A

A

A

Бүлэг: 1979

 

 

Санхүүгийн зохицуулах хорооны

2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн

174 дүгээр тогтоолын хавсралт

 

 

ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН

БҮРТГЭЛИЙН ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-оос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх хүсэлт гаргагч /цаашид "хүсэлт гаргагч" гэх/-ийг бүртгэх, бүртгэхээс татгалзахтай холбогдох харилцааг зохицуулна.

1.2.Хүсэлт гаргагчийг бүртгэхдээ санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд төрөөс баримталж буй бодлого, харилцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, үйл ажиллагаа ил тод, шударга, тасралтгүй байх зарчмыг баримтална.

Хоёр.Хүсэлт гаргагчид тавигдах шаардлага

2.1.Хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:

2.1.1.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан;

2.1.2.энэ журамд заасан бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц болон бусад шаардлага;

2.1.3.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6.1.1-6.1.5-д заасан үйлчилгээг эрхлэх хүсэлт гаргагчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ тус бүр 400.0 сая төгрөгөөс доошгүй байх; 

2.1.4.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 4.1.4, 7.2-т тус тус заасан холбогдох этгээд, эрх бүхий албан тушаалтан нь Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангасан байх.

2.2.Хүсэлт гаргагч энэ журмын 2.1.3-т заасан үйлчилгээг хавсран эрхлэх тохиолдолд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг тус бүрээр нэмэгдүүлэн тооцно.

2.3.Хувь нийлүүлсэн хөрөнгө нь зээлийн эх үүсвэрээс бусад мөнгөн хөрөнгөөс бүрдсэн байна.

Гурав.Бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн шаардлага

3.1.Хүсэлт гаргагч тав буюу түүнээс дээш гишүүнтэй төлөөлөн удирдах зөвлөлтэй байх ба тэдгээрийн хоёроос доошгүй нь хараат бус гишүүн байна.

3.2.Энэ журмын 3.1-д заасан төлөөлөн удирдах зөвлөл дараах дүрэм, журам, бодлогын баримт бичгийг баталсан байна:

3.2.1.төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам;

3.2.2.компанийн дөрвөн жилийн бизнес төлөвлөгөө;  

3.2.3.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулах, удирдах талаар хэрэгжүүлэх төлөвлөгөө, дотоод хяналтын хөтөлбөр;

3.2.4.мэдээллийн ил тод байдал, тайлагналын журам; 

3.2.5.MNS ISO/IEC 27001 стандартын шаардлага, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлсэн мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны журам;

3.2.6.дотоод мэдээллийг хууль бусаар ашиглахаас сэргийлэх журам; 

3.2.7.арилжааг урвуулан ашиглахаас сэргийлэх, хяналт тавих журам;

3.2.8.үйл ажиллагааг түр зогсоох, хязгаарлалт тогтоох, татан буугдах, үйлчилгээ зогсох, кибер халдлага, түрэмгийлэлд өртөх зэрэг онцгой нөхцөл байдал үүссэн үед авах арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө;

3.2.9.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6.1.1-6.1.5-д заасан тухайн үйлчилгээг эрхлэхтэй холбоотой үйл ажиллагааны журам;

3.2.10.бусад шаардлагатай журам.

3.3.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6.1.1-6.1.2-т заасан үйлчилгээг эрхлэхтэй холбоотой журамд өөрийн программ хангамж дээр виртуал хөрөнгийг арилжих, арилжаанаас хасахтай холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

3.4.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6.1.5-д заасан үйлчилгээг эрхлэхтэй холбоотой журамд дараах зүйлсийг тусгасан байна:

3.4.1.нийтэд санал болгох виртуал хөрөнгө гаргагч болон тухайн виртуал хөрөнгө, түүний танилцуулгад тавигдах шаардлага;

3.4.2.нийтэд санал болгох виртуал хөрөнгө гаргагчийн биелүүлэх үүрэг, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид хүргүүлэх мэдээллийн агуулга, хугацаа;

3.4.3.нийтэд санал болгон гаргасан виртуал хөрөнгийг бүртгэлээс хасах нөхцөл;

3.4.4.бусад.

3.5.Хүсэлт гаргагч дараах бүтэц, зохион байгуулалт, тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нөөцтэй байна:

3.5.1.дотоод хяналт, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нэгжтэй, эсхүл хариуцсан ажилтантай байх;

3.5.2.мэдээллийн технологи, аюулгүй байдал хариуцсан нэгжтэй, эсхүл хариуцсан ажилтантай байх;

3.5.3.харилцагчийн үйлчилгээний нэгжтэй, эсхүл хариуцсан ажилтантай байх;

3.5.4.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих болон комплайнсын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий хариуцсан нэгжтэй, эсхүл хариуцсан ажилтантай байх ба хэрэгжилтэд хяналт тавих этгээд нь төлөөлөн удирдах зөвлөл байх;

3.5.5.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6.1.1-6.1.5-д заасан үйлчилгээг эрхлэхтэй холбоотой үйл ажиллагааг хариуцсан нэгжтэй, эсхүл хариуцсан ажилтантай байна.

