A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам/ - /ЗХХАЭ-ийн 2022 оны 11 дугаарт нийтлэгдсэн./
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А/139

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.24 дэх заалт, 8.5 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоол, Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор "Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам"-ыг нэгдүгээр, "Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны товлол, давтамж"-ийг хоёрдугаар, "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны ерөнхий зураглал"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны зардлыг санхүүжүүлэхтэй холбоотой журмыг 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор боловсруулан, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлуулахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Л.Бямбасүрэн/-т даалгасугай.

3. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангаж, хүн амын дунд үзлэг, шинжилгээ, оношилгооны ач холбогдлыг сурталчлах ажлыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /Д.Нарантуяа/, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, бодлогын зохицуулалтаар хангаж ажиллахыг Нийтийн эрүүл мэндийн газар /Д.Баярболд/, эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалтын талаар эрүүл мэндийн байгууллага, даатгуулагчдад зориулсан зөвлөгөө, мэдээллийн үйл ажиллагааг зохион байгуулахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Л.Бямбасүрэн/-т тус тус даалгасугай.

4. Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хүн амыг хамруулах үйл ажиллагааг энэ тушаалаар батлагдсан журам, товлолын дагуу зохион байгуулахыг өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт, үйл ажиллагааны хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, бодлогын зохицуулалтаар хангаж ажиллахыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар /Ж.Нарангэрэл/-т үүрэг болгосугай.

5. Эрт илрүүлгийн цахим бүртгэлийн мэдээний сан байгуулах, хадгалах, баяжуулах, ашиглах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/, эрүүл мэндийн даатгалын мэдээллийн сангийн өгөгдөл тогтмол солилцох ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Л.Бямбасүрэн/, үйл ажиллагааны хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, бодлогын зохицуулалтаар хангаж ажиллахыг Бодлого төлөвлөлтийн газар /Б.Буянтогтох/-т тус тус үүрэг болгосугай.

6. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд шаардагдах лабораторийн урвалж бодис, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийн хангамж, хяналт зохицуулалтын нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар /Д.Уранзаяа/, үйл ажиллагааны хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, бодлогын зохицуулалтаар хангаж ажиллахыг Бодлого төлөвлөлтийн газар /Б.Буянтогтох/-т тус тус үүрэг болгосугай.

7. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд шаардагдах хүний нөөцийг бүрдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, судлаачдыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/, хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, бодлогын зохицуулалтаар хангаж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар /П.Эрхэмбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

8. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны тайлан, мэдээнд тогтмол дүн шинжилгээ хийж, нэгтгэн мэдээлэхийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /Д.Нарантуяа/, үйл ажиллагааны хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, бодлогын зохицуулалтаар хангаж ажиллахыг Нийтийн эрүүл мэндийн газар /Д.Баярболд/, шаардагдах санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгуулан төсвийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн газар /Б.Мөнхтуул/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /С.Төгсдэлгэр/-т тус тус даалгасугай.

9. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2018 оны "Жагсаалт, журам батлах тухай" А/420 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

САЙД С.ЭНХБОЛД