- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 118
Улаанбаатар хот
ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Тариалангийн тухай хуулийн 19.1, 19.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан ""Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого"-ын 2.5-д заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ыг 2022 оны хувьд "Эх орны эрүүл хүнс" уриан дор улс орон даяар зохион байгуулсугай.
2. "Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ы хүрээнд хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан стандартын шаардлага хангасан хүнсний ногооны 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгох арга хэмжээг холбогдох хууль, журмын хүрээнд 2022 оноос батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болгосугай.
3. Хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 2022 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг өмнөх оны жишгээр 80 хувиар хөнгөлж олгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр тогтоолын 2 дахь заалтын "11 дүгээр сарын 1-нээс" гэснийг "10 дугаар сарын 15-наас" гэж, "22:00 цагаас" гэснийг "18:00 цагаас" гэж тус тус өөрчилсүгэй.
5. Хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор иргэдийн төмс, хүнсний ногоо тариалах идэвх, санаачилгыг дэмжих, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх болон хүнсний ногооны тээвэрлэлт, хадгалалт, худалдааны сүлжээг хөгжүүлэх, хөдөөгийн хүн амын хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үр дүнтэй зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
