A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2022 оны 200 дугаар

 тогтоолын 1 дүгээр хавсралт            

 

 

 

МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧААС НЭЭЛТТЭЙ ӨГӨГДӨЛ БИЙ БОЛГОХ,

НИЙТЛЭХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА,

АШИГЛАХ НӨХЦӨЛ, ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмын зорилго нь мэдээлэл хариуцагч Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.1-д заасны дагуу нээлттэй, хаалттай болон хязгаарлалттай мэдээллээс нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журмыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

1.2.Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэх, ашиглахад Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актыг дагаж мөрдөнө.

 

Хоёр.Нээлттэй өгөгдөл бий болгох

 

2.1.Мэдээлэл хариуцагч нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.1-д заасан нээлттэй өгөгдлийг бий болгоход дараахь шаардлага тавигдана:

 

      2.1.1.хууль ёсны эх сурвалжаас цуглуулсан байх;

 

      2.1.2.магадлахад үнэн зөв, бодитой байх;

 

      2.1.3.агуулгын хувьд хэсэгчлээгүй, бүрэн гүйцэд байх;

 

      2.1.4.хувийн ашиг сонирхол, итгэл үнэмшлийн нөлөөлөл ороогүй байх;

 

      2.1.5.мэдээллийн сангийн нэгдсэн ангилал, код ашигласан байх;

 

      2.1.6.нээлттэй өгөгдлийг бусад нээлттэй өгөгдөлтэй холбож ашиглах боломжтой байх;

 

      2.1.7.нээлттэй өгөгдлийн мөр бүрийг ялган таних, бусад нээлттэй өгөгдөлтэй холбох түлхүүр талбартай байх;

 

      2.1.8.түлхүүр талбарыг аль болох өөрчлөхгүй, урт хугацаанд тогтвортой хэрэглэдэг байх;

 

      2.1.9.хууль тогтоомжоор зөвшөөрсөн, шинжлэх ухааны үндэслэл бүхий, энгийн, ойлгомжтой, нийтлэг хэрэглэгддэг нэр томьёо, агуулга, тоо, үсэг, тусгай тэмдэглэгээ ашигласан байх;

 

      2.1.10.мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааны цар хүрээнээс хэтрэхгүй байх;

 

      2.1.11.бусад нээлттэй өгөгдөлтэй шууд харилцан хамааралтай, эсхүл түүний агуулгаас хамаарах бол эшлэл, тайлбарыг тусгах.

 

2.2.Мэдээлэл хариуцагч нь нээлттэй өгөгдөл бий болгох зорилгоор энэ журамд нийцүүлэн дотоод заавар баталж, мөрдүүлж болно.

 

2.3. Мэдээлэл хариуцагч нь нээлттэй өгөгдлийг өөрийн санаачилгаар, эсхүл хүн, хуулийн этгээдийн хүсэлтэд үндэслэн бий болгож болно.

 

2.4.Хүн, хуулийн этгээд нээлттэй өгөгдөл бий болгох талаар хүсэлт гаргасан тохиолдолд мэдээлэл хариуцагч хүсэлтийг хүлээн авах эсэхийг ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэж хариу мэдэгдэх бөгөөд хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд нээлттэй өгөгдлийг 30 хоногийн дотор бий болгож, хүн, хуулийн этгээдэд хүргүүлнэ.

 

2.5.Мэдээлэл хариуцагч нь өмнөх бүтэц, агуулга, бэлтгэсэн арга зүй, эх үүсвэр, ашиглах нөхцөлөө алдаж, хурдан өөрчлөгдөх шинж чанартай нээлттэй өгөгдөл болон нэмэлт өртөг шингэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглээг бий болгоход тохиромжтой нээлттэй өгөгдлийг машин унших форматаар, онлайн (API) хэлбэрээр, эсхүл бүхэлд нь татаж авах нөхцөлийг бүрдүүлнэ.

 

Тайлбар: "машин унших формат" гэж нээлттэй өгөгдлийг компьютерийн программаар ялгах, таних, хэсэгчилж авах боломжтой бүтэцлэгдсэн форматыг ойлгоно.

 

2.6.Мэдээлэл хариуцагч шинээр нээлттэй өгөгдөл бий болгох зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.6-д заасан жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

2.7.Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь шинээр нээлттэй өгөгдөл бий болгох талаар мэдээлэл хариуцагчаас ирүүлсэн саналыг нэгтгэн Засгийн газарт хүргүүлнэ.

 

Гурав.Нээлттэй өгөгдлийг нийтлэх

 

3.1.Мэдээлэл хариуцагч нь нээлттэй өгөгдлийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.2-т заасны дагуу өөрийн цахим хуудас болон төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системд нийтэлнэ.

 

3.2.Нээлттэй өгөгдлийг нийтлэхэд дараахь шаардлага тавигдана:

 

      3.2.1.2-оос доошгүй тооны машин унших формат (XML, CSV, JSON, RDF, GeoJSON гэх мэт нийтлэг ашиглагддаг)-тай байх;

 

      3.2.2.төлбөргүй татаж авах боломжтой байх;

 

      3.2.3.нээлттэй өгөгдлийг ашиглах нөхцөлийг заах;

 

      3.2.4.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.6-д заасны дагуу Засгийн газраас баталсан жагсаалтад заасан хугацаанд шинэчлэгддэг байх;

 

      3.2.5.нийтэлсэн нээлттэй өгөгдөлд өөрчлөлт орсон тохиолдолд өмнөх болон шинэчилсэн хувилбарыг хамт нийтлэх;

 

      3.2.6.өөрийн цахим хуудсанд нээлттэй өгөгдлийн цэс үүсгэх.

 

Дөрөв.Нээлттэй өгөгдлийг ашиглах

 

4.1.Хүн, хуулийн этгээд нь нээлттэй өгөгдлийг дараахь нөхцөлийн дагуу ашиглана:

 

      4.1.1.нээлттэй өгөгдлийг чөлөөтэй ашиглах;

 

      4.1.2.арилжааны бус нөхцөлөөр ашиглах;

 

      4.1.3.нээлттэй өгөгдлийг боловсруулсан этгээдийн нэрийг дурдаж ашиглах;

 

      4.1.4.бусад.

 

4.2.Хүн, хуулийн этгээд нь нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхтэй холбоотой энэ журмын 2.1, 3.2-т заасан шаардлагыг хангуулах талаар өргөдөл, гомдол гаргах эрхтэй.

 

Тав.Нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэх

удирдлага, зохион байгуулалт

 

5.1.Мэдээлэл хариуцагч нь нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэх, шинэчлэх ажлыг байгууллагын хэмжээнд зохион байгуулж, хариуцсан албан хаагчийг томилж, ажиллуулна.

 

5.2.Нээлттэй өгөгдөл хариуцах үүргийг хавсран гүйцэтгэхээр бол томилогдсон албан хаагчид хуульд заасны дагуу нэмэгдэл олгож болно.

 

5.3.Мэдээлэл хариуцагч нь нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангана.

 

5.4.Энэ журмын 5.3-т заасан төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тайлагнаж цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Тайланд дараахь мэдээллийг тусгана:

 

      5.4.1.нийтэлсэн нээлттэй өгөгдлийн тодорхойлолт, хэмжээ;

 

      5.4.2.нээлттэй өгөгдлийг нийтэлсэн давтамж, татаж авсан тоон үзүүлэлт;

 

      5.4.3.шинээр бий болгох нээлттэй өгөгдөл, түүний тодорхойлолт;

 

      5.4.4.нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэх, ашиглахтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдал.

 

5.5.Нээлттэй өгөгдөл хариуцсан албан хаагч нь дараахь ажлыг хариуцан гүйцэтгэнэ:

 

      5.5.1.нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах;

 

      5.5.2.нээлттэй өгөгдлийг Засгийн газраас тогтоосон хугацаанд нийтлэх;

 

      5.5.3.нээлттэй өгөгдөл шинээр бий болгох талаар санал гаргах;

 

      5.5.4.нээлттэй өгөгдөлтэй холбоотой хүн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэж, хариу өгөх.

 

5.6.Мэдээлэл хариуцагч нь нээлттэй өгөгдөл бий болгох, шинэчлэх талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

 

      5.6.1.хүн, хуулийн этгээдийн эрэлт, хэрэгцээг тодорхойлох зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах;

 

      5.6.2.нээлттэй өгөгдлийг хүн, хуулийн этгээдэд сурталчлан таниулах, сургалт зохион байгуулах;

 

      5.6.3.нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэх техник болон программ хангамжийг шинэчлэн сайжруулах.

 

 

 

 

---o0o---