A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 сарын 22 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын тосны тухай хуулийн 10 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"10 дугаар зүйл.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын бүрэн эрх

Хэвлэх

10.1.Аймгийн Засаг дарга газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.газрын тосны тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан Засгийн газрын болон харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх, тэдгээрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах, үр дүнг хариуцах, дэмжлэг үзүүлэх;

10.1.2.энэ хуулийн 11.2.17-д заасныг үндэслэн байгуулсан сум, дүүргийн Засаг дарга болон тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;

10.1.3.энэ хуулийн 10.1.2-т заасан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг жил бүр газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Засгийн газарт танилцуулах;

10.1.4.хязгаарласан, эсхүл хориглосноос бусад тохиолдолд газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын талбайд зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахад бүх төрлийн дэмжлэг үзүүлэх;

10.1.5.харьяалах нутаг дэвсгэрт газрын тосны салбарын талаар хэрэгжиж байгаа шийдвэрийг жил бүр олон нийтэд мэдээлэх;

10.1.6.газрын тосны тухай хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахдаа газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах.

10.2.Сумын Засаг дарга газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.2.1.харьяалах нутаг дэвсгэртээ тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах, эзэмшүүлэхэд хяналт тавих, зөрчил гаргавал зөрчлийг таслан зогсоох, арилгуулах;

10.2.2.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хуулиар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;

10.2.3.энэ хуулийн 11.2.17-д заасныг үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, харьяалах дээд шатны Засаг даргад тайлагнах;

10.2.4.харьяалах нутаг дэвсгэрт газрын тосны салбарын талаар хэрэгжиж байгаа шийдвэрийг жил бүр олон нийтэд мэдээлэх;

10.2.5.газрын тосны тухай хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх.

10.3.Багийн Засаг дарга газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.3.1.газрын тосны тухай хууль тогтоомж, Засгийн газрын болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцах;

10.3.2.энэ хуулийн 10.2.2-т заасан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар дээд шатны Засаг даргад санал өгөх;

10.3.3.энэ хуулийн 11.2.17-д заасан гэрээнд санал өгөх.

10.4.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.4.1.төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн газрын тосны хайгуул явуулах талбайг зарлах тухай мэдэгдлийг хэлэлцэн дүгнэлт гаргах;

10.4.2.энэ хуулийн 10.4.1-д заасан дүгнэлт гаргахдаа зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах;

10.4.3.татан буулгалтын ажлын үр дүнг хүлээн авах комиссын үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах;

10.4.4.газрын тосны тухай болон бусад хууль тогтоомжоор өөрт нь ногдуулсан орон нутгийн эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэхдээ улсын ашиг сонирхлыг харгалзаж, бодлого, шийдвэрээ төрийн бодлоготой уялдуулах."

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР