A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 117

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2, 7.1.5, 7.1.25, 7.1.26-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний 2.5 дахь заалтын "Хүрэх үр дүн, халдвар тархалтын шаталсан түвшинтэй нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ" баганын "Малчдыг дэмжих зээл …" гэсний өмнө "Хөдөө аж ахуйг 2022 онд дэмжих зээл:Хөдөө аж ахуйн салбарын ноолуур бэлтгэл, үйлдвэрлэлд 150.0 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай, газар тариалангийн үйлдвэрлэлд 100.0 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд 50.0 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай, ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25.0 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай, арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15.0 тэрбум төгрөгийг 2 жилийн хугацаатай, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд 40.0 тэрбум төгрөгийг 1 жилийн хугацаатай 3.0 хувийн хүүтэйгээр арилжааны банкнаас тус тус олгох бөгөөд Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 7.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлнэ;" гэж нэмж, мөн тогтоолын 2 дахь заалтын "… хүрээнд хаврын тариалалт, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэл, ноолуур, ноос, арьс, шир бэлтгэлийн зээлд хамрагдах …" гэснийг "… хүрээнд газар тариалан, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, ноолуур, ноос, арьс, шир бэлтгэл, үйлдвэрлэл, гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлийн зээлд хамрагдах ..." гэж өөрчилсүгэй.

2. Мөн "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний 2.5 дахь заалтын "Зорилт" баганын "Хөдөө аж ахуйн салбарт хаврын тариалалт, ноолуур бэлтгэл болон малчдын үйл ажиллагааг дэмжсэн" гэснийг "Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих" гэж, мөн заалтын "Хүрэх үр дүн, халдвар тархалтын шаталсан түвшинтэй нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ" баганын "Хөдөө аж ахуйг дэмжих зээл:" гэснийг "Хөдөө аж ахуйг 2021 онд дэмжих зээл:" гэж, "Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн" гэснийг "Ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйг дэмжих зээлийн хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн" гэж тус тус өөрчилсүгэй.

3. Хөдөө аж ахуйн түүхий эдийн үнийг тогтвортой түвшинд хадгалах, ноос, ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүний экспорт болон гурил, тэжээл, ургамлын тос, дотоодын төмс, хүнсний ногоо, улаанбуудайн нийлүүлэлтийн хэмжээг 2019 оны түвшнээс 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.МЭНДСАЙХАН