- Нүүр
- Монгол Улсын хууль
- ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 04 сарын 29 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5, 6, 7 дахь хэсэг нэмсүгэй:
"5.Аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт энэ хуульд заасны дагуу нээлттэй хувьцаат компани болсон төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.
6.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.5-д заасан улс төрд нөлөө бүхий этгээд, түүний хамаарал бүхий этгээд биржээр арилжаалах төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг эзэмшихийг хориглоно.
7.Энэ хуулийн 56 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан шалгуурыг мөрдүүлэх, хяналт тавихтай холбогдсон журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална."
2 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл," гэсний дараа "төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл," гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын "хувьчлагдах үйлдвэрийн газрын" гэснийг "хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах хуулийн этгээдийн" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
