A

A

A

Бүлэг: 1979

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2022

оны 05 дугаар сарын 25-ны өдрийн

305 дугаар тогтоолын хавсралт

 

 

 

ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАЙНЫ БОЛОН ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/ нь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч /цаашид "ВХҮҮ" гэх/ Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан журам, зааврыг биелүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авахтай холбогдох харилцааг зохицуулна.

1.2.Хорооноос баталсан "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт, шалгалт хийх журам"-аар ВХҮҮ-ийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалттай холбоотой нийтлэг харилцааг зохицуулж, энэ журмаар нарийвчилсан харилцааг зохицуулна.

1.3.ВХҮҮ-ийн хяналт шалгалтын болон эрсдэлийн үнэлгээний хувийн хэргийг Хорооны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиг үүрэг бүхий газар, нэгж бүрдүүлж, хөтөлнө.

1.4.Хороо хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ "Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын бодлогын баримт бичиг"-т заасан зарчмыг баримтална.

Хоёр.Хяналт шалгалтын төрөл, хэлбэр

2.1.Хорооноос хийх хяналт шалгалт нь дараах төрөлтэй байна:

2.1.1.зайны хяналт шалгалт;

2.1.2.газар дээрх хяналт шалгалт.

2.2.Хяналт шалгалтыг хянан шалгагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ. Газар дээрх хяналт шалгалтыг зөвхөн улсын байцаагчийн эрхтэй хянан шалгагч хэрэгжүүлж, ажлын хэсгийг удирдана. Шаардлагатай гэж үзвэл бусад алба хаагчийг ажлын хэсгийн гишүүнээр ажиллуулж болно.

2.3.Хянан шалгагч, улсын байцаагч нь хууль тогтоомж, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн дүрэм, "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт, шалгалт хийх журам" болон энэ журмын хүрээнд хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.

Гурав.Зайны хяналт шалгалт

3.1.Зайны хяналт шалгалтаар ВХҮҮ нь хууль тогтоомж, холбогдох нөхцөл шаардлага, журмыг биелүүлж байгаа эсэхийг хянах, үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах замаар учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой байна.

3.2.Зайны хяналт шалгалтыг дараах үндэслэл, арга хэлбэрээр хэрэгжүүлнэ:

3.2.1.эрсдэлийн үнэлгээ, асуулгаар;

3.2.2.тусгайлсан программ хангамжаар;

3.2.3.ВХҮҮ болон холбогдох бусад этгээдээс ирүүлсэн тайлан, мэдээлэл;

3.2.4.хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад арга, хэлбэр.

3.3.ВХҮҮ зайны хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дараах мэдээ, тайланг энэ журмын хавсралтад заасан маягтын дагуу Хороонд тогтоосон хугацаанд ирүүлнэ:

3.3.1.ВХҮҮ-ийн арилжааны мэдээг сар бүр энэ журмын нэгдүгээр хавсралтын дагуу  цахим хэлбэрээр дараа сарын 10-ны өдрийн дотор ирүүлэх;

3.3.2.ВХҮҮ-ийн арилжаанд оролцогчдын мэдээг сар бүр энэ журмын хоёрдугаар хавсралтын дагуу цахим хэлбэрээр дараа сарын 10-ны өдрийн дотор ирүүлэх;

3.3.3.мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулгыг хагас болон жилийн эцсээр Хорооноос баталсан "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт, шалгалт хийх журам"-ын 4.9-т заасны дагуу цахим хэлбэрээр 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор болон дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ирүүлэх.

3.4.ВХҮҮ-ээс ирүүлэх мэдээ, тайлан дараах шаардлагыг хангасан байна:

3.4.1.тогтоосон хугацаанд үнэн зөв, хавсралтад заасны дагуу ирүүлсэн байх;

3.4.2.тухайн мэдээ, тайланг өмнө нь өгч байсан бол түүнтэй нийцсэн байх, өөрчлөгдсөн тохиолдолд тайлбар, тодруулга үндэслэлтэй байх.

3.5.Хороо шаардлагатай тохиолдолд ВХҮҮ-ээс ирүүлсэн мэдээ, тайланд нэмэлт тодруулга, тайлбарыг холбогдох нотлох баримтын хамт шаардаж болно.

Дөрөв.Газар дээрх хяналт шалгалт

4.1.Хороо газар дээрх хяналт шалгалтыг иж бүрэн болон хэсэгчилсэн байдлаар хийнэ.

4.2.Ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэлбэрээр газар дээрх хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.

4.3.Газар дээрх хяналт шалгалтыг дараах үндэслэлээр хийнэ:

4.3.1.энэ журамд заасан зайны хяналт шалгалтын дүгнэлт;

4.3.2.төрийн эрх бүхий байгууллага, иргэдээс ирүүлсэн зохих нотлох баримттай санал, дүгнэлт, гомдол;

4.3.3.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 8.2, 8.3-т заасан үүргийг хэрэгжүүлээгүй;

4.3.4.өмнө хийгдсэн хяналт шалгалтаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн хэрэгжилтийг тооцох;

4.3.5.ВХҮҮ-ийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт, зөвлөмж;

4.3.6. ВХҮҮ тус журмын 3.3, 3.4, 3.5 дах хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлээгүй.

4.4.Газар дээрх хяналт шалгалт хийхэд ВХҮҮ-ийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулах бөгөөд тухайн албан тушаалтан ирээгүй нь уг шалгалтыг хойшлуулах үндэслэл болохгүй.

4.5.Ажлын хэсэг газар дээрх хяналт шалгалтын тайланг ВХҮҮ-ийн удирдлагад танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулна.

4.6.ВХҮҮ газар дээрх хяналт шалгалтын тайлантай танилцах эрхтэй.

4.7.Газар дээрх хяналт шалгалтын дүнд илэрсэн зөрчил, дутагдалд шалгалтын тайлангаар болон Улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгөх, шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг нээх, эсхүл гэмт хэргийн шинжтэй тохиолдолд харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлнэ.

---oOo---