A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 16 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

 

ТӨРИЙН ӨМЧИТ БАНКНЫ ХУВЬЦААГ 2022-2023 ОНД БИРЖЭЭР ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ХУДАЛДАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ    

   

Нэг.Үндсэн чиглэлийн зорилго  

1.1.Төрийн өмчит банкны хувьцааг олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх үндсэн чиглэл /цаашид "Үндсэн чиглэл" гэх/-ийн  зорилго нь Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн өмчит банкийг нэмж хувьцаа гарган биржээр нээлттэй арилжаалах замаар олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангахад оршино. 

 

Хоёр.Хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдахад баримтлах үндсэн зарчим

 

2.1.Төрийн өмчит банкны хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах бодлогыг хэрэгжүүлэхдээ дараах үндсэн зарчмыг баримтална:     

 

2.1.1.төрийн өмчит банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох замаар ил тод байдлыг хангаж, санхүүгийн сахилга батыг сайжруулж, олон нийтийн хяналтад оруулах;

 

2.1.2.банкны үйл ажиллагааны тасралтгүй, хэвийн байдлыг хангаж харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хууль ёсны эрх ашгийг бүрэн хамгаалах;     

   

2.1.3.зах зээл дэх төрийн оролцоог багасгаж, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих;

 

2.1.4.төрийн өмчит банкны хувьцааг биржээр худалдах үйл ажиллагааг хууль, эрх зүйн хүрээнд ил тод, нээлттэй хэрэгжүүлэх.

 

Гурав.Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга, хэлбэр

3.1.Үндсэн чиглэлийг дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ:     

3.1.1.Засгийн газар Монголбанктай хамтран төрийн өмчит банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, үр дүнг Монгол Улсын Их Хуралд тайлагнах;

 

3.1.2.төрийн өмчит банкны хэлбэрийг өөрчлөх  үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд ил тод, нээлттэй зохион байгуулах ажлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэж, төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад холбогдох мэдээллийг хүргүүлэх;     

 

3.1.3.төрийн өмчит банкны нийгэм, эдийн засагт эзэлж байгаа байр суурь, түүний үйл ажиллагаанд тохируулан нэмж хувьцаа гаргах замаар хэрэгжүүлэх;     

3.1.4.төрийн өмчит банкийг олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэхдээ хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалж, тухайн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх;     

 

3.1.5.олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх банкны зах зээлийн үнэлгээг нарийвчлан тогтоосны үндсэн дээр хэрэгжүүлэх;  

 

3.1.6.төрийн өмчит банкны нэмж гаргасан  хувьцааны орлогыг тухайн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд ашиглах.   

  

3.2.Үндсэн чиглэлийн 3.1.5-д заасан үнэлгээний зардлыг тухайн банк санхүүжүүлнэ. 

 

Дөрөв.Энгийн хувьцаа нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит банк

 

4.1.Олон нийтэд нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлэх төрийн өмчит  банк нь "Төрийн банк" хязгаарлагдмал хариуцлагатай компани байна.

 

4.2.Төрийн өмчит банкны нийт хувьцааны төрийн эзэмшил нь 80 хувиас доошгүй байх бөгөөд нийт хувьцааны  20 хүртэлх хувийг үе шаттайгаар олон нийтэд нээлттэй арилжаална.

 

---о0о---