- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНГААС САНХҮҮЖИЛТ ОЛГОХ БОЛОН БАНКАНД ТАВИХ ШАЛГУУР, БАНКИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, ЭРГЭН ТӨЛӨХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Засгийн газрын 2022 оны 132 дугаар
тогтоолын хавсралт
КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САНГААС САНХҮҮЖИЛТ ОЛГОХ
БОЛОН БАНКАНД ТАВИХ ШАЛГУУР, БАНКИЙГ СОНГОН
ШАЛГАРУУЛАХ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ,
ЭРГЭН ТӨЛӨХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг.Ерөнхий зүйл
1.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.9-д заасан кино бүтээх үйл ажиллагааг төрөөс дэмжих зориулалт бүхий Кино урлагийг дэмжих сан (цаашид "сан" гэх)-аас эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгох болон эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл олгох, зээл олгох банкийг сонгон шалгаруулах, зээлийг эргэн төлөх, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Сангийн хөрөнгийн санхүүжилт, зарцуулалт, түүнд хяналт тавих үйл ажиллагаанд Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Кино урлагийг дэмжих тухай хууль, Соёлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэ журмыг дагаж мөрдөнө.
1.3.Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.1-д заасан улсын төсвийн хөрөнгө, хандив, тусламж, тусгай сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого, зээлийн хүүгийн орлогын эх үүсвэрээс бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг Кино урлагийг дэмжих тухай хуулийн хуулийн 13.1, 13.2-т заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулна.
1.4.Сангаас дараахь тохиолдолд дэмжлэг үзүүлэхгүй:
1.4.1.төсөл, арга хэмжээ нь хүчирхийлэл, түрэмгийлэл, садар самуун, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг илт сурталчилсан;
1.4.2.сангаас өмнө нь санхүүгийн дэмжлэг авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
1.4.3.сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй;
1.4.4.сангаас олгосон санхүүжилтээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа;
1.4.5.зээл авах этгээд нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй;
1.4.6.төсөл, арга хэмжээ болон түүнийг хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрөөгүй;
1.4.7.Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийхэд зарцуулсан зардлын тодорхой хувийг буцаан авах талаар хүсэлт гаргасан, гэрчилгээ авсан, гэрээ байгуулсан;
1.4.8.сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон;
1.4.9.төсөл хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй.
1.5.Сангаас кино бүтээх төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхэд дараахь нөхцөлийг харгалзана:
1.5.1.монгол кино бүтээх төсөл, эсхүл Монгол Улсын кино продюсер нийт санхүүжилтийн 50-аас доошгүй хувийг нь санхүүжүүлэх хамтарсан кино бүтээх төсөл;
1.5.2.үргэлжлэх хугацаа нь 75 минутаас доошгүй байх уран сайхны болон анимейшн кино бүтээх;
1.5.3.үргэлжлэх хугацаа нь 60 минутаас доошгүй байх баримтат уран сайхны кино бүтээх.
Хоёр.Сангийн хөрөнгийн санхүүжилтийн
хувь, хэмжээ
2.1.Сангийн хөрөнгийг Кино урлагийг дэмжих тухай хуулийн 12.2.1 болон 12.2.2-т заасан санхүүжилтийн хэлбэрт тэнцүү хуваарилж дэмжлэг үзүүлнэ.
2.2.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 13.1-д заасан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх хувь, хэмжээг энэ журмын 2.1-д заасныг баримтлан дараахь байдлаар соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн жил бүр тогтооно:
2.2.1.кино бүтээх дор дурдсан төсөл, арга хэмжээ:
2.2.1.1.Монголын түүхийг харуулах олон ангит кино, уран сайхны кино, баримтат кино;
2.2.1.2.хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшилд эергээр нөлөөлөх олон ангит кино, уран сайхны кино, баримтат кино, анимейшн кино, эсхүл нийгмийн эрүүл мэнд, эрүүл, зөв амьдрах дадал зуршил хэвшүүлэхэд эергээр нөлөөлөх баримтат кино;
2.2.1.3.олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулах уран сайхны кино болон богино хэмжээний кино (Артхаус кино);
2.2.1.4.Монголын соёл, ахуй амьдралыг харуулах кино, эсхүл залуу кино найруулагчийн анхны болон хоёр дахь уран сайхны кино, богино хэмжээний кино;
2.2.2.монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэх;
2.2.3.олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах, төрөөс гадаадад монгол кино урлагийг сурталчлах, кино наадамд оролцох;
2.2.4.кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх.
2.3.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 13.2-т заасан дараахь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд олгох зээлийг сонгон шалгарсан арилжааны банкаар дамжуулан олгоно:
2.3.1.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 13.1.1-д зааснаас бусад кино бүтээх;
2.3.2.кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэх.
2.4.Энэ журмын 2.2.1-д заасан кино бүтээх төсөл, арга хэмжээнд дараахь үе шатанд дэмжлэг үзүүлнэ:
2.4.1.кино төсөл боловсруулах, хөгжүүлэх буюу кино зохиолын товч агуулга болон кино төслийн танилцуулгын дизайн, хэвлэл, кино зохиол бичих, кино төсөл боловсруулах сургалт болон кино төслийн олон улсын танилцуулах сургалт, хөтөлбөрт хамрагдах, хөтөлбөрт оролцох, кино зохиолын олон улсын зөвлөх ажиллуулах, кино зохиолын хэсэгчилсэн туршилтын зураг авалт хийх;
2.4.2.зураг авалт, эвлүүлэг, дуу, дүрсний найруулга хийх;
2.4.3.киног олон нийтэд хүргэх бэлтгэл ажлыг гүйцэтгэх буюу киног гадаадад гаргахтай холбоотой сурталчилгааны зардал, кинотеатрт түгээхэд тавигдах үндсэн форматад хувиргах (DCP).
Гурав.Сангийн удирдлага, зохион байгуулалт
3.1.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.5-д зааснаар соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцан удирдана.
3.2.Энэ журмын 2.2, 2.3-т заасан төсөл, арга хэмжээнд Сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилт болон эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.16.5-д заасны дагуу Кино урлагийн зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх)-ийн санал, дүгнэлтийг үндэслэн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана. Зөвлөлийн санал, дүгнэлт гаргах үйл ажиллагаанд гадаадын шинжээч, мэргэжилтнийг оролцуулж болно.
3.3.Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг Зөвлөлийн Ажлын алба хэрэгжүүлнэ.
3.4.Зөвлөл нь санхүүжилт болон зээл хүссэн төсөл, арга хэмжээний хүсэлтийг жилд 2-оос доошгүй удаа цахим хэлбэрээр хүлээн авна. Хүсэлт хүлээн авах товыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоох бөгөөд олон нийтэд зарлах ажлыг Зөвлөл зохион байгуулна. Тухайн төсвийн жилд санхүүжилт болон зээл олгох төсөл, арга хэмжээний хүсэлт хүлээн авах эхний зарыг төсөв батлагдсанаас хойш ажлын 20 хоногийн дотор зарлах арга хэмжээ авна.
3.5.Энэ журмын 3.4-т заасан соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон хугацаанд техникийн саатал гарч, хүсэлт хүлээн авах боломжгүй болсон тохиолдолд хүсэлт хүлээн авах хугацааг техникийн сааталтай байсан хугацаагаар хойшлуулна.
3.6.Зөвлөл санхүүжилт болон зээл хүссэн төсөл, арга хэмжээний хүсэлтийг эрсдэлийн үнэлгээний арга, аргачлалд суурилан үнэлэх зарчмыг баримтлах бөгөөд уг арга, аргачлалыг Зөвлөл батална.
3.7.Зөвлөлийн дарга, гишүүн хуралдааны шийдвэрээс бусад зөвлөлдсөн асуудлын талаарх мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
3.8.Зөвлөл сангаас дэмжлэг олгохыг хүссэн хүсэлт хүлээн авах, бүртгэхтэй холбоотой маягт, загвар, зааврыг баталж, цахим хуудсанд байршуулна.
Дөрөв.Сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилт
авах төсөл, арга хэмжээний хүсэлт гаргах,
бүрдүүлэх материал
4.1.Сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгох санхүүжилтийг Кино урлагийг дэмжих тухай хуулийн 13.1.1-13.1.4-т заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд олгоно.
4.2.Энэ журмын 4.1-д заасан дэмжлэг авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд дор дурдсанаас гадна хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээсээ хамаарч мөн журмын 4.3-4.6-д заасан баримт бичиг, материалыг бүрдүүлэн журмын 3.4-т заасан хугацаанд Зөвлөлд хүсэлтээ гаргана:
4.2.1.өргөдөл (төсөл, арга хэмжээний товч агуулга, ач холбогдлыг тусгасан байх);
4.2.2.иргэн, хуулийн этгээдийн нэр, албан ёсны хаяг, иргэний регистрийн дугаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
4.2.3.үйл ажиллагаа явуулж буй хаяг, байршил;
4.2.4.хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн хуваарь, түүнээс өөрийн оруулах хөрөнгийн хэмжээг нотолсон, эсхүл банкны холбогдох баримт болон сангаас хүссэн санхүүжилтийн хэмжээ;
4.2.5.одоо эрхэлж байгаа үйл ажиллагаа, бизнесийн талаарх мэдээлэл;
4.2.6.төсөл, арга хэмжээний үйл ажиллагааны хуваарь, төслийн багийн мэдээлэл.
4.3.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 13.1.1-д заасан киног бүтээхэд санхүүжилт авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд энэ журмын 4.2-т зааснаас гадна дараахь баримт бичиг, материалыг бүрдүүлнэ:
4.3.1.кино төслийн үзэл баримтлал, зохиолын хураангуй хувилбар, кино бүтээх төслийн хураангуй танилцуулга;
4.3.2.кино продюсер, найруулагчийн ур чадвар, туршлага, уран бүтээлийн амжилтын мэдээлэл;
4.3.3.санхүүгийн тооцоо (кино төсөл боловсруулах, зураг авалт хийх, эвлүүлэг, дуу, дүрсний найруулга хийх, кино түгээх эхний үзвэрийн хуулбарыг үйлдвэрлэх болон бусад материалтай холбоотой зардал), санхүүжилт бүрдүүлэх төлөвлөгөө, багийн танилцуулга, төслийг хэрэгжүүлснээр гарах үр дүн;
4.3.4.оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбогдох баримт бичиг, гэрээ.
4.4.Монгол киног хадгалах, сэргээн хөрвүүлэхэд санхүүжилт авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд энэ журмын 4.2-т зааснаас гадна тухайн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч талуудын ажлын туршлага, мэргэжлийн ур чадвар, санхүүгийн тооцоолол, үр дүн, оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой баримт бичиг, материалыг бүрдүүлнэ.
4.5.Олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад санхүүжилт авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд энэ журмын 4.2-т зааснаас гадна төсөл, арга хэмжээнээс хамаарч дараахь баримт бичиг, материалыг бүрдүүлнэ:
4.5.1.кино наадамд оролцохыг нотолсон баримт бичиг (урилга, оролцох наадмын нэр, бүртгэлийн дугаар, оролцогч орон, оролцох уран бүтээлийн танилцуулга болон бүтээлийг гадаад хэл рүү хөврүүлсэн хувь бэлтгэх, зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдийн туршлагын мэдээлэл), зардлын тооцоо, үр дүнг багтаасан төслийн баримт бичиг;
4.5.2.олон улсын кино наадам зохион байгуулах туршлага, зохион байгуулж байсан наадмын талаарх мэдээлэл;
4.5.3.кино наадам зохион байгуулах зардлын тооцоо, үр дүн, оролцогч тал, хамтран ажиллах байгууллагын мэдээлэл зэргийг багтаасан төслийн баримт бичиг.
4.6.Кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад санхүүжилт авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд энэ журмын 4.2-т зааснаас гадна төсөл, арга хэмжээнээс хамаарч дараахь баримт бичиг, материалыг бүрдүүлнэ:
4.6.1.суралцах сургууль, мэргэжил, мэргэшил дээшлүүлэх байгууллагын танилцуулга, сургалтын төлөвлөгөө, санхүүгийн тооцоолол, гадаад хэлний мэдлэгийн түвшнийг тодорхойлох баримт зэргийг багтаасан баримт бичиг, холбогдох материал;
4.6.2.зохион байгуулах арга хэмжээ, сургалт, форум, семинарын хөтөлбөр, зохион байгуулагч, багшлах этгээдийн туршлагын мэдээлэл, сургалт, арга хэмжээнд оролцогчийн мэдээлэл, санхүүгийн тооцоолол, хүрэх үр дүн болон бусад холбогдох мэдээллийг багтаасан төслийн баримт бичиг;
4.6.3.гадаадын мэргэжилтэн урьж ажиллуулах, туршлага судлах зорилгоор төсөл хэрэгжүүлэх бол тухайн төслийг хэрэгжүүлэгч талуудын харьяалагдах байгууллагын мэдээлэл, мэргэжилтний мэргэжлийн туршлага болон Монгол Улсад хийх ажлын төлөвлөгөө, төсөл хэрэгжүүлснээр гарах үр дүн зэргийг багтаасан төслийн баримт бичиг;
4.6.4.сургуульд элсэх болзол хангасан, эсхүл суралцаж байгааг нотолсон баримт бичиг.
4.7.Энэ журмын 4.2-т заасан иргэн, хуулийн этгээд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнийхээ нийт санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг хүсэлт гаргах үедээ шийдвэрлэсэн байна.
4.8.Энэ журмын 4.2-т заасан иргэн, хуулийн этгээд хүсэлтдээ хавсаргах гадаад хэл дээрх эх баримт бичгийг орчуулгын хамт ирүүлнэ. Баримт бичиг, материалын үнэн зөв байдлыг хүсэлт гаргагч бүрэн хариуцах ба шалгаруулалтын явцад шаардлагатай бусад баримт бичгийг нэмэлтээр бүрдүүлэх боломжтой байна.
4.9.Нэг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүжилт олгохыг хүссэн хүсэлтийг гурваас дээш удаа мэдүүлэхгүй.
4.10.Төсөл, арга хэмжээ нь хүсэлтэд заасан хугацаандаа хэрэгжих боломжтой байхаас гадна сангаас авах санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зарцуулахаар төлөвлөсөн байна.
Тав.Эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгох төсөл,
арга хэмжээг үнэлэх, сонгон шалгаруулах
5.1.Зөвлөл санхүүжилт хүссэн төсөл, арга хэмжээний хүсэлт хүлээн авах хугацаа дууссанаас хойш 45 хоногт багтаан хуралдаж хүсэлтийг хэлэлцэн төсөл, арга хэмжээг үнэлэн сонгон шалгаруулж, санал, дүгнэлт гаргаж соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
5.2.Зөвлөл санхүүжилтийн дэмжлэгийн хэмжээг дараахь байдлаар тооцож, дүгнэлт гаргана:
5.2.1.залуу кино найруулагч анхны болон хоёр дахь уран сайхны кино, уран сайхны богино хэмжээний кино бүтээхэд нь нийт санхүүжилтийн 80 хүртэлх хувийн;
5.2.2.энэ журмын 5.2.1-д зааснаас бусад кино бүтээхэд нийт санхүүжилтийн 70 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлэх ба хамтарсан кино бүтээхэд Монгол Улсын кино продюсерийн санхүүжүүлэх зардлын 30 хүртэлх хувийн, найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулсан кино (артхаус кино) хамтран бүтээх бол Монголын Улсын кино продюсерийн санхүүжүүлэх зардлын 50 хүртэлх хувийн;
5.2.3.олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киногоор оролцох, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулах, монгол кино хадгалах, сэргээн хөрвүүлэх, кино урлагийн уран бүтээлч, ажилтныг хөгжүүлэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад 80 хүртэлх хувийн.
5.3.Зөвлөл нь санхүүжилт хүссэн кино бүтээх төсөл, арга хэмжээг бодитой, хэрэгжих боломжтой, үр дүнтэй гэж тооцсон бол киноны бүтэн зохиолтой танилцах, шаардлагатай тохиолдолд нэмэлт тодруулга авах болон хүсэлт гаргагч этгээдтэй ярилцлага зохион байгуулж болно. Найруулагчийн хувийн бүтээлч чанар, гоо зүйн үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулсан кино (артхаус кино) болон шаардлагатай бусад кино төсөлд гадаадын болон дотоодын зөвлөх, шинжээч ажиллуулж болно.
Зургаа.Эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгох
гэрээ байгуулах, санхүүжилт олгох
6.1.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 5.1-д заасан санал, дүгнэлтийг үндэслэн эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгох шийдвэрийг гаргана.
6.2.Зөвлөл энэ журмын 6.1-д заасан шийдвэрийг үндэслэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулна.
6.3.Энэ журмын 6.2-т заасан гэрээнд дараахь зүйлсийг тусгана:
6.3.1.үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан ирүүлэх хугацаа;
6.3.2.төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх болон санхүүжүүлэх хуваарь, олгосон санхүүжилтийг зарцуулах үйл ажиллагаа, арга хэмжээ;
6.3.3.төсөл, арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнгийн шалгуур үзүүлэлт, биелэлт, гүйцэтгэлийн тайлан ирүүлэх хугацаа;
6.3.4.төсөл, арга хэмжээний хэрэгжих явцын хяналтын хуваарь;
6.3.5.гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах нөхцөл, гэрээг зөрчсөнөөс үүсэх хариуцлага, олгосон санхүүжилтийг нөхөн төлүүлэх болон хохирол арилгуулах нөхцөл.
6.4.Зөвлөл энэ журмын 6.1-д заасан санхүүжилтийг 6.2-т заасан гэрээний дагуу олгоно.
Долоо.Эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл
7.1.Сангаас эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээлийг Кино урлагийг дэмжих тухай хуулийн 13.2.1-13.2.2-т заасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд олгоно.
7.2.Хууль тогтоомж болон Засгийн газрын бодлого, төсөл хөтөлбөртэй уялдуулан төсөл, арга хэмжээнд олгох зээлийн хүү, хугацаа, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа, зээл олгоход шаардлагатай бусад нөхцөл, шаардлага (цаашид "Ерөнхий нөхцөл" гэх)-ыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7.3.Сангаас олгох зээлийн дээд хэмжээ 1,000,000,000.0 (нэг тэрбум) төгрөг байна.
7.4.Сангаас олгох зээлийн хугацаа 3 жил хүртэл, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 1 жил хүртэл байна.
7.5.Энэ журмын дагуу олгох зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай зээлийн хүүгийн доод түвшингээс бага байна.
7.6.Хамтарсан кино бүтээх төсөл, арга хэмжээнд олгох зээлийн хэмжээ нь Монгол Улсын кино продюсерийн санхүүжүүлэх зардлаас хэтрэхгүй байна.
Найм.Хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл, арга хэмжээнд
тавигдах шаардлага
8.1.Сангаас зээл авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд дор дурдсанаас гадна хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээсээ хамаарч мөн журмын 8.2-8.3-т заасан баримт бичиг, материалыг бүрдүүлэн журмын 3.4-т заасан хугацаанд Зөвлөлд хүсэлтээ гаргана:
8.1.1.төсөл, арга хэмжээний танилцуулга;
8.1.2.зээл хүссэн этгээдийн нэр, албан ёсны хаяг, үйл ажиллагаа явуулж буй хаяг, байршил;
8.1.3.зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо:
8.1.3.1.гадаад, дотоод орчны шинжилгээ (SWOT);
8.1.3.2.кино түгээлт, борлуулалтын орлогын тооцоо;
8.1.3.3.үйлдвэрлэлийн зардлын тооцоо;
8.1.3.4.төслийн үр ашгийн тооцоо;
8.1.3.5.төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх судалгаа, эсхүл даатгалд хамрагдах тооцоо;
8.1.3.6.хөрөнгө оруулалт, зээлийн зарцуулалтын тооцоо;
8.1.3.7.төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа.
8.1.4.өмнө нь хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, уран бүтээлийн танилцуулга;
8.1.5.oдоо эрхэлж байгаа үйл ажиллагаа, бизнесийн талаарх мэдээлэл;
8.1.6.зээлийн хүсэлт, зарцуулалт, эргэн төлөлтийн хуваарь;
8.1.7.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үүсгэн байгуулагчийн лавлагаа, захирал, кино продюсерын иргэний үнэмлэхийн хуулбар;
8.1.8.барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тухайн үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд байгаа эсэх тухай лавлагаа;
8.1.9.зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга;
8.1.10.сүүлийн 2 жилээр гаргасан санхүүгийн баталгаажсан тайлан, хэрэв 2 жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойших санхүүгийн баталгаажсан тайлан, шинээр үүсгэн байгуулагдсан бол эхлэлтийн баланс;
8.1.11.сүүлийн 2 жилийн татварын тодорхойлолт, хэрэв 2 жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдсанаас хойших татварын тодорхойлолт;
8.1.12.төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.
8.2.Кино үйлдвэрлэлд шаардлагатай дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн техник технологи, программ хангамж, инновац нэвтрүүлэхэд зээл авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд энэ журмын 8.1-д зааснаас гадна дараахь баримт бичиг, материалыг бүрдүүлнэ:
8.2.1.төсөл хэрэгжих боломжтой үр дүнгийн урьдчилсан төсөөлөл, санхүүгийн тооцоо, төслийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн;
8.2.2.төсөл хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө;
8.2.3.төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай, үл хөдлөх эд хөрөнгийн талаарх мэдээлэл;
8.2.4.шаардлагатай бусад баримт бичиг, материал.
8.3.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 13.2.1-д заасан кино бүтээхэд зээл авахыг хүссэн иргэн, хуулийн этгээд энэ журмын 8.1-д зааснаас гадна дараахь баримт бичиг, материалыг бүрдүүлнэ:
8.3.1.кино зохиолын танилцуулга;
8.3.2.кино продюсер, найруулагчийн ур чадвар, туршлага, уран бүтээлийн амжилтын мэдээлэл;
8.3.3.кино бүтээл үйлдвэрлэх техникийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн мэдээлэл, жагсаалт;
8.3.4.төсөл хэрэгжих боломжтой үр дүнгийн урьдчилсан төсөөлөл, санхүүгийн тооцоо, төслийг хэрэгжүүлснээр гарах үр дүн;
8.3.5.оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбогдох баримт бичиг, гэрээ.
8.4.Энэ журмын 8.1-д заасан иргэн, хуулийн этгээд хүсэлтдээ хавсаргах гадаад хэл дээрх эх баримт бичгийг орчуулгын хамт ирүүлнэ. Баримт бичиг, материалын үнэн зөв байдлыг хүсэлт гаргагч бүрэн хариуцах ба шалгаруулалтын явцад шаардлагатай бусад баримт бичгийг нэмэлтээр бүрдүүлэх боломжтой байна.
Ес.Дамжуулан зээл олгох арилжааны
банкийг сонгох
9.1.Дамжуулан зээл олгох арилжааны банкийг сонгон шалгаруулах, хяналт тавих ажлын удирдамж, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.2.Дамжуулан зээл олгох арилжааны банк дараахь шаардлагыг хангасан байна.
9.2.1.Монголбанкнаас тогтоосон арилжааны банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн нэг жилийн хугацаанд ханган ажиллаж байгаа нь Монголбанкны дүгнэлтээр нотлогдсон байх;
9.2.2.олгосон зээлийн эрсдэлийг бүрэн хариуцаж, дамжуулан зээлдүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгааг тухайн арилжааны банкны Монголбанкан дахь харилцах данснаас гаргасан байх;
9.2.3.сантай байгуулсан ерөнхий нөхцөл тохиролцох, хамтран ажиллах гэрээний үүргийг зөрчөөгүй байх;
9.2.4.гадаадын зээл, тусламжийн болон төсвийн хөрөнгөөр дамжуулан олгосон зээлийн хугацаа хэтэрсэн зөрчилгүй байх;
9.2.5.сонгон шалгаруулалтын баримт бичигт шаардсан бусад шаардлагыг хангасан байх.
9.3.Энэ журмын 9.1-д заасны дагуу сонгон шалгаруулсан арилжааны банктай Зөвлөл гэрээ байгуулан ажиллана.
Арав.Хөнгөлөлттэй зээл олгох төсөл, арга хэмжээний сонгон
шалгаруулах, гэрээ байгуулах, санхүүжилт олгох
10.1.Зөвлөл зээл хүссэн төсөл, арга хэмжээний хүсэлт хүлээн авах хугацаа дууссанаас хойш 45 хоногт багтаан хуралдаж, энэ журамд заасан шаардлага, бүрдүүлбэр хангасан хүсэлтийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
10.2.Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ журмын 10.1-д заасан санал, дүгнэлтийг үндэслэн шийдвэр гарган зээл олгох төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталж, хүсэлт гаргагчийн сонгосон энэ журмын 9.3-т заасан банканд битүүмжлэн хүргүүлнэ.
10.3.Банк соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан шийдвэрийг үндэслэн жагсаалтаар хүргүүлсэн төсөл, арга хэмжээний зээлийн судалгааны материалыг 14 хоногийн дотор бүрэн хүлээн авах арга хэмжээ авч, түүнээс хойш хуанлийн 30 хоногт багтаан банкны шаардлага хангасан төсөл, арга хэмжээний жагсаалт, банкны зээлийн хорооны шийдвэр, зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон нэхэмжлэлийн хамт соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Энэ хугацаанд холбогдох шийдвэрийг ирүүлээгүй тохиолдолд шийдвэрийг хүчингүй болсонд тооцно. Үүнээс үүдэн гарах хохирлыг холбогдох этгээд хариуцна.
10.4.Зөвлөл соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрлийг үндэслэн энэ журмын 10.3-т заасан банкнаас ирүүлсэн нэхэмжлэл, холбогдох материалын дагуу банканд зээлийн санхүүжилтийг олгоно.
10.5.Банк зээлийн санхүүжилтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдэд зээлийг олгоно.
Арван нэг.Зээлдэгчийн мэдээллийн сан
11.1.Зөвлөл зээл авсан иргэн, хуулийн этгээдийн холбогдох мэдээллийг агуулсан Зээлийн мэдээллийн санг бүрдүүлэн хөтөлнө.
11.2.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тогтмол хүргүүлнэ.
Арван хоёр.Зээлийн зарцуулалт, эргэн төлөлтөд
хяналт тавих
12.1.Зөвлөл сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавихдаа дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1.зээл авсан иргэн, хуулийн этгээдийн төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн тайлан, санхүүгийн буюу мөнгөн гүйлгээ, зээлийн эргэн төлөлтийн талаарх тайлан, мэдээг арилжааны банк болон зээлдэгчээс улирал бүр гаргуулан авах;
12.1.2.сангийн зээлийн эх үүсвэрийг зүй зохистой ашиглах, нэмэгдүүлэх талаар санал, дүгнэлт гаргах, дэмжих;
12.1.3.хууль тогтоомжийн биелэлт, үйл ажиллагааны хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, шаардлагатай асуудлаар санал хүргүүлэх.
12.2.Зээл дамжуулан олгосон арилжааны банк гэрээний үүргээ биелүүлээгүй болон эрсдэл үүссэн тохиолдолд зээлийн хөрөнгийг эргүүлэн татах, олгосон зээлд хяналт тавих, хяналтын дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдсон харилцааг энэ журмын 9.3-т заасан гэрээний дагуу зохицуулна.
Арван гурав.Сангийн хөрөнгийн санхүүжилт, зарцуулалтад
хяналт тавих, тайлагнах
13.1.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.5-д заасны дагуу соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хянаж, тайлагнан мөн хуулийн 25.1-д заасан журмын дагуу хяналт шалгалт хийнэ.
13.2.Кино урлагийг дэмжих тухай хуулийн 9.16.6-д зааснаар Зөвлөл төсөл, арга хэмжээний санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, тайланг холбогдох байгууллагаас гаргуулан авч, дүгнэлт хийнэ.
13.3.Сангийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудитын дүгнэлт гаргуулан тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор байгууллагын цахим хуудас болон шилэн дансанд байршуулна.
13.4.Зөвлөл сангаас санхүүжилт, зээл авсан хүний овог нэр, хуулийн этгээдийн нэр, шалгарсан төсөл, арга хэмжээний нэр, үйл ажиллагааны чиглэл, сонгон шалгаруулсан шийдвэр, эргэн төлөлтийн мэдээллийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу шилэн данс, цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлж, мэдээллийг тогтмол шинэчилнэ.
13.5.Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд гүйцэтгэсэн ажлын төсвийн зарцуулалт, хүрсэн үр дүн, түүний үр нөлөөнд хийсэн дүгнэлт, гүйцэтгэлийн тайланг гэрээнд заасан хугацаанд Зөвлөлд танилцуулах үүрэгтэй.
13.6.Сангийн хөрөнгийг хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрт зааснаас бусад зориулалтаар болон хэтрүүлэн зарцуулахгүй.
13.7.Сангаас үзүүлэх дэмжлэгийг гэрээнд заасан зориулалтын дагуу зарцуулаагүй, энэ журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон иргэн, хуулийн этгээдэд олгосон санхүүжилтийг буцаан татаж, холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх арга хэмжээг Зөвлөлийн ажлын алба зохион байгуулна.
Арван дөрөв.Бусад
14.1.Сангийн эх үүсвэрээр төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх шийдвэр гаргах албан тушаалтан холбогдох хуульд заасан журмын дагуу ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
14.2.Энэ журамд заасныг зөрчиж төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулсан, сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, зарцуулалтад хяналт тавьж ажиллаагүй болох нь эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар тогтоогдсон албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх