- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Мөнххаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
ээлжит VIII хуралдааны 2022 оны 05 дугаар сарын
31-ний өдрийн А/06 тоот тогтоолын хавсралт
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл.
1.1. Энэхүү журмын зорилго нь тус сумын бэлчээрийг нөөц, даацад нь тохируулан зохистой ашиглаж байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, бэлчээрийн ашиглалтыг экологийн чадавхид суурилсан аргачлалаар төлөвлөх, уг төлөвлөгөөний дагуу улирлын хуваарьтайгаар, зүй зохистой ашиглаж, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд сумын нутгийн удирдлага, бэлчээр ашиглагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Монгол Улсын Үндсэн хуулийн (6), Иргэний хуулийн (36.1, 36.2, 36.4), Төсвийн тухай хуулийн (58.4, 58.5), Газрын тухай хуулийн (29, 30.1, 30.2, 31-33, 33.1.2, 50.1.1, 53.4,5, 27.6, 52.2, 52.3, 52.5, 63.1.8), Малын генетик нөөцийн тухай хуулийн (8.3.6), Газрын төлбөрийн тухай хуулийн (4-р зүйл, 6.1.1, 6.2, 6.4, 7.1.1), Тариалангийн тухай хуулийн (24-р зүйл), Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хуулийн (4.4.2), Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн (37), МУ-ын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоол (тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай) болон холбогдох бусад хууль тогтоомжууд, түүнтэй нийцүүлэн Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-т заасныг үндэслэн энэхүү журмыг боловсруулав.
1.3. Энэхүү журмыг сумын хэмжээнд дагаж мөрдөнө.
1.4. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдох арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 58.4.5, 58.4.6-д заасны дагуу сумын төсөвт жил бүр тусгана.
1.5. Газрын тухай хуулийн 50.1.1-т заасны дагуу бэлчээрийн төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, бэлчээрийн ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тодорхой хувийг бэлчээр ашиглагч хариуцна.
1.6. Журмыг хэрэгжүүлснээр УИХ-ын 2009 оны 39-р тогтоолоор баталсан "Төрөөс малчдын талаар баримтлах бодлого"-ын 3-р зүйлийн 3.1.2, УИХ-ын 2010 оны 23-р тогтоолоор баталсан "Монгол мал хөтөлбөр"-ийн 3.4.1, 3.4.2, УИХ-ын 2015 оны 104-р тогтоолоор баталсан "Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар бодлого"-ын 2.1.10, 2.1.11 дэх зорилтууд хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
ХОЁР. Бэлчээр ашиглалтыг төлөвлөх.
2.1. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд бэлчээрийг улирлаар ашиглах, зун-намрын бэлчээрийг сар, улирлаар сэлгэх, ашиглах, өнжөөх, хуваарь, отор нүүдэл хийх, худаг ус гаргах, засварлах, хадлангийн талбайг ашиглах, хамгаалах, сайжруулах, бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх, бэлчээрийг ашиглах, зохистой ашиглалтыг нэвтрүүлэх замаар доройтсон бэлчээрийг сайжруулах зэрэг арга хэмжээг тусгана.
2.2. Бэлчээр ашиглалтыг төлөвлөхдөө дараахь зарчмыг баримтлана:
2.2.1. Бэлчээрийн экологийн чадавхид суурилах,
2.2.2. Бэлчээр ашиглагчдын тэгш оролцоог хангах.
2.3. Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө (цаашид "бэлчээр ашиглалтын төлөвлөгөө" гэх) нь дараахь шаардлагыг хангасан байна.
2.3.1. Бэлчээрийн төлөв байдал, чанарт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ (цаашид "фотомониторинг" гэх)-ний дүнд үндэслэсэн байх,
2.3.2. Бэлчээрийг улирлын хуваарьтай ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарийг гаргасан байх,
2.3.3. Бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаар нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн байх,
2.3.4. Бэлчээрийн ургац сайтай хэсгээс хадлан бэлтгэх, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцлийг бүрдүүлсэн байх,
2.3.5. Сумын газрын даамал бэлчээрийн даацад үндэслэн тухайн баг, малчид зохион байгуулалтанд орсон тохиолдолд бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлгийн бэлчээр нутагт өвөлжих, хаваржих малын тоог гаргаж жил бүрийн 9-р сарын 15-ны дотор багийн Засаг даргад хүргүүлнэ.
2.3.6. Багийн Засаг дарга тус багийн иргэдийн Нийтийн Хурлаар энэ журмын 2.3.5-д заасан малын тоо, ачааллын саналд тулгуурлан дараа жилийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг жил бүрийн 10-р сарын 01-ний өдрийн дотор хэлэлцүүлж сумын Засаг даргад хүргүүлнэ.
