A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2022 оны 200 дугаар

 тогтоолын 2 дугаар хавсралт             

 

 

ТӨРИЙН НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙН НЭГДСЭН

СИСТЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмын зорилго нь төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн систем (цаашид "систем" гэх)-ийг хөгжүүлэх, байнгын, хэвийн үйл ажиллагааг хангах, нээлттэй өгөгдөл нийтлэх, удирдах, ашиглахтай холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино.

 

1.2.Энэ журмыг хэрэгжүүлэхэд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан бусад актыг дагаж мөрдөнө.

 

Хоёр.Системийн шаардлага, үйл ажиллагаа

 

2.1.Систем нь Засгийн газраас баталсан жагсаалтын дагуу нээлттэй өгөгдлийг нийтлэх, олон нийтэд түгээх, нээлттэй өгөгдлийг ашиглах нөхцөлийн дагуу өгөгдлийг хүн, хуулийн этгээдэд ашиглуулах хэрэгсэл бөгөөд дараахь шаардлагыг хангасан байна:

 

      2.1.1.систем нь дурын веб хөтөч дээр ажиллах боломжтой байх;

 

      2.1.2.системд нээлттэй өгөгдлийг ашиглах нөхцөлийг ойлгомжтой тайлбарласан байх;

 

      2.1.3.нээлттэй өгөгдөлд хандахад хялбар, хуулах, татаж авах боломжтой байх;

 

      2.1.4.бүртгэгдсэн бүх утгаар хайлт хийх, бүлэглэх, ангилах, эрэмбэлэх боломжтой байх;

 

      2.1.5.нээлттэй өгөгдөлд хандсан тоон мэдээлэл, лог бүртгэлтэй байх;

 

      2.1.6.нээлттэй өгөгдлийн статистик үзүүлэлтээр тайлан, мэдээ гаргадаг байх;

 

      2.1.7.бусад системүүдтэй холбогдож (API) харилцан мэдээлэл солилцох боломжтой байх;

 

      2.1.8.өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрийг эргэн мэдээлэх боломжтой байх;

 

      2.1.9.мэдээлэл хариуцагчийн нэр, холбоо барих мэдээллийг тодорхой харуулдаг байх;

 

      2.1.10.нээлттэй өгөгдөл нийтлэхэд шаардлагатай мета-өгөгдлийг авах боломжтой байх;

 

      2.1.11.нийтэлсэн нээлттэй өгөгдлийн мета-өгөгдөл болон формат, хэмжээ, нийтэлсэн болон өөрчлөлт хийсэн огноог харуулдаг байх;

 

      2.1.12.нийтэлсэн нээлттэй өгөгдлийг архивлах, архивын өгөгдлийг харах, татан авах боломжтой байх.

 

Тайлбар: "мета-өгөгдөл" гэж өгөгдлийн бүтэц, формат, чанар, агуулга, мэдээлэл хариуцагч, эх сурвалж, боловсруулсан арга зүйг тайлбарласан өгөгдлийг ойлгоно.

 

Гурав.Систем хариуцагч, мэдээлэл

 хариуцагчийн эрх, үүрэг

 

3.1.Систем хариуцагч нь цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байх бөгөөд дараахь эрх, үүрэгтэй:

 

      3.1.1.системийг тогтмол хөгжүүлж, байнгын, хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах;

 

      3.1.2.системийн хэвийн үйл ажиллагааг хангах зохицуулагчийг томилох;

 

      3.1.3.мэдээлэл хариуцагчаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан системд мэдээлэл хариуцагчийн эрхийг үүсгэж, тохиргоо хийх;

 

      3.1.4.системийн мэдээллийн санг зохион байгуулах, нээлттэй өгөгдлийн бүлэг, ангилал үүсгэх;

 

      3.1.5.системд хандсан хандалт, лог бүртгэлийг хөтлөх, хянах;

 

      3.1.6.системийн мэдээллийн сангийн нөөц хувилбарыг долоо хоног бүр хийх, системийн архив үүсгэх;

 

      3.1.7.системтэй холбоотой асуудлаар мэдээлэл хариуцагч, хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол хүлээж авах нөхцөлийг бүрдүүлэх, хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу мэдэгдэх;

 

      3.1.8.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 12.11-д заасны дагуу нийтэлсэн нээлттэй өгөгдөлтэй холбоотой гомдол ирсэн тохиолдолд нээлттэй өгөгдөлд хандах хандалтыг түр зогсоох;

 

      3.1.9.мэдээлэл хариуцагчид систем ашиглахтай холбоотой заавар, зөвлөмж өгөх, гарын авлагаар хангах, сургалт зохион байгуулах.

 

3.2.Мэдээлэл хариуцагч нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6.1-д заасан этгээд байх бөгөөд дараахь эрх, үүрэгтэй:

 

      3.2.1.өөрийн цахим хуудсанд нийтэлсэн нээлттэй өгөгдлийг системд байршуулах;

 

      3.2.2.систем ашиглахтай холбоотой систем хариуцагчаас өгсөн заавар, зөвлөмжийг мөрдөх;

 

 

      3.2.3.нээлттэй өгөгдөл хариуцсан албан хаагчийн мэдээллийг систем хариуцагчид хүргүүлэх, өөрчлөлтийг тухай бүр мэдэгдэх;

 

      3.2.4.системд нэвтрэхдээ систем хариуцагчаас олгосон эрхийг ашиглах;

 

      3.2.5.хуульд заасан бусад.

 

Дөрөв.Системийн нууцлал, аюулгүй ажиллагаа

 

4.1.Систем хариуцагч нь системийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.

 

4.2.Мэдээлэл хариуцагч нь хандах эрхийн нууцлалыг хангаж, нэвтрэх нэр, нууц үгээ алдсан тохиолдолд систем хариуцагчид мэдэгдэж, даруй солино.

 

4.3.Системийг "Үндэсний дата төв" УТҮГ дээр байршуулна.

 

Тав.Бусад

 

5.1.Систем хариуцагч нь системийн ашиглалтын тайланг гаргаж нийтэд мэдээлнэ.

 

 

 

 

---o0o---