A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ГОЛ НЭР ТӨРЛИЙН ЗАРИМ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ, ХОМСТЛООС СЭРГИЙЛЭХ, СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 15 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

гол нэр төрлийн Зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, ХОМСТЛООС сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилго нь олон улсын хямралт байдлын улмаас үүсэж байгаа гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах асуудлыг онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулах бөгөөд эдгээртэй холбогдсон бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүнд дараах бараа, бүтээгдэхүүн хамаарна:

3.2.1.газрын тосны бүтээгдэхүүн;

3.2.2.гурил;

3.2.3.мах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

4.1.Монгол Улсын Их Хурал энэ хуульд заасан бараа, бүтээгдэхүүнийг үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахтай холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг дараалал харгалзахгүй яаралтай хэлэлцэн шийдвэрлэнэ.

5 дугаар зүйл.Монголбанкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

5.1.Монголбанк энэ хуульд заасан гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

5.1.1.мах, гурилын нөөц бүрдүүлэх, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мах бэлтгэн нийлүүлэгч, гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг банкны эх үүсвэрээр олгох;

5.1.2.газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх зорилгоор газрын тосны бүтээгдэхүүн импортлогчид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох;

5.1.3.санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан энэ хуулийн 3.2.1-д заасан бараа, бүтээгдэхүүний импортод шаардлагатай гадаад валютыг ханшийн эрсдэлийг бууруулж импортлогчдод нийлүүлэх бөгөөд банк энэ эх үүсвэрээр ашиг олох зорилгоор арилжаа хийхийг хориглох;

5.1.4.гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгох;

5.1.5.шаардлагатай тохиолдолд банкнаас зээл олгоход тавигдах зохистой харьцааны болон бусад шалгуур үзүүлэлт, зээлийн шаардлага, нөхцөлийг тусгайлан тогтоох;

5.1.6.Лондонгийн металлын биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авч гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх.

6 дугаар зүйл.Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

6.1.Засгийн газар гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

6.1.1.энэ хуулийн 3.2-т заасан бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хангамж, нийлүүлэлтийн хомстол үүсэхгүй байх арга хэмжээ авах, цогц төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх;

6.1.2.энэ хуулийн 5.1.1-д заасан хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг тухайн жилийн төсөвт тусган шийдвэрлэх;

6.1.3.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарын хүрээнд энэ хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах;

6.1.4.энэ хуульд заасан зохицуулалтад хамрагдсан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, худалдаалах аж ахуйн нэгжтэй нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээ байгуулан, биелэлтийг хангуулан ажиллах.

7 дугаар зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

7.1.Газрын тосны бүтээгдэхүүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

7.1.1.газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хангамж, нийлүүлэлтийн хомстол үүсэхгүй байх ажлыг зохион байгуулах;

7.1.2.газрын тосны бүтээгдэхүүн импортлох тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан тусгай зөвшөөрөлтэй холбогдсон хариуцлагын гэрээ байгуулан, биелэлтийг ханган ажиллах.

8 дугаар зүйл.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

8.1.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, шаардлагатай нөөц бүрдүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

8.1.1.Хүнсний тухай хуулийн 6.7-д заасны дагуу энэ хуулийн 3.2.2, 3.2.3-т заасан хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, хангамж, нийлүүлэлтэд хомстол үүсэхээс сэргийлж экспортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тухай бүр тогтоож мөрдүүлэх;

8.1.2.энэ хуулийн 3.2.2, 3.2.3-т заасан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, худалдаалах аж ахуйн нэгжтэй нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээ байгуулан, биелэлтийг ханган ажиллах.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

9 дүгээр зүйл.Бусад зүйл

Хэвлэх

9.1.Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс өмнөх хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 35.6-д заасныг зөрчсөн этгээдийг энэ хууль үйлчлэх хугацаанд аливаа хариуцлагаас чөлөөлнө.

10 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хугацаа

Хэвлэх

10.1.Энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд үйлчилнэ.

11 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

11.1.Энэ хуулийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР