A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 166

Улаанбаатар хот

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, 8.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа Мон (3787/3788): "Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл"-ийн Хөвсгөл дэд төслийн хүрээнд хэрэгжих 37.9 км хатуу хучилттай авто зам, 7 байршлын зогсоолын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2022 оны 271 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан солбицол бүхий талбайд тухайн чиглэлийн авто замын барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгохыг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарт даалгасугай.

3. Авто замын барилгын ажил дууссаны дараа ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг авто замын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН