A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2022 оны 122 дугаар

тогтоолын 1 дүгээр хавсралт             

 

 

 

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

 


Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Монгол Улсад мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв (цаашид ургалтын байгууллага" гэх)-ийн суралцагчийг урамшуулах, гарааны бизнес эхлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дараагийн түвшинд шатлан суралцах, сургалтын чанар, хүртээмж, үр дүнг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор суралцагчийг төгсөхөд тэтгэлэг нэг удаа олгоход энэ журмыг баримтална.

 

1.2.Сургалтын байгууллагад анх удаа мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, 1 жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх 3 жилийн өдрийн ангийн хөтөлбөрийг судалж, тэтгэлэг авах шаардлага хангасан 45 хүртэлх  насны суралцагчид төгсөхөд нь тэтгэлгийг  нэг удаа олгоно.

 

1.3.Мэргэжлийн боловсрол эзэмшиж, техникийн боловсролын 1.5 жилийн сургалтад үргэлжлүүлэн шатлан суралцаж байгаа энэ журмын 1.2-т заасан шаардлага хангасан төгсөгчид тэтгэлэг олгоно.

                                             

Хоёр.Тэтгэлэг олгох нөхцөл

 

2.1.Сургалтын байгууллага нь дараахь шаардлагыг хангасан байна:

 

2.1.1.мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай  зөвшөөрөлтэй байх;

 

2.1.2.мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан элсэлтийн хяналтын тоо, мэргэжлийн чиглэлийн дагуу элсэлт зохион байгуулсан байх; 

 

2.1.3.сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулсан байх;

 

2.1.4.цахим мэдээллийн санд статистик тоо мэдээллийг хугацаанд нь ирүүлсэн байх;

       

2.1.5.тэтгэлэг авах болзол хангасан суралцагчийн ирц болон бусад холбогдох мэдээллийг бүрдүүлэн мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад төгсөх улиралд нь багтаан ирүүлсэн байх.

 

2.2.Суралцагч нь дараахь шаардлагыг хангасан байна:

 

2.2.1.онол, дадлагын сургалтад 80-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх;

 

2.2.2.хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаан (эрүүл мэндийн болон ар гэрийн гачигдал гэх мэт)-ы улмаас сургалтад хамрагдаагүй нь чөлөөний хуудас, эмчийн магадалгаагаар тодорхойлогдож, ирцийг тооцуулсан байх;

 

2.2.3.ёс зүйн дүрмийн зөрчилгүй, сахилгын шийтгэлгүй байх;

 

2.2.4.нэгдсэн системд бүртгэгдсэн байх.

 

2.3.Дараахь суралцагчид тэтгэлэг олгохгүй:

 

2.3.1.байгууллагад ажил эрхэлж, албан журмын нийгмийн даатгалд хамрагдаж шимтгэл төлдөг;

 

2.3.2.суралцаж байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчилд холбогдож шийтгүүлсэн;

 

2.3.3.хүндэтгэн үзэх шалтгаангүй хичээл, сургалтаа орхисон.

 

2.4.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 17.1.2 заасны дагуу суралцагч үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад дадлагын ажил хийхдээ  хөдөлмөрийн хөлс авсан, эсхүл сайн дурын нийгмийн даатгал төлдөг тохиолдолд энэ журмын 2.3.1 дэх заалт хамаарахгүй.

   

Гурав.Суралцагчид олгох тэтгэлгийн санхүүжилт

 

3.1.Боловсролын тухай хуулийн 43.2.10, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 21.1-д заасны дагуу суралцагчид олгох тэтгэлгийг Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүлнэ.

 

3.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас суралцагчийн ирц болон бусад холбогдох мэдээллийг үндэслэн тухайн хичээлийн жилд багтаан суралцагчийн банкан дахь харилцах дансанд тэтгэлгийг шилжүүлнэ.

                    

Дөрөв.Хяналт, хариуцлага

 

4.1.Энэ журмын хэрэгжилтэд мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгж хяналт тавина.

 

4.2.Тэтгэлэг давхардуулан олгосон, энэ журмын 1.2-т заасан суралцагчид хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн тэтгэлэг олгосон нь тогтоогдвол сургалтын байгууллагын удирдлага, уг асуудлыг хариуцсан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

4.3.Боловсролын удирдлага, мэдээллийн нэгдсэн системд суралцагчийн мэдээлэл, ирц, үнэлгээний голч дүнг буруу, эсхүл хуурамчаар тооцож оруулсан, хугацаанд нь баталгаажуулаагүйн улмаас төгсөхөд нь тэтгэлэг олгогдоогүй бол буруутай этгээдээр хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж, хохирлыг нөхөн төлүүлнэ. (Энэ заалтыг 2022-2023 оны хичээлийн жилээс эхэлж мөрдөнө.)                                                                                                                        

                                                    

 

 

---o0o---