэй харилцах 11-11" төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдлын хэрэгжилт, үр дүнг хууль тогтоомжийн дагуу нэгтгэн дүгнэх, тайлагнах;
2.5.11.10. Иргэн, хуулийн этгээдээс Засгийн газар, Ерөнхий сайд, Шадар сайд, Хэрэг эрхлэх газрын даргад хандсан хүсэлт, шаардлага, гомдлыг хүлээн авах, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, үр дүнг тайлагнах."
5/ 2.7 дахь хэсэг:
2.7.Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратегийн загвар
6/ 3.3.10 дахь заалт:
"3.3.10.мэдээллийн технологийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 10 дугаар зорилтын хүрээнд Хэрэг эрхлэх газрын мэдээллийн систем, түүний тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох, төрийн байгууллагуудын цахим хуудас хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, тушаал, шийдвэр, үүрэг даалгаврын биелэлт, албан хэрэг хөтлөлт, албан бичиг солилцоо, өргөдөл, гомдлын цахим системийг нэвтрүүлэх, Засгийн газар, Хэрэг эрхлэх газрын дотоод мэдээллийн систем, цахим хуудас болон компьютерын дотоод сүлжээг өргөтгөх, хөгжүүлэх, тэдгээрийн шуурхай, найдвартай ажиллагааг хангах, Засгийн газрын хуралдааны танхимын сүлжээ, техник, тоног төхөөрөмж, программ хангамжийн бэлэн байдлыг хангах, хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үйл ажиллагааны үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын даргад Засгийн газрын үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, төрийн мэдээллийн систем, цахим хуудас, дотоод мэдээллийн системийн найдвартай ажиллагааг хангах чиглэлээр шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээгээр хангах замаар хэрэгжинэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Хэрэг эрхлэх газрын дарга, Тэргүүн дэд дарга, дэд дарга, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэн байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь яам, агентлагийн мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар байна."
7/ 3.3.11 дэх заалт:
"3.3.11.Ерөнхий сайдад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:
Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын алба нь үйл ажиллагааны стратегийн 11 дүгээр зорилтын хүрээнд Ерөнхий сайдад бодлогын зөвлөгөө өгөх, шаардагдах үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Ерөнхий сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ бүхий мэдээлэл, бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, Ерөнхий сайдыг өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн Ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг дэмжих, уялдааг хангах, зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэнэ.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах нэгж нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр тогтмол хангах, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Засгийн газрын бодлого, Засгийн газар, Ерөнхий сайдын үйл ажиллагааны талаар олон нийтийг нээлттэй, шуурхай мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, гадаад, дотоодод болж байгаа томоохон үйл явдал, арга хэмжээ, Засгийн газар, Ерөнхий сайдтай холбоотой хэвлэлийн мэдээ, материалд дүн шинжилгээ хийх, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг мэдээллээр хангах, "Иргэд, олон нийттэй харилцах 11-11" төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдлын хэрэгжилт, үр дүнг хууль тогтоомжийн дагуу нэгтгэн дүгнэх, тайлагнах, хэвлэл мэдээлэлтэй харилцах, иргэн, хуулийн этгээдээс Засгийн газар, Ерөнхий сайд, Шадар сайд, Хэрэг эрхлэх газрын даргад хандсан хүсэлт, шаардлага, гомдлыг хүлээн авах, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, үр дүнг тайлагнах, Ерөнхий сайдын хэлэх үгийн төслийг бэлтгэх, Засгийн газрын бодлого, шийдвэрийг олон нийтэд тоймлон хүргэх нэвтрүүлэг, контент боловсруулах, Засгийн газрын бодлого, шийдвэрийг цахим орчинд тогтмол, шуурхай мэдээлэх, цахим хуудсны байнгын ажиллагааг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн үйлчилгээ үзүүлэхэд оролцох гол түнш нь сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлага, Эдийн засгийн бодлогын зөвлөл, холбогдох байгууллага, түүний удирдлага болон хэвлэл мэдээллийн байгууллага, Хэрэг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, сайд нарын хэвлэлийн төлөөлөгчид байна.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд болон иргэн, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, бусад хэрэглэгч байна."
4. Мөн тогтоолын хавсралтын 3.2 дахь заалтын "Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны ерөнхий загвар" гэсэн хэсгийн "Удирдлагад зөвлөх нэгжүүд" гэсэн хүснэгтийг "Удирдлагад зөвлөх болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах нэгжүүд" гэж, 3.3.1 дэх заалтын "хангахад" гэснийг "хангах, стратегийн ач холбогдолтой төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хамтрагч талуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад" гэж өөрчилсүгэй.
5. Мөн тогтоолын хавсралтын 2.2.3. дахь заалтын "улсын хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлох асуудал," гэснийг, 2.5.1.2, 3.3.1 дэх дэд заалтын "цөмийн энерги" гэснийг, 3.2 дахь заалтын "Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны ерөнхий загвар" гэсэн хэсгийн "Хэвлэл мэдээлэлтэй харилцах нэгж", "Бодлого төлөвлөлтийн нэгж" гэсэн хүснэгтийг, 3.3.6 дахь дэд заалтын ", "Иргэд, олон нийттэй харилцах 11-11" төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн байдлын хэрэгжилт, үр дүнг хууль тогтоомжийн дагуу нэгтгэн дүгнэх, тайлагнах" гэснийг тус тус хассугай.
6. Мөн тогтоолын хавсралтын 2.4.3, 2.4.9, 2.5.3, 2.5.6.5, 2.5.9, 3.3.3, 3.3.9 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
