A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

                                         ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 1.10 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСГИЙГ ХЭРЭГЛЭХ ТАЛААР АЛБАН ЁСНЫ ТАЙЛБАР

Хэвлэх

      Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг өөр өөрөөр тайлбарлан хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн практикт хууль хэрэглээний зөрүү үүссэн нь анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдож байна.

     Тухайлбал, зарим шүүх Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш хянан хэлэлцэгдэж байгаа хэрэгт хөөн хэлэлцэх хугацааны дотор ял сонсгож, яллагдагчаар татсан бол уг хугацааг цаашид тоолохгүй, зогссонд тооцно гэж үзсэн бол хэд хэдэн шүүх тухайн өөрчлөлт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэн уг заалтын өмнөх агуулгыг буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолж хэргийг шийдвэрлэж иржээ.

      Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай албан ёсны тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага үүссэн гэж Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас шүүхийн шийдвэрүүд, шүүн таслах ажиллагааны практикт үндэслэн гаргасан саналыг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдаанаар 2022 оны 01 дүгээр 21-ний өдөр хэлэлцэж, тайлбарын цар хүрээ, тайлбар гаргах арга зүйг зөвшөөрсөн болно.

      2015 оны Эрүүгийн хууль, түүнд өөрчлөлт оруулсан хууль, тэдгээрийн төслийн танилцуулга, үзэл баримтлал, төслийг хэлэлцсэн болон өөрчлөлт оруулсан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэг, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийг хэрэглэсэн шүүхийн шийдвэрүүд, тэдгээрт Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийсэн судалгааны үр дүнг харьцуулан судлахад дараах нөхцөл байдал тогтоогдов.

      Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг материаллаг болон процессын хэм хэмжээний алинд нь хамааруулж үзсэнээс шалтгаалж уг заалтын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнөх агуулга "Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно", эсхүл одоогийн агуулга "Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно" гэснийг шүүхүүд өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж ирсэн байна.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг тусгахдаа 1 дүгээр хэсгийн 1.1-ээс 1.5 дугаар заалт, 6 дугаар хэсэгт гэмт хэргийн ялын хэмжээгээр ангилан мөрдвөл зохих хөөн хэлэлцэх хугацааг тогтоож, 2, 3, 4 дүгээр хэсэгт уг хөөн хэлэлцэх хугацааг тоолоход баримтлах журмыг тусгасан байна. Харин уг зүйлийн 5 дугаар хэсэгт татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэгт хөөн хэлэлцэх тусгай хугацааг зааж өгчээ.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйл нь материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээний аль алиныг агуулж байх боловч тус тусын агуулга, зорилгод нийцүүлэн ялгамжтай байдлаар хэрэглэх нь шүүхийн шийдвэр эрх зүйн үндэслэлтэй, хууль ёсны байх шаардлагад нийцнэ. Үүний тулд материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээний мөн чанар, ялгагдах шинжийг объектив телеологийн аргыг сонгож зорилгыг тодорхойлох замаар тайлбарлах нь оновчтой гэж үзэв.

      Эрх зүйн хэм хэмжээ нь материаллаг ба процессын хэмээн хуваагдахдаа эхнийх нь нийгмийн харилцаанд оролцох этгээдүүдийг тодорхойлж, тэдний зан үйлийг системчлэн нэгтгэж, улмаар тэдний үйлдэл, эс үйлдэхүй, шийдвэрийн хууль зүйн шинж, үр дагаврыг тодорхойлох замаар эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгддэг бол удаах нь тэдгээр эрх, үүргийг хэрэгжүүлэх, хамгаалах, сэргээх үе шат, дэс дараалал, хугацаа зэргийг тогтоож, хууль зүйн асуудлыг шийдвэрлэх журмыг бий болгодог ялгаагаараа хэм хэмжээний тогтолцоонд өөр өөр байр суурь эзэлдэг. Энэ утгаараа материаллаг болон процессын хуулиуд нь нэг нэгнээ харилцан нөхөх нэгдмэл шинж чанарыг хадгалахын зэрэгцээ материаллаг хуульд тусгагдсан эрх, үүрэг нь тэдгээрийг хэрэгжүүлэх, хамгаалах, сэргээх журмыг тогтоосон процессын хуульгүй бол нийгмийн харилцаанд үр дагавар, нөлөөлөл үүсгэж чадахгүй.

      Эрх зүйн материаллаг хэм хэмжээнүүд нь эрх зүйн институтыг тодорхойлон тэдгээрт хамаарах эрх, үүрэг, хориг, зөвшөөрлийн тогтолцоог бий болгодогтой холбоотой өөртөө тогтоох ба зохицуулах хэм хэмжээг багтаана. Харин процессын хэм хэмжээнүүд нь материаллаг хэм хэмжээнүүдийн хэрэгжих хэлбэр, эрх бүхий этгээдүүдээс уг хэм хэмжээг биелүүлэх, хэрэглэх ажиллагааг журамлаж, материаллаг хэм хэмжээгээр тодорхойлогдсон эрх зүйн дэглэмийг хэрэгжүүлэхийг зорьдог.

      Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээний тогтолцоонд материаллаг хэм хэмжээ нь гэмт хэргийн шинж, гэм буруу, тохирох ял, түүнийг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг ерөнхий шинжээр тогтоож байхад процессын хэм хэмжээ бодит хэрэг маргаанд тодорхой этгээдийн хувьд тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэр, дарааллыг тогтоох байдлаар материаллаг хэм хэмжээний үр дагаврыг нөхцөлдүүлдэг. Товчдоо эрүүгийн эрх зүйн материаллаг хэм хэмжээ эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлдог бол процессын хэм хэмжээгээр уг үндэслэлийг нотлон тогтоох, тооцон хэрэгжүүлэх аргачлалыг заана гэж ойлгож болно.

      Материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг дээрх шалгууруудаар нягтлан ялгахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд тодорхой төрлийн гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тогтоосон материаллаг шинжтэй зохицуулалтуудаас гадна уг хугацааг хэрхэн тоолж, тооцох тухай процессын шинжтэй зохицуулалтууд холилдож тусгагджээ.

      Хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, тоолох асуудлыг зохицуулсан материаллаг болон процессын хэм хэмжээ нь шинж чанараараа ялгаатай болохыг эрх зүй судлаачид, хуульчид нийтээр хүлээн зөвшөөрдөг боловч харилцан уялдах, бие биенээ нөхөх шинж чанарыг харгалзан хууль тогтоогч нэг хуульд багтааж тусгах явдал түгээмэл байна. Энэ нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилгыг эрх зүйн эх сурвалжийг эмхлэх, цэгцлэх, хэм хэмжээний дотоод зөрчил, хийдлийг арилгах замаар хангахыг чухалчилж, хууль зүйн техникийн эрх зүйг системчлэх хэлбэрийг илүү баримталдагтай холбоотой.

      Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааг тоолох, хорих ялаас хугацаанаас өмнө суллан хянах, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ялыг нэгтгэн оногдуулах, хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх, өсвөр насны этгээдэд ял оногдуулах болон өвчний учир ялаас чөлөөлөх зэрэг завсрын процесс гэж нэрлэгдэх, гэм буруутай эсэхийг тогтооход чиглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх үндсэн ажиллагаанд хамааралгүй атлаа түүний явцад гарсан эрх зүйн асуудлыг зайлшгүй тусад нь шийдвэрлэх үйл явцыг журамласан дүрмийг ихэнх тохиолдолд материаллаг зохицуулалттай хамт Эрүүгийн хуульд хуульчилдаг нь хууль тогтоогч хууль тогтоомжийн нэгдсэн системчлэлд түлхүү анхаардгийн илэрхийлэл юм.

      Үүний нэгэн адил нотолбол зохих байдлууд, нотолгооны хэр хэмжээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч, оролцогч нарын эрх, үүрэг зэрэг олон материаллаг зохицуулалтыг тухайн этгээдүүдийн зүгээс хэрэгжүүлэх үйл ажиллагааны журамд багтаан Эрүүгийн процессын хуульд хамтатган тусгадаг нь эх газрын эрх зүйн бүлд багтах улсуудын хууль тогтоох байгууллагын практикт түгээмэл хэрэгжүүлдэг туршлага.

