A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 195

Улаанбаатар хот

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ТАЛБАЙН СОЛБИЦЛЫГ БАТЛАХ, ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, 8.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан "Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх гэрээ"-ний дагуу Дорноговь аймаг дахь хилийн Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн авто зам, талбайн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг 1 дүгээр хавсралт, Өмнөговь аймаг дахь хилийн Гашуунсухайт боомтын өргөтгөл, шинэчлэлийн авто зам, талбайн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан солбицол бүхий талбайд тухайн чиглэлийн авто замын барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгохыг Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарт тус тус даалгасугай.

3. Авто зам, талбайн барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагад зохих ёсоор хүлээлгэн өгөхийг авто замын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН