A

A

A

Бүлэг: 1979

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ СОНГОХ,

ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, тангараг өргөх журам /цаашид "журам" гэх/-аар шүүхийн иргэдийн төлөөлөгч /цаашид "иргэдийн төлөөлөгч" гэх/-ийг сонгох, шүүх хуралдаанд оролцуулах, тангараг өргөхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан /цаашид "шүүх хуралдаан" гэх/-д иргэдийн төлөөлөгчийг оролцуулах, тангараг өргөхөд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэ журмыг баримтална.

1.3.Шүүхийн Тамгын газар /цаашид "Тамгын газар" гэх/ иргэдийн төлөөлөгчийг сургалтад хамруулах, гарын авлагаар хангах, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлыг иргэдэд ухуулан таниулах ажлыг зохион байгуулна.

Хоёр.Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт бүрдүүлэх

2.1.Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид "Ерөнхий зөвлөл" гэх/ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийг гаргуулахаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлэл хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

2.2.Ерөнхий зөвлөл улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас сонгож ирүүлсэн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг тухайн шүүхийн Тамгын газарт нягтлуулахаар хүргүүлнэ.

2.3.Тамгын газар энэ журмын 2.2-т заасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг хүлээн авч, хуульд заасан шаардлага хангасан эсэхийг харьяа нутгийн захиргааны байгууллагатай хамтран нягтална.

2.4.Тамгын газар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад орсон иргэнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 59 дүгээр зүйл, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, мэдээллийн сан үүсгэнэ.

2.5.Тамгын газрын дарга тухайн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг тушаалаар баталгаажуулна.

2.6.Энэ журмын 2.5-д заасны дагуу баталгаажуулсан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт хоёр жил хүчинтэй байна.

2.7.Тамгын газар энэ журмын 2.6-д заасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтын хүчинтэй хугацаа дуусахаас 3 сарын өмнө иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг шинэчлэх бэлтгэл ажлыг зохион байгуулна.

2.8.Тамгын газар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг шинэчлэн гаргахад  Ерөнхий зөвлөл нэгдсэн удирдлагаар хангана. 

Гурав.Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг сонгох

3.1.Тамгын газар энэ журмын 2.5-д заасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг сонгох ажлыг зохион байгуулна.

3.2.Тухайн 7 хоногийн шүүх хуралдааны тов гармагц нэрсийн жагсаалтаас шүүх хуралдаан бүрд 10 хүний нэрсийн дэд жагсаалтыг тусгай программын тусламжтайгаар эрэмбэлэн тохиолдлын журмаар сонгон Тамгын газрын даргын тушаалаар батална.

3.3.Тамгын газар дэд жагсаалтад эрэмбэлэгдсэн дарааллаар иргэдийн төлөөлөгчийг дуудан ирүүлэх, мэдээллээр хангах, шүүх хуралдаанд оролцуулах ажлыг зохион байгуулна.

3.4.Тамгын газар шүүхийн мэдэгдэх хуудас /цаашид "мэдэгдэх хуудас" гэх/-ыг шүүх хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө иргэдийн төлөөлөгчийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн гардуулж, гарын үсэг зуруулна.

3.5.Мэдэгдэх хуудсыг энэ журмын 3.4-т заасны дагуу хүргэх боломжгүй тохиолдолд мэдээллийн санд бүртгэлтэй утасны дугаараар мэдэгдэж баримтжуулна.

3.6.Мэдэгдэх хуудсыг 2 хувь үйлдэх бөгөөд 1 хувийг иргэдийн төлөөлөгчид, 1 хувийг хэрэгт хавсаргана. Мэдэгдэх хуудаст шүүх хуралдаан болох он, сар, өдөр, цаг, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйн улмаас учрах үр дагаврын талаарх санамжийг тусгана.

3.7.Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд энэ тухайгаа Тамгын газарт даруй мэдэгдэнэ. 

3.8.Мэдэгдэх хуудас хүргүүлсэн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тохиолдолд Тамгын газар дэд жагсаалтад дараагийн дугаарт эрэмбэлэгдсэн иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдаан болохоос нэгээс доошгүй хоногийн өмнө энэ журмын 3.4, 3.5-д заасны дагуу мэдэгдэж баримтжуулна.

3.9.Тамгын газар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон иргэний ажил олгогчид мэдэгдэл хүргүүлнэ. Мэдэгдэлд шүүх хуралдаан болох он, сар, өдөр, цаг, минутыг бичиж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.7, Зөрчлийн тухай хуулийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хариуцлагын талаарх мэдээллийг дурдсан байна.    

3.10.Шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн нэрсийг шүүгч, Тамгын газрын ажилтан шүүх хуралдаанаас өмнө задруулахыг хориглоно.

Дөрөв.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох

4.1.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаан болохоос 1-ээс доошгүй цагийн өмнө шүүхийн байранд хүрэлцэн ирсэн байна.

4.2.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирэхдээ иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт, мэдэгдэх хуудсаа авч ирэх бөгөөд зохистой байдлаар хувцасласан байна. 

4.3.Тамгын газрын ажилтан нь иргэдийн төлөөлөгчийг угтаж, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт, мэдэгдэх хуудсыг шалгаж, шүүх хуралдааны танхимд хүргэнэ.

4.4.Тамгын газрын ажилтан иргэдийн төлөөлөгчид эрх, үүрэг, хүлээх хариуцлага, хуралдааны дэгийн талаар танилцуулж гарын үсэг зуруулна.

4.5.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоход ашиг сонирхлын зөрчилгүй болохоо илэрхийлсэн мэдэгдэл хөтөлнө.

4.6.Иргэдийн төлөөлөгч хуульд заасан үндэслэл байвал зохих журмын дагуу татгалзан гарна.

4.7.Хэргийн оролцогчийн иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн тохиолдолд Тамгын газар түүний оронд дэд жагсаалтад дараагийн дугаарт эрэмбэлэгдсэн иргэдийн төлөөлөгчийг  шүүх хуралдаанд оролцуулах ажлыг зохион байгуулна.

4.8.Иргэдийн төлөөлөгч дүгнэлт гаргахдаа аливаа хувийн ашиг сонирхол, хөндлөнгийн нөлөөллөөс ангид байна.

4.9.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны дэгийг сахиж, тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал шүүх хуралдаанд оролцоно.

4.10.Иргэдийн төлөөлөгч тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулахыг хориглоно.

4.11.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг хориглоно.

4.12.Иргэдийн төлөөлөгч өөрт нь нөлөөлөх аливаа оролдлого, нөхцөл байдал бий болсон тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.

4.13.Тамгын газар иргэдийн төлөөлөгчийн гаргасан нөлөөллийн мэдүүлгийг баримтжуулан, Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

4.14.Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийн гаргасан нөлөөллийн мэдүүлгийг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.

Тав.Тангараг өргөх

5.1.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаан эхлэхээс өмнө хуралдааны танхимд тангараг өргөнө.

 

5.2.Иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагааг шүүх хуралдаан даргалагч удирдан явуулна.

 

5.3.Иргэдийн төлөөлөгчийг тангараг өргөхөд шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдаанд оролцогчид босож хүндэтгэнэ.

 

5.4.Иргэдийн төлөөлөгч Монгол Улсын Төрийн сүлд рүү харан цэх зогсож, тангаргийг тод дуудаж дууссаны дараа Төрийн сүлдэнд мэхийн ёсолно.

 

5.5.Тангараг өргөсөн иргэдийн төлөөлөгч "Монгол Улсын шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангаргийн хуудас" гэсэн гарчигтай "Шүүхийн иргэдийн төлөөлөгч ........................................................................................... би хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааны талаар хэнээс ч хараат бусаар санал, дүгнэлт гаргахаа батлан тангараглая" гэсэн бичвэр бүхий тангаргийн хуудаст тангараг өргөсөн он, сар, өдөр, шүүхийн нэр, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэрээ бичиж гарын үсэг зурснаар тангараг өргөх ажиллагаа өндөрлөнө.

 

5.6.Иргэдийн төлөөлөгчийн тангаргийн хуудсыг хавтаст хэрэгт хавсаргана.

 

Зургаа.Бусад

6.1.Тамгын газар иргэдийн төлөөлөгчийн сургалтын тайланг бүтэн жилээр, шүүх хуралдаанд оролцсон байдлын талаарх судалгаа, тоон мэдээг  хагас, бүтэн жилээр тус тус гаргаж Ерөнхий зөвлөлд ирүүлнэ.

6.2.Ерөнхий зөвлөлийн дарга, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу иргэдийн төлөөлөгчид хөлс, албан томилолт, замын зардлыг олгох, ажиллах нөхцөлөөр хангах ажлыг Тамгын газар хариуцан хэрэгжүүлнэ.

6.3.Хуульд заасан тохиолдолд иргэдийн төлөөлөгчийг зайнаас буюу цахимаар шүүх хуралдаанд оролцуулах ажлыг Тамгын газар зохион байгуулна.

Долоо.Хариуцлага

7.1.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.