      Эрүүгийн эрх зүйн аливаа хэм хэмжээг аль хуульд тусгагдсан байдлаар шалгуур болгож материаллаг эсхүл процессын хэм хэмжээнд хамааруулж дүгнэлт хийх нь цаашид хууль хэрэглээний алдаатай шийдвэр гаргах эрсдэл дагуулна.

      Иймээс шүүх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, тоолох зохицуулалтыг хэрэг маргаанд хэрэглэхдээ материаллаг эсвэл процессын хуульд тусгагдсанаар бус зохицуулж байгаа харилцааны мөн чанар, агуулга, зорилгод ач холбогдол өгч, эрх, үүргийг бий болгож байгаа эсвэл эрх, үүргийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж байгаагаар нь ялган дүгнэлт хийх шаардлагатай.

      Материаллаг болон процессын хэм хэмжээ хэд хэдэн шинж чанараар ялгагддагаас тэдгээрийн цаг хугацааны мөчлөгт орших байршлын онцлог нь хөндөгдөж буй асуудалд чухал ач холбогдолтой байна. Тухайлбал, хууль түүнийг батлагдахаас өмнө бий болсон үйл баримтад буцаж үйлчлэхгүй тухай lex retro non agit[1], nullum crimen, nulla poena sine lege[2], lex severior poenali retro non agit[3] зарчмуудад процессын хэм хэмжээ захирагдаж байхад материаллаг хэм хэмжээ нь lex mitior poenali retro agit[4] буюу товчоор lex mitior[5] зарчмын үр дүнд цаг хугацаанд шилжилт хийх боломжтой байна.

      Ийнхүү процессын хэм хэмжээ нь эрх зүйн хэм хэмжээний бүхий л ерөнхий шинж чанаруудыг өөртөө агуулж хүчин төгөлдөр үйлчилсэн цаг хугацаатайгаа хөдөлгөөнгүй уягддаг бол эрүүгийн эрх зүйн материаллаг хэм хэмжээ нь хэргийн үйл баримтаас хожим үйлчилж эхэлсэн ч шүүгдэгчийн хувьд in mitius[6] байдлаар буцаан хэрэглэгдэх боломжтой. Буцаан хэрэглэх боломжтой хуулиудыг ерөнхийд нь ex post facto[7] ангилалд хамааруулдаг бол аливаа процессын шинжтэй хэм хэмжээ мөн чанараасаа шалтгаалан энэ ангилалд багтдаггүй.

      Эдгээр зарчмууд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... үйлдэх үед нь үндэсний хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт тооцогдож байгаагүй ямар нэг үйлдэл буюу эс үйлдэлд хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш уг хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг яллагдагчид тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ." гэж тодорхой туссан байна. Уг заалтад дурдагдсан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн шинж, оногдуулах ял шийтгэл, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтооход чиглэсэн зохицуулалтууд нь эрүүгийн эрх зүйн материаллаг хэм хэмжээнд хамаарах нь маргаангүй ба энэ шинж чанараараа хөнгөрүүлсэн шинэ хэм хэмжээ гарсан бол ex post facto зарчмаар өмнөх үйл баримтад буцаж хэрэглэгдэх боломжтой.

      Эрүүгийн хуульд тусгагдсан материаллаг хэм хэмжээ нь lex severior poenali[8] үед буцаж үйлчлэх байдлаар өнгөрсөн ба эдүгээ цагт зэрэг хүчин төгөлдөр байж чадах бол процессын хэм хэмжээний хувьд бүх тохиолдолд lex retro non agit зарчмын нөлөөллөөр зөвхөн одоо үйлчилж буй хэм хэмжээ нь мөрдөгдөж өмнөх зохицуулалт халагддаг.

      Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 22 дугаар зүйлийн 2, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд nullum crimen sine lege, lex retro non agit ratione personae болон мөн lex mitior зарчмуудын үйлчлэлээр шүүгдэгчид ашигтай хуулийг хэрэглэх тохиолдлыг зөвхөн гэмт хэргийн шинж бүрэлдэхүүн, гэмт үйлдэл, эс үйлдэхүйн материаллаг тодорхойлолттой холбогдуулан зөвшөөрч, харин 29 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацааг Олон улсын Эрүүгийн шүүхийн харьяаллын хэргүүдэд хэрэглэхгүй байхаар заасан байна.

