- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар А/116
Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.10 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Хууль зүйн сайдын 2015 оны 10 сарын 26-ны өдрийн А/245 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-д дараах 1.4, 1,5, 1.6, 4.3 дахь заалтыг тус тус нэмсүгэй:
"1.4.Сум дахин цэнэглэх, үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр зөвхөн хуулийн этгээдэд олгоно.
1.5.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдах төвийн эрхийг Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдан борлуулагчтай хамаарал бүхий этгээдэд олгохыг хориглоно.
1.6.Энэ журмын 1.5-д заасан "хамаарал бүхий этгээд" гэдгийг эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгоно.
4.3.Сум дахин цэнэглэх, үйлдвэрлэх сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээд нь дараах тусгай шаардлагыг хангасан байна:
4.3.1.үйлдвэрлэх бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт, тодорхойлолт нь олон улсын стандарт нийцсэн байх;
4.3.2.түүхий эд нь чанар, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангасан байх;
4.3.3.сумны чанар шалгах буудлагын байр, гадна талбайтай байх;
4.3.4.эрсдэлийн үнэлгээ, хяналт тавих үйл ажиллагааны заавар, журамтай байх;
4.3.5. үйлдвэрийн барилгатай байх;
4.3.6.төсөл хэрэгжүүлэх эдийн засгийн боломжтойг нотолсон төслийн товч танилцуулга, макро болон микро орчны судалгаа, төслийн зорилго, зорилт, үйлдвэрлэлийн төлөвлөлт, үйлдвэрлэл явуулах техник технологийг ашиглахад шаардагдах мэргэжилтэн, боловсон хүчний төлөвлөлт, танилцуулга, маркетинг борлуулалтын болон санхүүгийн төлөвлөгөөтэй байх;
4.3.7.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх."
2.Хууль зүйн сайдын 2015 оны 10 сарын 26-ны өдрийн А/245 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын 1.1 дэх заалтыг "Энэхүү журмын зорилго нь иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах үйл ажиллагаа эрхлэх болон сум дахин цэнэглэх, үйлдвэрлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино." гэж өөрчлөн найруулсугай.
3.Хууль зүйн сайдын 2015 оны 10 сарын 26-ны өдрийн А/245 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын нэрийг "Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах болон сум дахин цэнэглэх, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам" гэж өөрчилсүгэй.
4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /П.Сайнзориг/, Комиссын дарга /Р.Отгонжаргал/ нарт даалгасугай.
5.Энэ тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙДХ.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
