- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ (Эрдэнэт медикал)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 138
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 17.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын "Эрдэнэт медикал" төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг байгуулсугай.
2. "Эрдэнэт медикал" төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дүрмийг баталж, зохих тусгай зөвшөөрөл олгох, эрүүл мэндийн даатгалын сантай холбогдсон асуудлыг шийдвэрлэж, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод үүрэг болгосугай.
3. "Эрдэнэт медикал" төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилтийг холбогдох хууль тогтоомж, дүрмийн дагуу шийдвэрлэж ажиллахыг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ (Х.Бадамсүрэн)-т, эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтад болон санхүүжилтийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