      Ромын дүрмийн 51 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хэргийг нотлох болон хянан хэлэлцэх ажиллагааны журамд хожим орсон өөрчлөлтийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах байдлаар буцаан хэрэглэхийг хориглосон нь lex severior poenali retro non agit зарчмын тусгал бөгөөд шүүдэгчийн хувьд өмнөх процессын хуулийн үйлчлэлээр үүсэж, хэрэгжсэн эрхийн улмаас бий болсон үр дагаврыг шинэ процессын хуулиар өөрчилж, хүчингүй болгохыг хориглосон агуулгатай. Энэ нь процессын хэм хэмжээг буцааж хэрэглэхгүй тухай ерөнхий зарчмын тусгай тохиолдлыг илэрхийлнэ.

      Тодорхой харилцаанд нэг нэгнээ халж шинэчлэх байдлаар дараалж зохицуулсан процессын хэм хэмжээнүүд нь үйлчилсэн тус тусын цаг хугацааны тооллоор хэмжигдэж, үйлчлэл нь эхэлж бас төгсөж, цаг хугацааны шугамд тасралтгүй, залгамжтайгаар давхцаж зэрэгцэхгүйгээр орших нь процессын шинжтэй хэм хэмжээг илэрхийлэх харьцангуй тогтвортой шинж чанар мөн.

      Энэ шинж чанар нь процессын хэм хэмжээ зохистой, үр дүнтэй, урьдчилан төсөөлөгдөх, тогтвортой байдлаар үйлчлэх баталгаа болно. Хэрэв процессын хэм хэмжээг хэрэг маргаанд материаллаг хэм хэмжээний адил зарчмаар хэрэглэвэл хууль урьдчилан тодорхой байх, тогтвортой бөгөөд бүгдэд тэгш үйлчлэх зарчмууд зөрчигдөж тухайн процессын хэм хэмжээгээр зорьсон үр дүн бий болохгүй.

      Материаллаг хэм хэмжээ нь зорилгыг тодорхойлж, процессын хэм хэмжээ тухайн зорилгод чиглэсэн үйл ажиллагааг хөтлөх нарийвчилсан зааварчилгааг бий болгож, зорилго биелэх баталгааг бүрдүүлдэг тул эдгээрийн байрыг сольсноор энэ баталгаа алдагдах магадлал бодитой болох юм. "Due process" буюу зайлшгүй хийгдэх процесс гэх ойлголтын суурь үзэл баримтлал ч үүнд тулгуурласан.

      Дээрх зарчмуудыг эрүүгийн эрх зүйн хэм хэмжээнд хамаатуулан тусгавал нэг цаг хугацааны мөчлөгт эрүүгийн процессын хоёр журам зэрэг үйлчлэх боломжгүй гэж дүгнэж болно. Эрүүгийн эрх зүйн материаллаг хэм хэмжээний үйлчлэл юуг гэмт хэрэгт тооцох, ямар шинж бүрдэлтэй байх, тэдгээрт ногдуулах ялын төрөл, хэмжээ зэрэгт төвлөрдгөөс гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай, харин процессын хэм хэмжээ хэргийг хянан шийдвэрлэхэд чиглэдгээс хэргийг хэлэлцэж буй цаг хугацаатай тус тус уялдах тул материаллаг хэм хэмжээний хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн буюу өнгөрсөн цагт үйлчилж байсан зохицуулалтыг, харин процесс дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй одоо цагт мөрдөгдөж байгаа зохицуулалтыг тус тус хэрэглэнэ. Хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг процессын журмыг сонгох, өөрчлөх шалгуур болгон хэрэглэж болохгүй.

Эдгээр зарчмууд нь хөөн хэлэлцэх хугацааг тогтоох болон тоолох зохицуулалтууд хэдийгээр хоёул Эрүүгийн хуульд тусгагдсан боловч хөөн хэлэлцэх хугацааг тогтоож болон тоолж буй шинжээрээ эхнийх нь материаллаг эрх зүйн, удаах нь процессын эрх зүйн хэм хэмжээний шинж чанарыг агуулсан гэж дүгнэх онолын үндэслэл болно.

      Хөөн хэлэлцэх хугацааг тогтоох болон тоолох нь харилцан нөхөх, нэгдмэл шинж чанартай харилцаа болохын хувьд нэг хуулиар зохицуулж, мөн нягт уялдуулан хэрэглэсний үр дүнд Эрүүгийн хуулиас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилт, зарчмуудыг хамтад нь хангах боломж бүрддэг.

      Нөгөө талаас тэдгээрийн тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэхэд гүйцэтгэх үүрэг, зорилгын ялгааг үгүйсгэн адил арга зүйгээр хэрэглэвэл цаг хугацааны мөчлөгт мөрдөгдөх хэм хэмжээний эрэмбэ алдагдан, зохицуулалтын давхцал, зөрчилдөөнийг бий болгодгийг шүүхийн практик өөрөө тодорхой харуулсан. Ийм үр дагавар бий болгохгүйн тулд эрх зүйн материаллаг болон процессын хэм хэмжээний зорилго, мөн чанарын ялгаатай байдлыг тооцсон хууль хэрэглээний нэгдмэл практикийг бий болгох шаардлагатай.

      Иймээс эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтын хэрэглээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдсан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална" гэсэн нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн зарчмаар хязгаарлагдах ёстой.

      Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өөрчлөлтөөс өмнөх болон дараах агуулгын аль алин нь процессын шинжтэй, сүүлийнх нь хуучнаа халж шинэчилсэн заалт тул процессын хэм хэмжээний мөн чанарын дагуу цаг хугацааны шугамд үйлчлэлээрээ давхцахгүйгээр дараалж байршин хэрэг маргаан хянагдаж буй цаг хугацааг өөртөө багтаах мөчлөгт зөвхөн шинэчлэгдсэн нэг зохицуулалт нь хэрэглэгдэнэ. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсноор зохицуулалтын давхцлыг заагласан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, энэ цаг хугацаанаас хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэргийг шийдвэрлэхдээ уг заалтын өмнөх агуулга "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох" зохицуулалтыг баримтлахгүй, харин түүний зөвхөн шинэ агуулга "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох" зохицуулалтыг хэрэглэнэ.

      Нэгтгээд дүгнэвэл, хууль тогтоогч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг өөрчилснөөр Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор тухайн этгээдийг яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаа зогсох ба энэхүү процессын хэм хэмжээний мөн чанарыг агуулсан зохицуулалт нь хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээсээ хойш үйлчлэх бөгөөд уг заалт өөрчлөгдөхөөс өмнө мөрдөж байсан зохицуулалтыг буцааж хэрэглэхгүй.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...хуулийг тайлбарлах, хэрэглэхэд гарсан эргэлзээг яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх" зарчим нь процессын хэм хэмжээний тухайд хэрэг хянагдаж буй цаг хугацаанд мөрдөгдөж байгаа хуулийн заалтыг тайлбарлахад хамааралтай бөгөөд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд дахь процессын шинэчлэгдсэн зохицуулалтыг өмнөхтэй нь өрсөлдүүлэн хэрэглэх тухай ойлголтыг агуулаагүй болно.

      Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх заалтыг удирдлага болгон

ТАЙЛБАРЛАХ нь:

      1.Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт "гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох" зохицуулалтыг хэрэглэнэ.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ХОСБАЯР

[1] Ямар ч хууль буцаж үйлчлэхгүй лат.

[2] Хууль үгүй бол гэмт хэрэг үгүй лат.

[3] Хүндрүүлсэн Эрүүгийн хууль буцаж үйлчлэхгүй

[4] Зөвхөн хөнгөрүүлсэн Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэнэ

[5] Илүү хөнгөн лат.

[6] Ашигтайгаар лат.

[7] Өмнөх үйл баримтад хууль хэрэглэгдэх буюу хууль буцаж үйлчлэх лат.

[8] Илүү хүнд ял тусгасан лат.