- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- "КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКС"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 03 дугаар
сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолоор батлагдсан
"Компанийн засаглалын кодекс"-ийн хавсралт 2
"КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКС"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ХӨТӨЛБӨРИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү Компанийн засаглалын кодексийг хэрэгжүүлэх хөтөлбөр (цаашид "Хөтөлбөр" гэх)-ийн зорилго нь компанийн дотооддоо мөрдөх бодлогын баримт бичиг, дүрэм, журам, зааврыг "Компанийн засаглалын кодекс"-ийн зарчимд нийцүүлэн баталгаажуулах, дагаж мөрдсөнөөр компанийн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэвшил болгоход оршино.
ХОЁР.ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.1.Хөтөлбөрийн зорилт:
2.1.1.хувьцаа эзэмшигчийн эрхийг баталгаажуулах;
2.1.2.төлөөлөн удирдах зөвлөл /цаашид ТУЗ гэх/ болон гүйцэтгэх удирдлагын хариуцлагын тогтолцоог олон улсын жишигт хүргэх;
2.1.3.тайлагнал, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах;
2.1.4.эрсдэлийн удирдлагыг сайжруулах;
2.1.5.хяналтын тогтолцоог сайжруулах.
2.2.Хөтөлбөрийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
2.2.1.Компанийн тухай болон Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, "Компанийн засаглалын кодекс"-т тусгагдсан бодлогын баримт бичиг, дүрэм, журам, зааврыг компанийн засаглалын үндсэн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн мөрдүүлэх;
2.2.2.компанийн бодлогын баримт бичиг, дүрэм, журам, зааврын хэрэгжилтэд комплайнсын хяналтыг тогтмол хэрэгжүүлэх;
2.2.3.эрх бүхий албан тушаалтан, ажилтныг компанийн засаглалын сургалтад хамруулах;
2.2.4.хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах, мэдээлэх.
ГУРАВ.ХӨТӨЛБӨРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
3.1.Энэхүү хөтөлбөрийг компанийн ТУЗ нь өөрийн байгууллагын бизнесийн цар хүрээ, үйл ажиллагааны онцлог, бүтэц, зохион байгуулалтад нийцүүлэн баталж, холбогдох бодлогын баримт бичиг, дүрэм, журам, зааврын хэрэгжилтэд хяналт тавина.
3.2. ТУЗ нь дараах чиглэлээр бодлогын баримт бичиг, дүрэм, журам, зааврыг баталж, мөрдөнө:
3.2.1.дүрэм, бодлогын баримт бичиг, заавар болон бусад:
3.2.1.1.ёс зүй;
3.2.1.2.залгамж халаа;
3.2.1.3.цалин, урамшуулал;
3.2.1.4.ногдол ашиг;
3.2.1.5.эрсдэлийн удирдлага;
3.2.1.6.дотоод аудит;
3.2.1.7.дотоод хяналт;
3.2.1.8.комплайнсын хяналт;
3.2.1.9.холбогдох хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөө, дотооддоо мөрдөх стандарт, аргачлалыг багтаасан бусад баримт бичиг.
3.2.2.дотоод журам:
3.2.2.1.хувьцаа эзэмшигчдийн хурлын журам;
3.2.2.2.ТУЗ-ийн үйл ажиллагааны журам;
3.2.2.3.ТУЗ-ийн нарийн бичгийн даргын үйл ажиллагааны журам;
3.2.2.4.ТУЗ-ийн дэргэдэх холбогдох хороодын үйл ажиллагааны журам;
3.2.2.5.гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журам;
3.2.2.6.мэдээллийн ил тод байдал, тайлагналын журам;
3.2.2.7.дотоод хяналт, комплайнс, дотоод аудитын нэгж, эсхүл ажилтны үйл ажиллагааны бусад шаардлагатай журам.
ДӨРӨВ.ТАЙЛАГНАЛ, ҮНЭЛГЭЭ
4.1.ТУЗ нь байгууллагын дүрэм, бодлогын баримт бичиг, заавар, журам, загварыг боловсруулах, мөрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, явцын талаар жил бүрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд тайлагнана.
4.2. ТУЗ нь хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, компанийн засаглалын үнэлгээг компанийн үйл ажиллагааны тайланд тусгаж, компанийн цахим хуудсанд байршуулна.
4.3. ТУЗ нь жил бүрийн эхний улиралд багтааж, компанийн засаглалыг үнэлэх асуулгын дагуу өөрийн компанийн засаглалын түвшинг үнэлж болно.
4.4.ТУЗ нь хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг хувьцаа эзэмшигчдийн хурлын материалын хамт Хороонд хүргүүлнэ.
-о0о-
Текст томруулах
A
A
A