A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙН МЭДЭЭЛЛИЙН САЙН ДУРЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ
Бүлэг: 1979

 

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын

2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн

 А/117 дугаар тушаалын хавсралт

 

ЗОХИОГЧИЙН ЭРХ БОЛОН ТҮҮНД ХАМААРАХ ЭРХИЙН  МЭДЭЭЛЛИЙН

 САЙН ДУРЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Зохиогч зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийн (цаашид "бүтээл" гэх)-ийн мэдээллийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид "оюуны өмчийн байгууллага" гэх)-ын  зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн мэдээллийн санд сайн дурын үндсэн дээр  бүртгүүлэхтэй холбогдох харилцааг энэ журмаар зохицуулна.

 

 1.2.Бүтээлийг шилжүүлэн авсан эзэмших, ашиглах эрх бүхий иргэн, хуулийн этгээд тухайн бүтээлийг бүртгүүлэхэд энэ журмыг баримтлана.  

 

Хоёр.Бүтээлийг бүртгүүлэх хүсэлт гаргах

 

2.1.Зохиогч болон түүний бүтээлийг шилжүүлэн авсан иргэн, хуулийн этгээд тухайн бүтээлийг бүртгүүлэх тухай мэдүүлэгийг оюуны өмчийн байгууллагын зохиогчийн эрхийн асуудал хариуцах нэгжид гаргана. 

 

2.2.Бүтээлийг Оюуны өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн мэдээллийн санд бүртгүүлж болно.

 

2.3.Зохиогч бүтээлийг бүртгүүлэхдээ цахим мэдүүлгийн маягтийг бөглөх бөгөөд дор дурдсан баримт бичгийг хүргүүлнэ:

 

2.3.1.бүтээлийн танилцуулга /бүтээлийн ерөнхий агуулга, бүтэц, хэлбэр, хэмжээ, зорилго, ач холбогдол, онцлог зэргийг тусгана/;

 

2.3.2.бүтээлийг туурвисан нь үнэн болохыг өөрийн хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдээр тодорхойлуулсан баримт;

 

2.3.3.эх бүтээл;

2.3.4.үйлчилгээний болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

2.3.5.бусдын бүтээлийг өөрийн бүтээлд ашигласан бол тухайн бүтээлийн зөвшөөрлийг авсан тухай баримт.

 

2.4.Зохиогч нь албан үүргийн дагуу, эсхүл захиалгаар, гэрээ хэлцлээр бүтээлийг эзэмших, ашиглах эрхээ иргэн, хуулийн этгээдэд шилжүүлж болох бөгөөд түүнийг шилжүүлэн авсан этгээд сайн дурын үндсэн дээр бүтээлийг бүртгүүлж болно.

 

2.5.Энэ журмын 2.4-т заасан шилжүүлэн авсан этгээд нь бүтээлийг бүртгүүлэхдээ цахим мэдүүлгийн маягтийг бөглөх бөгөөд энэ журмын 2.3зааснаас гадна албан үүргийн дагуу, эсхүл захиалгаар, гэрээ, хэлцлээр бүтээл туурвисан бол албан тушаалын тодорхойлолт, гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбарыг хүргүүлнэ.  

  

2.6.Энэ журмын 2.3.3-т заасан эх бүтээл нь дараах шаардлагыг хангасан байна: 

 

2.6.1.бичмэл бүтээлийг хэвлэлийн бүтээгдэхүүний чанар стандартад нийцүүлсэн байх;

 

2.6.2.эхээр өгөх боломжгүй бүтээлийн эскиз болон фото зургийг ирүүлж болох бөгөөд фото зурагт тухайн бүтээлийн нэрийг бичсэн байх;

 

2.6.3.кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээлийн хувьд дижитал хэлбэртэй байх; 

 

2.6.4.компьютерын программын хувьд "эх код"–ийг дижитал хэлбэрт хөрвүүлсэн байх.

 

2.7.Кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээлийг бүртгүүлэх тохиолдолд энэ журмын 2.3зааснаас гадна доор дурдсан баримт бичгийг хавсаргана:

 

2.7.1.продюсер, зохиол бичсэн зохиогч, ерөнхий найруулагч, дууны найруулагчтай тус бүрд нь хийсэн гэрээ;

 

2.7.2.зохиогчийн эрх болон хамаарах эрхээ шилжүүлсэн бол гэрээ; 

2.7.3.бүтээлд бусад төрлийн зохиогчийн эрхэд хамаарах бүтээлүүд орсон бол тухайн бүтээлийн зохиогч болон эрх эзэмшигчээс авсан зөвшөөрөл.

 

Гурав.Бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох

 

3.1.Энэ журмын 2.1-д заасан нэгж  бүтээлийг бүртгэж, зохиогчийн эрхийн зөвхөн нэг гэрчилгээ олгоно.

 

3.2.Энэ журмын 2.1, 2.4-т заасан этгээд нь энэ журмын 3.1-д заасан гэрчилгээг  үрэгдүүлсэн, гээгдүүлсэн бол гэрчилгээ дахин олгоно.

 

3.3.Гэрчилгээ дахин авах хүсэлтийг цахимаар гаргах бөгөөд дараах баримт бичгийг хүргүүлнэ:

 

3.3.1.хүсэлт;

3.3.2.хүчингүйд тооцсон тухай зар; 

3.3.3.гэрчилгээний хураамж төлсөн баримт.

 

3.4.Энэ журмын 2.1, 2.4-т заасан эрх эзэмшигч өөрчлөгдсөн бол бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулан, энэ журмын 3.1-д заасан гэрчилгээг шинэчлэн олгоно.

3.5.Энэ журмын 3.4-т заасан гэрчилгээг дахин олгох хүсэлт гаргахдаа дараах баримт бичгийг хүргүүлнэ:

 

3.5.1.бичгээр гаргасан хүсэлт;

3.5.2.эрх шилжүүлсэн гэрээ болон холбогдох баримт;

3.5.3.гэрчилгээний хураамж төлсөн баримт.

 

3.6.Зохиогчийн эрхийн асуудал хариуцах нэгж нь энэ журмын 2.3, 2.5, 2.7-д заасан баримт бичгийн бүрдэл, 2.6-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан, мэдүүлгийг хүлээн авч, ажлын 14 хоногт багтаан шийдвэрлэнэ.

 

3.7.Энэ журмын 2.3, 2.5, 2.6, 2.7-д заасан баримт бичгийн бүрдэл, шаардлага хангаагүй бол мэдүүлгийг ажлын 3 хоногт буцаан хүргүүлнэ.

 

3.8.Энэ журмын 2.1, 2.4-т заасан этгээдийн бүтээлийг бүртгүүлэхээр хавсарган ирүүлсэн баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг мэдүүлэг хүлээн авсан зохиогчийн эрхийн асуудал хариуцах нэгжийн бүртгэлийн мэргэжилтэн хариуцах бөгөөд бусдад дамжуулах, ашиглуулах, хуулбарлахыг хориглоно.

 

3.9.Бүртгэлийн мэргэжилтэн мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичиг, бүтээлийн эх хувийг архивын стандарт, журамд нийцүүлэн архивын ажилтанд хүлээлгэн өгөх үүрэгтэй.

 

3.10.Бүтээлийг бүртгэх гэрчилгээ олгохтой холбогдон үүссэн маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

--- oOo ---