A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны 2022

оны 05 дугаар сарын 25-ны өдрийн

306 дугаар тогтоолын хавсралт

 

 

 

ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ, ТҮР ЗОГСООХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэ журмаар Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-нд бүртгэлтэй Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч /цаашид "ВХҮҮ" гэх/-ийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, түр зогсоох, бүртгэлээс хасахтай холбогдох харилцааг зохицуулна.

ХОЁР. ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ

2.1.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 10.10-т заасан үйл ажиллагаа болон тухайлсан виртуал хөрөнгө, түүнтэй холбоотой бүтээгдэхүүнд Хорооноос мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор хязгаарлалт тогтоож болно.

2.2.Хязгаарлалт тогтоох нь ВХҮҮ-ийн зайны болон газар дээрх хяналт шалгалт, бусад эрх бүхий байгууллагын дүгнэлт, зөвлөмж, мэдэгдэл, анхааруулга, тодорхойлолт зэрэгт үндэслэнэ.

2.3.ВХҮҮ нь хязгаарлалтаас чөлөөлүүлэх хүсэлтээ нотлох баримтын хамт Хороонд ирүүлж болох бөгөөд ирүүлсэн хүсэлтийг ажлын 20 өдрийн дотор Хороо хянаж, шийдвэрлэнэ.

2.4.Энэ журмын 2.2-т заасан мэдэгдлийн шалтгаан, нөхцөл байдал арилсан гэж Хороо үзвэл хязгаарлалтаас чөлөөлнө.

2.5.Хороо хязгаарлалт тогтоосон болон хязгаарлалтаас чөлөөлсөн шийдвэрээ олон нийтэд нээлттэй байршуулна.

ГУРАВ. ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООХ

3.1.Хорооноос дараах тохиолдолд ВХҮҮ-ийн үйл ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түр зогсоож болно:

3.1.1.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон салбарын зохицуулалтын журамд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах талаар Хорооноос хүргүүлсэн албан шаардлагыг заасан хугацаанд хангаж ажиллаагүй, үүргээ биелүүлээгүй;

3.1.2.Хороо, түүний хянан шалгагчаас ВХҮҮ-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор 2 болон түүнээс дээш удаа мэдэгдэл, анхааруулга хүргүүлсэн;

3.1.3.гэмт хэрэг үйлдэх замаар үйл ажиллагаа эрхэлж байгаа талаар эрх бүхий этгээдээс үндэслэл бүхий хүсэлт гаргасан. 

3.2.Түр зогсоосон нөхцөл байдал арилсан бол ВХҮҮ нь үйл ажиллагааг сэргээх хүсэлтээ нотлох баримтын хамт Хороонд ирүүлнэ.

3.3.Энэ журмын 3.2-т заасан хүсэлтийг Хороо ажлын 20 өдрийн дотор хянаж, шийдвэрлэнэ.

3.4.Хороо ВХҮҮ-ийн үйл ажиллагааг түр зогсоосон болон сэргээсэн шийдвэрээ олон нийтэд нээлттэй байршуулна.

3.5.Энэ журмын 3.1-т заасны дагуу түр зогсоосон нь харилцагчийн зөвшөөрлөөр түүний виртуал болон мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээ хийх ВХҮҮ-ийн эрхийг хязгаарлахгүй.

ДӨРӨВ. ВИРТУАЛ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙГ
БҮРТГЭЛЭЭС ХАСАХ

4.1.Хорооноос дараах тохиолдолд ВХҮҮ-ийг бүртгэлээс хасна:

4.1.1.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон салбарын зохицуулалтын журамд заасан нөхцөл, шаардлагыг цаашид хангаж ажиллах боломжгүй болсон нь тогтоогдсон;

4.1.2.бүртгүүлснээс хойш 3 сарын дотор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6.1-т заасан үйл ажиллагааг эрхэлж эхлээгүй;

4.1.3.бүртгэлээс хасуулах тухай хүсэлтийг Хороонд ирүүлсэн, эсхүл татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын болон шүүхийн шийдвэр гарсан;

4.1.4.баримт бичгийг хуурамчаар үйлдэн Хороонд бүртгүүлсэн нь тогтоогдсон;

4.1.5.түр зогсоосон хугацаанд үндэслэл болсон нөхцөл байдал, зөрчлийг арилгаагүй;

4.1.6.гэмт хэрэг үйлдэж харилцагчид их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон.

4.2.ВХҮҮ-ийг бүртгэлээс хассан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор тухайн компанийг дахин бүртгүүлэхтэй холбоотой хүсэлтийг хүлээн авахгүй.  

4.3.ВХҮҮ-ийн бүртгэлээс хасагдсан компани нь төлөвлөгөө, харилцагчтай байгуулсан гэрээнд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч, тайланг Хороонд ажлын 20 өдрийн дотор ирүүлнэ.

4.4.Хороо бүртгэлээс хассан шийдвэрээ олон нийтэд нээлттэй байршуулна.

4.5.Энэ журмын 4.1-т заасны дагуу бүртгэлээс хассан нь харилцагчийн зөвшөөрлөөр түүний виртуал болон мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээ хийх ВХҮҮ-ийн эрхийг хязгаарлахгүй.

-о0о-