- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАНКНЫ ЗОХИСТОЙ ЗАСАГЛАЛЫН ЗАРЧМЫН ХЭРЭГЖИЛТИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЖУРАМ
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны
5 дугаар сарын 9-ний өдрийн А-143 дугаар
тушаалын хавсралт
ЗАРЧМЫН ХЭРЭГЖИЛТИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЖУРАМ
НЭГ.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааасан банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Монголбанкнаас банкны удирдлага (Банкны Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл /цаашид "ТУЗ" гэх/, Гүйцэтгэх удирдлага)-ын бүрэн эрх, үйл ажиллагаа нь Банкны тухай хууль тогтоомж, Компанийн хуульд заасан удирдлагын тавигдах шаардлага, шалгууртай нийцэж байгаа эсэхийг тогтоож, Банкны тухай хуулийн 43.6-д заасны дагуу банкны зохистой засаглалын зарчмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжилтэд холбогдох хууль тогтоомжийг баримталж, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) баталсан "Компанийн засаглалын зарчим"-ыг харгалзана.
1.3.Монголбанк банкны зохистой засаглалыг хянан шалгахдаа банк нь банкны удирдлагын чиг үүрэг, эрсдэл, хяналт, аудитын тогтолцоог хууль тогтоомжид нийцүүлэн бүрдүүлсэн эсэхийг энэ журмын дагуу тогтооно.
1.4.Энэ журмын дагуу хянан шалгаж тогтоосон банкны удирдлага, зохистой засаглалд өгөх үнэлгээ, дүгнэлт нь Банкны тухай хууль тогтоомжид заасан хяналт шалгалт болон албадлагын арга хэмжээг банканд авах үндэслэл болно.
ХОЁР. Хувьцаа эзэмшигч
2.1 Монголбанк банкны хувьцаа эзэмшигчийн дараах эрх, үүргийг банк хангаж байгаа эсэхийг хянан шалгана:
2.1.1 Банкны ТУЗ болон хуульд заасан бусад хэлбэрээр банкны үйл ажиллагаатай холбоотой Компанийн тухай хуульд заасан мэдээллийг авч байгаа эсэх.
2.1.2 ТУЗ-ийн гишүүний ажлын хөлс, урамшуулал нөхөн олговор, тэтгэмж, аливаа хөнгөлөлттэй холбоотой асуудлыг ТУЗ-ын гишүүнтэй байгуулах гэрээнд тодорхой тусгах эрхтэй.
2.1.3 Банкны үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлыг мэргэжлийн түвшинд сонирхлын зөрчилгүй, хараат бус байдлаар шийдвэрлэх чадвартай ТУЗ-ийн гишүүнийг нэр дэвшүүлсэн;
2.1.4 Банкны хувьцааны эцсийн өмчлөгч, түүний холбогдох этгээд, харилцан хамаарал болон нэгдмэл сонирхолтой этгээдийг тодорхойлсон бүртгэлийг холбогдох баримт бичгийн хамт Монголбанканд мэдээлсэн эсэх.
2.2 Хувьцаа эзэмшигч банкны үйл ажиллагаанд оролцохыг хориглосон дараах нөхцөл хангасан эсэх:
2.2.1 Банкны тухай хуульд заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигч банкны гүйцэтгэх удирдлагад ажиллахгүй байх;
2.2.2 Банкны үйл ажиллагаанд хуульд заасан эрх, чиг үүргээ хэтрүүлэн оролцох, урвуулан ашиглах.
ГУРАВ. Банкны төлөөлөн удирдах зөвлөл
3.1 Монголбанкнаас банкны ТУЗ нь Банкны тухай хуулийн 31.3.7 дахь заалтыг хэрэгжүүлэх, банкны үйл ажиллагаа, төлбөрийн чадвар болон санхүүгийн тогтвортой байдалд хариуцлага хүлээж байгаа эсэхийг дүгнэж, дараах эрх, үүргийг банкнаас хангаж байгаа эсэхийг шалгана:
3.1.1 ТУЗ-ийн дэргэдэх хороодын бүрэлдэхүүн, тэдгээрийн ажиллах журмыг батлах;
3.1.2 Банкны Гүйцэтгэх удирдлага болон бусад шийдвэр гаргах шатны эрх бүхий албан тушаалтнаас дараах асуудлаар тайлбар гаргуулан авах:
3.1.2.1 Холбогдох хууль тогтоомжид заасан зохистой харьцаа, хязгаарлалтыг зөрчиж хийсэн ажил гүйлгээ;
3.1.2.2 Банкны хяналтын багцыг эзэмшдэг хувьцаа эзэмшигч, банкны эрх бүхий албан тушаалтан, тэдгээрийн холбогдох этгээдтэй байгуулсан гэрээ хэлцэл, үүнтэй холбоотойгоор үүссэн эрсдэл;
3.1.2.3 Банкны санхүү, төлбөрийн чадварын тогтвортой байдалд ноцтой нөлөө үзүүлэх ажил гүйлгээ.
3.1.3 Банкны Гүйцэтгэх удирдлагад хяналт тавих, ажлын үр дүнгийн тайланг улиралд нэгээс доошгүй удаа хэлэлцэх, Хувьцаа эзэмшигчдэд эрх тэгш хандах;
3.1.4 Хувьцаа эзэмшигч, харилцагч, хадгаламж эзэмшигч болон нэгдмэл сонирхолтой этгээдийн эрх ашгийг хамгаалах;
3.1.5 Банкны бодлого, стратеги, эрсдэл даах сонирхлыг тодорхойлох, банканд үр ашигтай шийдвэр гаргах;
3.1.6 Банкны нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын тогтолцоо, хөндлөнгийн болон дотоод аудит, эрсдэлийн удирдлага, санхүүгийн болон үйл ажиллагааны хяналт, хууль тогтоомжийн хэрэгжилт, банкны бүтцийн өөрчлөлт зэрэг гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих;
3.1.7 ТУЗ-өөс Гүйцэтгэх удирдлагатай байгуулах гэрээнд эрх, үүрэг, хариуцлага, үйл ажиллагаанд хяналт тавих, тайлагнах тогтолцоог бүрэн тусгаж, гэрээний биелэлтийг дүгнэх;
3.1.8 Банкны удирдлагыг сонгон шалгаруулах, тэдгээрийн залгамж халааг бэлтгэх төлөвлөгөөг батлах, төлөвлөгөөнд удирдах дээд албан тушаал бүрт тавигдах ажил мэргэжлийн шаардлага, чиг үүргээ үр дүнтэй гүйцэтгэхэд хангалттай түвшинд бэлтгэхийг тодорхой тусгасан байх;
3.1.9 Гүйцэтгэх удирдлагын урамшууллын асуудлыг банкны эрхэм зорилго, урт хугацааны хэтийн зорилго, стратеги төлөвлөгөө, ёс зүйн хэм хэмжээ болон гэрээнд заасан үүргийн биелэлт зэрэгтэй уялдуулан шийдвэрлэх;
3.1.10 Хууль тогтоомж болон банкны дүрмээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажил үүргээ хариуцлагатай, үнэнч шударгаар гүйцэтгэж, сахих;
3.1.11 Ашиг сонирхлын зөрчлийн улмаас банкны өмнө хүлээсэн үүргээ зүй ёсоор хэрэгжүүлэхэд саад тотгор үзүүлэх үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх;
3.1.12 Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын стандартад заасан шаардлагыг хангасан аудитын байгууллагыг сонгон шалгаруулж, аудит хийлгэх;
3.1.13 Банкны дотоод аудитын асуудал эрхэлсэн нэгжээс хийсэн шалгалтын акт материал, ажлын тайлан зэргийг цаг тухайд нь авч хэлэлцэн, зохистой засаглал болон дотоод хяналтын тогтолцоог сайжруулах талаар Гүйцэтгэх удирдлагад үүрэг өгөх, авсан арга хэмжээний үр дүнг тооцох;
3.2 ТУЗ нь банкны үйл ажиллагаанд оролцохыг хориглосон дараах нөхцлийг хангаж байгаа эсэх:
3.2.1 ТУЗ-ийн гишүүн, түүний холбогдох этгээдийн тухайн банкнаас авсан зээл, зээлтэй адилтган тооцох актив, баталгаа, батлан даалтаар хүлээсэн аливаа үүрэг, өр төлбөрийн ангилал Монголбанкнаас тогтоосон журмын дагуу анхаарал хандуулах болон чанаргүй болсон бол уг гишүүнийг банкны удирдах үйл ажиллагаанд оролцуулах;
3.2.2 Гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-ийн гишүүнээр ажиллах тохиолдолд ТУЗ-ийн үйл ажиллагаанд оролцохыг хориглох дараах нөхцлийг хангаж байгаа эсэх:
3.2.2.1 Аудитын, цалин урамшууллын, нэр дэвшүүлэх хорооны гишүүн байх;
3.2.2.2 Гүйцэтгэх захирлыг сонгох, томилох, чөлөөлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, хяналт тавихтай холбоотой асуудлаар шийдвэр гаргахад саналын эрхтэй оролцох;
3.2.2.3 Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх.
3.3 Банкны ТУЗ-ийн дарга нь банканд зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэхэд Банкны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд зааснаас гадна дараах үүргийг хэрэгжүүлж байгаа эсэх:
3.3.1 Тухайн асуудлаар шийдвэр гаргахад ТУЗ-ийн дэргэдэх хороодын дүгнэлтийг үндэслэх;
3.3.2 ТУЗ-ийн дэргэдэх хороодын үйл ажиллагаанд хяналт тавих;
3.3.3 ТУЗ-ийн гишүүнийг зохистой засаглалын сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг батлан гаргаж, хэрэгжүүлэх.
3.4 ТУЗ-ийн хараат бус гишүүний ажлын хөлс, урамшуулын хэмжээг ТУЗ-ийн гишүүний ажлын хөлс, урамшууллын хэмжээнээс багагүй байгаа эсэх.
3.5 Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн нь Компанийн тухай болон Банкны тухай хуульд зааснаас гадна дараах үүргийг хэрэгжүүлж байгаа эсэх:
3.5.1 ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа, гаргасан шийдвэр нь тухайн банкны эрх ашигт сөргөөр нөлөөлөх эсэхэд хяналт тавих;
3.5.2 ТУЗ, Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих;
3.5.3 Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах;
3.5.4 Компанийн тухай хуульд заасан сонирхлын зөрчилтэй хэлцэл, их хэмжээний хэлцлийг хэлэлцэхэд заавал оролцож санал өгөх;
3.5.5 ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа, бодлого, шийдвэр нь банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд ТУЗ-ийн хараат бус гишүүн уг зөрчлийг арилгахыг холбогдох этгээдээс шаардах, шаардлагыг эс биелүүлэх тохиолдолд уг асуудлыг ТУЗ-д тавьж шийдвэрлүүлэх, улмаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шаардлагыг хүргүүлэх;
3.5.6 Хувьцаа эзэмшигч, ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа, бодлого, шийдвэр нь банкны эрх ашигт сөргөөр нөлөөлөх, хууль тогтоомжийг зөрчих тохиолдол бүрт Монголбанкинд мэдэгдэх, улмаар хүсэлт гарган банканд шалгалт хийлгэх;
3.6 ТУЗ нь эрх үүргээ хэрэгжүүлэх үүднээс хороодыг байгуулж, хороод нь дараах чиг үүргийн дагуу тухайн асуудлаар дүгнэлт гаргаж ТУЗ-ын хуралд танилцуулж байгаа эсэх:
3.6.1 Эрсдэлийн удирдлагын асуудал эрхэлсэн хороо:
3.6.1.1 Банкны эрсдэлийн ерөнхий түвшинд нийцсэн эрсдэлийн удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
3.6.1.2 Банкны гүйцэтгэх удирдлагын зүгээс зээлийн, зах зээлийн, хөрвөх чадварын, үйл ажиллагааны, хууль эрх зүй, нэр хүндийн болон бусад төрлийн эрсдэлийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь хангалттай байгаа эсэхэд хяналт тавих;
3.6.1.3 Дотоод аудитын албанаас банкны эрсдэлийн удирдлагад хийсэн аудитын шалгалтын акт, материалтай тухай бүр танилцаж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллах;
3.6.1.4 Санхүүгийн хүндрэлийн үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлуулсан эсэхэд хяналт тавих;
3.6.1.5 Бусад холбогдох асуудал.
3.6.2 Аудитын асуудал эрхэлсэн хороо:
3.6.2.1 Гүйцэтгэх удирдлагаас ТУЗ-д танилцуулж буй санхүүгийн тайлан, мэдээ нь үнэн зөв, бүрэн гүйцэд боловсруулсан эсэхэд хяналт тавих;
3.6.2.2 Аудитын бодлого, дүрэм журмын хэрэгжилт, аудитын төлөвлөгөөний биелэлт болон шалгалтын удирдамжийн агуулгад хяналт тавих;
3.6.2.3 Хөндлөнгийн болон дотоод аудитын асуудлыг хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хариуцан ажиллах;
3.6.2.4 Дотоод аудитын нэгжийн бие даасан, хараат бус байдал, аудит хийх хүрээ, хариуцлага болон тайлагнах тогтолцоонд хяналт тавих, бодлогын түвшинд дэмжлэг үзүүлж ажиллах;
3.6.2.5 Хөндлөнгийн болон дотоод аудитын тайлан, аудиторуудын ажлын гүйцэтгэл, тайланг хугацаанд нь үнэн зөв ирүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
3.6.2.6 Хөндлөнгийн болон дотоод аудитын тайлантай холбоотой асуудлыг ТУЗ-д танилцуулж, холбогдох шийдвэр гаргуулах;
3.6.2.7 Дотоод аудиторуудыг сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
3.6.2.8 Бусад холбогдох асуудал.
3.6.3 Урамшууллын асуудал эрхэлсэн хороо:
3.6.3.1 Банканд мөрдөгдөж буй цалин урамшууллын бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;
3.6.3.2 ТУЗ, гүйцэтгэх удирдлагад олгох цалин урамшууллын хэмжээг тодорхойлох;
3.6.3.3 Гүйцэтгэх удирдлагын урамшууллын асуудлыг банкны эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөний биелэлт, ёс зүйн хэм хэмжээ болон банкны урт хугацааны ашигт ажиллагаатай уялдуулсан эсэхэд хяналт тавих;
3.6.3.4 ТУЗ-ийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг идэвхжүүлэх;
3.6.3.5 Бусад холбогдох асуудал.
3.6.4 Нэр дэвшүүлэх хороо:
3.6.4.1 ТУЗ-ийн үйл ажиллагааны үр дүнг дүгнэж, ажлын гүйцэтгэлийн тайланг хувьцаа эзэмшигчдэд жил бүр тайлагнах;
3.6.4.2 ТУЗ-ийн гишүүн бүрийн ажлын гүйцэтгэл, хурлын ирц, хуралд оролцсон байдлын талаар ТУЗ-д тайлагнах;
3.6.4.3 ТУЗ-ийн гишүүнийг томилох, үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг Хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах;
3.6.4.4 ТУЗ нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, хэрэв хангаагүй тохиолдолд нэр дэвшигч болон ТУЗ-ийн гишүүнд бичгээр мэдэгдэх;
3.6.4.5 ТУЗ-ийн гишүүн нас барах, хуралд оролцох боломжгүй болсон тохиолдолд дараагийн хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл хугацаанд орлон гүйцэтгэгчийг томилон ажилуулах;
3.6.4.6 Гүйцэтгэх удирдлагад багтан ажиллах албан тушаалтныг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх этгээдийг ТУЗ-д танилцуулах;
3.6.4.7 Гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэл болон гэрээний биелэлтийг дүгнэж, ТУЗ-д танилцуулах;
3.6.4.8 Бусад холбогдох асуудал.
4.1 Банкны нэгдлийн толгой компанийн ТУЗ нь банкны нэгдлийн хэмжээнд зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор ерөнхий стратеги, бодлого боловсруулж, зохистой засаглалын оновчтой бүтцийг нэвтрүүлэх, банкны нэгдэлд зориулсан дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлж байгаа эсэхийг Монголбанк хянан шалгана.
4.2 Монголбанк Банкны нэгдэлд хамаарагдах салбар компаниудын хооронд хийгдсэн гэрээ хэлцэл нь ТУЗ-өөс баталсан бодлогын дагуу хараат бус байдлаар хийгдсэн байгаа эсэхийг хянана.
