A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨЛБӨРИЙН ЖИШИГ ХЭМЖЭЭ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ - Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ /ЗХХАЭ-ийн 2022 оны 10 дугаарт нийтлэгдсэн./
Бүлэг: 1979

САНГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 49,А/118

Улаанбаатар хот

ТӨЛБӨРИЙН ЖИШИГ ХЭМЖЭЭ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.5 дахь хэсэг, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ"- г нэгдүгээр, "Төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээ үзүүлж олсон орлогыг зарцуулах үлгэрчилсэн журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээг байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбарт ил тод байршуулан иргэдийг мэдээллээр хангах, эрүүл мэндийн байгууллагын цахим бүртгэл болон санхүүгийн програмд зохих өөрчлөлт хийж хоорондын уялдааг нь сайжруулах арга хэмжээ авахыг төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаалаар батлагдсан төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээг мөрдөж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээг холбогдох журмын дагуу санхүүжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Л.Бямбасүрэн)-т үүрэг болгосугай.

4. Эрүүл мэндийн байгууллагаас үзүүлсэн төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээ үзүүлэх орлогыг жил бүрийн төсөвт хянаж тусгахыг Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газар (Б.Мөнхтуул), тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газар (Б.Буянтогтох), Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (С.Төгсдэлгэр)-т тус тус даалгасугай.

5. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай" Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 264/А/293 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САНГИЙН САЙД  Б.ЖАВХЛАН                    ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД