A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Төрийн хэмнэлтийн хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Төрийн хэмнэлтийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, энэ хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Энэ хуулийн үйлчлэлд дараах хуулийн этгээд, албан тушаалтан, санхүүжилтийн эх үүсвэр хамаарна:

3.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний албан хаагч;

3.1.2.төсвийн байгууллага, түүний албан тушаалтан;

3.1.3.банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, түүний албан тушаалтан;

3.1.4.банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, түүний албан тушаалтан;

3.1.5.Төв банк /Монголбанк/;

3.1.6.улсын болон орон нутгийн төсөв;

3.1.7.Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан;

3.1.8.олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын төсөвт хүлээн авсан болон дамжуулан зээлдүүлсэн гадаад, дотоод эх үүсвэрээс авсан зээл;

3.1.9.гадаад болон дотоодын эх үүсвэрээс олгосон хандив, тусламж;

3.1.10.орон нутгийн бүх төрлийн сан;

3.1.11.хуульд заасны дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулсан хороо, комисс, зөвлөл.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцаанд энэ хуулийг мөрдөх ба бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуульд заасныг дагаж мөрдөнө.

3.3.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан албан тушаалтанд энэ хууль хамаарахгүй.

3.4.Хүүхэд хамгааллын санхүүжилтийн эх үүсвэрийг батлахад энэ хууль хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

4 дүгээр зүйл.Хэмнэлтийн горим хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

Хэвлэх

4.1.Хэмнэлтийн горим хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

4.1.1.энгийн хялбар, чанга хатуу байх;

4.1.2.хүлээн зөвшөөрөгдөхүйц байх;

4.1.3.үр ашигтай байх;

4.1.4.хүрсэн түвшнээс бууруулахгүй байх;

4.1.5.ил тод байх;

4.1.6.сахилга баттай байх;

4.1.7.бодитой байх;

4.1.8.өөрчлөлт, шинэчлэлийг дэмжих;

4.1.9.хариуцлагатай байх;

4.1.10.тасралтгүй байх.

4.2.Энэ хуулийн 4.1-д заасан зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:

4.2.1.зардал бууруулахад чиглэсэн арга хэмжээг энгийн ойлгомжтой, тууштай, өндөр сахилга баттайгаар зохион байгуулах;

4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх;

4.2.3.хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, арга хэмжээ нь хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр дүнг хангахад чиглэсэн байх;

4.2.4.хэмнэлтийн горим баримталж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дагавар нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх;

4.2.5.төрийн нууцад хамаарахаас бусад үйл ажиллагааны төсвийн зориулалт, зарцуулалт, өмч хөрөнгө, нөөцийн мэдээлэл олон нийтэд ил тод байж, хяналт шалгалт хийх байдлыг хүлээн зөвшөөрөх;

4.2.6.үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй хандив, тусламжийн шинжтэй зарлага, санхүүжилт гаргахгүй байх;

4.2.7.аливаа үйл ажиллагааны зохион байгуулалт нь өртөг зардлын бодит тооцоолол, баталсан стандарт, хэрэгцээ, шаардлагад үндэслэгдсэн байх;

4.2.8.цахимжуулалт болон инновацыг дэмжих замаар үрэлгэн байдлын эсрэг саад тотгорыг арилгах;

4.2.9.энэ хуулийн үйлчлэлд хамаарах хуулийн этгээд, албан тушаалтан үйлдэл, эс үйлдэхүйн улмаас улсад учруулсан хохирол, зөрчлийн хариуцлагаа бүрэн хүлээдэг байх;

4.2.10.төрийн үйл ажиллагаа, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ХАНГАМЖ, ЗАРИМ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯЗГААРЛАЛТ

5 дугаар зүйл.Тэргүүн дэд, дэд, орлогч дарга

Хэвлэх

5.1.Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн болон орон нутгийн өмчийн их сургууль, төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглоно.

/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.2.Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно.

5.3.Засгийн газрын агентлагийн дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны этгээд ажиллуулахыг хориглоно.

5.4.Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно.

6 дугаар зүйл.Тээврийн хэрэгсэл

Хэвлэх

6.1.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно.

6.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, сум, баг, нийслэл, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.3.Энэ хуулийн 3.1-д заасан этгээд орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн автотээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно.

6.4.Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн хэрэгсэлд бусад автотээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ.

6.5.Дараах байгууллага, үйлчилгээнд энэ хуулийн 6.3 дахь хэсэг хамаарахгүй:

6.5.1.эмнэлгийн тусламж үйлчилгээ;

6.5.2.гамшгаас хамгаалах алба;

6.5.3.цагдаагийн алба;

6.5.4.байгаль орчныг хамгаалах алба;

6.5.5.зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг;

6.5.6.тагнуулын болон төрийн тусгай хамгаалалтын алба;

6.5.7.гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх алба;

6.5.8.дипломат алба;

6.5.9.шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба;

6.5.10.хот тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээ;

6.5.11.хилийн боомтын захиргаа, гаалийн алба;

6.5.12.шүүх, прокурорын байгууллага;

6.5.13.авлигатай тэмцэх байгууллага;

6.5.14.мал эмнэлгийн байгууллага;

6.5.15.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх байгууллага;

/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.5.16.татварын алба;

6.5.17.шүүх шинжилгээний алба;

6.5.18.Хүний эрхийн Үндэсний Комисс;

6.5.19.үндсэн үйл ажиллагаа нь төрийн ёслолын болон шуурхай албаны, тусгай зориулалтын автотээврийн хэрэгсэл ашиглах хэрэгцээ, шаардлагыг бий болгодог бусад байгууллага.

/Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.5.20.хүүхэд хамгааллын байгууллага.

/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

  6.5.21.нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн болон аймгийн Засаг даргын тамгын газар, тэдгээрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сумын Засаг даргын тамгын газар;

/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.5.22.төрийн аудитын дээд болон харьяа орон нутгийн байгууллага.

/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

7 дугаар зүйл.Албан тасалгаа

Хэвлэх

7.1.Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болон бусад шалтгаанаар ашиглах боломжгүй болохыг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гарснаас бусад тохиолдолд захиргааны зориулалтаар барилга шинээр барихыг хориглоно.

7.2.Энэ хуулийн 7.1 дэх хэсэг нь хот төлөвлөлтийн арга хэмжээнд хамаарахгүй.

7.3.Төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга, хэрэгслийн нийтлэг жишгийг Засгийн газар батална.

8 дугаар зүйл.Дүрэмт хувцас

Хэвлэх

8.1.Цэргийн алба хаагч, прокурор, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч, гаалийн улсын байцаагчаас бусад албан хаагч төсвийн болон байгууллагын хөрөнгөөр дүрэмт хувцас худалдан авахыг хориглоно.

8.2.Энэ хуулийн 8.1-д Үндсэн хуулийн цэцийн гишүүний болон шүүгчийн өмсгөл, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудын хуульд заасан тусгай хувцас болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15.1-д заасан тусгай хувцас хамаарахгүй.

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Тайлбар: Энэ зүйлд заасан "цэргийн алба хаагч" гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээ, авлигатай тэмцэх, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг ойлгоно.

9 дүгээр зүйл.Албан томилолт

Хэвлэх

9.1.Энэ хуулийн 3.1-д заасан этгээд агаарын тээврийн хэрэгслээр албан томилолтоор энгийн зэрэглэлээс бусад суудлаар төсвийн болон байгууллагын хөрөнгөөр зорчихыг хориглоно.

9.2.Энэ хуулийн 3.1-д заасан этгээд нэн тэргүүнд үндэсний агаарын тээвэрлэгчийг сонгож үйлчлүүлнэ.

9.3.Албан томилолтоор ажиллаж байгаа албан хаагчийн тээврийн хэрэгсэл, байр, хоолны зардлыг албан томилолтоор ажиллуулсан байгууллага төсөвлөж олгосон тохиолдолд энэ хуулийн 3.1-д заасан байгууллага, албан тушаалтнаар төлүүлэхийг хориглоно.

10 дугаар зүйл.Цалин хөлс, нэмэгдэл

Хэвлэх

10.1.Үйл ажиллагааны чиглэл, ашигт ажиллагааны түвшнийг харгалзан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, бусад албан хаагчид олгох цалин хөлсний нийтлэг жишгийг төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд Засгийн газар, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

11 дүгээр зүйл.Нэг удаагийн мөнгөн тэтгэмж

Хэвлэх

11.1.Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй.

