- Нүүр
- Сайдын тушаал
- АЖИЛЛАХ ХҮЧ НИЙЛҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА, БҮРТГЭХ ЖУРАМ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/88 тоот тушаалын хавсралт
АЖИЛЛАХ ХҮЧ НИЙЛҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА, БҮРТГЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 76, 77 дугаар зүйл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 91 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах, ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шаардлага, тэдгээрийг шалгуур үзүүлэлтийн дагуу бүртгэх үйл ажиллагааг холбогдох бусад хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд /цаашид "ажиллах хүч нийлүүлэгч" гэх/-ийг бүртгэх үйл ажиллагааг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага нээлттэй, ил тод, шударга байх зарчмыг баримтлан зохион байгуулна.
Хоёр. Ажиллах хүч нийлүүлэгчид тавигдах шаардлага
2.1. Ажиллах хүч нийлүүлэгч дараах шаардлагыг хангасан байна.
2.1.1. Монгол Улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх;
2.1.2. Татварын байгууллагад бүртгэлтэй, татварын өргүй байх;
2.1.3. Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх;
2.1.4. Ажиллах хүч нийлүүлэгчийг үүсгэн байгуулагч болон удирдах ажилтан нь гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийн өргүй байх;
2.1.5. Ажиллах хүч нийлүүлэх хүчинтэй гэрээтэй эсхүл гэрээний загвартай байх;
2.1.6. Ажиллах хүч нийлүүлэгч байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтантай байна.
Гурав. Ажиллах хүч нийлүүлэгчийг бүртгэж, гэрчилгээ олгох, сунгах,
хүчингүй болгох
3.1. Энэхүү журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллага дараах баримт бичгийг бүрдүүлэн харьяа аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад хүргүүлнэ.
3.1.1. Албан хүсэлт;
3.1.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эсхүл лавлагаа;
3.1.3. Байгууллагын үйл ажиллагааны талаарх товч танилцуулга;
3.1.4. Байгууллагын удирдах ажилтны анкет;
3.1.5. Цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт, лавлагаа;
3.1.6. Хүлээн авагчтай байгуулсан ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх гэрээ эсхүл гэрээний загвар;
3.1.7. Татварын байгууллагын лавлагаа;
3.1.8. Нийгмийн даатгалын байгууллагын лавлагаа;
3.1.9. Ажиллах хүч нийлүүлэгч байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй харицсан ажилтны анкет, диплом, гэрчилгээний хуулбар.
3.2. Бүрдүүлэх баримт бичгийн аль нэгийг бүрэн хангаагүй тохиолдолд татгалзах, бүртгэж гэрчилгээ олгохгүй байх үндэслэл болно.
3.3. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын даргын тушаалаар ажиллах хүч нийлүүлэгчийг бүртгэж, гэрчилгээ олгохтой холбоотой асуудлыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулна.
3.4. Ажлын хэсэг аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, ажил олгогч болон ажилтны төлөөлөл бүхий байгууллагын 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
3.5. Ажлын хэсгийн дарга аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан нэгжийн дарга, мөн нарийн бичгийн даргаар тухайн асуудал хариуцсан ажилтан байна.
3.6. Ажлын хэсгийн хуралд холбогдох мэргэжлийн хүмүүсийг урьж, санал хэлэх эрхтэйгээр оролцуулж болно.
3.7. Ажлын хэсэг дараах эрхтэй байна:
3.7.1. Улирлын мэдээ, тайланг ажиллах хүч нийлүүлэгчээс гаргуулж авах;
3.7.2. Үйл ажиллагааны явцад гарсан зөрчлийг арилгах талаар ажиллах хүч нийлүүлэгчид шаардлага тавих;
3.7.3. Шаардлагатай тохиолдолд ажиллах хүч нийлүүлэгчийн үйл ажиллагаатай нь танилцах, хяналт-шинжилгээ хийх, дүгнэлт гаргах;
3.7.4. Бүртгэх үйл ажиллагаатай холбоотой гарсан дүрэм, журмыг боловсронгуй болгох талаар санал дүгнэлтийг эрх бүхий байгууллагад хүргүүлэх.
3.8. Ажлын хэсэг дараах үүрэгтэй байна:
3.8.1. Ажиллах хүч нийлүүлэгчид хэрхэн бүртгүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх;
3.8.2. Дүгнэлт гаргах үйл ажиллагаатай холбоотой гарсан аливаа өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
3.8.3. Дүгнэлт гаргах үйл ажиллагааг нээлттэй хурлаар хэлэлцэж, ажлын хэсгийн гишүүдийн ил санал хураалтаар шийдвэрлэх;
3.8.4. Ажлын хэсгийн хурлаар хэлэлцсэн асуудлаар тэмдэглэл хөтөлж, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах;
3.8.5. Ажиллах хүч нийлүүлэгчээс ирүүлсэн баримт бичиг, ажлын хэсгийн шийдвэр, холбогдох материалыг архивын нэгж үүсгэн хууль, журамд заасны дагуу хадгалах;
3.8.6. Дүгнэлт гаргах үйл ажиллагааг зохион байгуулсан ажлын хэсгийн шийдвэр, тайлан мэдээ, санал дүгнэлтийг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх.
3.9. Ажлын хэсгийн гишүүдийн 60 болон түүнээс дээш хувь нь хуралд оролцсон тохиолдолд хурлыг хүчин төгөлдөр болсонд тооцно.
3.10. Ажлын хэсгийн хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно.
3.11. Ажлын хэсэг баримт бичиг хүлээж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хуралдаж, бүртгэж гэрчилгээ олгох талаар дүгнэлт гаргана.
3.12. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага ажлын хэсгийн дүгнэлт, холбогдох баримт бичгийг дүгнэлт гарсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
3.13. Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ажлын 10 хоногт багтаан ажиллах хүч нийлүүлэгчийг бүртгэж гэрчилгээ олгох, сунгах, хүчингүй болгох талаар шийдвэр гаргана.
3.14. Шаардлага хангасан баримт бичиг бүрдүүлсэн хуулийн этгээдэд 3 жилийн хугацаатайгаар гэрчилгээ олгоно.
3.15. Ажиллах хүч нийлүүлэгчийн албан хүсэлт, өмнөх оны тайлан, тус байгууллагын ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн талаарх гомдол санал, түүний шийдвэрлэлт зэргийг харгалзан гэрчилгээг 2 жилийн хугацаатай сунгана.
3.16. Гэрчилгээний загварыг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
3.17. Ажиллах хүч нийлүүлэгчийн бүртгэлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
3.17.1. Ажиллах хүч нийлүүлэгч өөрөө хүсэлт гаргасан;
3.17.2. Ажиллах хүч нийлүүлэгч татан буугдсан;
3.17.3. Иргэнийг хуулиар хориглосон ажилд нийлүүлсэн болон нийлүүлэхийг оролдсон нь нотлогдсон;
3.17.4. Ажиллах хүч нийлүүлсний төлбөрийг ажилтнаас шууд ба шууд бусаар авсан;
3.17.5. Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
3.17.6. Ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн талаарх гомдол холбогдох хууль, хяналтын байгууллагаар тогтоогдсон;
3.17.7. Үйл ажиллагааны явцад гарсан зөрчлийг арилгах талаар ажлын хэсгээс хууль ёсны дагуу тавьсан шаардлагыг биелүүлээгүй.
3.18. Энэхүү журмын 3.17.3-3.17.7-д заасан зөрчил илэрсэн тохиолдолд бүртгэлийн гэрчилгээг 2 жилийн хугацаанд шинээр олгохыг хориглоно.
3.19. Бүртгэх үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын цахим хуудаст холбогдох мэдээллийг тогтмол байршуулна.
Дөрөв. Ажиллах хүч нийлүүлэгчийн эрх, үүрэг
4.1. Ажиллах хүч нийлүүлэгч дараах эрхтэй байна:
4.1.1. Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль, журмын талаар аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас зөвлөгөө, мэдээлэл авах;
4.1.2. Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, санал өгөх;
4.1.3. Хүлээн авагч байгууллага, ажил горилогч иргэдийн мэдээллийн нэгдсэн сан, тайлан мэдээг хэрхэн гаргах талаар аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагаас зөвлөгөө авах;
4.1.4. Бүртгэх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар санал хүсэлт, гомдол гаргах.
4.2. Ажиллах хүч нийлүүлэгч дараах үүрэгтэй байна:
4.2.1. Ажиллах хүч нийлүүлэгч хөдөлмөрийн гэрээ бүхий ажилтнаа хүлээн авагчид ажиллуулахдаа хүлээн авагч талтай ажиллах хүч нийлүүлэх гэрээг бичгээр байгуулсны үндсэн дээр ажиллуулна;
4.2.2. Ажиллах хүч нийлүүлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 76.2-т заасан нөхцөлд хүлээн авагчид ажиллах хүч нийлүүлнэ;
4.2.3. Ажиллах хүч нийлүүлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 76.6, 76.8-76.10, 77.1- 77.3-т заасан үүргийг хүлээнэ;
4.2.4. Ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллаж буй ажилтны хувь хүний мэдээллийн нууцыг хадгална;
4.2.5. Ажиллах хүч нийлүүлэгч ажилтныг арьс, өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэс угсаа, нийгмийн гарал, нас, хөгжлийн бэрхшээл гэх зэрэг хэлбэрээр алагчилахгүйгээр үйлчилгээ үзүүлнэ;
4.2.6. Ажиллах хүч нийлүүлэгч хүлээн авагч талтай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгасан байна;
4.2.7. Ажилтны цалин хөлс, урамшууллыг гэрээнд заасны дагуу хугацаанд нь олгоно;
4.2.8. Ажиллах хүч нийлүүлэгч хүлээн авагч байгууллага, ажил горилогч иргэдийн судалгаа, мэдээллийн нэгдсэн санг үүсгэн, улирал бүр тайлан гаргана;
4.2.9. Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөлттэй уялдуулан, үйл ажиллагаагаа зохион байгуулна;
4.2.10. Хуулиар хориглосон үйл ажиллагаанд ажиллах хүч нийлүүлэхийг хориглоно.
Тав. Мэдээ, тайлан
5.2. Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага үйл ажиллагааны улирлын мэдээ, тайланг дараа сарын 15-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад албан бичгээр болон цахимаар хүргүүлж, тайлагнана.
5.3. Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үйл ажиллагааны улирлын мэдээ, тайланг дараа сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр болон цахимаар тус тус мэдээлж, тайлагнана.
Зургаа. Бусад
6.1. Энэхүү журмын хэрэгжилт, ажиллах хүч нийлүүлэгчийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, холбогдох бусад байгууллагаас хяналт тавих бөгөөд хөндлөнгийн байгууллагаар аудит хийлгэж болно.
6.2. Ажиллах хүч нийлүүлэгчийг бүртгэх, бүртгэлийг хүчингүй болгохтой холбоотой гомдол, маргааныг хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргах ба шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
- - - oOo - - -
Текст томруулах
A
A
A