A

A

A

Бүлэг: 1979

 

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2022

оны 5 дугаар сарын 25-ны өдрийн

276 дугаар тогтоолын хавсралт

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/-оос хөрөнгө оруулалтын менежментийн компани /цаашид "ХОМК" гэх/-ийн зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох болон түүний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд тавих шаардлага, эрх, үүргийг тодорхойлох, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ байгуулах, сангийн хөрөнгийг удирдахтай холбоотой харилцааг зохицуулна. Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 375 дугаар тогтоолоор өөрчилсөн.

1.2.ХОМК Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 44.7.2-т заасан үнэт цаасыг итгэмжлэн удирдах үйл ажиллагааг хавсран эрхлэхтэй холбоотой харилцааг Хорооноос баталсан "Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-аар зохицуулна.

1.3.Энэ журмаар Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хөрөнгө итгэмжлэн удирдагчийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахгүй.

Хоёр. Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх

этгээдэд тавих шаардлага

2.1.Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:

2.1.1.хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 200 сая төгрөгөөс доошгүй байх;

2.1.2.энэ журамд заасан бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц болон бусад шаардлага;

2.1.3.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 44.5-д  заасан хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан, хөрөнгө оруулалтын зөвлөхүүд нь Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангасан байх;

2.1.4.Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 44.3-т заасан хоёроос доошгүй хөрөнгө оруулалтын  зөвлөхтэй байх;

2.1.5.сангийн хөрөнгөөр арилжаа хийх, брокерт захиалга өгөх, брокерийн баталгаажуулалтыг хүлээн авах, арилжааны төлбөрийг гүйцэтгэх, арилжааны гүйлгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хөрөнгө оруулагчид мэдээлэл өгөх бэк оффис /back office/-ын программ хангамжтай байх.

2.2.Энэ журмын 2.1.1-д заасан хувь нийлүүлсэн хөрөнгө нь зээлийн эх үүсвэрээс бусад мөнгөн хөрөнгөөс бүрдсэн байна.

 

Гурав. Бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн шаардлага

3.1.ХОМК гурваас доошгүй гишүүнтэй төлөөлөн удирдах зөвлөлтэй байх ба тэдгээрийн гуравны нэгээс доошгүй нь хараат бус гишүүн байна.

3.2.ХОМК-ийн гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулалтын зөвлөхүүд нь дараах шаардлагыг хангасан байна:

3.2.1.хуульд өөрөөр заагаагүй бол үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд болон банк, даатгал, бусад санхүүгийн компанийн гүйцэтгэх удирдлага, бусад эрх бүхий албан тушаал хавсран эрхэлдэггүй байх;

3.2.2.банк, санхүүгийн зах зээлд гурваас доошгүй жил ажилласан туршлагатай, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн байх;

3.2.3.тухайн компанитай гэрээгээр ажилладаг кастодиан, үнэлгээний болон аудитын компанийн эрх бүхий албан тушаалтан, үнэлгээчин, аудиторын холбогдох этгээд биш байх;

3.2.4.Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 69.2-т заасан мэргэжлийн холбооноос үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах эрх авсан байх.

3.3.Энэ журмын 3.1-д заасан төлөөлөн удирдах зөвлөл дараах журмыг баталсан байна:

3.3.1.төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам;

3.3.2.дотоод хяналтын журам;

3.3.3.ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах журам;

3.3.4.үйл ажиллагааны эрсдэлийн журам;

3.3.5.ёс зүйн дүрэм;

3.3.6.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг бууруулах, удирдах талаар хэрэгжүүлэх төлөвлөгөө, эсхүл дотоод журам;

3.3.7.бусад шаардлагатай журам.

3.4.ХОМК Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилт болон комплайнсын хяналтыг хэрэгжүүлэх нэгж, эсхүл хариуцсан ажилтантай байх бөгөөд түүнд төлөөлөн удирдах зөвлөл нь хяналт тавина.

3.5.ХОМК дотоод хяналт, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нэгжтэй байх ба уг нэгжийн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогтой холбоотой зохицуулалтыг энэ журмын 3.3.2, 3.3.4-т тус тус заасан журамд дэлгэрэнгүй тусгана.

