A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 147

Улаанбаатар хот

"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Компанийн тухай хуулийн 2.6, 62.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн гүйцэтгэх захирал нарт үүрэг болгосугай.

3. Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 104 дүгээр тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 80 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам"-ын 2.4, 2.5, 2.6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаЦ.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 426

Улаанбаатар хот

"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Компанийн тухай хуулийн 2.6, 6.14, 17.1, 62.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2."Эрдэнэс Монгол" ХХК-ийн нэгдлийн хэмжээнд үр ашиггүй ажиллаж байгаа компани, төслийн нэгжийг татан буулгах болон хуримтлагдсан өр төлбөрийг 2022 онд багтаан барагдуулах талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ш.Мөнхцэрэн), гүйцэтгэх захирал (С.Наранцогт)-д тус тус даалгасугай.

3."Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэгдлийн охин, хараат компани, харьяа хуулийн этгээдийн дүрэмд зохих өөрчлөлт оруулахыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ш.Мөнхцэрэн), гүйцэтгэх захирал (С.Наранцогт)-д тус тус даалгасугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН