A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны

2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн

176 дугаар тогтоолын хавсралт

 

 

ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН

САНХҮҮГИЙН ТАЙЛАНД АУДИТ ХИЙХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭХЭД ТАВИХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫГ ТОГТООХ ЖУРАМ 

Нэг.Нийтлэг үндэслэл 

1.1.Энэ журмаар Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-оос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээд /цаашид "аудитын хуулийн этгээд" гэх/-ийг бүртгэх, бүртгэхэд тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоохтой холбогдох харилцааг зохицуулна. 

Хоёр.Аудитын хуулийн этгээдэд тавигдах нөхцөл, шаардлага 

2.1.Аудитын хуулийн этгээд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна: 

2.1.1.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны тѳв байгууллагаас олгосон аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, аудитын үйл ажиллагааг хоёроос доошгүй жил эрхэлсэн байх; 

2.1.2.дөрвөөс дээш орон тооны аудитортой байх; 

2.1.3.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 30.0 сая төгрөгөөс дээш байх; 

2.1.4.аудитор нь мэргэжлийн хариуцлагын даатгалын гэрээг байгуулсан байх;

2.1.5.аудитор нь мэргэжлийн ёс зүйн зөрчилгүй байх;

2.1.6.аудитор нь Хороо болон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 10.8-д заасан мэргэжлийн холбооноос хамтран зохион байгуулсан багц сургалтад хамрагдсан байна.

Гурав.Аудитын хуулийн этгээдийн

бүрдүүлэх баримт бичиг

3.1.Энэ журмын 2-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан аудитын хуулийн этгээд нь бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр Хороонд ирүүлнэ:  

3.1.1.энэ журмын нэгдүгээр хавсралтад заасан бүртгүүлэхийг хүссэн өргөдөл; 

3.1.2.энэ журмын хоёрдугаар хавсралтад заасан холбогдох баримт бичгүүд. 

3.2.Аудитын хуулийн этгээд бүртгэлээс хасуулах хүсэлт болон оноосон нэр, хаяг байршил, гүйцэтгэх захирал, аудитор өөрчлөгдсөн мэдээллийг тухай бүр энэ журмын нэгдүгээр хавсралтад заасан өргөдлийг хоёрдугаар хавсралтад заасан холбогдох баримт бичгийн хамт Хороонд ирүүлнэ. 

Дөрөв.Аудитын хуулийн этгээдийн бүртгэл,

бүртгэлийн хугацаа, мэдээлэл

4.1.Хороо энэ журмын 2-т заасан нөхцөл, шаардлага болон хоёрдугаар хавсралтад заасан холбогдох баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл ажлын 15 өдрийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.  

4.2.Аудитын хуулийн этгээдийн бүртгэлийн хүчинтэй хугацаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн аудитын хуулийн этгээдэд олгосон тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байна.

4.3.Хороо бүртгэхээс татгалзсан тохиолдолд энэ тухай үндэслэл бүхий мэдэгдлийг хүсэлт гаргасан аудитын байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

4.4.Хороонд бүртгэгдсэн аудитын хуулийн этгээдийг дараах үндэслэлээр бүртгэлээс хасна:  

4.4.1.өөрийн хүсэлтээр; 

4.4.2.Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй;

4.4.3.бүртгүүлэхдээ хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;

4.4.4.холбогдох хууль тогтоомж болон энэ журмын нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон;

4.4.5.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн нууцтай холбогдсон мэдээллийг бусдад задруулсан, дамжуулсан нь тогтоогдсон;

4.4.6.хуурамч дүгнэлт гаргасан;

4.4.7.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны тѳв байгууллага аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

4.5.Энэ журмын 4.4.1-т зааснаас бусад үндэслэлээр бүртгэлээс хасагдсан аудитын хуулийн этгээд нь бүртгэлээс хасагдсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд Хороонд дахин бүртгүүлэхээр хандах эрхгүй. 

4.6.Хороо аудитын хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудитын чанарын хяналт шалгалтыг дангаар, эсхүл санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтарч хийж болно.

4.7.Аудитын хуулийн этгээдийг бүртгэсэн, эсхүл бүртгэлээс хассан тохиолдолд ажлын 5 өдөрт багтаан тухайн хуулийн этгээдэд болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр мэдэгдэж, Хорооны цахим хуудсанд байршуулна.

 

--- оoОоо ---