12 дугаар зүйл.Бусад хангамж

Хэвлэх

12.1.Энэ хуулийн 3.1-д заасан этгээдэд дараах зориулалтаар зардал санхүүжүүлэх, зарцуулахыг хориглоно:

12.1.1.үндсэн үйл ажиллагаа нь шуурхай албаны болон бэлэн байдлыг хангах чиг үүрэгтэй этгээдийн албаны гар утасны зардлаас бусад гар утасны зардал;

/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.1.2.ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт, эсхүл өөрийн болон эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардал;

/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

12.1.3.хэвлэлийн захиалгын төлбөр;

12.1.4.хуулиар зөвшөөрөөгүй бусад.

12.2.Энэ хуулийн 12.1.3-т номын сан болон байгууллагын үндсэн үйл ажиллагаатай шууд холбоотой мэргэжлийн төрөлжсөн хэвлэл захиалга хамаарахгүй.

/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

13 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ

Хэвлэх

13.1.Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулахад дараах журмыг баримтална:

13.1.1.батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах;

13.1.2.энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох;

13.1.3.хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон хэмнэлтийг зарцуулахгүй байх;

13.1.4.төсөл, арга хэмжээ төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжих боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд гэрээ байгуулах шийдвэр гаргахгүй байх;

13.1.5.хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хуулиар батлагдсанаас хойш түүний төсөвт өртөг нэмэгдүүлэх үр дагавар бүхий нэмэлт шаардлагыг зохиогч, ашиглагч, захиалагчийн хяналт тавих этгээд гаргахгүй байх;

13.1.6.улсын болон орон нутгийн төсвийн эх үүсвэрээр барьж ашиглалтад оруулсан барилга байгууламжийн ашиглалтын хугацааны норм дуусахаас өмнө ижил төрлийн барилга байгууламж дахин шинээр барих төслийн санал гаргахгүй байх;

13.1.7.хөдөө аж ахуй, хүнс, импортыг орлох хөрөнгө оруулалтыг нэн тэргүүнд эрэмбэлэх.

13.2.Энэ хуулийн 13.1.6-д гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлс тохиолдсоны улмаас барилга байгууламж шинээр барих тохиолдол хамаарахгүй.

13.3.Улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний жагсаалтад дараах зүйлсийг тусгахыг хориглоно:

13.3.1.хөшөө, дурсгал, орон нутгийн угтах, үдэх хаалга барьж байгуулах;

13.3.2.хувийн өмчид шилжих, улсын болон орон нутгийн өмчид бүртгэх боломжгүй, нийтийн зориулалттай бус ашиг олох зорилготой төсөл, арга хэмжээ;

13.3.3.техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөл олгогдоогүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ.

13.4.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад дараах зүйлсийг тусгахыг хориглоно:

13.4.1.орон нутгийн нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, хаягжуулалт, гэрэлтүүлэг, тохижилт;

13.4.2.орон нутгийн хог хаягдлын асуудал;

13.4.3.орон нутгийн авто замын засвар хийх;

13.4.4.багийн төв, хорооны засаг захиргааны зориулалттай барилга барих, тохижуулах, засварлах, тоног төхөөрөмж худалдан авах;

13.4.5.айл, өрхийн ариун цэврийн байгууламж, гудамжны тохижилт;

13.4.6.нийтийн эзэмшлийн байр, орон сууцны засвар, шинэчлэл.

13.5.Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр зөвхөн орон нутгийн иргэдийн санал авсан, хуульд заасны дагуу зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийгдсэн, хуульд заасан холбогдох зөвшөөрөл олгогдсон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ.

13.6.Иргэдээс санал авч дэмжигдсэн тохиолдолд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих болон иргэдэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд тоног төхөөрөмжийн болон арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлж болно.

13.7.Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь нэг жилээс илүү хугацаанд үргэлжлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг Засгийн газарт танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.

14 дүгээр зүйл.Цахим худалдан авалт

Хэвлэх

14.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан захиалагч нь тухайн жилд худалдан авах 10 сая төгрөгөөс дээш өртөг бүхий бараа, үйлчилгээний жагсаалтыг цахим дэлгүүрт байршуулах хүсэлтийг өмнөх онд худалдан авсан тоо хэмжээ, нэгж үнийн хамт төрийн худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

14.2.Худалдан авах бараа, үйлчилгээний төрөл нэмэгдэх тохиолдолд энэ хуулийн 14.1-д зааснаар хүсэлтийг тухай бүр хүргүүлнэ.

14.3.Төрийн худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь ирүүлсэн хүсэлтэд үндэслэн холбогдох бараа, үйлчилгээг цахим дэлгүүрт оруулах арга хэмжээг тухай бүр хийж гүйцэтгэнэ.

14.4.Цахим дэлгүүрт байршсан бараа, үйлчилгээг бусад этгээдээс худалдан авахыг хориглоно.

14.5.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулах худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг цахимаар зарлана.

15 дугаар зүйл.Хэмнэлтийн бусад арга хэмжээ

Хэвлэх

15.1.Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно:

15.1.1.Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэргүйгээр шинээр хараат болон охин компани байгуулах;

15.1.2.чиг үүрэг, орон тоог давхардуулан тогтоох;

15.1.3.хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох;

15.1.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газрын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал киноны уран бүтээл зэргийг санхүүжүүлэх;

15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авах;

15.1.6.нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөх;

15.1.7.байгууллагын төсвөөр согтууруулах ундаа худалдан авах.

15.2.Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд дараах арга хэмжээг авч ажиллана:

15.2.1.байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэглээг хэмнэх;

15.2.2.нэгдсэн халаалтын системд холбогдсон барилга байгууламжийг хэмнэлтийн горимд тохируулах, тоолуур ашиглах;

15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх;

/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

15.2.4.бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийг байгууллагын дотоод сүлжээнд цахим хэлбэрт шилжүүлэх зэргээр бичгийн цаас, хувилагч, хэвлэгчийн хорны зардлыг хэмнэх;

15.2.5.хуваарьт болон хугацаа хэтэрсэн өр төлбөрийг жилийн төсөвтөө бүрэн тусгаж өр төлбөр барагдуулах төлөвлөгөө, хуваарь баталж хэрэгжүүлэх;

15.2.6.байгууллагын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, цалин хөлсийг орлого, гүйцэтгэл, үр дүн, үр ашигтай нь уялдуулан олгох.

15.3.Энэ хуулийн 15.1.4 -т заасан арга хэмжээ нь байгууллагын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай шууд холбоотой бол тэдгээр арга хэмжээг хэмнэлтийн горимд хамааруулахгүй.

/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.4.Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх захирлын хооронд байгуулах гэрээ нь нэг жилийн хугацаатай байна. Гэрээнд заасан санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт бүрэн хангагдсан тохиолдолд гүйцэтгэх захирлын гэрээг үндсэн гэрээний хугацаагаар сунгаж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГААС АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

16 дугаар зүйл.Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

16.1.Монгол Улсын Их Хурал төсвийн хэмнэлтийн талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

16.1.1.эдийн засгийн хүндрэл, нийтийг хамарсан цар тахал болон цаг үеийн бусад байдалтай холбогдуулан төсвийн хэмнэлтийг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх;

16.1.2.тухайн жилийн төсөв хэлэлцэн батлахтай холбогдуулан төсөвт тодорхой чиглэлээр хэмнэлт хийх талаар Засгийн газарт чиглэл өгөх;

16.1.3.төсвийн хэмнэлтийн чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд тогтмол хяналт тавих;

16.1.4.техник, эдийн засгийн үндэслэл хийгдээгүй, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөл олгогдоогүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг батлахгүй байх;

16.1.5.энэ хуулийн 13.3, 13.4-т заасан төсөл, арга хэмжээг тухайн жилийн төсөвт тусган батлахгүй байх;

16.1.6.хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох санхүүжилт нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваасан хэмжээнээс багагүй байхаар батлах.

17 дугаар зүйл.Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

17.1.Засгийн газар хэмнэлтийн талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

17.1.1.чиг үүргийн давхардалтай, эсхүл чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр удирдлагын зардлыг хэмнэх;

17.1.2.төр, олон нийтэд үзүүлж байгаа үйлчилгээний орлогоор өөрийгөө санхүүжүүлэх боломжтой төсөвт байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулах, тухайн чиг үүргийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх;

17.1.3.төрийн зарим нийтлэг үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх;

17.1.4.төрийн байгууллагын орон тоо, цалин хөлсний төлөвлөлт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох;

17.1.5.хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох санхүүжилт нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар төлөвлөх.

17.2.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэхтэй холбогдсон нийтлэг журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

18 дугаар зүйл.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Хэвлэх

18.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэмнэлтийн талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

18.1.1.хэмнэлтийн арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар санал боловсруулж, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх;

18.1.2.төсвийн байгууллагын зардал, арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлэн төсвийн сар, улирлын хуваарьт зохицуулалт хийж санхүүжүүлэх;

18.1.3.хэмнэлтийн горимыг чанд мөрдөх үйл ажиллагааны төлөвлөлт, уялдаа холбоо, зохицуулалтыг удирдлагаар хангах, энэ талаар тухайн жилийн төсөв боловсруулах удирдамжид тусгаж, төсвийн ерөнхийлөн захирагчдад хүргүүлэх;

18.1.4.хуульд зардлын хэмжээ, тариф батлах талаар тусгайлан эрх олгогдоогүй салбарын үйлчилгээ, арга хэмжээний зардлын стандарт нормативыг холбогдох салбарын төсвийн ерөнхийлөн захирагчтай зөвшилцсөний үндсэн дээр хамтран батлах;

18.1.5.хэмнэлтийн ач холбогдлыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг арга зүй, удирдлагаар хангах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ХЯНАЛТ, ТАЙЛАГНАЛТ, ИЛ ТОД БАЙДАЛ

19 дүгээр зүйл.Хяналт

Хэвлэх

19.1.Энэ хуулийн хэрэгжилтэд төрийн аудитын байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллана.

/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

19.2.Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан энэ хуульд заасан хангамж, үйл ажиллагааны хязгаарлалтыг чанд мөрдөх ажилд хяналт тавьж, удирдах ажлыг хэрэгжүүлнэ.

20 дугаар зүйл.Тайлагналт, ил тод байдал

Хэвлэх

20.1.Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан хуулийн этгээд санхүүгийн тайланг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нээлттэй хувьцаат компанид тавигддаг шаардлагын дагуу бэлтгэж эрх бүхий этгээдэд тайлагнах бөгөөд аудитын дүгнэлттэй хамт олон нийт танилцах боломжтой хэлбэрээр байгууллагын цахим хуудсанд ил тод, нээлттэй байршуулна.

20.2.Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн, гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгон шалгаруулах бөгөөд тэдгээрийн ажлын байранд тавих шаардлага, сонгон шалгаруулалтад оролцсон этгээд, сонгон шалгаруулалтын үнэлгээний тайлан, томилсон шийдвэрийг олон нийт танилцах боломжтой хэлбэрээр байгууллагын цахим хуудсанд ил тод, нээлттэй байршуулна.

20.3.Энэ хуулийн 15.4-т заасан гүйцэтгэх захирлын гэрээ, ажлын гүйцэтгэлийг хэмжих санхүүгийн болон үйл ажиллагааны шалгуур үзүүлэлт, гүйцэтгэх захирлын гэрээний биелэлтийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, гэрээг сунгах эсэх шийдвэрийг олон нийт танилцах боломжтой хэлбэрээр байгууллагын цахим хуудсанд ил тод, нээлттэй байршуулна.

20.4.Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан хуулийн этгээдийн тухайн жилд төлсөн бүх төрлийн албан татвар, төлбөр, хураамж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мэдээлэл, төрийн эрх бүхий байгууллагаас тухайн хуулийн этгээдэд ногдуулсан аливаа акт, албан шаардлага, зөрчлийн хэрэг, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг олон нийт танилцах боломжтой хэлбэрээр байгууллагын цахим хуудсанд ил тод, нээлттэй байршуулна.

20.5.Энэ хуулийн 3.1-д заасан этгээд Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллийг хугацаанд нь байршуулна.

21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

21.1.Төсвийн захирагч, энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.2.Хууль зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

22 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

22.1.Энэ хуулийн 13.1.1, 13.1.2 дахь заалтыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.2.Энэ хуулийн 13.3, 13.4 дэх хэсэг улсын болон орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн 2023 оны төсвийн жилээс эхлэн шинээр тусгах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд хамаарна.

22.3.Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР