- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- улсын бүртгэлийн байгууллагаас Монгол улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох журам
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын
2022 оны 4 дүгээр сарын 29-ний
өдрийн А/333 дугаар тушаалын
1 дүгээр хавсралт
УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГААС МОНГОЛ УЛСЫН 16 НАСАНД ХҮРСЭН ИРГЭНД ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ,
СЭРГЭЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага түүний орон нутаг дахь газар, хэлтэс, тасаг, улсын бүртгэлийн ажилтан /цаашид "Улсын бүртгэлийн байгууллага" гэх/, Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын иргэний улсын бүртгэл хариуцсан ажилтан /цаашид "бүртгэлийн ажилтан" гэх/-аас Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/-д тоон гарын үсгийн гэрчилгээ /цаашид "гэрчилгээ" гэх/ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тэдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад Цахим гарын үсгийн тухай хууль болон энэ журмыг баримтална.
1.2.Энэ журмын 1.1-д зааснаас бусад нэмэлт тоон гарын үсэг хэрэглэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдэд олгох гэрчилгээтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулахгүй.
1.3.Иргэнд гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгох бөгөөд Цахим гарын үсгийн тухай хуулийн 11.2-т заасны дагуу гэрчилгээний хүчинтэй хугацааг олгосон өдрөөс дуусах өдөр хүртэл хугацаагаар тооцно.
1.4.Гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд иргэн гэрчилгээг шинээр авна.
1.5.Улсын бүртгэлийн байгууллагаас иргэнд олгох гэрчилгээ, хувийн түлхүүрийг иргэний үнэмлэхийн санах ой болон тоон гарын үсгийн хэрэгсэл /цаашид "мобайл аппликейшн" гэх/-д байршуулна.
Хоёр.Гэрчилгээ олгох
2.1.Иргэн гэрчилгээ эзэмших бол улсын бүртгэлийн байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт дараах баримт бичгийг бүрдүүлж биечлэн хандана:
2.1.1.бичгээр гаргасан хүсэлт / Тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмших хүсэлтийн маягт /;
2.1.2.иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт.
2.2.Энэ журмын 2.1.1-д заасан хүсэлтэд Цахим гарын үсгийн тухай хуулийн 15.3-т заасан дараах мэдээллийг тусгана:
2.2.1.хүсэлт гаргагч иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр;
2.2.2.иргэний бүртгэлийн дугаар;
2.2.3.хүсэлт гаргагчийн харилцах утасны дугаар;
2.2.4.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23.3-т заасан цахим шуудангийн хаяг;
2.2.5.тоон гарын үсэг хэрэглэх эрхэд хязгаарлалт тогтоох эсэх;
2.2.6.тоон гарын үсгийг хэрэглэн хийх гэрээ хэлцлийн үнийн дүнгийн хэмжээнд хязгаарлалт тогтоох эсэх;
2.2.7.гэрчилгээнд тусгах шаардлагатай бусад мэдээлэл.
2.3.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан гэрчилгээ авах хүсэлтийг хүлээн авч дараах ажиллагааг хийнэ:
2.3.1.иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлээр таниулах;
2.3.2.журмын 2.3.1-д заасны дагуу биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийн бүртгэлээр таниулах боломжгүй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол түүний иргэний үнэмлэхийн мэдээллээр шалгах;
2.3.3.иргэний үнэмлэхийг тусгай төхөөрөмжид уншуулж, мэдээллийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим санд шалгах.
2.4.Иргэний мэдээлэл зөрүүгүй тохиолдолд гэрчилгээг үүсгэж, иргэний үнэмлэхийн санах ойд байршуулна.
2.5.Иргэн мобайл аппликейшнд гэрчилгээ эзэмших хүсэлт гаргасан тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас баталгаажуулах код /QR/-ыг хэвлэж өгөх бөгөөд иргэн уг кодыг уншуулснаар, гар утсанд нэг удаагийн код /OTP/ ирнэ.
2.6.Гэрчилгээний нууц үг /пин, пук код/-ийг энэ журмын 2.2.4-т заасан цахим шуудангийн хаяг, гар утсанд, хэрэглэх заавар, зөвлөмжийг зөвхөн цахим шуудангийн хаягт илгээнэ.
2.7.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмших хүсэлтийн маягтыг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хэвлэж, иргэнээр холбогдох мэдээллийг шалгуулж, гарын үсэг зуруулан баталгаажуулж авна.
2.8.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэнд Цахим гарын үсгийн тухай хуулийн 16.4-т заасан дараах мэдээллийг тайлбарлаж өгнө:
2.8.1.тоон гарын үсэг хэрэглэснээр үүсэх эрх зүйн үр дагавар;
2.8.2.гэрчилгээг эзэмших, ашиглах нөхцөл;
2.8.3.нууцлал, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ;
2.8.4.гэрчилгээ эзэмшигчийн буруутай үйл ажиллагааны улмаас нууцлалыг задруулж, алдсанаас үүсэх үр дагавар, хариуцлага.
2.9.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан иргэний үнэмлэхийн санах ойд тоон гарын үсгийн гэрчилгээ, хувийн түлхүүр байршсан эсэхийг шалгаж, иргэнд иргэний үнэмлэхийг олгоно.
2.10.Тоон гарын үсэг авах хүсэлт гаргасан иргэний мэдээлэл зөрүүтэй тохиолдолд зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах бөгөөд шууд шийдвэрлэх боломжгүй тохиолдолд Цахим гарын үсгийн тухай хуулийн 16.1.2-т заасны дагуу хүсэлтийг буцаана.
2.11.Гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллагын цахим үйлчилгээний төхөөрөмж /КИОСК/-ийг ашиглан иргэний үнэмлэхний санах ойд, мобайл аппликейшнд байршуулж болох бөгөөд энэ журмын 2 дахь хэсэгт заасан нийтлэг зохицуулалтыг нэгэн адил баримтлана.
Гурав.Гэрчилгээг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох
3.1.Улсын бүртгэлийн байгууллага Цахим гарын үсгийн тухай хуулийн 17.1-д заасан тохиолдолд иргэнд олгосон гэрчилгээг түдгэлзүүлнэ.
3.2.Цахим гарын үсгийн тухай хуулийн 17.1.1-д заасны дагуу гэрчилгээ эзэмшигч гэрчилгээг түдгэлзүүлэх хүсэлтээ улсын бүртгэлийн байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт бичгээр гаргасан тохиолдолд улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан хүсэлтийг хүлээн авсан даруйд түдгэлзүүлэх ажиллагаа хийж, хүсэлтэд заасан хугацаагаар түдгэлзүүлнэ.
3.3.Хэрэв гэрчилгээ эзэмшигчийн мэдээлэл зөрүүтэй тохиолдолд энэ журмын 2.2.4-т заасан цахим шуудангийн хаяг, эсхүл гар утсанд мэдэгдэл хүргүүлнэ.
3.4.Цахим гарын үсгийн тухай хуулийн 17.1.2-т заасны дагуу гэрчилгээнд тусгасан мэдээлэл алдаатай, эсхүл хувийн түлхүүрийн нууцлал алдагдсан гэж улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан үзвэл гэрчилгээг даруй түдгэлзүүлнэ.
3.5.Цахим гарын үсгийн тухай хуулийн 17.1.3, 17.1.4-т заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн гэрчилгээг түдгэлзүүлэх бөгөөд гэрчилгээ эзэмшигчид даруй мэдэгдэж, түдгэлзүүлсэн тухай мэдээллийг энэ журмын 2.2.3, 2.2.4-т заасан цахим шуудангийн хаяг, эсхүл гар утсанд мэдэгдэл хүргүүлнэ.
3.6.Гэрчилгээ эзэмшигч Цахим гарын үсгийн тухай хуулийн 17.4-т заасны дагуу түдгэлзүүлсэн гэрчилгээг сэргээх хүсэлтийг бичгээр гаргах бөгөөд улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан холбогдох мэдээллийг нягтлан шалгаж, зөрүүгүй бол гэрчилгээг даруй сэргээнэ.
3.7.Цахим гарын үсгийн тухай хуулийн 17.1.2, 17.1.3-т заасны дагуу түдгэлзүүлсэн шалтгаан арилснаар улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан гэрчилгээг ажлын 8 цагийн дотор сэргээж, гэрчилгээ эзэмшигчид холбогдох цахим шуудан, гар утасны дугаараар мэдэгдэнэ.
3.8.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас гэрчилгээг түдгэлзүүлэх, сэргээхэд алдаа гарсан тохиолдолд тухайн улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан тэмдэглэл үйлдэж, улсын ахлах бүртгэгчээр хянуулсны дараа гэрчилгээг сэргээж, түдгэлзүүлж, шинээр олгоно.
3.9.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан Цахим гарын үсгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгоно.
Дөрөв.Бусад
4.1.Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 16.2, 27.1.8, 28.1-д заасны дагуу улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан гэрчилгээ эзэмших хүсэлтийн маягтыг жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон архивын хадгаламжийн нэгж үүсгэн хадгална.
4.2.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан Цахим гарын үсгийн тухай хуулийн 20.2.5, 21.1-д заасны дагуу гэрчилгээ авах хүсэлт болон олгосон гэрчилгээ, түүнийг түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон талаарх бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим санд хөтөлж, хадгална.
4.3.Улсын бүртгэлийн байгууллага иргэнд олгосон, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон гэрчилгээний дугаарыг өөрийн байгууллагын цахим хуудас болон төрийн үйлчилгээний нэгдсэн системд байршуулж, мэдээллийг тогтмол шинэчилнэ.
4.4.Улсын бүртгэлийн байгууллага гэрчилгээний мэдээллийн сангийн мэдээллийг тогтмол шинэчлэх бөгөөд түүний тасралтгүй хэвийн ажиллах нөхцөлийг хангана.
4.5.Улсын бүртгэлийн байгууллага Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын байгууллагын хамтран баталсан "Кибер аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийлгэх журам"-ын дагуу мэдээллийн сангийн аюулгүй байдал алдагдах, түүнээс үүсэх үр дагавар, эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг хийлгэнэ.
---оОо---
1
Текст томруулах
A
A
A