- Нүүр
- Сайдын тушаал
- БЕТОН ЗУУРМАГИЙН ШАХУУРГЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 109 дүгээр тушаалын хавсралт
БЕТОН ЗУУРМАГИЙН ШАХУУРГЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
1. Ерөнхий зүйл
1.1.Энэ дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалттай бетон зуурмагийн шахуургыг ашиглагч, эзэмшигч бүх байгууллага, иргэн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр дагаж мөрдөнө.
1.2.Өөрөө явагч болон суурин бүх төрлийн бетон зуурмагийн шахуургын техникийн ба ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлыг энэхүү дүрмээр зохицуулна.
1.3.Дүрмээр бетон зуурмагийн шахуургыг ашиглахад тавигдах аюулгүй ажиллагааны шаардлага, бетон зуурмагийн шахуургыг ашиглахтай холбоотой ажилладаг хүмүүсийн эрх, үүрэг, төхөөрөмжийг бүртгэх, ашиглах, боловсон хүчнийг бэлтгэх үйл ажиллагааг зохицуулсан болно.
2. Бетон зуурмагийн шахуургыг худалдан авахад тавигдах шаардлага
2.1.Бетон зуурмагийн шахуурга нь манай орны байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон байна.
2.2.Бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийг худалдан авахад аюулгүй ажиллагаанд шаардлагатай дараах зүйлс дагалдаж ирсэн байх ба үйлдвэрээс нь дагалдуулах боломжгүй нөхцөлд бүртгүүлэхийн өмнө худалдан авч түүнд иж бүрдэл болгосон байна:
2.2.1.энэ дүрмийн 5.2, 5.3-д заасан паспорт, заавар, бичиг баримууд;
2.2.2.бетон зуурмаг дамжуулах хоолойн элэгдлийг оношлох багаж (эзэмшлийн болон түрээсийн);
2.2.3.оператор, операторын туслахын хооронд харьцах богино долгионы радио станц;
2.2.4.ослын гурвалжин тэмдэг /450мм-ээс багагүй өндөртэй 2-оос доошгүй байна/, эмийн сан /эмийн санд нүд цэвэрлэгч болон хамгаалалтын тос байх шаардлагатай/;
2.2.5.төхөөрөмж дээр зайлшгүй тавигдах ёстой анхааруулах тэмдэг, санамж бичиг;
2.2.6.тулгуурын тоогоор түүний тавган доор тавих 500х500мм-ээс багагүй хэмжээтэй модон ивүүр.
3. Бетон зуурмагийн шахуургын техникийн аюулгүй байдалд тавигдах шаардлага
3.1.Бетон зуурмагийн шахуурга нь суурилуулалтын тогтворжилтыг хангаагүйгээс онхолдох, зуурмаг дамжуулах хоолой өндөр даралтаас болж задрах, зуурмаг цутгах уян хоолойн савалтанд хүн цохиулах болон бетон зуурмагаас хүний нүд, арьс гэмтэх аюултай тул түүнийг ашиглахад онцгой анхаарах шаардлагатай.
3.2.Бетон зуурмаг хүлээн авах бункер нь түүний сэлүүрийг тусгаарлах болон гадны овортой зүйл орохоос хамгаалах зорилготой хамгаалалтын тортой байна.
3.3.Бункерын торон тагны сараалжны хоорондох зай нь хүний гар орохооргүй, 75мм-ээс ихгүй хэмжээтэй байна. Торноос бункер доторх сэлүүр хүртэл зай нь 100 мм-ээс багагүй байна.
3.4.Ажлын үед цахилгааны ослоос хамгаалах үүрэгтэй газардуулгатай байна.
3.5.Сумны хөдөлгөөнийг удирдах алсын удирдлагатай байна.
3.6.Бетон зуурмагийн шахуурга нь дараах хянах, хэмжих багажаар тоноглогдсон байна. Үүнд:
3.6.1.суурилуулалтын тэгш байдлыг хянах тэгш ус;
3.6.2.зуурмаг дамжуулах хоолойгоор шахаж байгаа зуурмагийн даралтыг хянаж байх хэмжих багаж;
3.6.3.салхины хурд хэмжигч /анемометр/;
3.6.4.төхөөрөмжийн эргэх, үл эргэх хэсэгт гидравлик системийн хэвийн ажиллагааг хангах тоноглол эсвэл хамгаалах хэрэгсэл;
3.6.5.тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн шаардлагыг хангасан байхаас гадна ажлын нэмэлт гэрэлтүүлэг;
3.6.6.осол гарч болох нөхцөл илэрсэн үед төхөөрөмжийг унтраах ослын унтраалга байх ба тэр нь ажлын үед хүрэхэд хялбар газар байрласан байна.
3.7.Бетон зуурмагийг дамжуулагч хоолойн залгах хэрэгсэл ажлын үед мултардаггүй, түгжээтэй байна.
3.8.Бетон зуурмагийн шахуурга, дамжуулах хоолой нь байнгын доргио чичиргээнд ажиллах тул тэдгээрийн холболт бүрд резин тусгаарлагч тавьж өгсөн байна.
4. Бетон зуурмагийн шахуургыг ажиллуулах үеийн аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлага
4.1.Бетон зуурмагийн шахуургыг барилгын талбайд байрлуулах, бетон зуурмаг тээвэрлэгч автомашины зогсох талбайг бэлтгэхэд дараах шаардлагыг хангасан байна.
4.1.1.бетон зуурмагийн шахуургыг цахилгаан дамжуулах шугам, шатамхай бодис, тэсэрч дэлбэрэх зүйлийн орчинд байрлуулах болон газар доор байх далд нүх, худаг, шугам, сүлжээн дээр тулгуурыг тулж болохгүй;
4.1.2.төхөөрөмжийн тулгуурын хязгаараас гадагш хааш хаашаа 1м-ээс багагүй зайтай талбайг чөлөөтэй байлгана;
4.1.3.бетон зуурмаг нийлүүлэгч машины зуурмаг өгөх хоолойн түвшин нь төхөөрөмжийн хүлээн авах бункерын амны түвшингээс дээш байх ба зуурмаг бункерт өөрийн урсгалаар орох боломжийг хангасан байхаар түүний зогсоолын түвшинг шийдсэн байна;
4.1.4.зуурмаг тээвэрлэгч машин ухран зогсох газар дугуй хязгаарлагч тавьсан байна.
4.2.Тулгуурыг байрлуулах, тулахад тавигдах шаардлага.
4.2.1.Тулгуурыг эргийн ирмэгийн ойролцоо байрлуулах нөхцөлд тулгуур нь эргийн доод ирмэгээс алслагдах зай нь түүний өндрөөс багагүй байх ба хэрэв эрэг нь бага нягтралтай сэвсгэр хөрстэй нөхцөлд түүний өндрийг хоёроор үржүүлсэн хэмжээнээс багагүй зайд байрлуулна /1 дүгээр зураг/.
1 дүгээр зураг
4.2.2.Төхөөрөмжийн бүх тулгуур хөлийг эцсийн байрлал хүртэл дэлгэж, бүрэн сунгаад, хойт дугуйг газраас хөндийртөл өргөнө. Энэ үед тэгш ус хааш хаашаагаа 30-аас илүүгүй налууг зааж байх ёстой /2 дугаар зураг/.
2 дугаар зураг
4.2.3.Тулгуурын тавгийг овгор, хонхорхойтой, тэгш бус газар тавьж болохгүй, газрыг тэгшилсэн байна /3 дугаар зурагны А, В, С/.
3 дугаар зураг
4.2.4.Хөрсний нөхцөлөөс хамаарч тулгуур шигдэх нөхцөлд түүний газарт тулах талбайг ихэсгэх зорилгоор тусгайлан бэлдсэн нэмэлт дэр хэрэглэнэ. Нэмэлт дэр нь салангид хэсгээс бүрдэх нөхцөлд тулгуурын тавагны ивүүр түүний бүх хэсэг дээр хүрэлцэн дарах ёстой /3 дугаар зурагны D/.
4.2.5.Оператор сумыг тулгуур бүрийн чигт байрлуулж, хамгийн бага өнгийлтөөс их өнгийлт рүү нь аажмаар сунгах маягаар тулгуур тухайн газарт шигдэхгүй тогтвортой байж чадах эсэхийг шалгана /4 дүгээр зураг/.
4 дүгээр зураг
4.2.6.Тулгуурыг буулгах үед түүний эвхэгддэг хэсгийн дотор талд зогсож болохгүй. Учир нь тулгуурыг суллахад машины хүндийн төв өөрчлөгдөн, тулгуур өөрийн жингээр эвхэгдэх чиглэлд шилжих боломжтой /5 дугаар зураг/.
5 дугаар зураг
4.3.Бетон зуурмаг дамжуулах хоолойг ажлын байдалд байрлуулахад тавигдах шаардлага.
4.3.1.Төхөөрөмжийг ажиллуулах үеийн салхины хурд паспортанд заагдсан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үед сумыг сунгахыг хориглоно.
4.3.2.Аянга цахилгааны аюул болзошгүй нөхцөлд сумыг сунгахыг хориглоно.
4.3.3.Сумыг ачаа өргөх зориулалтаар ашиглахыг хориглоно.
4.3.4.Сум газардуулгын хэлхээнд холбогдсон байх шаардлагатай.
4.3.5.Бетон зуурмагийн суурин шахуургын бетон зуурмаг дамжуулах хоолойг хэрхэн суурилуулах, бэхлэх талаар барилгын зураг төсөлд тусгасан байхаас гадна дараах шаардлага тавигдана:
4.3.5.1.хоолойн голч, ханын зузаан нь шахах бетон зуурмагийн даралтыг даах хэмжээний бат бөх байх шаардлагатай;
4.3.5.2.дамжуулах хоолойг суурилуулахдаа аль болохоор чиглэлийг бага өөрчилж байхаар төлөвлөх хэрэгтэй;
4.3.5.3.дамжуулах хоолойн холбох хэрэгсэл дээр ачаалал өгөхгүй байхаар түүний бэхэлгээг төлөвлөнө. Үүний тулд хоолойн чиглэлийг өөрчлөх өнцөг нь 900 байхаар хийж, чиглэл өөрчилж байгаа хэсгийн хоёр талд давхар бэхэлгээ хийж өгөх хэрэгтэй;
4.3.5.4.дамжуулах хоолойг барилгад найдвартай бэхлэх ба түүний бэхэлгээ хоорондын зай 3м-ээс хэтэрч болохгүй;
4.3.5.5.дамжуулах хоолойг бетон цутгах хэв, өргөх төхөөрөмж гэх мэт байнгын хөдөлгөөнгүй байх боломжгүй зүйлсээс бэхлэхийг хориглоно. 6 дугаар зурагт бетон зуурмаг дамжуулах хоолойн бэхэлгээний зарим жишээг үзүүлэв;
4.3.5.6.бетон зуурмагийг дамжуулах хоолойн бэхэлгээний эд ангийн бат бөхийн нөөцийн итгэлцүүрийг 3-аар авах ба барилгад бэхэлсэн бэхэлгээг түүний ажлын ачааллыг нь 125%-иар нэмэгдүүлсэн хүчээр татаж шалгана.
6 дугаар зураг
4.3.6.Автомашин болон чиргүүл дээр байрласан бетон зуурмагийн шахуургын сумыг сунгах, хураахдаа төхөөрөмжийн ашиглалтын зааварт заасан бүдүүвчийг нарийн баримтлан гүйцэтгэнэ. 7 дугаар зурагт сумыг сунгах талаар түүний ашиглалтын зааварт үзүүлдэг бүдүүвчийг жишээгээр үзүүлэв.
7 дугаар зураг
4.4.Бетон зуурмагийг хүлээн авах, дамжуулах хоолойгоор шахах, барилгын объектод цутгахад тавигдах шаардлага.
4.4.1.Бетон зуурмагт химийн хольц байдаг тул түүнийг хүний арьсанд хүрэх, нүдэнд орохоос болгоомжилж хамгаалалтын хувцас өмсөж, нүдний шил зүүж ажиллана.
4.4.2.Бетон зуурмагийн шахуургаар зөвхөн түүний паспортод заасан маркийн бетон зуурмагийг шахна.
4.4.3.Цутгалт хийж байх үед шахуургын сумны дор зогсохыг хориглоно /8 дугаар зураг/.
8 дугаар зураг
4.4.4.Сумны төгсгөлийн уян хоолойг ажиллаж байх үед нь түүний чөлөөтэй хөдлөх байдлыг хангах ба хүчээр татахыг хориглоно /9 дүгээр зураг/.
9 дүгээр зураг
4.4.5.Бетон зуурмаг дамжуулагч хоолойн сумыг хөдөлгөх болгондоо оператор нь ажилчдад заавал дохио өгнө.
4.4.6.Зуурмаг цутгах уян хоолойг гараар залахыг хориглоно.
4.4.7.Оператор сумыг удирдахдаа аажим явуулах ба огцом хөдөлгөж, огцом зогсоохыг хориглоно.
4.4.8.Цахилгаан дамжуулах шугамны ойролцоо ажиллах үед оператор нь заавал цахилгаан гүйдлийг тусгаарлагч хавтан дээр зогсоно. Сум болон цахилгаан дамжуулах утасны хоорондох зай нь 5м-ээс багагүй байна.
4.4.9.Хэрэв сум зайлшгүй цахилгаан дамжуулах шугамны ойролцоо 5м-ээс дотогш ажиллах шаардлага гарвал шугамын цахилгаан тэжээлийг салгуулж байж ажлаа гүйцэтгэнэ. Өндөр хүчдэлийн шугамнаас 10м хүртэл ойр ажиллах шаардлага гарвал цахилгаан шугам сүлжээний газраас бичгээр зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
4.4.10.Цахилгаан дамжуулах шугамд ойр ажиллах болон төхөөрөмжийн цахилгаан хэрэгсэл дээр засвар үйлчилгээ хийх үед "Цахилгаан байгууламжийн дүрэм" БД 43-101-03, "Газардуулга ба цахилгааны аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ" БД 43-101-03*12 болон холбогдох журам зааврыг баримтлан ажиллана.
4.4.11.Бетон зуурмаг дамжуулах хоолойд хий орсон үед ажилчид уян хоолойноос 10м-ээс багагүй зайд холдсон байна. Хий орсныг ажилчид дараах байдлаар мэднэ. Үүнд:
- ажил эхлэхэд анхны зуурмаг ирээд жигдрэх хүртэл хийтэй байна гэж үзнэ;
- ажлын явцад түр зогсолт хийгээд үргэлжлүүлэн ажиллах эхний үед мөн хийтэй байж болно;
- операторын анхааруулсан үед.
4.4.12.Уян хоолойг бетон зуурмаг цутгах нүхрүү болон цутгаж буй бетон зуурмагт дүрж болохгүй.
4.4.13.Автомашин болон чиргүүл дээр байрласан бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийн дамжуулах хоолойг уртасгах, түүний хөдөлгөөнийг кранаар өргөж ажиллуулахыг хориглоно /10 дугаар зураг/.
10 дугаар зураг
4.4.14.Хий орохоос сэргийлж хүлээн авах бункерт бетон зуурмагийн хэмжээг сэлүүрээс дээгүүр түвшинд байлгана.
4.4.15.Оператор, туслахууд нь богино долгионы радио станцаар байнга харилцаж, зуурмаг дамжуулах хоолойд хий орох шинж илрэх бүрд харилцан мэдээлж байна.
4.5.Бетон зуурмагийн шахуургад засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ хийхэд тавигдах шаардлага.
4.5.1.Төхөөрөмжийн ашиглалтын үед түүнд техникийн үзлэг, үйлчилгээ хийх нөхцөлд шахуургын ажиллагааг зогсоож, бетон зуурмаг дамжуулах хоолойг даралтгүй болсон үед гүйцэтгэнэ. Хэрэв зуурмаг дамжуулах хоолойг аль нэг хэсгээр нь салгах шаардлага гарсан нөхцөлд түүний доторх зуурмагийг буцаан соруулж хоосон болгосны дараа гүйцэтгэнэ.
4.5.2.Төхөөрөмжид цахилгааны үзлэг, үйлчилгээ хийх нөхцөлд түүнийг цахилгаан тэжээлээс салгасан байна.
4.5.3.Бетон зуурмагийн дамжуулах хоолойн холбогчийн түгжээг түүний дотор бетон зуурмаг байх үед авахыг хориглоно.
4.5.4.Цутгалтын ажил дууссаны дараа хүлээн авах бункер, сэлүүр, сэлгэх хавхлаг, бетон зуурмаг дамжуулах хоолойг цэвэрлэнэ.
4.5.5.Хоолойг бөмбөлгөөр цэвэрлэх үед түүнийг төгсгөлд барих тор тавихаас гадна угаагдсан бетон зуурмагаар орчныг бохирдуулахгүй байх арга хэмжээг авсан байна.
4.5.6.Угаадас, бетон зуурмагийн үлдэгдлийг барилгын байгууллагын тогтоож өгсөн газар асгах ба тийм газар байхгүй нөхцөлд бетон зуурагч машинд хийгээд зориулалтын газарт нь асгуулна.
4.6.Аюулгүй ажиллагааны дараах шаардлага хангагдаагүй нөхцөлд бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийг ажиллуулахыг хориглоно.
4.6.1.Төхөөрөмжид үйлдвэрлэгчээс ашиглахыг хориглохоор заасан гэмтэл илэрсэн.
4.6.2.Техникийн ээлжит үзлэг шалгалтыг хийгээгүй.
4.6.3.Ажлын талбайн гэрэлтүүлэг муу, төхөөрөмжийн эргэн тойрны газар 4.1.2 дахь заалтыг хангаагүй үед.
4.6.4.Зуурмаг дамжуулах хоолойн ханын зузаан зөвшөөрөгдөх хэмжээнээс багассан /1 дүгээр хавсралт/.
4.6.5.Оператортой шууд харилцах холбоо байхгүй болон тэр нь гэмтэлтэй бол.
5. Бетон зуурмагийн шахуургын ашиглалтад тавигдах шаардлага
Бетон зуурмагийн шахуургыг бүртгэх, ашиглах зөвшөөрөл авах
5.1.Бетон зуурмагийн шахуургыг ашиглахын өмнө хяналтын байгууллагад бүртгүүлж, ашиглах зөвшөөрөл авна.
5.2.Ашиглах зөвшөөрөл авахын тулд дараах материалыг бүрдүүлж ирнэ:
5.2.1.Бетон зуурмагийн шахуургын үйлдвэрлэгч байгууллага, марк үзүүлэлтийг тодорхойлсон, түүнийг ашиглах зөвшөөрлийг хүссэн албан бичиг.
5.2.2.Бетон зуурмагийн шахуургын техникийн паспорт. Түүнд ашиглалтын өмнө хийх бичилтүүдийг бүрэн хийсэн байна. Үйлдвэрээс паспорт дагалдаж ирээгүй нөхцөлд энэхүү дүрмийн хоёрдугаар хавсралтад заасан загварын дагуу техникийн паспортыг хийж агуулгын дагуу бөглөсөн байна.
5.2.3.Бетон зуурмагийн шахуургыг ашиглахын өмнө эзэмшигч байгууллагаас /эсвэл үйлдвэрийн/ хийсэн туршилт, магадлалын акт.
5.2.4.Бетон зуурмагийн шахуургын бүрэн бүтэн байдлыг хариуцагч, оператор түүний туслахыг томилсон тушаал, тэдгээрийг сургалтанд хамруулсан гэрчилгээ, үнэмлэхний хуулбар.
5.3.Зөвшөөрөл авахдаа дараах материалуудыг шалгуулах ба эдгээрийг баримтжуулан хадгална.
5.3.1.Бетон зуурмагийн шахуургын монгол хэл дээр орчуулсан ашиглалтын заавар, шингэн, цахилгаан, электрон удирдлагын бүдүүвч, тэдгээрийн холболт, тохируулгын заавар.
5.3.2.Бетон зуурмагийн шахуургыг ажиллуулах монгол хэлээр бичигдсэн аюулгүй ажиллагааны заавар.
5.3.3.Зуурмаг дамжуулах хоолойн элэгдлийг оношлох багаж, түүний монгол хэлээр орчуулагдсан ашиглалтын зааврын хамт.
5.4.Дээрх материал бүрдсэн нөхцөлд хяналтын байгууллага бетон зуурмагийн шахуургыг бүртгэж, ашиглах зөвшөөрлийг олгох ба энд дурдсанаас илүү материал шаардаж үл болно.
5.5.Бетон зуурмагийн шахуургыг бүртгэсэн улсын байцаагч түүний паспортад өөрийн нэрийг бичиж, гарын үсгээ зурж, тэмдгээ дарсан байна.
Бетон зуурмагийн шахуургыг эзэмшигчийн үүрэг
5.6.Бетон зуурмагийн шахуургын эзэмшигч нь түүний ашиглалтад хяналт тавьж, магадлал, засвар, үйлчилгээг зааврын дагуу, тогтмол зохион байгуулах замаар төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй ажиллагааг ханган ажиллана. Үүнд:
5.6.1.Энэхүү дүрэм болон холбогдох хууль, журам, стандартыг байгууллага дээрээ бэлэн байлгаж, судлан, мөрдлөг болгож ажиллахаас гадна тэдгээрийг бетон зуурмагийн шахуургын ашиглалтад оролцох бусад хүмүүст судлуулна.
5.6.2.Бетон зуурмагийн шахуургын бүрэн бүтэн байдлыг хариуцагчийг тушаалаар томилж, паспортад тэмдэглэл хийн гарын үсгийг нь зуруулна.
5.6.3.Мэргэжлийн үнэмлэх бүхий оператор, түүний туслахыг тушаалаар томилно.
5.6.4.Бетон зуурмагийн шахуургын засвар үйлчилгээг зааврын дагуу тогтмол гүйцэтгэж байх ажлыг зохион байгуулна.
5.6.5.Бетон зуурмагийн шахуургын аюулгүй ажиллагаанд хяналт тавих, техникийн магадлалыг цаг тухайд нь гүйцэтгэх ажлын зохион байгуулалтыг хийнэ.
5.6.6.Бүрэн бүтэн байдлыг хариуцагч, операторуудын сургалт, мэргэжил дээшлүүлэлт, ээлжит мэдлэгийн шалгалтыг авах ажлыг тогтмол зохион байгуулах арга хэмжээ авна.
5.6.7.Бетон зуурмагийн шахуургыг өөр эзэмшигчид шилжүүлэх үед түүний паспорт, бүх заавар, бүдүүвчийн хамт хүлээлгэн өгнө.
5.6.8.Бетон зуурмагийн шахуургыг бусдад түрээслүүлэх нөхцөлд ашиглагч байгууллага нь энэ дүрмийг судалсан эсэх мөн түүний дагуу мэргэжлийн гэрчилгээ, үнэмлэх бүхий бүрэн бүтэн байдлыг хариуцагч, оператор томилогдон ажиллах эсэхийг нягталсны үндсэн дээр гэрээ байгуулан ашиглуулна.
5.6.9.Төхөөрөмжийг түрээсээр хэрэглүүлэх нөхцөлд түүнийг түрээсэлж авсан этгээд эзэмшигчийн энэхүү үүргийг мөрдөн ажиллана.
Бетон зуурмагийн шахуургын бүрэн бүтэн байдлыг хариуцагчийн эрх, үүрэг
5.7.Бетон зуурмагийн шахуургын бүрэн бүтэн байдлыг хариуцагч нь ашиглалтын үйл ажиллагааг эзэмшигчийг төлөөлөн гардан зохион байгуулж, холбогдох дүрэм журмыг зөрчсөнөөс үүсэх аливаа хариуцлагыг хүлээх эсвэл холбогдох этгээдийг нь мэргэжлийн талаас нь тогтоож өгөх үүрэг бүхий албан тушаалтан юм.
5.8.Бүрэн бүтэн байдлыг хариуцагч нь инженерийн боловсролтой, бетон зуурмагийн шахуургын ашиглалт, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан хүн байна.
5.9.Бүрэн бүтэн байдлыг хариуцагч нь дараах зүйлсийг мэддэг байх шаардлагатай. Үүнд:
5.9.1.Энэ дүрэм болон бетон зуурмагийн шахуургатай холбоотой хууль, стандарт, журам, зааврууд.
5.9.2.Бүрэн бүтэн байдлыг хариуцагч, оператор, операторын туслах, жолооч, барилгын талбайн инженерүүдийн ажил үүргийн хуваарь, тэдгээрийн эрх, үүрэг.
5.9.3.Бетон зуурмагийн шахуургын ерөнхий бүтэц, ажиллах зарчим.
5.9.4.Бетон зуурмагийн шахуургын дээр ажиллах аюулгүй ажиллагааны заавар.
5.9.5.Бетон зуурмагийн шахуургад техникийн үйлчилгээ, магадлал хийх ерөнхий аргачлал.
5.10.Бүрэн бүтэн байдлыг хариуцагч нь дараах үүрэгтэй:
5.10.1.Бетон зуурмагийн шахуургыг аюулгүй ашиглахтай холбоотой бүх үйл ажиллагааг зохион байгуулна.
5.10.2.Оператор, операторын туслах, жолооч, засварын механик, засварчдад холбогдох дүрэм, журмыг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавина.
5.10.3.Мэргэжлийн үнэмлэхтэй оператор, операторын туслах, жолооч ажиллуулах, тэдгээрийг давтан сургах, ээлжит мэдлэгийн шалгалт авах ажлыг зохион байгуулна.
5.10.4.Бетон зуурмагийн шахуургын үйлчилгээг авах барилгын байгууллагатай төхөөрөмжийг суурилуулах талбай, барилгын объектод тавих шаардлага болон бусад асуудлыг зохицуулсан гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллана.
5.10.5.Бетон зуурмагийн шахуургад засвар, техникийн үйлчилгээ, ээлжит магадлал, үзлэг шалгалт хийх ажлыг зохион байгуулна.
5.10.6.Техникийн паспортыг хөтлөх ажлыг зохион байгуулж, хийгдсэн засвар, үйлчилгээ, сольсон сэлбэгийн талаар бичүүлж, гүйцэтгэсэн хүний гарын үсгийг зуруулсан байна.
5.10.7.Бетон зуурмагийн шахуургыг аюулгүй ашиглахад шаардагдах анхааруулга санамжийг хийлгэж, тохирох газарт нь байрлуулах ажлыг зохион байгуулна.
5.10.8.Улсын байцаагчаас өгсөн албан шаардлагыг хугацаанд нь биелүүлж, гүйцэтгэлийг бичгээр өгч байна.
5.11.Бүрэн бүтэн байдлыг хариуцагчийн эрх.
5.11.1.Оператор, операторын туслах, жолооч, засварын механик, засварчдад ажиллах журмаа зөрчсөн нөхцөлд арга хэмжээ авахуулах, шаардлагатай бол тэдгээрийг давтан сургалтанд хамруулна.
5.11.2.Бетон зуурмагийн шахуургын үйлчилгээг авч буй барилгын байгууллага нь гэрээнд заасан аюулгүй ажиллах үүргээ зөрчсөн тохиолдолд тэдэнтэй байгуулсан гэрээг цуцлах асуудлыг тавина.
5.11.3.Техникийн шаардлага хангаагүй бетон зуурмагийн шахуургыг ашиглуулахгүй байна.
5.11.4.Эрх нь зөрчигдсөн нөхцөлд холбогдох шатны байгууллагад мэдэгдэж, арга хэмжээ авахуулна.
Бетон зуурмагийн шахуургын жолоочийн үүрэг
5.12.Жолооч нь төхөөрөмжийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхтэй байна.
5.13.Жолооч ажлын даалгавар аваад, ажиллах талбайруугаа явахын өмнө тээврийн хэрэгслийхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж үзнэ. Үүнд дараах зүйлс хамаарна:
5.13.1.Машинд засварын багаж, ослын гурвалжин тэмдэг, галын хор, эмийн сан байгаа эсэхийг үзэж магадлана.
5.13.2.Тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг шалгана. Үүнд:
-тоормос
-жолооны механизм;
-кардан голны бэхэлгээ;
-гэрэлтүүлэг;
-гэрлэн болон дуут дохио;
-хянах самбарын ажиллагаа;
-толь зэрэг орно.
5.13.3.Машиндаа өдөр тутмын ээлжийн үйлчилгээ хийнэ. Үүнд:
-машины шатахуун;
-моторын тос;
-хөргөлтийн шингэн;
-тоормосны шингэн;
-аккумуляторын шингэн;
-гидрийн шингэний түвшинг шалгаж, дүүргэнэ.
5.13.4.Бетон зуурмагийн шахуургын ашиглалтын заавар, гидравлик, цахилгаан, электрон удирдлагын бүдүүвч, тэдгээрийн холболт, тохируулгын заавар, техникийн паспортыг машиндаа байнга бэлэн байлгана.
Бетон зуурмагийн шахуургын операторын үүрэг
5.14.Төхөөрөмж дээр бетон зуурмагийг хүлээн авах, түүнийг цутгах хэсэг дээр тус бүр нэг хүн ажиллана. Барилга, байгууламж дээр зуурмаг дамжуулах хоолойн хөдөлгөөнийг удирдаж цутгаж байгаа хүнийг "оператор" гэнэ. Бетон зуурмагийг хүлээн авах хэсэг дээр ажиллаж байгаа хүнийг операторын туслах гэх ба оператор нь бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийг ажиллуулахад оролцох хүмүүсийг ахлан ажиллана.
5.15.Оператор түүний туслах нь 18 нас хүрсэн, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, операторын мэргэжлийн үнэмлэхтэй хүн байна.
5.16.Бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийн оператор дараах үүрэгтэй байна:
5.16.1.Ажлын талбай дээр ирээд, барилгын байгууллагын удирдлагатай уулзаж, ажлын байраа үзэж шалгана. Талбайн нөхцөл нь өөрийн зүгээс шаардлага хангахгүй гэж үзэж байгаа боловч захиалагч талын, түүнийг хариуцсан мэргэжлийн инженер тухайн нөхцөлийг эрсдэлгүй гэж үзэж байгаа бол түүнээс төхөөрөмжийг суурилуулж болох тухай тодорхойлолтыг бичгээр авсан байна. Тулгуурын таваг тулах газрын ойролцоо элдэв нүх, худаг, шугам сүлжээ байгаа эсэхийг барилгын удирдлагуудаас асууж лавлана.
5.16.2.Бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийг байрлуулахад дараах зүйлийг анхаарна.
5.16.2.1.Төхөөрөмжийг тэгш талбайд суурилуулах ба суурин төхөөрөмжийг өөрийх нь тулгуур дээр /11, 12 дугаар зураг/, тээврийн хэрэгсэл дээр байрласан шахуургын хувьд тулгуурыг нь бүрэн сунгаж, түүний дор ивээсийг нь хийж, машины дугуйг газраас хөндийртөл өргөж, тулна. Харин чарган дээр байрласан шахуургыг тэгш байрлуулж, бэхлэнэ. Ажлын явцад тулгуур газарлуу шигдэж байгаа эсэхийг байнга шалгана.
11 дүгээр зураг
12 дугаар зураг
5.16.2.2.Суурин бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийг цахилгааны тэжээл, газардуулгын шугамд мэргэжлийн хүнээр холбуулна.
5.16.3.Ажил эхлэхийн өмнө ажлын төхөөрөмжид өдөр тутмын техникийн үзлэг хийж, түүний бүрэн бүтэн байдал, аюулгүйн нөхцөлийг шалгана. Энд хөдөлгөөнт хэсгийн хаалт хамгаалалт, гидравлик системийн хамгаалах хавхлагууд, даралт хэмжигч /манометр/, газардуулга, бетон зуурмаг хүлээн авах бункер, дамжуулах хоолойн цэвэрлэгээ, элэгдлийн байдал, хоолойн холбох хэрэгслийн бэхэлгээ, түгжээний найдвартай байдал болон бетон зуурмагийн шахуургын эд ангиудын хэвийн ажиллагааг нүдээр үзэж шалгана. Бетон зуурмагийн дамжуулах хоолой цохигдож хонхойгоогүй, түүнд ан цав цууралт үүсээгүй байна. Суурин шахуургын хоолойг газраар тавьсан нөхцөлд түүний дээгүүр хүн болон машин техник явахад гэмтээхээргүй хэмжээнд хамгаалалт хийж өгсөн байх шаардлагатай.
5.16.4.Ажлын үед хөдөлмөр хамгааллын хувцсыг дүрмийн дагуу бүрэн хэрэглэдэг байна. Үүнд урт ханцуйтай ажлын даавуун цамц, өмд, чийг нэвтэрдэггүй гутал болон бээлий, гэрэл ойлгогч хантааз, нүдний хамгаалалтын шил, барилгын талбайд ажиллах нөхцөлд каска, чихэвч хэрэглэнэ. Мөн химийн агууламж бүхий материал, нэмэлт хольцтой бетон зуурмаг ашиглах үед хамгаалалтын тор хэрэглэнэ.
5.16.5.Барилгын талбай дээр ажиллах үедээ тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөн ажиллахаас гадна төхөөрөмжийг ажиллаж байх үед түүний ойролцоо гадны болон согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг байлгахыг хориглоно.
5.16.6.Ажлын үед төхөөрөмжид гацаа, доголдол үүсэх, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдөж осол гарч болзошгүй байдал үүсэх болон өөрийн эрүүл мэнд тавгүй болсон нөхцөлд тэр даруй ажлаа зогсоогоод, удирдлагадаа мэдэгдэнэ.
5.16.7.Ажлын өмнө төгсгөлийн уян хоолойн элэгдэл гэмтлийг нүдээр үзэн шалгаж, түүний бэхэлгээ найдвартай эсэхийг магадласан байна.
5.16.8.Бетон зуурмагийн шахуургын орчны тавцан, машины бүхээгийг цэвэрлэж, халтирч унахаас сэргийлсэн байна.
5.16.9.Гидравлик системийн даралт хуримтлуулагчид /гидроаккумуляторт/ даралт хэвийн байгаа эсэхийг шалгана.
5.16.10.Ажлын дараа төхөөрөмжийг цэвэрлэх усны хэмжээг шалгаж, дүүргэнэ.
5.16.11.Ажлын талбайн хязгаарлалт болон төхөөрөмжийн ашиглалттай холбоотой аюулгүй ажиллагааны анхааруулах, сануулах тэмдгүүдийг байрлуулна.
5.16.12.Ажлын өмнө оператор нь ажилчдад бетон зуурмагийг талбай дээр хэрхэн цутгах, аюулгүй ажиллах талаар дэлгэрэнгүй зааварчилга өгнө.
5.16.13.Төхөөрөмжийн тулгуурыг суурилуулахын өмнө автомашины доогуур харж, ажлын талбайд гадны хүн байгаа эсэхийг магадлана /13 дугаар зураг/.
13 дугаар зураг
5.16.14.Төхөөрөмжийн тулгуурыг бүрэн дэлгэн, сунгаж тулгуурыг тулна. Тулгуур тулахад түүний тэгш усаар төхөөрөмжийн тэгш суурилагдсан эсэхийг хянана. Тулгуурыг бүрэн сунгаагүйгээс төхөөрөмжийн тогтворжилт алдагдахаас гадна, тулгуурын сунах хэсэг нэмэлт бэхэлгээгүй хэсгээрээ ачаалалд орж эвдрэх магадлалтай /14 дүгээр зураг/.
14 дүгээр зураг
5.16.15.Сумыг өргөж ажлын байрлалд оруулна. Сумыг өргөх, буулгах талаар үйлдвэрлэгчээс нь тогтоож өгсөн дарааллых нь дагуу гүйцэтгэнэ. Сумыг өргөж байх үедээ тулгуурын байдлыг ажиглана. Хэрэв таваг газарт шигдэх үзэгдэл ажиглагдвал сумыг буцаан хураагаад тулгуурын тавагны дор талбай ихтэй дэр хийж өгөх эсвэл төхөөрөмжийн байрлалыг өөрчилнө.
5.16.16.Ажлын үед бетон зуурмагийн шахуургын ажиллагааны хэвийн байдлыг хянаж, хүлээх авах, бункерт бетон зуурмагийг сэлүүрээс дээгүүр түвшинд нь байлгана.
5.16.17.Шахуургын даралтыг хянаж, дамжуулах хоолойд бөглөрөлт үүссэн нөхцөлд зуурмагийн өгөлтийг зогсоож, төхөөрөмжийг ослын унтраалгаар унтраана.
5.16.18.Бетон зуурмаг өгөх үед шугамд хий орох шинж илрэх бүрд операторууд харилцан мэдээлнэ.
5.16.19.Бункерт бетон зуурмаг хүлээж авах үед зуурмаг тээвэрлэгчийн жолоочид ухрахад нь дохиж, зааж өгнө. Гэхдээ ухарч буй машин, бетон зуурмагийн шахуургат төхөөрөмж хоёрын дунд хүн хавчуулагдахаас сэргийлнэ.
5.16.20.Бункерт бетон зуурмаг хийхийн өмнө цутгах хэсэгт байгаа операторт мэдээлээд түүнээс мэдсэн тухай хариу ирсний дараа зуурмагаа бункерт хийж эхлэнэ.
5.16.21.Сумны байрлалыг удирдан залж, бетон зуурмагийг газар дээр нь цутгахаас гадна төхөөрөмжийн ажиллагааг давхар хянана.
5.16.22.Сумны хөдөлгөөнийг аль болох бүрэн харах, төхөөрөмжийн ажиллагааг сонсох боломжтой газар зогсож ажиллавал зохино.
5.16.23.Ажлын үед сумны ойролцоо түүний хөдөлгөөнд саад болох зүйл байхгүй байлгах ба сум чөлөөтэй хөдөлж байх орон зай байгаа эсэхэд анхаарч ажиллана.
5.16.24.Бусад хүмүүсийг уян хоолойн замд, сумны дор байлгахгүй байх арга хэмжээ авсан байна.
5.16.25.Бетон зуурмаг дамжуулах шугамд хий орсон шинж тэмдэг илрэх бүрд ажилчдад анхааруулж, тэднийг уян хоолойноос холдуулж байна.
5.16.26.Зуурмаг дамжуулах шугамд бөглөрөлт үүссэн нөхцөлд бетон зуурмагийн шахуургыг сорох горимд нь тавьж, дамжуулах хоолой дахь зуурмагийг соруулах ба энэ аргыг хэрэглээд бөглөрөлт нь гарахгүй бол даралттай хийг ашиглана.
5.16.27.Бетон зуурмагийн дамжуулах хоолойн бөглөөг даралттай хийгээр гаргахад дараах зүйлсийг анхаарна. Үүнд:
-бетон зуурмаг дамжуулах хоолойн төгсгөлийн гарах амсарт хамгаалалтын хаалт хийж өгнө;
-ажилчдыг зуурмаг бетон дамжуулах шугамын гарах амсраас 10м-ээс багагүй зайд байлгана;
-даралттай хийг өгөхдөө огцом биш аажмаар өгөх ба түүний даралтын хэмжээ нь паспортын өгөгдлөөс хэтэрч болохгүй.
5.16.28.Даралттай хийгээр үлээгээд дамжуулах шугамын бөглөө гарахгүй нөхцөлд хоолойноос бетон зуурмагийг суллаад, түүнийг гаднаас нь тогшиж үзэн бөглөрсөн хэсгийг олоод, тэр хэсгийн хоолойг салгаж аван, бөглөөг гаргана.
5.16.29.Ажил дууссаны дараа дараах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
-бетон зуурмаг дамжуулах хоолой, хүлээн авах болон завсрын бункерийн үлдэгдэл зуурмагийг цэвэрлэнэ;
-сумыг зааврын дагуу эвхэж түүнийг тээврийн байдалд болгоно;
-тулгуурыг эвхэж автомашиныг тээврийн байдалд болгоно;
-бүрэн бүтэн байдлыг хариуцагчид төхөөрөмжийн ажиллагаа, түүнд үүссэн гэмтэл, гажуудлын талаар илтгэнэ.
5.17.Дараах зүйлсийг хориглоно. Үүнд:
-уян хоолойг уртасгаж хэрэглэх;
-гидравлик системийн хамгаалах хавхлагийг оролдох, тохируулах;
-ажлын үед төхөөрөмжөө хараа хяналтаасаа гаргах, орхиж явах;
-бункерийн тор онгорхой байх;
-бетон зуурмагийн шахуурга ажиллаж байх үед бункерт гараа оруулах, бункерийн торон таган дээр гишгэх, хэн нэгнийг гишгүүлэх;
-төхөөрөмжийг цахилгаан тэжээлд холбох, түүнээс салгах, газардуулгыг холбох ажлыг оператор өөрөө гүйцэтгэх.
Бетон зуурмаг тээвэрлэх автомашин, жолоочид тавигдах шаардлага
5.18.Хэрэв зуурмагийг өөрөө явагч тээврийн хэрэгслээр зөөж авч ирж байгаа нөхцөлд түүний жолооч нь энэ талаар сургалтанд хамрагдсан, ажлын туршлагатай хүн байна.
5.19.Бетон зуурмагийг тээвэрлэх автомашин нь замын хөдөлгөөний дүрмийн дагуу гэрэлтүүлэг, дуут дохиотой байхаас гадна ажлын ба анивчдаг тусгай гэрлээр тоноглогдсон байна.
5.20.Жолооч зуурмагаа бункерт ачаалах ажлыг гүйцэтгэнэ.
5.21.Жолооч хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийг бүрэн өмссөн байна.
5.22.Жолооч барилгын талбайд байх хугацаандаа уг байгууллагын талбайн дотоод журамд захирагдан ажиллана.
5.23.Бетон зуурмаг нь хүлээн авах бункерт урсгалаараа орох боломжтой зогсоолын түвшин бэлтгэх, автомашинаа ухраагаад зогсох хэсэгт хязгаарлагч хийж өгсөн байхыг барилгын байгууллагаас шаардах эрхтэй.
5.24.Бетон зуурмагийн шахуурга дээр оператор нь байхгүй нөхцөлд тийш ухарч орох, бункерт зуурмаг ачаалахыг хориглоно.
Бетон зуурмагийн шахуургаар үйлчлүүлэгч байгууллагын үүрэг
5.25.Барилгын зурагт бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийг ажиллуулах талбайн зохион байгуулалтыг төлөвлөсөн байна.
5.26.Бетон зуурмагийн шахуургыг байрлуулах талбайг бэлтгэнэ. Үүнд:
5.26.1.Барилгын талбайн зохион байгуулалтын зурагт заасан бетон зуурмагийн шахуурга болон бетон зуурмаг нийлүүлэх машин зогсох хэмжээний талбайг цэвэрлэн бэлдсэн байна. Талбай дээр барилгын материал, техник, бусад зүйл байхыг хориглоно.
5.26.2.Талбай нь тэгш гадаргуутай, хатуу нягтарсан хөрстэй, нүх, гуу жалгагүй байна. Нүх жалгыг битүүлсэн, сул хөрсийг нягтруулсан байна. Мөн энэ талбайд тулгуур тулах хэсэгт газар доорх нүх болох шугам, сүлжээ, худаг байж үл болно.
5.26.3.Ажлын талбайд хүн, машин техник явахааргүйгээр ажлыг зохион байгуулна. Үүнийг төхөөрөмжийг ашиглах хугацаанаас хамаарч битүү хашаа, түр хаалт, тууз татах болон тухайн газрын тал бүрд нь "хориотой бүс", "явахыг хориглоно" гэх мэт анхааруулах тэмдэг тавих хэлбэрээр гүйцэтгэнэ.
5.26.4.Төхөөрөмжийн сумны хөдлөх радиусын хэмжээнд цахилгаан дамжуулах шугам татагдаагүй байхаар зохион байгуулалтыг хийнэ.
5.26.5.Бетон зуурмагийн шахуургат төхөөрөмж байрлах талбайн газар доорх нүх, орон зай, шугам сүлжээний байрлалыг төхөөрөмжийг суурилуулахаас нь өмнө операторт урьдчилан зааж өгнө.
5.27.Төхөөрөмжийг битүү объект дотор ажиллуулах нөхцөлд машины яндангаас гарах хорт утаа, дуу чимээнээс ажилчдыг хамгаалах арга хэмжээ авсан байна.
5.28.Бетон зуурмаг тээвэрлэгч машины орох гарах замыг чөлөөлсөн байна.
5.29.Төхөөрөмжийг олон нийтийн зорчих зам, талбайд байрлуулах нөхцөлд дараах арга хэмжээг авна:
5.29.1.Орон нутгийн захиргаа, холбогдох албанд мэдэгдэж зөвшөөрөл авна.
5.29.2.Олон нийтийн зорчих хэсгийг битүү хаалтаар хааж, анхааруулах тэмдэг өлгөн, зорчигчдын явах замыг шийдэж өгнө.
5.29.3.Бетон зуурмаг орчиндоо үсрэхээс хамгаалж нийлэг материалаар хамгаалах хаалт хийж тавина.
5.29.4.Ажлын дараа нийтийн эзэмшлийн зам, талбайг асгарсан зуурмаг, бусад хогноос цэвэрлэнэ.
5.29.5.Замын хөдөлгөөнд өөрчлөлт орох нөхцөлд замын цагдаагийн газартай хамтарч замын тэмдгийг байрлуулсан байна.
5.30.Бетон зуурмагийн шахуургад нэмэлт ачаалал үүсгэхгүйн үүднээс нийлүүлэх бетон зуурмагийн төлөв байдал, суултад хяналт тавьж, зааварт заасан үзүүлэлт бүхий зуурмагийг нийлүүлнэ.
Хяналт, магадлал
5.31.Бетон зуурмагийн шахуургын аюулгүй ажиллагаанд улсын байцаагч хяналт тавина.
5.32.Байгууллагын дотоодын хяналтын дүрмийн дагуу зуурмагийн шахуургын дотоод хяналтыг хэрэгжүүлнэ.
5.33.Бетон зуурмагийн шахуургад ээлжит техникийн магадлалыг хөндлөнгийн байгууллагаар жилд нэг удаа, ээлжит бус магадлалыг эзэмшигч байгууллага төхөөрөмжийг удаан хугацаагаар зогсоосны дараа болон бусад шаардлагатай тохиолдолд гүйцэтгэнэ.
