A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

AЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/15 дугаар зүйлийн 15.3, 15.4 дэх хэсэг:

"15.3.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй aлбан татвар төлөгч нийслэл хотод байрлалтай үйлдвэр, эсхүл агуулахаа Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад нийслэлийн хилийн цэсээс нүүлгэсэн тохиолдолд тухайн нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарсан энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зардлыг 50 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.

15.4.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад нийслэл хотын хилийн цэсээс гадна үндсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь үйл ажиллагааг явуулж байгаа тухайн орон нутагт бүртгэлтэй, тухайн орон нутгийн татварын албанд бүртгэгдсэн албан татвар төлөгч ажил хайгч иргэнийг хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног шинээр ажиллуулсан бол тухайн хугацаанд хамаарах цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос нэг удаа хасаж тооцно."

2/17 дугаар зүйлийн 17.16 дахь хэсэг:

"17.16.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй албан татвар төлөгч 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийслэл хотын Багануур, Багахангай, Налайх дүүрэг болон бусад аймаг, суманд шинээр бий болгосон энэ хуулийн 17.1 дэх хэсгийн 1-д заасан хөрөнгөд өөрийн сонголтоор 15 жилийн хугацаанд шулуун шугамын аргаар элэгдэл тооцож болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгөд элэгдэл тооцож эхлэхээс өмнө харьяалах татварын албанд мэдэгдсэн байна."

3/22 дугаар зүйлийн 22.5.11 дэх заалт:

"22.5.11.албан татвар төлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх дулаан, цахилгаан үйлдвэрлэх төслийн үндсэн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 3 жил 90 хувь, дараагийн 3 жил 50 хувиар хөнгөлнө."

4/26 дугаар зүйлийн 26.15 дахь хэсэг:

"26.15.Энэ хуулийн 22.5.11-д заасан хөнгөлөлтийг эдлэх аж ахуйн нэгж нь тухайн төсөлд хамаарах орлого, хасагдах зардал, алдагдал, хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг татварын тооцоог хийж, тухайн төслийн татварын тайланг тусдаа гаргаж тайлагнана."

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР