A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 09

Улаанбаатар хот

                  ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.3 ДАХЬ ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ 

Хэвлэх

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх хэсгийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн зарим хэсгийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж Монгол Улсын дээд шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт "нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болно" гэж зохицуулсан бөгөөд уг заалтын "татан авч болно" гэснийг шат шатны шүүхийн практикт хоёр өөр эрх зүйн үр дагавар үүсгэн хэрэглэж байна.

Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн зохицуулалтад албан ёсны тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага үүссэн тухай Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас гаргасан саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хэлэлцэж, тайлбарын цар хүрээ, тайлбар гаргах арга зүйг зөвшөөрсөн.

1. Албан ёсны тайлбар гаргах зорилгоор хуулийн төсөл хэлэлцсэн болон хууль баталсан хуралдааны тэмдэглэл, төслийн танилцуулга, үзэл баримтлал зэргийг судалж, процессийн эрх зүйн зохицуулалтыг уламжлал, шинэчлэлийн хүрээнд авч үзэн, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх 1926, 1956, 1967, 1994, 2002 оны хуулийн хүрээнд түүхчилсэн судалгаа хийлээ.

а/. БНМАУ-ын шүүх таслах газруудад аливаа хэргийг байцаах ба шийтгэх тухай 1926 оны хууль, БНМАУ-ын Иргэний байцаан шийтгэх 1952, 1967 оны хуулиуд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 1994 оны хуульд "нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах" талаар зохицуулалт байхгүй байна.

б/. "нэхэмжлэгч нэхэмжлэлээ... татан авч болно..." гэсэн заалт анх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуульд орсон бөгөөд уг хуульд нэхэмжлэлийг "татан авах" нэр томъёоны тайлбар байхгүйгээс гадна 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгээс өөр зүйл, заалтад хэрэглэгдээгүй байна.

Хууль батлагдах үеийн төслийн танилцуулга, үзэл баримтлал, хуулийн төслийг хэлэлцсэн болон баталсан Хууль зүйн байнгын хороо, Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлд тайлбарлаж буй зохицуулалттай холбоотой мэдээлэл тусгагдаагүй байв.

в/. 2021 оны байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуульд нийт 28 удаа нэмэлт, өөрчлөлт орж 106 дугаар зүйлд зарим зохицуулалтыг өөрчилсөн ч энэ нь тайлбарлаж буй зүйлийн заалтыг хөндөөгүй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг "татан авах" 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн зохицуулалтыг хуулийн зарчим, утга, агуулгын ерөнхий хамааралд нь нийцүүлэн авч үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн зохицуулалт нь "нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах" тухай 106.5 болон 74-р зүйлийн зохицуулж буй харилцаатай зарчмын хувьд адил байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт "... нэхэмжлэгч нэхэмжлэлээ... татан авч болно..." гэж, 106.5 дахь хэсэгт "...хуулийн 106.3...-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол...татгалзалыг... батална.." гэж тус тус зааснаас үзвэл, 106.3 дахь хэсгийн үр дагаврыг 106.5 дахь хэсэг агуулгын хувьд өөртөө багтаажээ.

3. Хуулийн 106.5 дахь хэсэгт зааснаар "...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан..." тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн хуваарилахыг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зохицуулсан бөгөөд энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байхаар заасан байна.

4. Нэгтгэн дүгнэвэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн "нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авах" гэдгийг 106.5 дахь хэсэгт заасан "нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан"-тай адил утгаар, нэхэмжлэгч субъектив эрхээс татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон гэж ойлгож хэрэглэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн дагуу гарах шүүхийн шийдвэрийн үр дагавар нь мөн хуулийн 106.5 дахь хэсэгт заасантай ижил буюу шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дүгээр зүйлийн 25.8.4 дэх заалтыг удирдлага болгон ТАЙЛБАРЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн "нэхэмжлэгч нэхэмжлэлээ... татан авч болно" гэдгийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан "нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан"-тай нэгэн адил ойлгоно.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД