A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны

2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн

177 дугаар тогтоолын хавсралт

 

 

 

ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН 

МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНД ТАВИХ ШААРДЛАГЫГ 

ТОГТООХ ЖУРАМ 

Нэг.Нийтлэг үндэслэл 

1.1.Энэ журмаар Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-оос Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн холбоо /цаашид "Мэргэжлийн холбоо" гэх/-нд тавигдах шаардлагыг тогтоохтой холбогдох харилцааг зохицуулна.

1.2.Мэргэжлийн холбоог энэ журамд тавигдсан шаардлагыг хангасан эсэхийг Хорооны хуралдаанаар тодорхойлж,  санамж бичиг байгуулан хууль тогтоомжийн дагуу хамтран ажиллана. 

1.3.Мэргэжлийн холбоо нь гишүүдийн тоонд орсон өөрчлөлтийн мэдээг бүтэн жилээр Хороонд ирүүлнэ.

Хоёр.Мэргэжлийн холбоонд тавигдах шаардлага 

2.1.Мэргэжлийн холбоо дараах шаардлагыг хангасан байна:

2.1.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, оноосон нэр, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас, харилцах данстай байх;

2.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй Хороонд бүртгэлтэй Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн 51-ээс доошгүй хувийг гишүүнээр элсүүлсэн байх; 

2.1.3.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 7.1.2, 7.1.5, 7.1.6-д заасан шаардлагыг хангасан талаар дүгнэлт гаргах мэргэжлийн чадамжтай байх; 

2.1.4.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөтэй, гишүүддээ мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх чадамжтай байх;

2.1.5.мэргэжлийн ёс зүйн хариуцлага хүлээлгэх дотоод хяналтын бүтэцтэй байх. 

2.2.Мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал нь Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шалгуурыг хангасан байна.

2.3.Мэргэжлийн холбооны хаяг байршил, удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал өөрчлөгдөх тухай бүр энэ журмын хоёрдугаар хавсралтад заасан хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт Хороонд ирүүлнэ.

2.4.Мэргэжлийн холбоо сургалтын хөтөлбөр боловсруулж, Хороогоор батлуулна.

Гурав.Бүрдүүлэх баримт бичиг

3.1.Мэргэжлийн холбоо энэ журмын нэгдүгээр хавсралтад заасан хамтран ажиллах санамж бичиг байгуулах хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт Хороонд ирүүлнэ.

3.2.Мэргэжлийн холбооны бүх гишүүдийн хурлаар баталсан Мэргэжлийн холбооны дүрэм болон холбогдох бусад дүрэм, журам нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон Хорооны холбогдох журамд нийцсэн байна.

3.3.Хороо энэ журмын 3.1-д заасан баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авсан өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор хянаж, хамтран ажиллах санамж бичиг байгуулах эсэх тухай хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.

Дөрөв.Мэргэжлийн холбооны үйл ажиллагааны зарчим

4.1.Мэргэжлийн холбоо дараах зарчмыг үйл ажиллагаандаа баримталж ажиллана: 

4.1.1.хууль тогтоомж, Хорооноос баталсан журмыг мөрдөх; 

4.1.2.гишүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, тэдгээрийн санал санаачилгыг дэмжих;

4.1.3.гишүүнчлэлийн хураамжийн зарцуулалт, тайлагнал ил тод, нээлттэй байх; 

4.1.4.гишүүдийн мэдээллийн нууцыг хадгалах;

4.1.5.виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зах зээлийн нөхцөл байдал, гишүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө судалгаа шинжилгээнд суурилсан байх.

 

---oоОoо---