3.6.Энэ журмын 3.5-д заасан ажилтан нь Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 7.2.2, 7.2.3-т заасан шаардлагыг хангасан, хуульд өөрөөр заагаагүй бол давхар ажил хавсран эрхэлдэггүй байна.

3.7.Энэ журмын 3.5.1-3.5.3-д заасан нэгж, эсхүл ажилтны чиг үүргийг гэрээний үндсэн дээр бусад мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болно.

Дөрөв.Программ хангамж, мэдээллийн технологид тавигдах шаардлага

4.1.Хүсэлт гаргагч виртуал хөрөнгийн үйлчилгээг үзүүлэхэд шуурхай, тасралтгүй, үйл ажиллагааны онцлогт тохирсон тусгай программ хангамжтай байх бөгөөд уг программ хангамж нь дараах шаардлагыг хангасан байна:

4.1.1.арилжаанд оролцогчид нэгнийгээ таньж мэдэх боломжгүй байх;

4.1.2.харилцагчийн хувийн мэдээлэл гуравдагч этгээдээс нууц байх;

4.1.3.зах зээлийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, шинэчлэх боломжтой байх;

4.1.4.олон нийтэд мэдээлэл хүргэх хэсэг буюу нээлттэй самбартай байх;

4.1.5.арилжааны хяналтын системтэй байх;

4.1.6.албан ёсны лицензтэй аюулгүй байдлыг хангах системтэй байх.

4.2.Хүсэлт гаргагч энэ журмын гуравдугаар хавсралтад заасан мэдээлэл технологийн стандартын хүчин төгөлдөр мөрдөж буй хувилбарыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана. Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 253 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан.
4.3.Хүсэлт гаргагч энэ журмын гуравдугаар хавсралтад заасан MNS ISO/IEC 27001 мэдээлэл технологийн стандартын сүүлийн хувилбарыг хангаж, хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байна. Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 253 дугаар тогтоолоор нэмсэн.

4.4.Хүсэлт гаргагч гадаад улсын виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч, бусад мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг этгээдийн программ хангамж, үүлэн технологи, эсхүл дата төвийг ашигладаг бол энэ журмын гуравдугаар хавсралтын 11 дэх хэсэг хамаарахгүй бөгөөд энэ талаар холбогдох нотлох баримт бичгийг бүртгүүлэх хүсэлтийн хамт Хороонд ирүүлнэ. Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 253 дугаар тогтоолоор өөрчилсөн.

Тав.Бүртгэх, бүртгэхээс татгалзах

5.1.Хүсэлт гаргагч энэ журмын дөрөвдүгээр хавсралтад заасан баримт бичгийг нотлох баримтын хамт Хороонд хэвлэмэл болон цахимаар ирүүлнэ.

5.2.Хороо хүсэлт гаргагчийн бүртгүүлэх хүсэлтийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан хугацаанд хянаж, шийдвэрлэнэ.

5.3.Бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, нотлох баримт нь шаардлага хангаагүй бол хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэж, нэмэлт баримт бичгийг шаардаж болно.

5.4.Энэ журмын 5.2-т заасан хугацааг зохих шаардлага хангасан, бүрдэл бүрэн баримт бичгийг ирүүлсэн өдрөөс эхлэн тооцно.

5.5.Хороо шаардлагатай тохиолдолд хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт бичгийн талаар холбогдох этгээдээс тодруулж, дүгнэлт гаргуулж, лавлагаа авч болно.

5.6.Хүсэлт гаргагчийн үйл ажиллагаа явуулах ажлын байр, тоног төхөөрөмж, программ хангамж нь энэ журмаар тогтоосон шаардлагыг хангасан эсэхийг Хорооны холбогдох албан тушаалтан газар дээр нь шалгаж, танилцаж болно.

5.7.Хорооноос хүсэлт гаргагчийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэсэн тохиолдолд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн нэгдсэн бүртгэлд бүртгэн, зохих зааврын дагуу хувийн хэрэг нээн хөтөлнө.

5.8.Хүсэлт гаргагч нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлсэн тохиолдолд компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээнд холбогдох тэмдэглэгээг хийлгэж, хуулбарыг энэ журмын 5.2-т заасан шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор Хороонд ирүүлнэ.

5.9.Хороо хүсэлт гаргагчийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхээс дараах үндэслэлээр татгалзана:

5.9.1.бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн;

5.9.2.эрх бүхий албан тушаалтан болон холбогдох этгээд нь Хорооноос тогтоосон тохиромжтой этгээдэд тавигдах шалгуурыг хангаагүй;

5.9.3.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль тогтоомж болон энэ журамд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй.

5.10.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 10.5-д заасан нөхцөл бий болсон тохиолдолд хүсэлтийг буцааж, хүсэлт гаргаагүйд тооцно.

5.11.Хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд энэ талаарх үндэслэл бүхий тайлбарыг хүсэлт гаргагчид Хорооны даргын албан бичгээр мэдэгдэнэ.

--o0o