- Нүүр
- Сайдын тушаал
- СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИХ ХЯНАЛТЫН ЖУРАМ
Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 28/ А/108/ А/180 дугаар хамтарсан тушаалын хавсралт
СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНД
ТАВИХ ХЯНАЛТЫН ЖУРАМ
1.1. Энэхүү журмын зорилго нь ерөнхий боловсролын сургууль /цаашид "сургууль" гэх/ болон түүний дотуур байрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөгдөж буй хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх, зөвлөн туслах замаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан хоол, хүнсний үйлчилгээг суралцагчдад хүргэхэд оршино.
1.2. Өмчийн бүх хэлбэрийн сургууль, дотуур байрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль, Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Баяжуулсан хүнсний тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Органик хүнсний тухай хууль болон бусад холбогдох стандарт, журам, дүрэм болон энэхүү журмыг мөрдөнө.
1.3. Энэхүү журмын зохицуулалтад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тухайн шатны Засаг дарга, боловсрол, эрүүл мэндийн газар, хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын сургууль, дотуур байрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, орчны аюулгүй байдалд тавих хяналт, үнэлгээ, зохион байгуулалт, тайлагналт, авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа хамаарна.
1.4. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт, үнэлгээнд төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг татан оролцуулж болно.
1.5. Энэхүү журмын зохицуулалтаас гадна сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд орон тооны бус "Хяналтын зөвлөл", дотоод хяналтын нэгж, албан тушаалтан холбогдох журмын дагуу хяналт тавьж ажиллана.
Хоёр. Хяналт тавих чиглэл, зохион байгуулалт
2.1 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага:
2.1.1. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин, хангамж, хүртээмж, чанар аюулгүй байдалд хяналт, үнэлгээг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран жил бүр зохион байгуулж, тайланг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.1.2. Хяналт, үнэлгээний удирдамж, аргачлалыг баталж, орон нутгийн байгууллагыг удирдлага арга зүйгээр хангаж ажиллана.
2.1.3. Холбогдох хууль тогтоомж, шийдвэр, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийнэ.
2.1.4. Хяналт, үнэлгээний дүн мэдээлэлд үндэслэн холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
2.1.5. Хуульд заасан бусад чиг үүрэг.
2.2 Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга:
2.2.1 Журмын 2.1.1-д заасан хяналт, үнэлгээг хэрэгжүүлэх, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний аюулгүй байдал, орчин нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
2.2.2. Орон нутгийн хүнс үйлдвэрлэлийг дэмжсэн, тохирлын баталгаанд хамруулсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүүхдийн хоол үйлдвэрлэлд нийлүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулна.
2.2.3. Үдийн хоолны норматив зардлын зарцуулалт, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтэд хяналт тавьж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллана.
2.2.4 Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулна.
2.3 Аймаг, нийслэлийн Боловсрол, Шинжлэх ухааны газар, дүүргийн Боловсролын хэлтэс:
2.3.1. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, удирдлага арга зүйгээр хангах, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлнэ.
2.3.2. Журмын 2.1.1-д заасан хяналт, үнэлгээг хийхэд дараах үндсэн чиглэлийг баримтална. Үүнд:
2.3.2.1. хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж, хүрэлцээ;
2.3.2.2. хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилт;
2.3.2.3. хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэгчтэй хийсэн гэрээний хэрэгжилт;
2.3.2.4. нэг хүүхдэд ногдох үдийн хоолны норматив зардлын зарцуулалт, хоолны цэс төлөвлөлт, орц, илчлэгийн хэмжээ;
2.3.2.5. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх журмын хэрэгжилт;
2.3.2.6. хоол хүнсний чанар, шим тэжээл, аюулгүй байдал;
2.3.2.7. усан хангамж, шүүлтүүртэй цэвэр усны хүрэлцээ;
2.3.2.8. мэргэжлийн хүний нөөцөөр хангагдсан байдал, мэргэжлийн түвшин;
2.3.2.9. хоол үйлдвэрлэлийн байрны стандарт, эрүүл ахуй, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүрэлцээ, ашиглалтын байдал;
2.3.2.10. удирдлага, зохион байгуулалт.
2.3.3. Энэхүү журмын 2.3.2-т зааснаас гадна дараах чиглэлээр хяналт, үнэлгээ хийнэ. Үүнд:
2.3.3.1. сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт;
2.3.3.2. сургуулийн орчин дахь хоол, хүнсний аюулгүй байдал, эрүүл бус хүнсний зар сурталчилгаа.
2.3.4. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу хяналт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагыг оролцуулна.
2.3.5. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой хяналт, үнэлгээний мэдээллийн сан үүсгэж, хөгжүүлнэ.
2.3.6. Хяналт, үнэлгээний тайлан, мэдээлэлд шинжилгээ хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.
2.3.7. Тайлан, мэдээ, санал, дүгнэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тухайн шатны Засаг даргад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулна.
2.4 Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төв:
2.4.1. Энэхүү журмын 2.1.1 болон 2.3.3-т заасан хяналт, үнэлгээг хамтран гүйцэтгэнэ.
2.4.2. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих дотоод болон хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
2.4.3. Сургуулийн хүүхдэд олгож буй хоол хүнсэнд хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтөд шаардлагатай шим тэжээл, амин дэм, илчлэгийн норм хэмжээг хангуулахад зөвлөмж мэдээллээр хангана.
2.5 Хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага:
2.5.1. Хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь хуульд заасан чиг үүргээс гадна энэхүү журмын 2.1.1. болон 2.3.3-т заасан хяналт, үнэлгээг хамтран гүйцэтгэнэ.
2.5.2. Хяналт, үнэлгээний явцад хүний амь, нас эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдал илэрсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана.
2.5.3. Хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний эрсдэлийн үнэлгээний дүн, төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус хяналт шалгалтын мэдээллийг жил бүрийн 12 дугаар сард багтаан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж хамтран ажиллана.
Гурав. Бусад:
3.1. Засгийн газар, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж болох бөгөөд дүнг тухай бүр боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
3.2. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой хоол, хүнсний хордлогот халдварын үед холбогдох тушаал, дүрэм, журмыг удирдлага болгон мэдээллийг шуурхай солилцож хамтран ажиллана.
3.3. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд зөвлөн туслах, сургалт сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулна.
3.4. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь салбарын хэмжээнд дотоод хяналтыг төлөвлөн хэрэгжүүлж болно.
3.5. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагууд төлөвлөлт, зохион байгуулалтын уялдаа холбоог хангаж, зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх хэлбэрээр ажиллана.
Дөрөв. Хариуцлага
4.1. Хяналт, үнэлгээний дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үүрэг даалгаврын биелэлт нь тухайн сургуулийн удирдлага, албан тушаалтны үр дүнгийн гэрээг дүгнэхэд харгалзан үзэх үндэслэл болно.
4.2. Хууль, тогтоомжийг мөрдөж ажиллаагүй хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
........... ооОоо ...........
Текст томруулах
A
A
A