- Нүүр
- Сайдын тушаал
- Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам
Эрүүл мэндийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/216 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй
тусламж, үйлчилгээний журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журам нь эрүүл мэндийн байгууллага /цаашид эрүүл мэндийн байгууллага гэх/-аас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад ороогүй тусламж, үйлчилгээ болон Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасан төрөөс хариуцах тусламж, үйлчилгээний жагсаалтад ороогүй, төлбөртэй тусламж, үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2.Энэхүү журмын зорилго нь иргэн бүр шаардлагатай эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг санхүүгийн бэрхшээлгүйгээр авах, эрүүл мэндийн салбарын нийт зардалд иргэний шууд төлөх төлбөрийн эзлэх хэмжээг бууруулах, иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа шууд төлж буй төлбөрөөс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэхэд оршино.
1.3.Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж, халдварт өвчний оношилгоо, эмчилгээ, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалтай эсэхээс үл хамаарч үзүүлэх бөгөөд энэхүү журамд хамаарахгүй.
1.4.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орсон тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалгүй иргэнд үзүүлэх тохиолдолд эрүүл мэндийн даатгалд даатгуулахыг санал болгож, хэрэв татгалзсан тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасны дагуу баталсан төлбөрийн хэмжээг баримтлан төлбөр авч тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
1.5.Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хангах, туслах үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг энэхүү тушаалын хавсралтаар зохицуулна.
1.6.Төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд тухайн гэрээ байгуулсан тусламж, үйлчилгээг үзүүлэхдээ энэхүү журмыг дагаж мөрдөнө.
Хоёр. Тусламж, үйлчилгээний зохицуулалт
2.1.Эрүүл мэндийн байгууллага төлбөртэй тусламж, үйлчилгээг үзүүлэхэд байгууллагын үндсэн үйл ажиллагааг алдагдуулахгүй, мөн үйлчлүүлэгчдэд хүндрэл үүсгэхгүйгээр зохицуулах арга хэмжээг авна.
2.2.Эрүүл мэндийн байгууллага бүр лабораторийн тусламж, үйлчилгээний чанарын гадаад хяналтыг үндэсний лавлагаа лабораториор хийлгэх бөгөөд үйлчилгээний төлбөрийг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээг баримтлан байгууллага хоорондын гэрээгээр зохицуулна.
2.3.Эрүүл мэндийн байгууллага нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасан төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалтад ороогүй үйлчилгээг үйлчлүүлэгчийн хүсэлтээр санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээг баримтлан нэмэлтээр үзүүлж болох бөгөөд нэмэлт үйлчилгээний төлбөрийг үйлчлүүлэгч өөрөө хариуцна.
2.4.Эрүүл мэндийн байгууллага нь эмнэлгийн нийт батлагдсан орны 15 хувиас хэтрэхгүйгээр иргэний хүсэлтийн дагуу тав тух хангасан төлбөртэй өрөөг ажиллуулж болох бөгөөд тасгуудад жигд хуваарилж, үйлчлүүлэгчид сонголтыг бий болгож, зохицуулалтыг хийнэ.
2.5.Төрөлжсөн мэргэжлийн төвөөс бусад эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлж олсон орлого нь тухайн эрүүл мэндийн байгууллагын жилийн нийт төсвийн 5 хувиас ихгүй байна. Энэхүү төлбөртэй тусламж, үйлчилгээний орлогод хамтын төлбөрийн орлого хамаарахгүй болно.
2.6.Монгол Улсын хууль, Олон улсын гэрээнд тусгайлан заагаагүй тохиолдолд Эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүй гадаадын иргэнээс энэхүү журмын 1.4-т заасныг баримтлан төлбөр авч тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
2.7.Төлбөртэй тусламж, үйлчилгээ авч байсан иргэн өөрийн хүсэлтээр төлбөртэй тусламж, үйлчилгээг зогсоох санал гаргасан тохиолдолд холбогдох зөвшөөрлийн хуудсыг бөглүүлж, тухайн тусламж, үйлчилгээг зогсоох хүртэл үзүүлсэн тусламж, үйлчилгээний төлбөрийг урьдчилан төлсөн төлбөрөөс хасагдуулж тооцон ямар нэгэн шимтгэл, хураамжгүйгээр төлбөр тооцоог хийж баримтжуулна. Урьдчилан төлөөгүй тохиолдолд иргэнээс бодит гарсан зардлаар төлбөрийг авна.
2.8.Эрүүл мэндийн байгууллагаас үзүүлж буй хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардалд тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед хийгдсэн үндсэн оношилгоо, шинжилгээ, эм, эмнэлгийн хэрэгсэл, материал,бариа засал, нөхөн сэргээх эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ багтах бөгөөд энэхүү зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас болон иргэнээс давхардуулан авахгүй. Даатгуулагчийн хариуцан төлөх хамтын төлбөрийн хэмжээг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу шийдвэрлэнэ.
2.9.Эрүүл мэндийн байгууллагууд энэхүү тушаалын хавсралтуудад заагдсан тусламж, үйлчилгээнээс бусад үйлчилгээнээс төлбөр авахыг хориглоно. Үүнд: ажлын бус цагаар үзүүлсэн тусламж, үйлчилгээ, шинжилгээний хариу өгөх, бие засах газар, нөмрөг, улавч, хувцас өлгөх, г.м нийтлэг үйлчилгээ хамаарна. Үйлчлүүлэгчийн автомашины зогсоол ашиглалтын төлбөрийг тухайн эрүүл мэндийн байгууллагад тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд авахгүй.
2.10.Төлбөртэй өрөөнд хэвтэн эмчлүүлснээр үйлчлүүлэгч бусад ижил төрлийн тусламж, үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчээс илүү эмчилгээ, оношилгоо, шинжилгээ, асаргаа, сувилгаа авах, хөнгөлөлт эдлэх үндэслэл болохгүй.
2.11.Эрүүл мэндийн байгууллага энэхүү журмын хавсралтад заагдсан тусламж, үйлчилгээний нэр төрөл, цар хүрээг өргөтгөх замаар үндсэн болон туслах үйл ажиллагааны орлого нэмэгдүүлэх эх үүсвэр болгохгүй байх.
Гурав. Төлбөртэй тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийн ил тод байдал
3.1. Эрүүл мэндийн байгууллага нь үйлчлүүлэгчийг төлбөртэй тусламж, үйлчилгээнээс хөнгөлөх нөхцөл болон санхүүгийн дэмжлэг, туслалцаа авах бусад боломжийн талаар ил тод мэдээллээр хангаж, үйлчлүүлэгчийг албан бус төлбөр төлөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна.
3.2. Эрүүл мэндийн байгууллага нь төлбөртэй тусламж, үйлчилгээтэй холбоотой дараах мэдээллийг мэдээллийн самбар, үйлчлүүлэгчийн хүлээлгийн танхим болон төлбөр хураах нэг цэгийн дэргэд иргэнд харагдахуйц, ойлгомжтой байдлаар байршуулах ба байгууллагын цахим хуудсанд байрлуулна. Үүнд:
3.2.1 Санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ;
3.2.2 Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх болон даатгуулагчийн төлөх хамтын төлбөрийн хэмжээ;
3.2.3 Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх зарим өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх болон даатгуулагчийн төлөх хамтын төлбөрийн хэмжээ
3.3. Иргэнээс энэхүү тушаалын хавсралтад заасан төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийг авахдаа улсын төсвөөс болон эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн тусламж, үйлчилгээний төлбөрийг санхүүжүүлэхгүй байгаа шалтгааныг тайлбарлаж, иргэн зөвшөөрсний үндсэн дээр төлбөр авна.
3.4. Эрүүл мэндийн байгууллага нь иргэнд төлбөр төлсөн баримтыг (и-баримт) заавал олгох бөгөөд уг баримтад эрүүл мэндийн байгууллагын нэр, үйлчлүүлэгчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэр, төрөл, холбогдох төлбөрийн хэмжээ болон нийт төлбөрийн хэмжээ, огноог дор дурдсанаар ялгасан байна. Үүнд:
- Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцсан тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ, нэр төрөл бүрээр
- Иргэний хариуцан төлөх тусламж, үйлчилгээний хамтын төлбөрийн хэмжээ
- Төлбөртэй тусламж, үйлчилгээ болон нэмэлт үйлчилгээний төлбөрийн хэмжээ, нэр төрөл бүрээр
Дөрөв. Бусад
4.1.Үйлчлүүлэгч эрүүл мэндийн байгууллагын төлбөртэй тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлаар тухайн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон бусад холбогдох байгууллагуудад гомдол гаргах эрхтэй.
4.2. Эрүүл мэндийн байгууллага энэхүү тушаалын хавсралтаар батлагдсан төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалтад ороогүй тусламж, үйлчилгээнээс төлбөр авсан нь иргэний гомдлын мөрөөр, хөндлөнгийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар нотолсон тохиолдолд эрүүл мэндийн байгууллага иргэний төлбөрийг буцаан олгож, хохирлыг барагдуулж, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцно.
4.3.Энэхүү тушаалын хавсралтаар баталсан төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалтад ороогүй тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагын дарга, захирлын тушаалаар батлахгүй бөгөөд зайлшгүй шаардлагаар шинэ технологи, хөрөнгө оруулалтаар хийгдсэн тусламж, үйлчилгээ нэмэгдэх бол Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад холбогдох мэдээллийг албан бичгээр ирүүлж, жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулж болно.
4.4.Эдийн засгийн үндсэн үзүүлэлт өөрчлөгдсөнөөс шалтгаалан эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, цалин, хөлс, урамшуулал, байр ашиглалттай холбоотой тогтмол зардлын нөлөөллийг тооцож Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тухай бүр шинэчилж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A