2.3.7. Газрын тухай хуулийн 52.1-д заасны дагуу сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасаг (цаашид ХАА-н тасаг гэх), газрын даамал нь баг бүрийн иргэдийн Нийтийн Хурлаар батлагдсан бэлчээрийн ашиглалтын төлөвлөгөөний саналыг нэгтгэж сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө (цаашид СГЗБТЖТ гэх)-нд тусган жил бүрийн 12-р сард багтаан батлуулна.
2.3.8. Тухайн сумын нутаг дэвсгэрт газар ашиглагч болон төсөл хэрэгжүүлэгч нэгж, бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд баг, сумын Засаг даргатай хамтран ажиллана.
ГУРАВ. Бэлчээр ашиглалтын хуваарийг зохицуулах.
3.1. Бэлчээр ашиглалтыг тухайн сумын бэлчээрийн экологийн чадавхи, бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн байдал болон фотомониторингийн тухайн жилийн дүн мэдээлэлд үндэслэн улирлаар, тодорхой хугацаагаар төлөвлөх зарчмаар зохицуулна.
3.2. Сум, Багийн Засаг дарга нар малчинтай өвөлжөө, хаваржааны бэлчээрийг урт хугацаагаар зохистой ашиглах гурвалсан гэрээ (цаашид МАЛЧИН, БАХ гэх)-г холбогдох хууль тогтоомжын дагуу байгуулах энэ нь талуудын хүлээх үүргийг илүү тодруулж бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах боломжтой.
3.3. Бэлчээрийг СГЗБТЖТ-ний дагуу өрх, хот айлаар журмын дагуу зүй зохистой ашиглана. Сумын нутаг дэвсгэрт харъяалагдах бэлчээрт гадны аймаг, сумдын мал оруулахыг хориглоно.
3.4. Бэлчээр ашиглагчдад гэрээгээр ашиглуулж байгаа болон уламжлалт зохицуулалтаар ашиглаж байгаа сумын нутаг дэвсгэр, бэлчээрээр гадны аймаг, сумын отрын мал дайран өнгөрөх, тууварлах хугацааг хоёр хоногоос илүүгүйгээр тогтооно.
3.5. Өвөлжөө, хаваржааны бэлчээрээс бүх өрх 5-р сарын 15-ны дотор зусланд гарч, малаас бүрэн чөлөөлнө.
3.6. Тариалангийн газрын бүс орчмын бэлчээрийг зөвхөн тухайн оны 10-р сарын 15-наас дараа оны 5-р сарын 15 хүртлэх хугацаанд ашиглана.
3.7. Зуслан-намаржааны бэлчээрийн ойролцоо тариалангийн талбайг хашиж хамгаалсан байх.
3.8. Улирлаар ашиглах бэлчээрээс нүүх, буух хугацааг газарзүйн онцлог ба цаг агаарын нөхцлөөс хамааруулан өөрчилж болох бөгөөд энэ өөрчлөлт нь зөвхөн тухайн улирал, жилд мөрдөгдөнө.
3.9. Сумын төв орчмын бэлчээр, ногоон байгууламжийг хамгаалах зорилгоор сумын төвийн зөвшөөрөгдсөн бүсээс бусад суурьшилын бүсэд мал оруулахгүй байх,
ДӨРӨВ. Бэлчээрийн төлөв байдлыг хянах, даац тогтоох.
4.1. Бэлчээрийн төлөвлөлт, төлөвлөгөөний хэрэгжилт болон бэлчээр ашиглалтын үр нөлөөг фотомониторингийн үр дүнгээр үнэлнэ.
4.2. Бэлчээрийн төлөв байдлыг үнэлж, ургац тогтоохдоо улирлын бэлчээрийг төлөөлөхүйц мониторингийн цэг дээр тогтсон аргачлалыг баримтлан гүйцэтгэнэ.
4.3. Мониторингийн цэгийг сонгохдоо баг болон малчид зохион байгуулалтанд орсон тохиолдолд хэсэг, бүлгийн улирлын бэлчээр болон бэлчээрийн нийтлэг хэв шинжийг төлөөлөх чадварыг нь харгалзан тогтоох ба энэ ажилд малчдын төлөөллийг оролцуулна.
4.4. Мониторингийн цэгийн байршлыг сумын Засаг даргын захирамжаар баталгаажуулж, сумын бэлчээр ашиглалтын зурагт нэг бүрчлэн тэмдэглэнэ.
4.5. Фотомониторингийн аргачлалын дагуу буулгасан зурган мэдээлэлд боловсруулалт хийж, төлөв байдлыг тодорхойлох, ургацын мэдээ гаргах ажлыг сумын газрын даамал гүйцэтгэнэ.
4.6. Бэлчээрийн ашиглалт, байршил, зааг өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар цэгийг солих буюу шинээр нэмж болно.
4.7. Байгаль орчны хяналтын улсын байцаагч бэлчээрийн ургацын мэдээг хянаж, албан ёсны дүгнэлт гаргана.
4.8. ХАА-н тасаг, газрын даамал, ургацын мэдээг үндэслэн бэлчээрийн даацыг сум, баг, улирлын бэлчээрийн түвшинд тооцно.
4.9. Бэлчээрийн даацыг хонин толгойгоор тооцож илэрхийлнэ. Малын тоог хонин толгойд шилжүүлэхдээ хонь-1, ямаа-0.9, үхэр-6, тэмээ-5, адуу-7 гэсэн итгэлцүүрээр тооцно.
ТАВ. Бэлчээр ашиглагчдын эрх, үүрэг.
5.1. Сумын малчин, мал бүхий иргэд, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж нь бэлчээр ашиглалтын талаар дараахь нийтлэг эрх, үүрэгтэй.
5.1.1. Бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн үржүүлэх, ашиг шим сайтай үүлдрийн малаар сүргийг сэлбэх.
5.1.2. Багийн бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулах, бэлчээрийн даацыг фотомониторингийн аргаар тодорхойлох ажилд оролцох.
5.1.3. Бэлчээрийг өнжөөх, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар санал өгөх, гарсан шийдвэрийг дагаж мөрдөх.
5.1.4. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан бэлчээр ашиглалтын улирлын хуваарьт бэлчээрээс өөр бэлчээрт дур мэдэн нутаглахгүй байх, мөн бусдын өвөлжөөнд хашаа хороо дур мэдэн барихгүй, 2,5 км-ээс дотор нутаглахгүй байх, харъяа баг болон сайн дурын үндсэн дээр байгуулагдсан хэсэг, бүлгийн гишүүн малчид зөвшөөрсөн тохиолдолд барих.
5.1.5. Бэлчээр, усны эх үүсвэрийг хог хаягдал, хортой зүйлс, малын шавхай бууц, сэг зэмээр бохирдуулахгүй байх, нутгалж байгаа газрынхаа хог хаягадлыг малчин, иргэн бүр өөрийн санаачилгаар хийж тухай бүр цэвэрлэж нэгдсэн хогийн цэгт төлөврүүлэх.
5.1.6. Гүн өрмийн худаг нь 1 эзэмшигч, 3-4 өрх хамтран ашиглагчтай байж гурвалсан гэрээ байгуулж гэрээний дагуу ашиглана. Гэрээ зөрчсөн тохиолдолд төрийн мэдэлд авна.
5.1.7. Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх, цөлжсөн бэлчээр хамгаалах сайжруулахаас бусад зорилгоор бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх.
5.1.8. Бэлчээр болон отрын бүс нутагт зөвшөөрөлгүй дур мэдэн цооног өрөмдөх, гүн өрмийн худаг гаргахгүй байх.
5.1.9. Энэ журмын 5.5-т заасан Бэлчээрийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал гаргах, уг арга хэмжээний явц, гүйцэтгэлд болон сангийн зарцуулалтын байдалд хяналт тавих.
5.2. Эрчимжсэн мал аж ахуйн кластераар хөгжүүлж буй иргэн, аж ахуйн нэгжид өвөлжөө, зуслан-намаржааны бэлчээрийг гэрээгээр ашиглуулна.
5.3. Малын тоо толгойн албан татварыг Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-д хуримтлуулж бэлчээр сайжруулах, малын чанарыг нэмэгдүүлэх чиглэлээр тусгай журмын дагуу эрэмбэлж, зарцуулна.
5.4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 51-р зүйлд заасны дагуу бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх бэлчээр хамгаалах сантай байж болно. Бэлчээр хамгаалах чиглэлээр МАА-н албан татвараас орох санхүүжилтээр тусгай журмаар зохицуулна.
5.5. Өвөлжөө-хаваржаа, зуслан-намаржааны бэлчээр, отрын болон хадлангийн бүс нутагт хашаа хороо барих, өөр аймаг, сумын малыг дур мэдэн оруулах, худаг уст цэгийг дамжуулан ашиглуулах, түрээслүүлэх, худалдаалахгүй байх.
ЗУРГАА. Бэлчээр ашиглалтын талаар сум, багийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа.
6.1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
6.1.1. Сумын тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг батлах, биелэлтийг хэлэлцэж чиглэл өгөх.
6.1.2. Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нутаг дэвсгэртээ бэлчээрийн болон хагас суурин мал аж ахуй зэрэг бэлчээр ашиглагч бусад аж ахуйг хөгжүүлэхдээ бэлчээрийн экологийн чадавхи, тохиромжтой болон хэрэгцээт байдлыг үндэслэн бүсчлэн тогтоох.
6.2. Багийн иргэдийн Нийтийн Хурал дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
6.2.1. Жил бүрийн 10-р сарын 01-ны дотор хуралдаж өмнөх жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх.
6.2.2. Бэлчээр хамгаалах чиглэлээр ОНХС-ийн хөрөнгөөр тухайн жилд хийж гүйцэтгэх арга хэмжээний саналыг хэлэлцэж батлах.
6.2.3. Бэлчээрт усан хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзвэл саналыг сумын Засаг даргад уламжлах.
6.2.4. Бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт, даацыг фотомониторингийн аргаар тодорхойлох, дараа жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө боловсруулах суурь болгоход малчдыг татан оролцуулах.
6.2.5. Бэлчээрийн хамгаалах чиглэлээр ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын тайлан, зарцуулалтын байдалд хяналт тавих.
6.3. Сумын Засаг дарга дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
6.3.1. Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу тухайн жилийн бэлчээрийн чанар, бүтээмжийн фотомониторингийн дүн, багийн иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг тогтоох.
6.3.2. Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах.
6.3.3. Багийн Засаг даргын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон энэ журмын хэрэгжилтийг нэг үзүүлэлт болгох.
6.3.4. Энэ журмын хүрээнд үлгэр жишээ ажиллаж буй хоршоо, малчны бүлэг, малчин өрхийг давуу эрхээр улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, төв, орон нутгийн төрийн байгууллагын шагналд тодорхойлох.
6.3.5. Гол горхи, булаг шандны эх ундаргыг хамгаалах, эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх, цөлжсөн бэлчээр хамгаалах, сайжруулахаас бусад тохиолдолд бэлчээр хашихыг хориглох арга хэмжээ авах.
6.3.6. Малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулах, бэлчээрийг зөв ашиглах дадлыг бий болгоход туслах.
6.3.7. Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, хортон шавьжтай тэмцэх ажлыг малчдын оролцоотой зохион байгуулах.
6.3.8. Өвөлжөө, худаг уст цэгийн байршлыг шийдвэрлэх.
6.3.9. Бэлчээрийн фотомониторингийн цэгийн төлөөлөх чадвар, тоог хянаж үнэлэх, шаардлагатай нөхцөлд цэгийн тоог нэмэгдүүлэх, холбогдох зардлыг бэлчээр ашиглалтын жил жилийн төлөвлөгөөнд багтааж батлах .
6.4. Сумын газрын даамал, ХААТасаг дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
6.4.1. Сумын бэлчээрийн хэмжээ, байршлыг зураглан сумын газрын мэдээллийн санд бүртгэх.
6.4.2. Сумын Засаг даргын хоршоо, малчдын хэсэг, бүлэгтэй байгуулсан бэлчээр ашиглуулах гэрээг сумын газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх.
6.4.3. Бэлчээр ашиглуулах гэрээ боловсруулах, хэрэгжилтийг дүгнэх чиглэлээр холбогдох албан тушаалтан, байгууллага, малчдыг мэдээллээр хангах.
6.4.4. Энэ журмын 6.3.8-т заасан өвөлжөө, худаг, уст цэгийн байршлыг сумын газрын мэдээллийн санд оруулах, тогтмол шинэчлэх.
6.5. Багийн Засаг дарга дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
6.5.1. Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг малчдын оролцоотойгоор боловсруулж багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах.
6.5.2. Энэ журамд заасан Бэлчээр хамгаалах чиглэлээр хөрөнгийг төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах.
6.5.3. Тухайн жилд Бэлчээр хамгаалах чиглэлээр ОНХС-д төвлөрсөн хөрөнгөөр багийн иргэдийн Нийтийн Хурлаас шийдвэрлэсэн ажлыг хэрэгжүүлэх, тайлагнах.
ДОЛОО. Маргаан шийдвэрлэх, хохирол нөхөн төлүүлэх.
7.1. Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52.10-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.
7.2. Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.
7.3. "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн 8.1-т заасны дагуу арга хэмжээ авна.
НАЙМ. Журам хүчин төгөлдөр болох.
8.1. Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ
Текст томруулах
A
A
A