- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ЗААВРЫН ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 03 дугаар
сарын 23-ны өдрийн 145 дугаар тогтоолоор батлагдсан
"Компанийн засаглалын кодекс"-ийн хавсралт 8
ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ЗААВРЫН ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү баримт бичгийг компанийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэх, хянахад баримталж ажиллана.
ХОЁР. ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
2.1.ТУЗ нь байгууллагын үйл ажиллагааны бүхий л чиглэлийг эрсдэлийн удирдлагаар хангаж, нэгдсэн үйл ажиллагааг хариуцан, дотооддоо мөрдөх зааврыг байгууллагын бизнесийн цар хүрээ, үйл ажиллагааны онцлог, бүтэц, зохион байгуулалтад нийцүүлэн батална.
2.2.Заавраар байгууллагын зорилго, зорилтод нөлөөлөх эрсдэл, ирээдүйд тохиолдох магадлал ба нөлөөллийг үнэлснээр эрсдэлд хариу өгөх арга хэмжээ, түүнийг үнэлэх үйл явцад мониторинг хийх зэрэг эрсдэлийн удирдлагын хүрээг тодорхойлно.
2.3.ТУЗ нь зааварт нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн хороо, байхгүй бол Аудитын хороо нь байгууллагын эрсдэлийн удирдлага, түүний хэрэгжилтэд хяналт тавина.
2.4.Энэхүү баримт бичгийг цаг үедээ тохируулан тухай бүр шинэчлэн батална.
ГУРАВ. ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ ШАТ
3.1.Эрсдэлийг тодорхойлох: тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх болон бизнесийн цар хүрээг нэмэгдүүлэх, гуравдагч талын харилцаа, зах зээлээс хамаарсан, эсхүл зохицуулалтын орчинд гарсан өөрчлөлт зэргээс үүсэх магадлалтай эрсдэлийг байгууллагын бүхий л түвшинд тодорхойлно. Ингэхдээ дараах хүчин зүйлсийг харгалзана:
3.1.1.эрсдэлийн шинж чанар /nature of the risk/ - хаана, хэзээ, ямар үйл явдал;
3.1.2.эрсдэлийн эх үүсвэр /source of the risk/ - ямар хүчин зүйлс, хүн, үйл ажиллагаа;
3.1.3.эрсдэлийн шалтгаан /cause of the risk/ - шууд болон шууд бус шалтгаан;
3.1.4.эрсдэлийн нөлөө /effect of the risk/ - үүсэх үр дагавар, хамгийн сөрөг нөлөө.
3.2.Эрсдэлийг үнэлэх: эрсдэлийн нөлөөллийн хүчин зүйлсийг ялгаж харах зорилгоор ач холбогдлын түвшингээр нь ангилж, үнэлэх ба эрсдэлийг хэмжихэд ашиглаж буй арга зөв эсэхийг тогтмол шалгана. Эрсдэлийг чанарын болон тоон хэрэгслүүдийг ашиглан үнэлнэ.
3.3.Эрсдэлийг удирдах: эрсдэлийн үнэлгээний үр дүнд эрсдэлд үзүүлэх хариу арга хэмжээг тодорхойлох ба эрсдэлийн удирдлагын арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлнэ.
ДӨРӨВ. БУСАД
4.1.Гүйцэтгэх удирдлага нь эрсдэлийн удирдлагын зааврын хүрээнд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор төлөвлөгөө боловсруулж, байгууллагын эрсдэлийг тодорхойлон үнэлж, удирдах үйл ажиллагааг явуулна.
4.2.Гүйцэтгэх удирдлагын дэргэд байгууллагын эрсдэлийн удирдлагын төлөвлөгөөг хэрэгжүүлэх эрсдэлийн удирдлагын нэгж, эсхүл ажилтан байх бөгөөд бусад гүйцэтгэх шатны удирдлагуудтай байнгын харилцан холбоотой ажиллана.
4.3.Гүйцэтгэх удирдлага эрсдэлийн удирдлагын нэгж эсхүл ажилтнаар дамжуулан эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө тухайн байгууллагад нийцсэн үр дүнтэй эсэх, төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавьж ажиллана.
Текст томруулах
A
A
A