5.34.Техникийн магадлалаар дараах ажил хийгдэнэ:
5.34.1.Бүрэн бүтэн байдлыг хариуцагч, оператор, жолооч мэргэжлийн сургалтанд сууж эрхийн гэрчилгээ, үнэмлэх авсан эсэхийг шалгана.
5.34.2.Ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслэлийг дүрмийн дагуу бүрэн хэрэглэж байгааг шалгана.
5.34.3.Техникийн паспортыг шалгаж түүний хөтлөлтийн байдал, техникийн үйлчилгээг цаг хугацаандаа хийж байгаа, солих ёстой түргэн элэгддэг эд ангийг хугацаанд нь сольж байгаа эсэхийг үзэж шалгана.
5.34.4.Бетон зуурмаг дамжуулах хоолойн элэгдлийг зориулалтын багажаар нь шалган, элэгдлийн хэмжээг тогтоож, түүнийг үйлдвэрлэгчийн зааварт заасан хэмжээтэй харьцуулж үзнэ. Багажны ажиллагаа, хэвийн, тохируулагдсан байдлыг шалгана.
5.34.5.Бетон зуурмаг дамжуулах хоолойн төгсгөлийн уян хоолойн элэгдэл, бэхэлгээний байдлыг үзэж шалгана.
5.34.6.Бетон зуурмаг дамжуулах хоолойн холбогч хэрэгсэл бүрийг үзэж тэдэнд ан цав үүссэн, гулзайсан, резин жийрэг элэгдсэн, түгжээ нь эвдэрсэн эсэхийг нэг бүрчлэн шалгана.
5.34.7.Бетон зуурмагийн шахуургыг ажиллуулж, хэвийн ажиллаж байгааг шалгана.
5.34.8.Ослоос хамгаалах хэрэгсэл, мэдрэгчүүдийн ажиллагаатай эсэхийг шалгана.
5.34.9.Гидравлик системийн өндөр даралтын уян хоолойн байдлыг үзэж шалгана.
6. Мэргэжлийн сургалт, мэргэжил дээшлүүлэлт
6.1.Бүрэн бүтэн байдлыг хариуцагч, операторууд бетон зуурмагийн шахуургын сургалтанд сууж гэрчилгээ, үнэмлэх авсан байна.
6.2.Сургалт нь онолын болон дадлагын хэсгээс бүрдэнэ.
6.3.Сургалтын хөтөлбөрт хичээлийн дараах сэдэв хамрагдана:
6.3.1.Бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжийн бүтэц, ажиллах зарчим, техникийн үзүүлэлт.
6.3.2.Ажлын төхөөрөмжид техникийн магадлал, үйлчилгээ хийх тухай.
6.3.3.Төхөөрөмжийн ашиглалтын зааврыг ашиглах, техникийн паспортыг хөтлөх, төхөөрөмжийг зөв ашиглах, хадгалах тухай.
6.3.4.Бетон зуурмагийн шахуурын аюулгүй ажиллагааны дүрэм, холбогдох хууль, стандарт, заавар, хөдөлмөр хамгааллын үйл ажиллагааны зохион байгуулалт, зааварчилга, ослын үед авах арга хэмжээ.
6.3.5.Бетон зуурмагийн шахуурга дээр ажиллахад гарч болох эрсдэл. Энд дараах зүйлс хамрагдана:
-гарч болох ослын тухай;
-эрсдэлийг үнэлэх тухай;
-гараар гүйцэтгэх ажлаас үүсэж болох эрсдэл;
-цементээс хүнд үзүүлэх хортой нөлөөлөл;
-дуу чимээнээс хүнд үзүүлэх хортой нөлөөлөл;
-цахилгааны шугам, цахилгаан хэрэгслээс үүсэж болох эрсдэл;
-зуурмаг дамжуулах хоолой задрах эрсдэл;
-бетон зуурмагт хий орж болох нөхцөл, үүнээс үүдэн уян хоолойд цохиулах эрсдэл.
6.3.6.Барилга угсралтын байгууллагын талаас бетон зуурмагийн шахуургат төхөөрөмжөөр үйлчлүүлэхэд тавигдах шаардлага.
6.4.Бетон зуурмагийн шахуургын бүрэн бүтэн байдлыг хариуцагч, операторуудыг 2 жил тутамд давтан сургалтанд хамруулж ээлжит мэдлэгийн шалгалт авч байна. Ээлжит мэдлэгийн шалгалт авах ажлыг тухайн байгууллага дотооддоо зохион байгуулж болно.
7. Бусад зүйл
7.1.Бетон зуурмагийн шахуургатай холбогдон гарсан ослыг судлах, дүгнэлт гаргах ажлыг "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн дагуу гүйцэтгэнэ.
7.2.Бетон зуурмагийн шахуургыг эзэмшигч нь осол гарсан даруйд мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв гарсан осол нь цаашид хүний амь нас, эрүүл мэндэд хор хүргэхгүй нөхцөлд байвал улсын байцаагчыг иртэл нь ослын ул мөрийг хэвээр хадгалж байвал зохино. Мөн ослын талаар холбогдох хуулийн байгууллагад мэдэгдэх ёстой.
7.3.Энэ дүрмийн заалтыг зөрчсөн хуулийн этгээд, албан тушаалтанд тухайн зөрчил нь ослын байдалд хүргэсэн эсэхийг харгалзахгүйгээр Монгол Улсын хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
7.4.Бүх шатны албан тушаалтан өөрийн удирдлагад ажилладаг ажилтанд энэ дүрэмд нийцээгүй үүрэг даалгавар өгөх болон шийдвэр гаргах, улсын байцаагч үйл ажиллагааг нь зогсоосон төхөөрөмжийг дур мэдэн ажиллуулах буюу илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авахгүй байх зэрэг нь ноцтой зөрчилд тооцогдоно.
7.5.Зөрчлийн шинж байдал, түүний үр дагавраас хамааруулан гэм буруутай хүмүүст захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
8. Хавсралт
1 дүгээр хавсралт
Бетон зуурмаг дамжуулах хоолойн ханын зузааны зөвшөөрөгдөх хамгийн бага хэмжээ, мм
Зөвшөөрөгдөх даралт | Дамжуулах хоолойн гадна голч. мм | ||||||
кРа | Bar | Хоолойн ангилал 200 | Хоолойн ангилал 250 | Хоолойн ангилал 350/ST-52 | |||
108 | 133 | 108 | 133 | 108 | 133 | ||
4500 | 45 | 2.2 | 2.7 | 1.7 | 2.1 | 1.3 | 1.6 |
6000 | 60 | 2.9 | 3.5 | 2.3 | 2.8 | 1.7 | 2.1 |
8000 | 80 | 3.8 | - | 3.0 | 3.7 | 2.3 | 2.8 |
10000 | 100 | - | - | 3.8 | - | 2.9 | 3.5 |
12000 | 120 | - | - | - | - | 3.4 | - |
Энэ нь бетон зуурмаг дамжуулах 108, 133 мм-н гадна голч бүхий гагнаасгүй ган хоолойд зориулагдсан. Энэ хүснэгтийг өөр ангиллын, өөр голчтай ган хоолойд харьцуулан өөрчлөх маягаар хэрэглэхийг хориглоно.
Хэрэв бетон зуурмагийн шахуургын зуурмаг дамжуулах хоолойн ангилал нь тодорхой бус байвал 200 ангиллын, бетон зуурмагийн шахуургын шахах даралт нь тодорхой бус байвал 12000 кРа даралтай байх үзүүлэлтийг хэрэглэнэ (энэ хүснэгтийг Австралийн WorkSafe Victoria байгууллагаас боловсруулсан VWA156010404 үйлдвэрийн стандартаас авлаа. Үүнийг Австралийн AS 4041-Өндөр даралтын ган хоолой гэсэн нэртэй стандартад өгөгдсөн томъёогоор тооцож гаргасан байна).
2 дугаар хавсралт
Бетон зуурмагийн шахуургын техникийн паспортын загвар
Бетон зуурмагийн шахуургыг өөр эзэмшигчид шилжүүлэх үед паспортад хавсрагдах баримтуудын жагсаалтад байгаа дор заасан материалуудыг техникийн паспорттай хамт шилжүүлнэ.
Үйлдвэрлэсэн улс, компани |
|
Бэлтгэн нийлүүлсэн байгууллагын нэр, хаяг, утас |
|
Бетон зуурмагийн шахуургын паспортад хавсрагдах баримтуудын жагсаалт
Баримтын нэр | Баримтын тэмдэглэгээ | Хуудасны тоо |
Угсралтын заавар зураг |
|
|
Ашиглалт, засвар, техникийн үйлчилгээний заавар |
|
|
Цахилгааны бүдүүвч, түүний тайлбар |
|
|
Гидравлик бүдүүвч, түүний тайлбар |
|
|
Электрон системийн тохируулгын заавар |
|
|
Зуурмаг дамжуулах хоолойг оношлох багажны заавар |
|
|
1. Ерөнхий мэдээлэл
Үйлдвэрийн дугаар, үйлдвэрлэсэн он |
|
Ажиллах нөхцөл /дулаан, чийгшил/ |
|
Зориулалт |
|
Ашиглагдах хугацаа |
|
2. Техникийн үндсэн үзүүлэлтүүд
2.1. Ерөнхий мэдээлэл
Бүтээл, м3/цаг |
|
Бетон зуурмаг хүргэх өндөр, м |
|
Бетон зуурмаг хүргэх өнгийлт, м |
|
Ажлын үед тулгуурын эзлэх зай талбай |
|
Дамжуулах хоолойд бетон зуурмагийн зөвшөөрөгдөх хамгийн их даралт, мРа |
|
Тээврийн хэрэгслийн төрөл, марк |
|
Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн чадал, м.х |
|
Тээврийн хэрэгслийн хурд, км/цаг |
|
2.2.Гидравлик систем
2.2.1.Ерөнхий үзүүлэлт
Гидравлик системийн мах. Даралт. мРа |
|
Гидравлик шахуургын төрөл, марк |
|
Гидравлик шахуургын зарцуулга, м3/цаг |
|
Гидравлик шахуургын даралт, МРа |
|
Ажлын шингэний марк |
|
Ажлын шингэн агуулах савны эзлэхүүн. Л |
|
2.2.2.Гидравлик цилиндрийн үзүүлэлт
Гидравлик цилиндрийн нэр байрлал | Тоо. шир | Бүлүүрийн голч, м2 | Бүлүүрийн явалт, мм |
Сумны I секцийн цилиндр |
|
|
|
Сумны II секцийн цилиндр |
|
|
|
Сумны III секцийн цилиндр |
|
|
|
Сумны IV секцийн цилиндр |
|
|
|
Сумны V секцийн цилиндр |
|
|
|
Сумны VI секцийн цилиндр |
|
|
|
Бетон зуурмагийн шахуургын гидравлик цилиндр |
|
|
|
Тулгуурын цилиндр |
|
|
|
Шахуургын хуваарилагчийн цилиндр |
|
|
|
2.3.Бетон зуурмагийн шахуурга
Хэлбэр, марк |
|
Бүтээл, м3/цаг |
|
Бүлүүрийн голч/явалт, мм |
|
Удирдлагын төрөл |
|
2.3.Бетон зуурмагийн дамжуулах хоолой, сум
Хоолойн голч, мм |
|
Дамжуулах хоолойн ангилал |
|
Хоолойн нийт урт, м |
|
Төгсгөлийн уян хоолойн урт, м |
|
Хоолойн зөвшөөрөгдөх хамгийн их даралт, мРа |
|
Сумны секцийн тоо |
|
Сумны секц бүрийн урт, м |
|
2.4.Тулгуур
Тулгуурын тоо, ш |
|
Тулгуурын сунах урт, м |
|
Тулгуурын max өндөр, м |
|
Тулгуурын удирдлага |
|
Тулгуурын тавагны хэмжээ |
|
Тулгуурын газарт дарах даралт, кг/см2 |
|
2.5.Ослоос хамгаалах хэрэгсэл
Ослоос хамгаалах хэрэгслийн байрлал, зориулалт | Хэлбэр, тоо ширхэг |
Төхөөрөмжийн байрлалын хазайлт хэмжих тэгш ус |
|
Төхөөрөмжийн эргэлтийг хязгаарлагч |
|
Салхины хүчийг хэмжигч /анемометр/ |
|
Бункерийн түвшин мэдрэгч |
|
|
|
3. Бетон зуурмагийн шахуургын эзэмшил
энэ хүснэгтийг 1 хуудас хэвлэнэ
Эзэмшигч байгууллагын нэр | Хаяг, утас | Ашиглаж эхэлсэн он, сар, өдөр |
|
|
|
|
|
|
4. Бетон зуурмагийн шахуургын бүрэн бүтэн байдлыг хариуцагч
энэ хүснэгтийг 2 хуудас хэвлэнэ
Хариуцагчийг томилсон тушаалын дугаар, он, сар, өдөр | Хариуцагчийн албан тушаал, овог нэр | Гарын үсэг |
|
|
|
|
|
|
5. Бетон зуурмагийн шахуургад засвар, үйлчилгээ хийсэн тухай
20-оос багагүй хуудас хэвлэнэ
он, сар, өдөр | Засвар ба үйлчилгээ хийсэн тэмдэглэл | Гүйцэтгэсэн хүний гарын үсэг |
|
|
|
|
|
|
6. Бетон зуурмагийн шахуургад аюулгүй ажиллагааны шалгалт, магадлал хийсэн тухай
10-аас багагүй хуудас хэвлэнэ
Хийсэн он, сар, өдөр | Шалгалт, магадлалын үр дүн | Шалгасан хүний гарын үсэг |
|
|
|
|
|
|
7. Бетон зуурмагийн шахуургыг бүртгэж авсан байгууллага
………………….…………………………………………….......................................................…..
Дугаартай хуудасны тоо …………................................…………………………………
Бүртгэгдсэн байцаагчийн албан тушаал, гарын үсэг .......................................................
Тэмдэг … он ... сар … өдөр
9. Ашигласан номын жагсаалт
1.Бетон зуурмаг дамжуулагч машины ажлын нөхцөл болон аюулгүй ажиллагааны дүрэм БНХАУлс, ZOOMLION компани
2.Лифтийг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм 2008 он
3.MNS ISO 21573-2:2013 Бетон зуурмагийн шахуурга
4.Типовая инструкция по охране труда для машинистов бетоно насосных установок ТИ РО-021-2002
5.Типовая инструкция по охране труда для машинистов бетоносмесителей передвижных /автобетоносмесителей/ ТИ РО-022-2003
6.CONCRETE 101.A guide to understanding the qualities of concrete and how they affect pumping. American Concrete Pumping Association. Safety Bulletin.2008
7.Concrete Burns. How to protect yourself when workingwith fresh, wet concrete. American Concrete Pumping Association. Safety Bulletin.November 2008
8.Concrete Pumping Code of Practice 2005. Workplace Health and Safety QueenslandDepartment of Justice and Attorney-General
9.Concrete Pumping VWA156010404. Industry Standard WorkSafe Victoria. October 2003
10.Crane Use Prohibited for Boom Extension. American Concrete Pumping Association. Safety Bulletin. 2010
11.Hose Whipping. How to avoid injury by a hose whippingfrom release of trapped air. American Concrete Pumping Association. Safety Bulletin.January 2005
12.Non-destructive testing-Determination of thickness Australian Standard AS2452.3-2005
13.Setting outriggersto prevent accidents. American Concrete Pumping Association. Safety Bulletin.January 2010
14.Setting outriggersto prevent accidents II Shortrigging. American Concrete Pumping Association. Safety Bulletin.January 22, 2010
15.Pressure Piping. Australian Standard AS 4041
Текст томруулах
A
A
A