- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 203
Улаанбаатар хот
ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.1, 5.2, 13.3, 13.4, 14.1, 14.3, 15.2.3, 15.3, 17.1.2, 17.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор дараахь арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны төсвийн захирагч, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн дарга, захирал, эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай:
1.1. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.1, 5.2-т заасны дагуу тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглосон төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээдийн холбогдох албан тушаалтныг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, тэтгэмжийг зохих журмын дагуу шийдвэрлэх;
1.2. жил бүрийн төсвийн төслийн талаарх саналаа Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцүүлсний үндсэн дээр хөрөнгө оруулалтын болон урсгал зардлыг төлөвлөж, эрх бүхий этгээдэд хүргүүлэх;
1.3. байгууллагын үндсэн чиг үүрэгт шууд хамаарах, үйл ажиллагааны цар хүрээ, онцлог байдал нь танхимаар болон биечлэн хийх зайлшгүй шаардлага үүсдэгээс бусад тохиолдолд сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулах;
1.4. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13.3, 13.4 дэх хэсгээр хориглосон хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний зураг, төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг 2022 онд боловсруулахгүй, энэ чиглэлээр төсвөөс хөрөнгө зарцуулахгүй байх.
2. Төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга, техник хэрэгслийн нийтлэг жишигт өөрчлөлт оруулах санал боловсруулж, 2022 оны 2 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.
3. Төрийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, бусад албан хаагчид олгох цалин хөлсний нийтлэг жишиг тогтоох талаар санал боловсруулж, 2022 оны 2 дугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.
4. Худалдан авах бараа, ажил, үйлчилгээний 2023 оны төлөвлөгөөний төслийг боловсруулж цахим дэлгүүрт оруулах, бараа, үйлчилгээний тоо хэмжээ, гэрээ байгуулсан нэгж үнийн талаарх санал, мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт, цахим дэлгүүрийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, дэлгүүрт байршуулах бараа, үйлчилгээний тендер шалгаруулалтыг шуурхай, нээлттэй зохион байгуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газар (Х.Улам-Өрнөх)-т үүрэг болгосугай.
5. Үзүүлж байгаа үйлчилгээнийхээ орлогоор өөрийгөө санхүүжүүлэх боломжтой төсвийн байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газрыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулах болон төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг судлан санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
6. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид үүрэг болгосугай.
7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаар тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A