ТАВ. Гүйцэтгэх удирдлага
5.1 Монголбанк гүйцэтгэх удирдлага нь Компанийн тухай болон Банкны тухай хуульд заасан, банканд зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үүргийг хэрэгжүүлж байгаа эсэхийг хянан шалгана:
5.1.1 Банкны стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө, жилийн төсөв, бүтэц зохион байгуулалт болон хуульд заасан бусад банкны үйл ажиллагаатай холбоотой мөрдөж ажиллах бодлого, дүрэм, журам, зааврыг боловсруулж, ТУЗ-өөр батлуулах;
5.1.2 ТУЗ-өөс баталсан төлөвлөгөө, бодлого, дүрэм, журам, заавар, стандарт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, мөрдүүлэх;
5.1.3 Банкны ажилтныг албан үүргээ сонирхлын зөрчилгүйгээр гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх, ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэж үзвэл гүйцэтгэх удирдлагад бичгээр мэдэгдэх тогтолцоог бүрдүүлэх;
5.1.4 Банкны эрсдэлд тогтмол хяналт тавьж, зохистой түвшинд барих талаар санаачлага гарган ажиллах, эрсдэлийн удирдлагыг хангах талаар тогтоосон хязгаарлалт, Монголбанкнаас тогтоосон банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдсан тохиолдолд зохих арга, хэмжээг авч хэрэгжүүлэх;
5.1.5 Банкны үйл ажиллагааны онцлог болон учирч болзошгүй эрсдэлийн түвшинтэй уялдуулан удирдлагын мэдээллийн системийн үйл ажиллагаа болон түүний аюулгүй байдлыг хангах хяналтын тогтолцоог бүрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
5.1.6 Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, түүний хэрэгжилтэд хяналт тавих;
5.1.7 Банкны хувьцаа эзэмшигч болон ТУЗ-өөс гаргасан шийдвэр нь хууль тогтоомжийг зөрчих, банкны үйл ажиллагаанд ноцтой эрсдэл учруулах магадлалтай бол банкны гүйцэтгэх удирдлага нь уг үүргийг биелүүлэхээс татгалзах эрхтэй бөгөөд энэ талаар Монголбанкинд мэдэгдэх;
5.1.8 Харилцагч, хадгаламж эзэмшигч болон банкны бусад холбогдох этгээдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдол бүрт ТУЗ-д мэдэгдэх.
ЗУРГАА. Эрсдэлийн удирдлага
6.1 Монголбанк банкны удирдлага нь банкны эрсэлийн удирдлагатай холбоотой дараах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа эсэхийг хянан шалгана.
6.1.1 ТУЗ, Гүйцэтгэх удирдлага эрсдэлийн удирдлагын нэгжийг бие даасан хэлбэрээр зохион байгуулж, банканд учирч болох эрсдэлийг удирдах, хянах тогтолцоог бүрдүүлэх ба эрсдэлийн удирдлагын нэгжийн ажилтны эрх үүрэг, шийдвэр гаргах эрх мэдэл, хариуцлагын тогтолцоо болон тайлагнах зарчмыг нарийвчлан тогтоох;
6.1.2 Эрсдэлийн удирдлагын нэгж нь банканд учирч болох эрсдэлийг нээн илрүүлэхэд шаардагдах банкны дотоод мэдээллийн системд нэвтрэх эрх, хүн хүч, хөрөнгө нөөц, үнэн зөв, бүрэн гүйцэд мэдээллээр хангагдсан байх;
6.1.3 Эрсдэлийн удирдлагын нэгж нь банкны эрсдэлийн удирдлагын тогтолцоо, түүний хэрэгжилт болон эрсдэлийн ерөнхий түвшингийн талаар ТУЗ-ийн дэргэдэх эрсдэлийн хороонд тодорхой хугацаанд давтамжтайгаар тайлагнаж байх;
6.1.4 Эрсдэлийн удирдлагын нэгжийн удирдах албан тушаалтан тухайн эрсдэлийн банканд учруулах үр дагаврыг үнэлэх, дүгнэх чадвартай байх;
6.1.5 Эрсдэлийн удирдлагын чиг үүргийг дараах үе шаттай хэрэгжүүлж байх:
6.1.5.1 Банканд учирч болох эрсдэлийн төрлийг тодорхойлох;
6.1.5.2 Төрөл тус бүрт харгалзах эрсдэлийн түвшинг тодорхойлох;
6.1.5.3 Шаардагдах хөрөнгийн хэмжээг тодорхойлох;
6.1.5.4 Эрсдэл хүлээх шийдвэр нь ТУЗ-өөс баталсан бодлого болон бусад бодлогын баримт бичигтэй нийцэж байгаа эсэхийг хянах;
6.1.5.5 Эрсдэлийн үр дагаврыг ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад тайлагнах;
6.1.6 Эрсдэлийн удирдлагын нэгж нь учирч болох эрсдэлийг банкны нэгдэл, салбар нэгж, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ тус бүрээр болон нэгдсэн байдлаар тогтоож, дүн шинжилгээ хийх;
6.1.7 Томоохон харилцагчийн үйл ажиллагааны онцлог, салбар нэгж болон бизнесийн чиглэл бүрээр эрсдлийг үнэлэх;
6.1.8 Банкны зээлийн хөрвөх чадвар, хууль эрх зүй, нэр хүндийн болон бусад бизнесийн үйл ажиллагааны тодорхойлж улмаар нэгж тус бүрт учирч болох эрсдэлийг шинжилж, дүгнэлт гаргаж, шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих;
6.1.9 Банкны үйл ажиллагааны чиглэл тус бүрээр газар, хэлтсийн хооронд мэдээлэл солилцох, мэдээллийн хэвтээ, бүтэц, ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг мэдээллээр хангах, мэдээллийн шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих.
ДОЛОО. Хөндлөнгийн болон дотоод аудит
7.1 Монголбанк банкны дотоод хяналт, аудиттай холбоотой дараах тогтолцоог банк бүрдүүлсэн эсэхийг хянан шалгана:
7.2 Дотоод аудитын нэгжийн чиг үүрэг:
7.1.1 Эрсдэлд суурилсан дотоод аудитын төлөвлөгөөг боловсруулах;
7.1.2 Дотоод аудитын тайлангаар өмнө гарсан зөрчил, дутагдлыг хэрхэн биелүүлж байгаад эргэн хяналт тавьж ажиллах;
7.1.3 ТУЗ-өөс баталсан бодлого, дүрэм, журам, зөвлөмжийг банкны гүйцэтгэх удирдлага биелүүлж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх;
7.1.4 Банкны зохистой засаглал, санхүү тайлагнал, дотоод хяналт, мэдээллийн систем болон эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь тогтоосон хэм хэмжээний хүрээнд явагдаж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх;
7.1.5 Гүйцэтгэх удирдлагаас хувьцаа эзэмшигч болон ТУЗ-д хүргүүлж буй тайлан мэдээ нь үнэн зөв эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх;
7.1.6 ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар санаачлагатай ажиллах;
7.1.7 Банкны үйл ажиллагааны эрсдэлийн түвшин, гүйцэтгэх удирдлагаас эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь гэрээ хэлцэл, хүлээж болзошгүй алдагдлын хэмжээтэй уялдаж байгаа талаар үнэлэлт, дүгнэлт өгөх;
7.1.8 Банкны эрхлэх үйл ажиллагаа, тэдгээрт харгалзах эрсдэл, нөлөөлөх хүчин зүйлсийн талаар аудитын дүгнэлтэд тусгаж, хяналт шалгалт нь банканд учирч болох эрсдэлийг нээн илрүүлэхэд чиглэгдсэн байх;
7.1.9 Банкны үйл ажиллагааны нэгж тус бүрт үүсэх эрсдэлийг илрүүлэх, хүлээж болзошгүй алдагдлын хэмжээ болон шаардагдах хөрөнгийн талаар судалгаа, шинжилгээ хийж удирдлагад танилцуулж, тайлагнасан байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх;
7.1.10 Банкнаас зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах тохиолдолд учирч болох эрсдэлийн талаар дүн шинжилгээнд үнэлгээ дүгнэлт өгөх;
7.1.11 Хувьцаа эзэмшигч, ТУЗ болон эрх бүхий байгууллагаас гүйцэтгэх удирдлагад тавьсан шаардлагыг биелүүлсэн эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх;
7.1.12 Банкны үйл ажиллагаанд үнэлэлт өгч, шалгалтын акт материал, хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг боловсруулан ТУЗ-ийн дэргэдэх хороодод тухай бүр танилцуулах;
7.1.13 Банкны зохистой засаглалын зарчмын хэрэгжилтийн талаар үнэлгээ, дүгнэлт гаргах.
7.2 Хөндлөнгийн аудитын чиг үүрэг хэрэгжих дараах нөхцөл::
7.2.1 Банканд хөндлөнгийн аудит хийх явцад банкны үйл ажиллагаатай холбоотой бүхий л төрлийн эрсдэлээр зохих хэмжээний үнэлэлт, дүгнэлт өгсөн байх;
7.2.2 Банкнаас аудитын хүрээнд гаргаж өгсөн аливаа төрлийн мэдээ, мэдээлэл нь үнэн зөв эсэхийг магадлан шалгаж, баталгаажуулах;
7.2.3 Банкны хувьцаа эзэмшигч, ТУЗ болон бусад эрх бүхий байгууллагад хүргүүлсэн мэдээ, мэдээлэл нь үнэн зөв эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх;
7.2.4 Банкны зүгээс Хууль эрх зүй, ТУЗ-өөс баталсан бодлого, дүрэм, журам, зөвлөмжийг хэрхэн биелүүлж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх;
7.2.5 Банкны зохистой засаглалын зарчмын хэрэгжилтийн талаар үнэлгээ, дүгнэлт гаргах;
7.2.6 Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг удирдлагын захидлын хамт Монголбанканд ирүүлэх.
НАЙМ. Ил тод байдлыг хангах
8.1 Монголбанк Банканд зохистой засаглалын тогтолцоог бүрдүүлэх, түүний хэрэгжилтийг хангахад Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагаас гадна дараах мэдээллийг банкны цахим хуудсаар тайлагнасан эсэхийг хянан шалгана:
8.1.1 Банкны эрхэм зорилго, хэтийн зорилт;
8.1.2 Банкны хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн, бүтцийг эцсийн өмчлөгчөөр;
8.1.3 Банкны толгой компани, банкны нэгдлийн бусад оролцогч компани, тэдгээрийн үйл ажиллагааны талаар;
8.1.4 Банкны тухай хуулийн 38.2.4 дэх хэсэгт заасан этгээдийн нэрс, мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлагын талаар;
8.1.5 Банкны холбогдох этгээдэд олгосон зээл, түүнтэй адилтган үзэх актив хөрөнгийн талаарх мэдээллийг олгосон зээл, өөрийн хөрөнгөд эзлэх хувиар;
8.1.6 Банкны толгой компани, тэдгээрийн зэргэлдээ компанийн засаглалын зарчмын талаар;
8.1.7 Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөл, хүү, шимтгэл, хураамжийн талаарх мэдээлэл;
8.1.8 ТУЗ, гүйцэтгэх удирдлагаар баталгаажуулсан жилийн тайланд банкны нийгмийн хариуцлагын талаар.
ЕС. Хяналт, хариуцлага
9.1. Банк нь энэ журмын нэгдүгээр хавсралтын дагуу банкныхаа зохистой засаглалын үнэлгээг жил тутам хийж, баталгаажуулсан тайланг албан бичгээр болон цахим хэлбэрээр жил бүрийн 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор дараах баримтыг хавсарган Монголбанканд ирүүлнэ:
9.1.1 Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүний тайлант жилийн ажлын тайлан;
9.1.2 Компанийн тухай хуулийн дагуу тайлант жилд хийсэн их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцлийн жагсаалт;
9.1.3 Тайлант жилийн дараах хурлаар хэлэлцсэн асуултын жагсаалтыг доорх хүснэгтийн дагуу гаргаж ирүүлнэ:
9.1.3.1 Хувьцаа эзэмшигчдийн хурал;
9.1.3.2 ТУЗ-ийн хурал;
9.1.3.3 УЗ-ийн дэргэдэх аудитын хорооны хурал;
9.1.3.4 ТУЗ-ийн дэргэдэх эрсдэлийн удирдлагын хорооны хурал;
9.1.3.5 ТУЗ-ийн дэргэдэх хүний нөөц, урамшууллын хорооны хурал.
№ |
Хэлэлцсэн асуулт |
Дэмжсэн гишүүний тоо |
Татгалзсан гишүүний тоо |
Санал |
Ирц |
Шийдвэрлэсэн нь |
1 |
... |
... |
... |
... |
... |
... |
9.1.4 Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг удирдлагын захидлын хамт;
9.1.5 Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад холбогдох баримт бичиг.
9.2 "Банкны зохистой засаглалын зарчмын хэрэгжилтийн хяналт шалгалтын журам"-ын нэгдүгээр хавсралтын дагуу банкаас ирүүлсэн тайланг Монголбанкны банкны хяналт шалгалт хариуцсан нэгж дахин үнэлж, үнэлгээний хариуг жил бүрийн 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор банканд хүргүүлнэ.
__________oOo_________
Текст томруулах
A
A
A