3.6.ХОМК нь банк, санхүү, даатгал, үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч компаниудын нэгдлийн оролцогч компани бол тэдгээрийн хооронд олон нийтэд нээлттэй бус мэдээлэл алдагдах, аливаа сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх зорилгоор үйл ажиллагааг заагласан тогтолцоо /chinese wall/-г бүрдүүлсэн байх бөгөөд түүнд хяналт тавихтай холбоотой зохицуулалтыг дотоод хяналтын журамдаа тусгасан байна.

3.7.ХОМК хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах, маркетингийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөр арилжаа хийх, үнэт цаасны брокерт захиалга өгөх зэрэг төлбөрийн өмнөх үйл ажиллагааг үнэт цаасны брокерийн баталгаажуулалтыг хүлээн авах, арилжааны төлбөрийг гүйцэтгэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тохируулга хийх, сангийн активыг үнэлэх, хөрөнгө оруулагчид мэдээлэх зэрэг үйл ажиллагаанаас тусгаарласан байна.

3.8.ХОМК-ийн комплайнс болон дотоод хяналтын үйл ажиллагаа нь тус тусдаа бие даасан байх ба үйл ажиллагаагаа төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагад шууд тайлагнаж ажиллана.

3.9.Энэ журмын 3.5-д заасан дотоод хяналтын нэгж нь үйл ажиллагаандаа зохистой засаглал, хараат бус байх зарчмыг мөрдөж ажиллах ба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.9.1.компанийн үйл ажиллагааны бусад чиг үүргээс тусдаа байх;

3.9.2.аудитын ажлыг зохих ёсоор төлөвлөх, бүртгэх, хянах, түүнээс гарсан үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг тэмдэглэн хөтөлж, баримтжуулах;

3.9.3.аудитын тайланд онцолсон асуудлуудыг удирдлагад тухай бүр тайлагнаж шийдвэрлүүлэх.

Дөрөв. Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа

эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага 

Гарчгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 375 дугаар тогтоолоор өөрчилсөн.

4.1.Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч  нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 27.2, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 45.1-д зааснаас гадна дараах баримт бичгийг бүрдүүлж, Хороонд цахим болон хэвлэмэл хэлбэрээр ирүүлнэ: Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 375 дугаар тогтоолоор өөрчилсөн.

4.1.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу/;

4.1.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

4.1.3.компанийн хувьцаа эзэмшигчийн хурлаас гаргасан хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тухай шийдвэр, хурлын тэмдэглэл;

4.1.4.хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлого болохыг нотлох баримт, хувьцаа эзэмшигч нь хуулийн этгээд бол сүүлийн гурав хүртэлх жилийн эцсийн аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, татвар төлөгчийг тодорхойлох баримт;

4.1.5.компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, үнэт цаасны хөрөнгө оруулалтын зөвлөхүүд нь дараах мэдээллийг ирүүлнэ:

4.1.5.1.дэлгэрэнгүй анкет /энэ журмын 2 дугаар хавсралтын дагуу/;

4.1.5.2.гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулалтын зөвлөхийн хувьд үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ эрхлэх эрхийн үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт.

4.1.6.энэ журмын 2.1.3-т заасан этгээдийн хувьд Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангасан талаарх болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 44.5.1-44.5.3-т заасан хориглолтыг зөрчөөгүй болох тухай нотлох баримт;

4.1.7.ажлын байр нь өөрийн байр бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, түрээсийн байр бол түрээсийн гэрээний хуулбар;

4.1.8.тухайн компанийн гурван жилийн бизнесийн болон эрсдэлийн төлөвлөгөөг боловсруулахад ашигласан судалгааны тайлан;

4.1.9.энэ журмын 2.1.5-д заасан шаардлагыг хангасан бэк оффис /back office/-ын программ хангамжийн танилцуулга;

4.1.10.энэ журмын 3.3-т заасан дүрэм, журам;

4.1.11.энэ журмын 3.6-д заасан нөхцөлийг бүрдүүлсэн тухай танилцуулга;

4.1.12.зохицуулалтын үйлчилгээний хөлс болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай төлбөрийн баримт.

4.2.Хороо хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хянаж, шийдвэрлэнэ.Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 375 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

4.3.Энэ журмын 4.2-т заасан хугацааг тусгай зөвшөөрөл хүсэж ирүүлсэн баримт бичгийг үнэн зөв, бүрэн гүйцэд, холбогдох хууль тогтоомж, журамд заасан шаардлагыг хангаж ирүүлсэн өдрөөс эхлэн тооцно.Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 375 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

4.4.Холбогдох хууль тогтоомж болон энэ журмын шаардлагыг хангаагүй гэж үзвэл Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.
Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 375 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

4.5.ХОМК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хүсэлтийг энэ журмын гуравдугаар хавсралтын дагуу гаргаж, дараах баримт бичгийн хамт Хороонд цахим болон хэвлэмэл хэлбэрээр ирүүлнэ:

4.5.1.өөрчлөлт оруулах болсон эрх зүйн үндэслэлийг нотлох баримт;

4.5.2.ХОМК-ийн хувьцааг шилжүүлэн авч буй хувьцаа эзэмшигч нь тохиромжтой этгээд болох талаарх нотлох баримт, хувьцааг худалдан авч буй тохиолдолд хувьцаа эзэмшигчийн хөрөнгийн эх үүсвэр нь хууль ёсны орлогоос бүрдсэн болохыг нотлох баримт, гарал үүслийн талаарх тодорхойлолт;

4.5.3.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахтай холбогдуулан зохицуулалттай этгээдийн дүрэмд орох нэмэлт, өөрчлөлтийн төсөл.

4.6.Энэ журмын 4.5-д заасан хүсэлт, холбогдох баримт бичгийг Хороо Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу ажлын 20 өдрийн дотор хянаж, шийдвэрлэх бөгөөд уг хугацааг бүрдэл бүрэн хангагдсан баримт бичиг ирүүлсэн өдрөөс эхлэн тооцно.Энэ хэсгийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 375 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

4.7.Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад зохих тэмдэглэгээг хийж, баталгаажуулсны дараа ХОМК нь бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад холбогдох бүртгэлийг хийлгэж, ажлын 15 өдөрт багтаан улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбарыг Хороонд ирүүлнэ.

4.8.ХОМК нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх хүсэлтийг энэ журмын гуравдугаар хавсралтын дагуу гаргаж, дараах баримт бичгийн хамт Хороонд цахим болон хэвлэмэл хэлбэрээр ирүүлнэ:

4.8.1.томилогдсон этгээдийн товч намтар;

4.8.2.дээд боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

4.8.3.гүйцэтгэх удирдлагын хувьд үнэт цаасны зах зээлд ажиллах эрхийн үнэмлэхийн хуулбар;

4.8.4.томилсон эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх хувь, эсхүл нотариатаар баталгаажуулсан хуулбар;

4.8.5.тохиромжтой этгээд эсэхийг тодорхойлох баримт бичиг.

4.9.Энэ журмын 4.8-д заасан хүсэлт, холбогдох баримт бичийг Хороо холбогдох хууль тогтоомжийн дагуу ажлын таван өдрийн дотор хянаж, шийдвэрлэх бөгөөд уг хугацааг бүрдэл бүрэн хангагдсан баримт бичиг ирүүлсэн өдрөөс эхлэн тооцно.

4.10.ХОМК-ийн хөрөнгө оруулалтын зөвлөх өөрчлөгдсөн тохиолдолд Хорооноос баталсан тохиромжтой этгээдийг тодорхойлох журамд заасан шаардлагыг хангасан талаарх нотлох баримтыг холбогдох шийдвэрийг гаргасан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор Хороонд хүргүүлнэ.

4.11.Хороо энэ журмын 4.10-д заасан этгээд нь тохиромжтой этгээдийн шаардлагыг хангасан эсэхийг ажлын хоёр өдрийн дотор хянах ба тохиромжтой этгээдийн шаардлагыг хангасан гэж үзвэл ХОМК-д Хорооны албан бичгээр мэдэгдэнэ.

Тав. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа

5.1.ХОМК хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа үндэслэл бүхий тооцоо, судалгаанд суурилан, тодорхой аргачлалыг үндэслэнэ.

5.2.ХОМК нь урьдчилан тодорхойлсон хөрөнгө оруулалтын бодлого, эсхүл сангийн төрөл, хэлбэрийн дагуу хөрөнгө оруулалтын санг удирдах үүрэг хүлээсэн бол зөвхөн тухайн сангийн тодорхойлсон зорилт, хязгаарлалтад нийцүүлэн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулна.

5.3.ХОМК нь сангийн бүх арилжааг гүйлгээний төрөл, хэмжээний хувьд зах зээлийг харгалзан үзсэний үндсэн дээр байж болох хамгийн сайн нөхцөлтэйгөөр гүйцэтгэн, сангийн активын үнэ цэнийг өсгөх зарчмыг баримтална.

5.4.ХОМК нь хувьцааны хуваарилалтыг харилцагчдадаа тэгш шударга хуваарилж, хэн нэгэнд давуу эрх олгон хуваарилахгүй бөгөөд хуваарилалтын бүхий л явцыг баримтжуулан баталгаажуулсан байна.

5.5.ХОМК нь талуудын харилцан тохиролцоогүй нөхцөлөөр хийгдсэн, хамгийн сайн гүйцэтгэлийн нөхцөлөөр хийсэн, бусад байгууллагын хураамжийн түвшингээс доогуур байхаас бусад тохиолдолд өөрийн холбоотой этгээдээр дамжуулан харилцагчийн нэрийн өмнөөс арилжаа хийхгүй.

5.6.ХОМК нь зах зээлийн бодит үнэд суурилан сангийн активын үнэлгээг тогтмол хийх ба үнэлгээ хийх аргачлал нь харилцагчдад нээлттэй ил тод байна.

5.7.Хөрөнгө оруулалтын сантай холбоотойгоор ХОМК нь сангийн цэвэр хөрөнгийн үнийг үнэн, зөв тооцоолохдоо үнэлгээ нь тухайн сангийн бодлогын баримт бичгийн дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавьсан байна.

5.8.ХОМК нь хөрөнгө оруулалтын эрсдэлийн эх үүсвэр, нөхцөл байдал, эрсдэлийн түвшнийг удирдах, тодорхойлох, хэмжих эрсдэлийн удирдлагын арга хэрэгсэлтэй байна.

5.9.ХОМК нь санхүүгийн зах зээлийн гэнэтийн хямрал, давагдашгүй хүчин зүйлийн үед авч хэрэгжүүлэх бизнесийн тасралтгүй үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ.

5.10.ХОМК нь хууль тогтоомжийн дагуу хөрөнгө оруулалтын үйл ажиллагаатай холбоотой хийсэн судалгаа, өгсөн зөвлөгөө, болон авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаарх баримт бичгийг хадгалах ба бүртгэлийг аюулгүй найдвартай хадгалах үйл ажиллагааг дотоод дүрэм, журмаар тодорхой зохицуулсан байна.

5.11.ХОМК нь түүнд итгэмжлэгдсэн хөрөнгийн аюулгүй, найдвартай хадгалалтыг хариуцан, хөрөнгө хадгалах гэрээ байгуулсан кастодианы санхүүгийн чадавхад байнгын хяналт тавьж ажиллана.

5.12.ХОМК нь дотоод бүртгэлийг тооцооны байгууллага, банк, кастодиан, харилцагч болон брокер зэрэг гуравдагч этгээдүүдээс гаргасан бүртгэлтэй сар бүр тулган баталгаажуулах бөгөөд бүртгэлийн зөрүү гарсан тохиолдолд түүнийг тогтоож, залруулах үйл ажиллагааг гүйцэтгэн, энэ талаар залруулгын бүртгэл хөтөлнө.

5.13.ХОМК нь хамтын хаалттай ХОС-д хөрөнгө итгэмжлэн удирдах үйлчилгээг үзүүлдэг бол уг сангийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 5 хувиас доошгүй хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж, уг хязгаараас буурсан тохиолдолд нэмэлт хөрөнгө оруулалтыг тухай бүр санд оруулна.

5.14.ХОМК энэ журмын 5.13-т заасан оруулсан хөрөнгөө зөвхөн сангийн үйл ажиллагааны хугацаа дуусгавар болж, бүх өр төлбөрийг барагдуулан бусад нэгж эрх эзэмшигчдийн хөрөнгийг хуваарилсны дараа эргүүлж авна.

Зургаа. Хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ

6.1.ХОМК нь хөрөнгийн оруулалтын сангийн активын удирдлагыг хэрэгжүүлэх хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ /цаашид "гэрээ" гэх/ байгуулсны үндсэн дээр холбогдох үйлчилгээг үзүүлнэ.

6.2.Энэ журмын 6.1-д заасан гэрээнд дараах зүйлийг тусгана:

6.2.1.итгэмжлэн удирдах сангийн актив, үнэт цаасны төрөл, хувь хэмжээ;

6.2.2.талуудын эрх, үүрэг;

6.2.3.сангийн нэгж эрхийг эргүүлэн худалдаж авах зохицуулалт;

6.2.4.үйлчилгээний төлбөр, урамшуулал болон түүнтэй холбоотой бусад мэдээлэл;

6.2.5.хөрөнгө итгэмжлэн удирдах хөрөнгийн удирдлага;

6.2.6.гэрээг цуцлах үндэслэл, журам;

6.2.7.давагдашгүй хүчин зүйл /форс-мажор/-ийн нөхцөлүүд;

6.2.8.хэрэглэх хууль тогтоомжийн хүрээ болон маргаан шийдвэрлэх журам;

6.2.9.хуулиар хориглоогүй бусад шаардлагатай мэдээлэл.

6.3.Энэ журмын 6.1-д заасан гэрээнд өөрөөр заагаагүй бол ХОМК-ийн үйлчилгээний хөлс, урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө итгэмжлэн удирдах хугацаанд өөрчлөлт оруулах асуудлыг зөвхөн хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигч гишүүдийн хурлын шийдвэрээр өөрчлөлт оруулна.

6.4.Энэ журмын 6.3-т заасны дагуу гэрээнд орсон өөрчлөлтийг ажлын гурван өдрийн дотор Хороо болон сангийн нэгж эрх эзэмшигчид мэдээлнэ.

Долоо. ХОМК-ийн үүрэг

7.1.ХОМК Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 44.8, 47.2-т заасан нийтлэг үүргээс гадна дараах үүргийг хэрэгжүүлнэ:

7.1.1.Хорооноос баталсан "Компанийн засаглалын кодекс"-ийг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах;

7.1.2.хөрөнгө оруулагчийн эрх ашгийг тэргүүн ээлжид тавьж, сонирхлын зөрчилгүй, бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах;  

7.1.3.ХОС-ийн хөрөнгө оруулалтын багц, эрсдэлийн удирдлагыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг стандарт зөвлөмж, сангийн дотоод дүрэм, журмын хүрээнд хэрэгжүүлэх;  

7.1.4.хамтын ХОС-ийн хувьд хөрөнгө оруулалт хийх боломжтой хөрөнгө оруулалтын хэрэгслийн талаар төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах;  

7.1.5.хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг, стратегийн хүрээнд сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай бүх хүчин чармайлт гаргаж ажиллах;  

7.1.6.хамтын ХОС-ийн хувьд төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр сангийн хөрөнгийг хадгалах, хөрөнгө итгэмжлэн удирдахтай холбоотой аливаа гэрээ, хэлцлийг тухайн сангийн нэрийн өмнөөс байгуулахгүй байх; 

7.1.7.нэгээс дээш тооны ХОС-д үйлчилгээ үзүүлж байгаа тохиолдолд сан тус бүрийн хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг, стратеги, дотоод дүрэм, журмын хүрээнд хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, тэдгээрийн хооронд сонирхлыг зөрчил үүсгэхээс сэргийлж, шударга, ил тод байх зарчмыг мөрдөж ажиллах; 

7.1.8.харилцагчийг таньж мэдэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх чиглэлээр сангийн дотоод дүрэм, журам, хөтөлбөрт заасан арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх;

7.1.9.ХОМК-ийн эрх бүхий албан тушаалтан, хөрөнгө оруулалтын зөвлөх нь ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа тогтмол мөрдөж ажиллах.

~o0o~